| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/04403/и |
| Дугаар | 00368 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00368
| 2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2019/00368 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхзийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Г.банк ХХКйн нэхэмжлэлтэй
Хариуцагч:П.Т,
Хариуцагч:Г.М нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 79 756 651 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:П.Т, Г.М нар 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж 75 500 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БГ3300003408 дугаар ипотекийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-Б байрны 13 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.Гэтэл зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтын 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 758 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 67 936 345 төгрөг, зээлийн хүү 11 697 011 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123 294 төгрөг нийт 79 756 651 төгрөг төлөөгүй тул банкны санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.Иймд П.Т, Г.М нараас 79 756 651 төгрөгийг гаргуулан Голомт банкинд олгох, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-Б байрны 13 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү, зээлийн төлөх график болон хүүгийн тооцоолол нь зээлийн дансны хуулгын баримтаар нотлогдоно, хариуцагч нар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байгаа гэв.
Хариуцагч П.Т шүүхэд гаргасан тайлбартаа:Би бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болсон шалтгааны улмаас орон сууцны зээлийн төлөлт тасалдсан, Голомт банкны нэхэмжлэлд дурдсан үндсэн зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүү, алдангийн дүнг зөвшөөрөх боломжгүй байна.Банкны нэхэмжлэлд хавсаргасан зээлийн дансны хуулбарыг өөрийн төлөлтийн баримттай тулгах шаардлагатай байна.Тулгалт хийсний дараа төлбөрийн дүнтэй холбогдох тайлбар, хүсэлтийг гаргах болно гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.банк ХХК хариуцагч П.Т, Г.М нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 67 936 345 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 11 697 011 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 123 237 төгрөг нийт 79 756 651 төгрөгийг гаргуулах, энэхүү үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
П.Т, Г.М нар 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Г.банк ХХКас 75 500 000 төгрөгийг, 180 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсан болох нь тэдний хооронд хийгдсэн ЗГ3300003408 дугаартай орон сууцны зээлийн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөрийг 758 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгын баримтуудаар нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зээлдэгч гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг эргэн төлүүлэхээр буцаан дуудна гэж талууд тохирсон байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан байна.
Хариуцагч нар 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийн эргэн төлөлтийг хийгээгүй нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой болсон гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол, 222.1.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч нарыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр заасан байна.
Хариуцагч П.Т шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тайлбар өгсөн боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч Г.М шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гардан авч, хариу тайлбараа 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 67 936 345 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 11 697 011 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 123 294 төгрөг нийт 79 756 651 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Мөн зохигчдын хооронд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-Б байрны 13 тоотод байршилтай, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохирсон байна.
Энэхүү ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Иймд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-Б байрны 13 тоотод байршилтай, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч нарын төлөх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангах үндэстэй байна.
Хариуцагч нарт шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т заасныг баримтлан П.Т, Г.М нараас 79 756 651 /далан есөн сая долоон зуун тавин зургаан мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан Г.банк ХХКд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 626 933 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 626 933 /зургаан зуун хорин зургаан мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулан Г.банк ХХКд олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч П.Т, Г.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-Б байрны 13 тоотод байршилтай, 57 метр квадрат талбайтай, 2 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН