| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2018/03664/и |
| Дугаар | 00292 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 00292
| 2019 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2019/00292 | Улаанбаатар хот |
|
|
|
|
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э. ХХКйн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Н.О
Хариуцагч: Б.Ц.К ХХК
Хариуцагч: М. ХХК-д холбогдох
7 129 872 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал, Б.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э. ХХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Э. ХХК Н.Отэй 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 56 дугаартай түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Н.О манай компаниас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 120 ширхэг барилгын туслах материалыг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд барилга барихад ашиглахаар түрээслэн авсан, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийт бараа материалаас 13 ширхэгийг буцааж хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгөөгүй 107 ширхэг бараа материалаа 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн.Түрээсийн гэрээний нийт төлбөр 7 450 800 төгрөгөөс Н.О 2 130 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5 320 800 төгрөгийг төлөөгүй байна.Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5 320 800 төгрөг, 1 809 072 төгрөг нийт 7 129 872 төгрөгийг Н.Оээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ариунжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Э. ХХК Б.Ц.К ХХКтай 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 56 дугаартай түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан.Б.Ц.К ХХК манай компаниас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 120 ширхэг барилгын туслах материалыг Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд барилга барихад ашиглахаар түрээслэн авсан, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийт бараа материалаас 13 ширхэгийг буцааж хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгөөгүй 107 ширхэг бараа материалаа 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн.Түрээсийн гэрээний нийт төлбөр 7 450 800 төгрөгөөс Б.Ц.К ХХК 2 130 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5 320 800 төгрөгийг төлөөгүй байна.Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5 320 800 төгрөг, 1 809 072 төгрөг нийт 7 129 872 төгрөгийг Б.Ц.К ХХКас гаргуулж өгнө үү, хариуцагч Н.О, Монтеталл ХХКомпани нараас татгалзсан байгаа гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа гэрээний үүргийг хариуцахгүй гэсэн боловч нотлох баримтаа өгөөгүй байна, мөн Отгончимэг хариу тайлбартаа би хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр ажиллаж байсан, Б.Ц.К ХХК нь Э. ХХКас түрээсийн гэрээгээр бараа материалыг авч ашиглаж орлого олсон гэж тодорхойлсон байна.Иймд Б.Ц.К ХХКйг хариуцагчаар татсан нь үндэстэй байх бөгөөд түрээсийн гэрээний төлбөрийг Б.Ц.К ХХКас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Э. ХХК Н.О нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд Н.О Э. ХХКйн өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй болно.Харин 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 56 тоот гэрээ нь ЭСУ ХХКомпан болон Б.Ц.К ХХКйн хооронд байгуулагдсан гэрээ юм.Тус гэрээний зүйл болох барилгын материалыг Н.О авч ашиглаагүй, түүгээр орлого олоогүй бөгөөд эзэмшилд түрээсийн зүйл болох барилгын материал шилжээгүй.Харин Б.Ц.К ХХК нь Э. ХХКас түрээслэн авч барьж байсан барилгадаа ашиглаж орлого олсон.Түрээсийн төлбөрийг Н.О төлөөгүй, Б.Ц.К ХХК төлж, бараа материалыг авч, хүлээлгэн өгсөн. Н.О 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Босоо Цамхаг ХХКомпанид ХАБЭА-ын инженерээр ажилладаг байсан.Иймд Э. ХХКйн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц.К ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Н.О болон манай компани нь Э. ХХКас барилгын материал аваагүй, гэрээ байгуулаагүй.Э. ХХКас Монтеталл ХХКомпани барилгын материал авч ашигласан гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э. ХХК нь хариуцагч Н.О, Б.Ц.К ХХК, Монтеталл ХХКомпанид холбогдуулан түрээсийн төлбөр 5 320 800 төгрөг, алданги 1 809 072 төгрөг нийт 7 129 872 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагч Н.О болон Монтеталл ХХКомпаниас татгалзаж, зөвхөн Б.Ц.К ХХКас 7 129 872 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч Б.Ц.К ХХК нь гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, барилгын материалын худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй болох нь улсын бүртгэлийн 000015521 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
Э. ХХК болон Б.Ц.К ХХКйн хооронд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр түрээслүүлэгч Э. ХХК нь түрээслэгч Б.Ц.К ХХКд барилга барих, барилгын угсралт хийхэд зориулж барилгын тулаас төмөр, хэв хашмал зэрэг 120 ширхэг эд зүйлсийг түрээслүүлж, түрээслэгч Б.Ц.К ХХК түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж, түрээсийн эд зүйлийг тогтоосон хугацаанд гэрээний хавсралтаар тогтоосон актын дагуу эргүүлэн хүлээлгэн өгөх үүргийг хүлээж талууд тохиролцсон байна.
Түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т түрээслэгч нь гэрээнд заасан эд хөрөнгийг хавсралт 1-д тэмдэглэсний дагуу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 14 хоногийн хугацаагаар түрээслэх, 1.3-т түрээсийн гэрээний нийт төлбөр 486 400 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсоноор түрээслэгчид өгнө, 1.5-т талуудын тохиролцсон эрх бүхий ажилтан тухайн эд хөрөнгийг хүлээн авч, хүлээлгэн өгөх бөгөөд тухайн хөрөнгө хүлээн авах тухай акт үйлдэн эрх бүхий этгээд гарын үсгээ зуран гэрээнд хавсаргана, түрээсийн гэрээний хугацаа дуусахад мөн адил актаар хүлээлцэнэ гэж тохиролцсон байна.
Хариуцагч байгууллага нь дээрх барилга барих, барилгын угсралт хийхэд зориулсан барилгын тулаас төмөр, хэв хашмал зэрэг 120 ширхэг эд зүйлсээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 13 ширхэгийг, үлдсэн 107 ширхэгийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад тус тус буцаан өгсөн үйл баримтад хариуцагч тал маргахгүй байна.
Тиймээс хариуцагч байгууллага нь барилга барих, угсралт хийхэд зориулсан тулаас төмөр, хэв хашмал зэрэг 107 ширхэг эд зүйлсийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ашигласан гэж үзэх үндэстэй байх тул Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-т зааснаар энэ хугацааны түрээсийн төлбөрийн 5 320 800 төгрөгийг нөхөн төлөх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж заасан байна.
Талуудын хооронд хийгдсэн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан алданги нь зөвхөн гэрээний хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 14 хоногийн хугацааны төлбөрт алданги гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд түрээслүүлэгчид эргүүлэн хүлээлгэж өгөөгүй хугацааны төлбөрт алданги тооцохоор талууд тохироогүй байна.
Нөгөө талаар түрээсийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр дуусгавар болсон байхад үүнээс хойшхи хугацаанд алданги тооцохгүй боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь энэ хугацаанд алданги шаардах эрхгүй байна.
Иймд хариуцагч Б.Ц.К ХХКас 5 320 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 809 072 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э. ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар татсан Н.О, М. ХХК нараас шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Ц.К ХХКйн захирал Б.Баясгалан шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан Б.Ц.К ХХКас 5 320 800 /таван сая гурван зуун хорин мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан Э. ХХКд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 809 072 /нэг сая найман зуун есөн мянга далан хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Э. ХХКйн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129 030 /нэг зуун хорин есөн мянга гучин/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Ц.К ХХКас 100 082 /нэг зуун мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулан Э. ХХКд олгосугай.
3.Нэхэмжлэгч Э. ХХКйн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагч Н.О, М. ХХК нараас татгалзсан болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН