Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2022/1486/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1543 |
Огноо | 2022-10-24 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1543
2022 10 24 2022/ШЦТ/1543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч М.Отгонжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,
шүүгдэгч О.У , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У д холбогдох эрүүгийн 2106 03085 0726 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.У г 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн М.Д ий халааснааас самсунг А1 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч М.Д д 984.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
шүүгдэгч О.У нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн М.Д ий халааснааас самсунг А1 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-13/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зураг /хх-ийн 14-16/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24/,
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25/,
Хохирогч М.Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захаар хүүхдийн цэцэрлэгийн юм бэлдэж яваад халааснаасаа өөрийн эзэмшлийн самсунг А71 загварын гар утсаа хулгайд алдсан. Би хувцасны хэд хэдэн лангуун дээр юм хараад явж байсан. Яг хаана хаяснаа тодорхой санахгүй байна. Ямар ч байсан Нарантуул зах дотор явж байхдаа гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа алдчихаад хүүхдийн хувцасны тасагт буцаж очоод “би сая гар утсаа үлдээсэн үү” гээд асуусан чинь “чи аваад явсан” гэж хэлсэн. Хамт явж байсан найз Б ийн утсаар залгатал салгаад байсан. Сүүлдээ унтраасан. Би уг гар утсаа энэ оны 02 дугаар сарын 08-ны өдөр Мобикомоос 1.399.000 төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан. Одоо хүртэл гар утасны маань лизинг дуусаагүй байгаа. Тиймээс энэ үнээрээ үнэлнэ... Би алдсан утсаа олоод авлаа, гэхдээ би энэ гар утсыг лизингээр авч байсан. Миний утсыг хулгайлсан хүнд хуулийн хариуцлага тооцож өгнө үү.” гэв.
“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй самсунг А71 загварын гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 984.600 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,
Гэрч С.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би Ч , У хоёртой Нарантуул захын цагдаагийн тасаг дээр таарсан. Анхнаасаа хамт яваагүй. Захаас гарч явахдаа Ч гийн ... гэсэн дугаар руу залгахад Ч цагдаагийн тасгаас дөнгөж гарч ирлээ. Одоо захын төв хаалга дээр байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад автомашины зогсоол руу явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
Шүүгдэгч О.У гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төв орж 2 хүүхдэдээ хувцас авах гээд зах дотор явж байхдаа хүүхдийн хувцасны лангууны орчим явж байсан эмэгтэйн халааснаас нь гар утсыг хулгайлан авсан. Надад ямар нэгэн зорилго байгаагүй. Ил харагдаад байхаар нь авчихсан. Би тухайн үед ганцаараа явж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэргээс О.У гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 87/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 88/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 89/, У.Уранбаяр, У.Уранчимэг нарын төрсний гэрчилгээний лавлагаа /хх-ийн 90-91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93/,
2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дүгээр зарим яллагдагчид холбогдох “зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 128-129/, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 130-131/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Гэм буруугийн талаар:
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.
Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч О.У хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.У г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч О.У гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.
Иймд шүүгдэгч О.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч М.Д д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, хулгайд алдсан утсаа буцаан авсан” гэсэн бөгөөд энэ нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Шүүгдэгч О.У гийн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон” гэх нөхцөл байдал шүүгдэгч О.У гийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхээс шүүгдэгч О.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дундаж хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч О.У нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.У г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У г дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.У д оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.У д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ