Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1695

 

                                                                                                                      

 

 

 

 

 2022       11         14                                    2022/ШЦТ/1695

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Д.Б ийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03850 3622 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б ийг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ...  тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Д.Б той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, шуу, цээж хэсэгт нь гараараа болон төмөр хувингаар цохиж эрүүл мэндэд нь зүүн шуунд шарх, цээж хэвлийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03850 3622 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч М.Б  нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ...  тоотод нөхөр Д.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим унтаж байгаад сэрэхэд манай эхнэр Б  нялх хүүхдээ орхиод гараад явсан байсан. Тэгээд би босоод хажуу айлын хүүхдүүдээс “Б  эгчийгээ харсан уу” гэхэд “нэг цагаан өнгийн автомашинтай ахтай яваад өгсөн” гэж хэлэхээр нь “за за” гээд гэртээ ороод хэсэг хүлээж байгаад гэрийн ойролцоо хайж хэсэг явж явсан. Орой 18 цагийн үед манай эхнэр гэртээ ирсэн байсан. Би гадуур хайж байгаад орж ирээд “чи хаашаа явсан юм. Нялх хүүхдээ хаяад алга болчих юм” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ, чи зайлаач” гэхээр нь “би тэгвэл хүүхдээ аваад явлаа” гээд хүүхдээ тэврээд гэрээс гарах гэхэд хаалга хааж зогсоод хүүхдийн шүхэр бариад “чи өөрөө ганцаараа яв, миний хүүхдийг үлдээ” гээд бид 2 хэрэлдэх үед манай том хүү Ананд бид хоёроос айж уйлахад Б  хүүхдээ авах гээд хаалганаас холдоход нь би зөрөөд гэрээс гарахад миний араас гүйж ирээд миний толгой руу барьж байсан шүхрээрээ нэг удаа цохихоор нь би бага насны хүүхдээ хажууд байсан хадам аав М т тэврүүлээд эхнэрийг өөрөөсөө холдуулахад надруу хажуудаа байсан нүүрс хийдэг хувинг аваад миний дал хэсэгт нэг удаа шидсэн. Ахин 20 литрийн тогоо аваад шидэхэд намайг оноогүй. Тэгээд хэл амаар доромжилж байгаад гэртээ орж алх авч намайг ална гэхээр нь би үүдний амбаарны хаалгыг хааж дарж зогссон. Тухайн үед хажуу айлын З  эгч орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд нь би амбаарны хаалгыг онгойлгоход хажуудаа байсан нүүрсний хувинг аваад ахин цохиход нь би гараараа хаахад миний зүүн гарын бугалганы дотор хэсэгт зүсэгдсэн. Тэгээд жоохон зайгаа аваад холдоход гэрийн хажууд байдаг хогийн савнаас 2 ширхэг архины шил аваад нэгийг нь надруу шидэхэд би бултсан. Ахин нөгөө архины шилээрээ цохих гэж дайрах үед гарыг нь барьж аваад түлхээд унагаасан. Тэгээд бид хоёрыг З  эгч салгаж холдуулсан. Тэгээд хэрэлдээд байж байтал манай хамаатны эгч Д  гаднаас орж ирээд намайг хашаанаас авч гарахад цагдаа нар ирсэн. Би эхнэрийг гэртээ орсон хойгуур цагдаа дуудсан байсан. Би өдөр эхнэрээ хүлээж байхдаа 11 цагийн орчим нэг ширхэг лаазтай сэнгүр пиво уусан. Тухайн үед болсон зүйлээ сайн санаж байна. Эрүүл байсан. Би эхнэртээ гар хүрээгүй. Над руу юм авч шидэхээр нь би түлхэж унагаасан. Нэг удаа мангасдаж түлхсэн. Намайг архины шилээр ахин цохих гэж байхаар нь гараараа хааж түлхэж унагаагаад дээр нь дарсан. Би хашаанаас гарахдаа хашааны хажуу талын төмрийг өшиглөж салгасан. Өөр ямар нэгэн зүйл эвдэж сүйтгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 10718 дугаартай:

“Д.Б ийн биед зүүн шуунд шарх, цээж хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“Тухайн өдөр манай охин Б  11 цагийн орчим найзынх руугаа яваад 17 цагийн орчим ирсэн. Тэр хооронд манай хүргэн Б  над залгаад “танай охин ирсэн үү, гадуур янхантаж яваад байна. Та охиноо хүмүүжүүлж чадахгүй” гэж хэл амаар доромжилсон. Удалгүй манай охин орж ирээд араас нь Б  орж ирсэн. Тэд нарыг хэрэлдэж байхад нь би хүүхдийг нь тэврээд сууж байсан. Тэр хоёр гэрээс гарч ирээд Б  манай охины хоолойг боож унагаан газар мөргүүлж байхад хөрш айлын Оюунзул орж ирээд тэр хоёрыг салгахад хүргэн Б  нь Б ийг дахин дахин газар унагааж байсан. Бас над руу дайрч хэл амаар доромжлоод байхаар нь манай охин цагдаа дуудсан. Цагдаа ирэх хооронд Б ийн эгч нь ирсэн байх шиг байсан. Манай охин Б  нь Б той маргалдаж байх үедээ газар байсан архины шил, чулуу, нүүрс хийдэг хувин зэргийг Б  руу шидсэн. Б  хашаанаас гарахдаа хаалганы төмөр болон байшинг гараараа цохиж байгаа харагдсан. Б  нь манай охины урьд өмнө зодож нүүр рүү нь мөргөж гэмтээж байсан. Манай хүргэн 2018 оноос хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болсон. Хүргэн Б  гаднаас орж ирэхдээ нилээн согтуу байсан. Охин Б ийг архи уусан үгүйг мэдэхгүй байна... Б ийг юм авч шидэх үед Б ийн хаана онож гэмтээснийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Гэрч С.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“...Б  Б  2 гэртээ маргалдаж бие бие рүүгээ эд зүйл авч шидээд хэрэлдэж байсан. Тэр үед Б ийн гарнаас цус гарсан байсан. Яг яаж байгаад гараа гэмтээснийг мэдэхгүй байна. Намайг орохоос өмнө тийм зүйл болсон байсан. Тэгээд тэр 2 гэрээс гараад гадаа маргалдсан. Б  Б ийг барьж аван газар унагааж газартай хавсраад байсан. Тэгээд босож ирээд бие бие рүүгээ юм угаадаг хувин, нүүрс хийдэг хувин, 10 литрийн бетон аваад Б  Б  руу шидэхэд зөрүүлээд Б  Б  рүү чулуу шидээд байсан. Яг хаана яаж оносныг нь хараагүй. Б  харин байшингийн хананд Б ийг толгойгоор нь хавсарсан байсан. Тэгээд Б  хадам аав болох М  ахыг заамдан хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Б  цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэх хооронд Б ийн эгч ирсэн. Гарч явах үедээ хашааны хаалганы төмрийг өшиглөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/,

 

Шүүгдэгч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 07 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим найз Д тай уулзаж гэрт нь очиж байгаад орой 17 цагийн орчим гэртээ иртэл манай нөхөр Б  надад хандан “чи юу хийгээд хаагуур явж байгаад ирсэн юм бэ, хүүхдээ хаяад гадуур яваад байна, би хүүхдээ аваад дүүгийндээ аваачиж өгнө” гээд байхаар нь “би хүүхдээ өгч явуулахгүй” гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж байхад манай аав гэрийн гадаа бага хүүхдийг маань тэврээд сууж байхад нөхөр аавд хандаж “танай охин гадуур тэнээд хүүхдээ хаяад яваад байна, та хүүхдэдээ хэлэхэд яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд Б  бид 2 барилцаж аваад намайг газар унагааж газар мөргүүлэхэд нь би босож ирээд хажууд байсан хувцас угаадаг, төмөр сав, тогоо, архины шил, чулуу аваад Б  руу шидэхэд намайг болиулах гэж барьж аваад зууралдаж байгаад байшингийн хана руу шахаж гараараа миний баруун гарын булчин хэсэгт нэг удаа цохиж газар унагаан ахин газар мөргүүлсэн. Тэд үед манай хажуу айлын Оюунзул эгч бид хоёрыг салгаж холдуулсан. Тэгээд хэсэг хэрэлдэж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Б  бас өөрийн эгч Д г дуудаж гэрээс хувцасаа аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,  

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хохирогч Д.Б ийн гаргасан “Миний бие ямар нэгэн гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /хх-ийн 69/,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шүүгдэгч М.Б ийн гаргасан “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-ийн 70/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43/, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, прокурорын санал /хх-ийн 75, 81/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нөхөр Д.Б ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Б ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нөхөр Д.Б ийн биед зүүн шуунд шарх, цээж хэвлийд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Б  хохирогч Д.Б  нар хамтран амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч М.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нөхөр Д.Б ийн биед гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

Хохирогч Д.Б  гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй ба шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч М.Б  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч М.Б т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ