| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2018/03422/и |
| Дугаар | 394 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 394
| 2019 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 101/ШШ2019/00394 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У ХХК -ийн гаргасан,
Хариуцагч: М-д холбогдох,
1,656,933.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч У ХХК болон хариуцагч М нар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, ******* тоот дугаартай хьюнда элантра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар түрээслэхээр тохирсон юм.
Уг гэрээний дагуу хариуцагч тал уг автомашиныг ашиглан орлого олж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөр төлөх, улмаар хугацааны эцэст төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөлдөө шилжүүлэн авахаар талууд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр автомашиныг хүлээлгэн өгсөн акт үйлдсэн.
Гэтэл хариуцагч буюу түрээслэгч тал гэрээний эхний 1-2 саруудад үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан хэдий ч сүүлдээ гэрээг зөрчиж, төлбөр төлөхгүй удах болсон. Ингээд тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр автомашиныг буцаан хүлээлгэн өгөхдөө гэрч Шгээр өгч явуулсан байдаг.
Хариуцагч энэ хугацаанд 9 хоногийн түрээсийн төлбөр болох 225,000.00 төгрөгийг төлөөгүй, мөн бид гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.9.-д зааснаар тус автомашиныг “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн үзлэгт хамруулж, засвар үйлчилгээний зардалд 1,217,750.00 төгрөг, сэлбэг хэрэгслийн зардалд 513,183.00 төгрөг, түүнчлэн Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгуульд 30,000.00 төгрөг, нийт 1,986,933 төгрөгийг тус тус төлсөн.
Эдгээр төлбөрөөс манай компани хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу барьцаа гэж авсан 330,000.00 төгрөгийг хасч, нийт 1,656,933 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна.
Иймд, дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчаас 1,656,933 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус автомашиныг хүлээлцэх акт үйлдэн авсан бол 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн дүү Шгээр дамжуулан буцаан хүлээлгэж өгсөн. Анх энэхүү автомашиныг хүлээж авах үед ямар нэгэн үзлэг оношилгоо, сервис үйлчилгээ хийгээгүй байсан.
Сүүлд хүлээлгэн өгөхөд Ж гэх эдийн засагч мэргэжилтэй хүн оройн 21:00 цагийн үед хүлээж авсан ба үзлэгт оруулаагүй, энэ тухай тэмдэглэл үйлдээгүй. Гэтэл үүний дараа гэнэт 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Монгол хьюндай амтомотив” ХХК-нд төлөх төлбөрийн хэмжээ гарсан байдаг боловч 2018 оны 07 дугаар сар хүртэл хариуцагчтай холбогдоогүй, энэ тухай түүнд мэдэгдээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч автомашиныг хариуцагчид хүлээлгэж өгөхдөө сэв зураастай машин өгсөн тул засвартай холбоотой гарсан гэх зардлыг хариуцах үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөр 225,000.00 төгрөг, торгууль 31,000.00 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг төлөхөөс татгалзаж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч У ХХК-иас хариуцагч Мид холбогдуулан 1,656,933.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч У ХХК болон хариуцагч М нар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, Бүгд Найрамдах Солонгос Улсад 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* тоот дугаартай хьюнда элантра маркийн автомашиныг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэхээр тохирчээ /х.х-ийн 5-7 хуудас/.
Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 312.2.-т “Түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй” гэж, түүнчлэн 312.4.-т “Түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах, эсхүл хөлслөх эрх, үүрэгтэй байж болно” гэж тус тус заасан.
Тодруулбал, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгчид шаардлагатай байгаа эд хөрөнгийг түрээслүүлэгч тал өөрөө үйлдвэрлэх, аль эсхүл бэлэн байгаа зүйлийг бусдаас худалдан авч, түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч нь гэрээний зүйлийг ирээдүйд өмчлөх, эсхүл тодорхой хугацаанд ашиглаж, гэрээний хугацаа дуусахад буцаан өгөх үүргийг хүлээх бөгөөд нөгөө талаар түрээслэгчид тухайн үед түрээсийн зүйлийг түрээслэхэд шаардлагатай байгаа мөнгөн хөрөнгийг түрээслүүлэгчийн зүгээс санхүүжилдаг байна.
Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хариуцагч тал тус автомашиныг хөлсний тэрэг /такси үйлчилгээ/-ийн зориулалтаар ашиглан орлого олох, тийнхүү олсон орлогоосоо гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцож, автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан ажээ /х.х-ийн 12 хуудас/.
Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгө санхүүгийн түрээсийн зүйл /цаашид “түрээсийн зүйл” гэх/ байж болно” гэж зааснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулсан гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл нь гэрээний зорилгын хувьд санхүүгийн түрээсийн гэрээний зүйл байж болохоор байна.
Иймд, нэхэмжлэгч У ХХК болон хариуцагч М нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1.-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх тул тэдгээрийн хооронд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5, 10 дугаар зүйлийн 10.1, мөн түрээсийн төлбөрийн хуваариас үзвэл хариуцагч тал нийт 13,000,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг түрээслэн эхний сарын төлбөрт 300,000.00 төгрөг, сүүлийн сарын төлбөрт 424,542.39 төгрөг төлөхөөс бусад саруудад 550,000.00 төгрөгийг тогтмол төлж, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар нөхцөлтэйгээр түрээслэсэн байна.
Өөрөөр хэлбэл, талууд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “Санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнэ нь дор дурдсан үнэ, төлбөрөөс бүрдэнэ” гээд мөн зүйлийн 7.1.1.-д “түрээсийн зүйлийг худалдаж авах, үйлдвэрлэх, захиалах, хүлээн авах, тээвэрлэх, суурилуулах, турших, ашиглалтад оруулах болон тэдгээртэй адилтгах үйл ажиллагаанд түрээслүүлэгчээс гарах зардал буюу түрээсийн төлбөр” гэж, түүнчлэн 7.1.2.-т “түрээсийн хүү” гэж тус тус заасны дагуу уг автомашины үнийг 13,000,000.00 төгрөг, сарын хүүг 2 хувь гэж тогтоож, сар бүрийн төлбөрт хүү болон хэсэгчлэн төлөх үнийг багтааж, нийт 17,774,542.39 төгрөгийг төлөхөөр болжээ /х.х-ийн 8 хуудас/.
Нэхэмжлэгч У ХХК-иас хариуцагч Мид холбогдуулан түрээсийн төлбөр 225,000.00 төгрөг, засвар үйлчилгээний зардал 1,217,750.00 төгрөг, автомашины сольсон эд ангийн төлбөр 513,183.00 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдад төлсөн 30,000.00 төгрөг, нийт 1,986,933.00 төгрөгөөс барьцаа хэмээн авсан 330,000.00 төгрөгийг хасч, нийт 1,656,933.00 төгрөгийг нэхэмжилсэн /х.х-ийн 23-28, 33 хуудас/.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3.-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.
Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцалсан болон 9 хоногийн төлбөр 225,000.00 төгрөг, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдад төлсөн 30,000.00 төгрөгийн үйл баримтаар талаар маргаагүй /х.х-ийн 34, 35 хуудас/.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 9 хоногийн түрээсийн төлбөр 225,000.00 төгрөгийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдад төлсөн 31,000.00 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, засвар үйлчилгээний зардал 1,217,750.00 төгрөг, автомашины сольсон эд ангийн төлбөр 513,183.00 төгрөгийг төлөхөөс татгалзсан /х.х-ийн 23, 51 хуудас/.
Иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол санхүүгийн түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний талаархи энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн 288 дугаар зүйлийн 288.1.1.-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ.
Тодруулбал, түрээслүүлэгч У ХХК-иас түрээслэгч Мид хөлсний тэрэг /такси үйлчилгээ/-ийн зориулалтаар ашиглах боломжтой автомашиныг шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд талууд энэ талаар маргаагүй ба хариуцагч тал автомашиныг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буцаан өгсөн байна /х.х-ийн 13 хуудас/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн актанд “автомашины баруун урд хормой холцорсон, зүүн хормой зурагдсан, баруун урд крила хонхойсон, урд гуперын баруун хэсэг зурагдсан” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талууд зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашиныг хүлээлцсэн үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч тал анхнаасаа их биеийн гадна хэсэг доголдол /сэв/-той автомашиныг хүлээн авсан байна.
Үүнийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн автомашин хүлээлцсэн актанд тусгагдсан “баруун урд крило сэвтэй, баруун хормой сэвтэй, зүүн талд хаалга сэвтэй, урд гупер сэвтэй” гэсэнтэй харьцуулахад тус автомашины их биеийн эдгээр доголдлыг хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас бий болсон гэж үзэх боломжгүй, автомашиныг шилжүүлэн авахаас өмнө нь бий болсон сэв байжээ.
Нөгөө талаар хариуцагч М нь Монгол Улсад 6 жил гаруй хугацаанд ашиглагдсан нийт 263,925 км зам туулсан автомашиныг хүлээн авч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 270,051 км буюу 6,126 км зам туулж хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн автомашиныг өөр этгээд өмнө нь ашиглаж байсан байх тул хариуцагч М-г анхдагч түрээслэгч байсан гэж үзэхгүй, харин тэрээр Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2.-т “түрээслүүлэгч санхүүгийн түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа анхдагч түрээслэгчээс түрээсийн зүйлийг буцаан авч өөр түрээслэгчид түрээслүүлэх санхүүгийн “хоёрдогч түрээс” гэж заасны дагуу хоёрдагч түрээслэгч юм.
Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Монгол хьюндай амтомотив” ХХК-ийн засвар үйлчилгээний хуудсанд хөдөлгүүрийн тос, свеча, усны насос, динам, кастер, катушка, рулийн аппарт зэргийг солих шаардлагатай гэж дурьдсан байх боловч нэхэмжлэгч тал анхнаасаа эдгээр эд ангийг солих шаардлагагүй автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна /х.х-ийн 16, 17 хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийг энэ автомашиныг ашиглах хугацаанд ердийн элэгдэл хорогдлын улмаас зайлшгүй солих шаардлагатай болсон, аль эсхүл түүний өмнөх түрээслэгчийн эзэмшилд байх хугацаанд тийнхүү солих шаардлага байгаагүй гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Зохигчдын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6.-д зааснаар түрээслэгч буюу хариуцагч тал нэмэлт тоноглолыг эзэмших хугацаанд бий болсон эвдрэл, гэмтэл түүний засварыг хариуцах үүрэг хүлээсэн ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2.-т “нэмэлт тоноглол гэж автомашины салшгүй хэсэгт хамаарахгүй боловч такси үйлчилгээний хэвийн байдлыг хангахад чиглэгдсэн түүнтэй орон зайн хувьд шууд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгийг” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу тайлбарлавал автомашины үндсэн бүрдэл хэсгийн элэгдэл хорогдлын засвар үйлчилгээг үүнд хамруулаагүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4.-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй” гэж заасны дагуу түрээсийн зүйлийг ашиглаж буй этгээд тухайн зүйлийг зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай засвар үйлчилгээг хариуцах боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсан “нэмэлт тоноглолоос бусад эд ангийн засвар үйлчилгээг түрээслэгч тал хариуцахаар гэрээгээр тохиролцсон” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2018/14231 тоот захирамжаар гэрчээр оролцсон Г.Жийн “автомашиныг хүргэж ирсэн Шд хэдэн төгрөгийн засварын зардал гарах талаар хэлээгүй, хавтас хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан төлбөрийг хожим “Монгол хьюндай амтомотив” ХХК-ийн ажилтнууд бичсэн” гэсэн тайлбар, гэрч Шгийн “автомашиныг хүлээлгэн өгөхөд оношилгоо хийгээгүй” гэсэн тайлбар, түүнчлэн тус компанийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн засвар үйлчилгээний хуудсыг тус тус үзвэл хариуцагчийг тухайн үед автомашиныг оношилоход хамт байлцуулаагүй байх тул засвар үйлчилгээгээр илэрсэн гэх эдгээр доголдлыг уг автомашин хариуцагчийн ашиглалтанд байх хугацаанд ердийн элэгдэл хорогдлын улмаас зайлшгүй хийх засвар үйлчилгээ гэж үзэх боломжгүй байна /х.х-ийн 69-74 хуудас/.
Өөрөөр хэлбэл, талууд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад түрээслүүлэгч буюу нэхэмжлэгчээс гарсан засвар үйлчилгээний зардал 1,217,750.00 төгрөг, автомашины сольсон эд ангийн төлбөр 513,183.00 төгрөгийг хариуцагч тал төлөх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 256,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,400,933.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР