Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2021/0036/З |
Дугаар | 112/ШШ2021/0038 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 112/ШШ2021/0038
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Цээл сумын иргэн Д.БАийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг дарга Д.Бт холбогдох Цээл сумын Засаг даргын 2021 оны 05-р сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай Д.БАийг ажлаас чөлөөлөх тухай захирамж хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож Д.БАийг урьд эрхэлж байсан Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, гэрч А.Э нар /онлайнаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.БА нь 1982 онд төрсөн. 2006-2016 онд Цээл сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/115 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар Цээл сумын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар жинхлэн томилогдсон байдаг. 2018 оны 03 дугаар сард удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай Цээл сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.БАийг ажлаас чөлөөлсөн захирамжийн тухайд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас чөлөөлсөн байдаг. Мөн захирамжийн үндэслэл болгож төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг байдлаар захирамж гаргасан байдаг. Д.БАийн тухайд албан тушаал хэтрүүлсэн, урвуулсантай холбоотой ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй. Ямар нэгэн хуулийн байгууллагад шалгагдсан асуудал байхгүй. Маргаан бүхий захиргааны актыг 2 үндэслэлээр ярьж байна гэж ойлголоо. Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. Гэтэл захиргааны байгууллага шүүхэд хариуцагчаар орж ирэхдээ шүүх дээр нотлох гэдэг. Урьдчилаад сонсох ажиллагаагаар яриад байгаа зүйлийг нотолчихсон. Тэр зүйлд нь баримтыг авсан байх ёстой. Гэтэл сонсох ажиллагаа гэдгийг нэр төдий л хийдэг. Юу хийх гэж байгаа, юу болсон гэдэг асуудал байхгүй. Тайлбараа өг гээд тайлбараа өгсөн бол сонсох ажиллагаа болох байсан. Гэтэл сонсох ажиллагааны тэмдэглэлээс өөр баримт ирээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасан сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад гээд ажиллагаануудыг хуульчлаад өгсөн. Үүний дагуу нотлох баримт цуглуулах талаар 25 дугаар зүйлд заасан. Хавтаст хэрэгт байхгүй өөрсдийн гаргаж ирээгүй архидан согтуурсан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж байгаа боловч энэ хүн эрх мэдлээ хэтрүүлээд төсөвт хэдэн төгрөгийн хохирол учруулсан юм гэдгийг сонсох ажиллагаагаар тогтоож орж ирэх ёстой байсан. Энэ нөхцөл байдал болон хавтаст хэргээр тогтоогдож байгаа зүйл байхгүй.
Боловсролын байгууллагаас санал авсан гэж байна. Гэтэл саналыг Засаг дарга эхэлж Боловсролын газар руу явуулаад боловсролын газар зөвшилцөх байдлаар санал ирдэг. Зөвшилцөнө, санал авна гэдэг нь чөлөөлөх саналыг боловсролын газраас явуулах ёстой. Гэтэл эсрэгээрээ Засаг дарга чөлөөлье дараагийн хүнийг томилох талаар санал явуулдаг. Боловсролын тухай хуульд нийслэлийн Засаг дарга, нийслэлийн боловсролын дарга хоёр зөвшилцөх заалт байдаг. Гэтэл Засаг дарга нь өөрөө санал явуулаад чөлөөлсөн байдаг. Ажлын байрны тодорхойлолтыг батлах эрхийг боловсрол соёлын газар яаж шилжүүлсэн юм. Ямар баримт бичиг эрх зүйн актаар шилжүүлсэн нь тодорхойгүй. Томилох чөлөөлөх эрх шилжсэн гэж байгаа боловч эрх шилжээгүй. Боловсрол соёл урлагийн яам нь өөрөө ажлын байрны тодорхойлолтоо гаргаад явж байгаа. Шинэчлэгдсэн Боловсролын тухай хууль 2018 оны 06 дугаар сард батлагдсан. 2019 оны 06 дугаар сараас Боловсролын хууль үйлчилж эхэлсэн. 2019 он, 2020 онд Боловсролын яамнаас ажлын байрны тодорхойлолтыг баталдаг байсан. Ажлаа хийж байсан хүний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт орсон гэж хэлээд төрийн албан хаагчийг өөрчилдөг хуулийн үндэслэл байхгүй. Тухайн томилогдох үед ямар ажлын байрны тодорхойлолт үйлчилж байсан юм тэр нь л үйлчилнэ. Ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн чи ажлын байрны шаардлага хангахгүй байна гэж хэлээд ямар ч төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлдөггүй. Ийм учраас хавтаст хэрэгт сонгон шалгаруулалт зарлаж байсан зарыг Төрийн албаны зөвлөлөөс авч хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн. Өнөөдөр урамшуулал, ур чадвар гэдэг зүйлийг ялгахгүй байгаа юм болов уу. Урамшуулал гэдэг нь өөрөө шагнал. Ур чадварын нэмэгдэл гэж Боловсрол соёл, урлагийн газраас тушаал гаргаад олгосон. Тэгэхээр ур чадварын нэмэгдэл хэдэн хувийг илүү авсан талаар тогтоосон зүйл байхгүй. Боловсрол соёл урлагийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал гарсан байгаа. 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сарын урамшууллыг олгосон байгаа. Тэгэхээр 1 сард 25 хувийн урамшуулал, 12 дугаар сард 75 хувийн нэмэгдэл авахаар байгаа. Хариуцагчийн зүгээс ажлын байрны тодорхойлолттой холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч гэдэг байдлаар өөрчилсөн юм болов уу? гэж ойлголоо.
Гэтэл өнөөдөр нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой Боловсрол шинжлэх ухааны яамнаас тухайн ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөх эрхийг ажил олгогчид олгоогүй нь тухайн албан бичиг болон тушаал дээрээс харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.3-т заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. 23.3 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батлахаар байгаа. Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоогоод ирсэн ажлын байрны тодорхойлолтыг сумын Засаг дарга нь өөрчилж байгаа нь нэг талаараа хууль зөрчсөн асуудал болж байгаа. Маргаан бүхий акттай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримталсан байдаг. 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох зүйлийг тусгасан. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаардаг байгаа. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 46.2 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, хуульд заасан бусад үндэслэл байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох үндэслэл байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дугаар заалт байдаг. Засаг дарга өөрөө чөлөөлдөг заалт биш. Засаг дарга нь Боловсрол соёлын газар руу санал хүргүүлээд Боловсрол соёлын газар нь эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэ гэдэг хариу өгсөн. Сумын Засаг даргын ажлын байрны тодорхойлолт баталсан захирамж байдаг. Төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг төрийн албаны төв байгууллагаас баталсан байхад хууль зөрчиж өөрөө өөрчилж тухайн хүний шаардлагад нийцэхгүй шаардлага тавьж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байгаа. Иймд Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дугаартай захирамжийг хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож хүчингүй болгох, Д-ын Б-ийн урд эрхэлж байсан ажил албан тушаал болох Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоох, Д.БАийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохыг даалгах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.БАийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Д.БА нь Засаг даргын захирамжгүйгээр үр дүнгийн урамшууллыг бодуулж авсан. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Албан тушаалтын тодорхойлолтод заасан шаардлагуудыг хангахгүй байгаа. Д.БА нь сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй учир ажлаас чөлөөлсөн. Гэхдээ энэ хүнд албан тушаалын шаардлага хангахгүй байгаа учир багшийн ажил юм уу, өөр ажил хийх талаар санал тавихад заавал захирлын ажил хийнэ гэж хэлдэг. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг оны эцэст дүгнүүлэхдээ хүнээс хуулж хийсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн учир дүгнэх боломжгүй байсан. Тэгээд дүгнээгүй байгаа. Иймээс тухайн захирал үр дүнгийн урамшуулал авах ёсгүй байсан. Хамт олноос ирсэн санал, зарим хүмүүсээс ирсэн саналыг оруулаагүй. Ажил нь болохгүй байсан учир өөр ажил хийх талаар санал тавихад зөвхөн захирлын ажил хийнэ гэж хэлдэг байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр явуулж 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн хувийг Д.БАд өгөхөд гарын үсэг зурсан боловч би авахгүй гээд аваагүй. 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасны дагуу биечлэн уулзаж ажлаас чөлөөлөх болсныг нь дахин мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдэд удаа дараа нэг сард 2 удаа сонсох ажиллагааг явуулж холбогдох тайлбар, саналыг Захиргааны зүгээс явуулсан. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэж байгаа. Тэр тусгай шаардлагыг хангахгүй байгаа. Энэ хүн заах аргын нэгдлийн ахлагчийн ажлыг хийгээгүй. Ямар нэгэн чиглэлээр мэргэшээгүй. Энэ хүн анх сургуулийн захирлаар томилогдохдоо албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг тухайн үед хангаагүй. Сонгон шалгаруулалтад ороод жинхлэгдэх үедээ ч хангаагүй. Одоо ч хангахгүй байгаа.
Албан тушаалын тодорхойлолт боловсруулах эрхийг шилжүүлсэн байгаа. Сайдын тушаалаар батлаад байгаа нь үлгэрчилсэн загвар байгаа. Албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг үлгэрчилсэн загварт нийцүүлж батална гэж байгаа. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчтай адил тэнцүү явдаг. Хугацаа өнгөрсөн гэж байна. Би 1 сард мэдсэн. Тэгээд аудитын дүгнэлтийг хүлээсэн. Удаад байхаар нь 3 дугаар сард нягтланг нь дуудаж асуусан. Төрийн аудитаар санхүүгийн материал орж байгаа учир хүлээж байсан. Аймгийн Засаг даргын 4, 5 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсвийн байгууллагууд тухайн Засаг даргын гол хүч болж өгдөг. Энэ хүний тухайд албан тушаалын шаардлагыг хангаагүй. Сонгон шалгаруулалтад орох материалаа бүрдүүлж өгсөн ч гэсэн шаардлагаа хангаагүй байсан. Би тушаалд 2 үндэслэлийг л бичсэн. Олон зүйл бичээгүй. Хэрэв олон юм бичсэн бол надад нотлох баримт байсан. Би энэ бүх байдлыг өөрт нь ойлгуулаад өөрийнхөө чадах ажил дээр оч гэж олон удаа хэлж байсан. Гэмт хэргийн шинжгүй бол төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж явдаг. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийг үндэслэл болгосон байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр дураараа загнаж болохгүй. Дуртай үедээ ажлаа хаяж явна, дуртай үедээ өөртөө урамшуулал бодуулж авна. Би ийм хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар ажилд түр томилогдоод 2018 онд жинхлэн томилогдсон юм байна. Үүнээс хойш Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дугаар зүйлд зааснаар аймгийн Засаг даргаас ерөнхий боловсролын сургуулийн захирлууд томилогддог байсан бол 2018 оны 06 дугаар сарын 21-нд Боловсролын тухай хуульд өөрчлөлт орж сумын Засаг дарга томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй болсон байна. Д.БАийн тухайд ажлаа тайлагнах үүргийг сумын Засаг даргад тайлагнах болсон. 2020 оны гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөний биелэлт тайланг өөрийн шууд удирдлагад танилцуулаагүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнүүлээгүй байж өөртөө урамшуулал бодож олгосон. 2020 оны 12 дугаар сарын цалингийн цэс хавтаст хэргийн 36 дугаарт авагдсан. Үүнээс харахад өөртөө 1.430.646 төгрөг гар дээр авсан. Энэ нь гүйцэтгэлийн үр дүнгийн нэмэгдэл урамшуулал гэж өөртөө авсан. Өөрийг нь томилж чөлөөлөх эрх бүхий сумын Засаг даргаас захирамж шийдвэр гарч байж авах ёстой байсан. Гэтэл өөртөө дур мэдэн авсан байна. Засаг даргын хувьд мэдэхгүй явж байгаад Д.БА өөрөө орж ирж хэлсэн байдаг. Та нөхөөд захирамж гаргаад өг би хэлэхгүй мөнгө авсан гэж хэлсэн байдаг. Төрийн албан хаагчийн үүрэгт нийцэхгүй ёс зүйгүй үйлдэл гаргасан. 12 дугаар авсан цалин нь 1.778.589 төгрөг, гар дээр авсан нь 1.430.646 төгрөг гэж харагдаж байгаа. Албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргаас албан тушаалын тодорхойлолтыг баталж мөрдүүлсэн. Д.БА нь албан тушаалын тодорхойлолтод заасан хэд хэдэн шаардлагыг хангадаггүй. Тухайлбал: Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлдэггүй, албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг дотор тухайн байгууллагын стратегийн зохион байгуулалтыг явуулах хэрэгжилтийг тайлагнах үүрэгтэй. Энэ шаардлагаа хангахгүй байна. Төсвийн байгууллагын өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэх ба батлагдсан сангийн хэмжээнд цалин хөлс авах үүрэгтэй. Энэ шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байна. Байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэлийг тайлагнах, ажлын цагийг зөв зохистой ашиглах зэрэг олон үүрэг байгаа. Энэ албан тушаалын шаардлагыг хангахгүйн улмаас сумын Засаг дарга томилж чөлөөлөх эрх хэмжээний хүрээнд хуульд заасан хоёр үндэслэл байгаа. Нэгдүгээрт албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, хоёрдугаарт албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй. Мөн захиргааны актад дурдагдаагүй боловч сонсох ажиллагааны явцад дурдагдсан асуудлууд байдаг. Энэ нь тухайн сургууль дээр аудитын шалгалт ороод хязгаарлалттай дүгнэлт гарсан. Болохгүй асуудалтай байна гэдэг зүйлийг ганцхан Засаг дарга хэлээд байгаа юм биш. Энэ талаар төрийн аудитын дүгнэлт гарсан байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр цалингаа бодуулж авч байгаа хүн ямар эрхтэй гэж хууль тогтоомж зөрчиж өөртөө мөнгө өгөөд байгаа юм гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Энэ хийсэн үйлдэл нь заавал гэмт хэргийн шинжтэй байх албагүй.
Өөртөө ямар нэгэн тогтоол захирамжгүйгээр мөнгө авсан уу гэхээр авсан. Хариуцагчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 22, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна. 04 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгчийн хувьд няцаалт хийгээгүй. Учир нь өөрийнх нь буруутай үйлдэл баримтаар тогтоогдож байгаа. Няцаах баримтуудыг гаргаж өгөөгүй. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийг өгөхдөө албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байна. Төсвийг шууд захиран зарцуулах эрхтэй субъект өөртөө урамшуулал аваад байна. Цээл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/33 дугаартай албан тушаалын тодорхойлолт батлах тухай захирамж хүчин төгөлдөр эрх зүйн акт байгаа учир ажлаас чөлөөлөх мэдэгдлийг Д.БАд өгсөн. Үүний дараа маргаан бүхий захиргааны акт гаргаж түүнийг албан ёсоор гардуулсан. Процессын хувьд зөрчилгүй, материаллаг хууль хэрэглээний хувьд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсгийг үндэслэсэн. Албаны эрх мэдлээ хэтрүүлсэн байна. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй. Цээл сумын Засаг даргын А/33 дугаартай захирамжид заасан шаардлагад нийцээгүй. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлүүд хуульд нийцсэн. Сумын Засаг дарга ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа шууд дур мэдэн шийдвэр гаргаагүй. Боловсрол соёл урлагийн газар сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг. Боловсрол соёл урлагийн газар нь сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэчих гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл тусгайлсан санал байхгүй өөрөө шийдвэр гарга гэдэг байдлаар хариу албан бичиг өгсөн учир сумын Засаг дарга шийдвэр гаргасан. Шууд ажлаас халахаас илүүтэйгээр албан тушаал бууруулах саналыг тавьж байсан байна. Иймээс татвар төлөгчдийн мөнгийг ямар нэгэн шийдвэргүйгээр өөртөө авдаг хүнд итгэж байгууллагыг удирдуулах боломжгүй учир хариуцагчийн шийдвэр бодит байдалд нийцсэн. Төрийн албаны тухай хуульд заасан хийх ёстой зүйлээ хийсэн гэж үзэж байна.
Цээл сумын Засаг даргын Б/19 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай хууль, Засаг даргын захирамж зэрэг 4 гол эрх зүйн актыг үндэслээд гарсан байна. Төрийн албаны тухай хуулийн 41.3-т төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн тайлбарыг харахад нэхэмжлэгч талаас энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч биш. Тэгэхээр албан тушаалаа хэтрүүлсэн нь хамаагүй гэж яриад байна. Төрийн жинхэнэ албан хаагч биш үйлчилгээний албан тушаалтан төсвийн шууд захирагч хүн албан тушаалаа хэтрүүлээд өөртөө урамшуулал авч болох юм уу? Үүнийг Төрийн албаны хуулиар зөвшөөрсөн юм уу гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хуулийг ингэж тайлбарлаж хэрэглэж болохгүй. Учир нь: Төрийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчийн нийтлэг эрх үүргийг зааж өгсөн. Төрийн албан хаагчийн албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл хуульд заасан бусад үндэслэлээр чөлөөлж болно. Төрийн албаны хууль дээр чөлөөлөх халах нарийвчилсан заалт орсон. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д заасан үндэслэлээр чөлөөлж болно гэсэн үндэслэлийг заасан.
Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн ийм ийм заалтыг зөрчсөн гэдэг асуудлыг ярьж байна. Гэвч тийм асуудал ярих гэж байсан бол шүүхийн харьяаллыг иргэний хэргийн шүүхээр сонгох байсан. 2016 оны ажилд түр томилсон тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн байна. 2018 онд аймгийн Засаг даргаас жинхлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг дурдаагүй. Тэгэхээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн юм уу, үүсэх ёстой байсан уу гэдэг асуудал иргэний эрх зүйн маргаан болж үүснэ. Одоо хамтран ажиллах гэрээ байгуулсан, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар байгаа. Хамтран ажиллах гэрээг захиргааны гэрээ гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийг хэрэглээд ийм захирамж гаргасан нь үндэслэлтэй байна. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн хувьд маргаантай мэт тайлбар гаргаад байгаа боловч хууль зүйн үндэслэлтэй байна. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сумын Засаг дарга сургуулийн захирлыг томилж чөлөөлөх эрхтэй болсон. Нэхэмжлэгчийн шаардлагыг нотлох баримтаар нотлогдож байх ёстой. Гэтэл тайлбараар нотолж чадахгүй, баримтаар нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Цэрэндорж овогтой Батбаяр миний биеийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн зүгээс татан оролцуулсан байна. Иймд энэ шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаагаа бичгээр тайлбар гарган хүргүүлж байна.
Гэрч А.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Д.БА 2020 онд 400000 мянган төгрөгийн урамшуулал авсан. Үр дүнгийн урамшуулал бодож бай. Засаг даргаас захирамж авч өгнө гэж хэлсэн. Жилийн эцэс байсан учир гүйлгээ хийсэн. Ур чадварын урамшуулал үндсэн цалингийн 25 хувиар бодуулж Боловсролын газрын даргын захирамжаар авсан. Боловсролын газрын даргын захирамжийг надад өгсөн. 2020 оны 12 дугаар сараас хойш сумын Засаг даргын захирамжийг өгөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хавтас хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.БА нь 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/115 дугаар захирамжаар Цээл сумын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/23 дугаар захирамжаар жинхлэн томилогдож байсан.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаал, аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/77 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг баталж, албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан батлах зөвшөөрлийг сумын Засаг даргад олгосон. Тухайн тушаалуудыг хэрэгжүүлэх үүднээс Цээл сумын Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/33 дугаар захирамжаар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталсан байна.
“Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирамж батлагдсантай холбогдуулан Д.БАд 04 дүгээр сарын 01-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, 04 дүгээр сарын 05-ны өдөр албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тул үүрэгт ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Цээл сумын Засаг даргын Б/19 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/33 дугаар захирамжийг тус тус үндэслэн сургуулийн захирал Д.БА нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, захирамж шийдвэргүйгээр 2020 оны 12 дугаар сард өөртөө үр дүнгийн урамшуулал авсан, мөн сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/33 дугаар захирамжид заасан “Албан тушаалын тодорхойлолт”-ын шаардлагыг хангахгүй байгаа тул 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн.
Боловсролын тухай хуулийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх эрх тухайн сумын Засаг даргад олгогдсон байгаа хэдий ч хөдөлмөрлөх эрхийг хөндсөн актыг гаргахдаа бодит нөхцөл байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан байна. Иймд тухайн захиргааны актын хууль зүйн үндэслэл болон албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, захирамж шийдвэргүйгээр өөртөө үр дүнгийн урамшуулал авсан, албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байгаа гэх нөхцөл байдал дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Хариуцагч Д.Б 2020 оны 11 дүгээр сарын 13-наас Цээл сумын Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд сумын Засаг дарга, сургуулийн захирал хоёрын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаагүй, гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ойлголт байхгүй байхад захирамжийн хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан”, 38.1.2-т “ажил олгогч санаачилсан”, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн заалтыг үндэслэсэн байгаа нь холбогдох хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Д.БАийг ажлаас чөлөөлөх талаар сонсох ажиллагаа хийгдэж, мэдэгдэл хүргүүлснээс хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн захиралтай 2021 онд хамтран ажиллах гэрээ”-г байгуулснаар гэрээний үр дүн, биелэлтийг тооцох боломжгүй юм.
Маргаан бүхий актын үндэслэл болох албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байгаа талаар шүүх хуралдаанд “...энэ хүн анх сургуулийн захирлаар томилогдохдоо албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг тухайн үед хангаагүй. Сонгон шалгаруулалтад ороод жинхлэгдэх үедээ ч хангаагүй. Одоо ч хангахгүй байгаа ...архи уудаг, албан бичиг боловсруулах чадваргүй...” гэх тайлбараас өөрөөр Д.БА нь анх захирлаар томилогдохдоо болон А/33 дугаар захирамжаар баталсан албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагад тавигдах /боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар гэх мэт/ ямар шаардлагыг хэрхэн хангахгүй байгаа талаар тодорхойлж, энэ талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэж ажлаас чөлөөлөх бол ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Мөн сумын Засаг дарга боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлахаас уг үлгэрчилсэн тодорхойлолтод тусгагдсанаас илүү шаардлага тавих боломжгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Харин захирамж шийдвэргүйгээр 2020 оны 12 дугаар сард өөртөө үр дүнгийн урамшуулал авсан гэх байдал нь хавтаст хэргийн материалд авагдсан Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/41 дүгээр тушаалаар сумдын сургуулийн захирал нарын 2020 оны 1 дүгээр улирлын мөнгөн урамшуулал, 4-6 дугаар сарын ур чадварын нэмэгдэл, 2020 оны 10 дугаар сарын 22-ны А/76 дугаар тушаалаар 9 сард олгох ур чадварын нэмэгдэл, 2, 3 дугаар улирлын мөнгөн урамшуулал олгож байсан боловч 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/88 дугаар тушаалаар 10, 11, 12 дугаар сарын ур чадварын нэмэгдлийг олгосон, гэрч сургуулийн нягтлан бодогч А.Э “...12 дугаар сард үр дүнгийн урамшуулал бодож бай. Засаг даргад гүйцэтгэлийн биелэлтээ өгсөн байгаа ...Засаг даргаас захирамж авч өгнө ...жилийн эцэс байсан учир гүйлгээ хийсэн ...өмнө нь Боловсролын газрын даргын тушаалаар авдаг байсан. 2020 оны 4 дүгээр улирлаас эхлээд Засаг даргын захирамжаар авдаг болсон ...тухайн улирлын хийсэн ажил, гүйцэтгэлийн биелэлтээр олгодог...” гэсэн шүүх хуралдаан гаргасан гэрчийн мэдүүлэг, Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны 12 дугаар сарын цалингийн цэсний Д.БА гэсэн хэсэгт урамшуулал 410444 төгрөгийг олгосон байгаа зэргээр тогтоогдож байна.
Д.БА нь 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргатай байгуулан ажиллаж байсан, төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, тухайн жилдээ хэрэгжүүлэн ажиллах талаар Төрийн албаны тухай хуульд зохицуулсан байх тул төсвийн шууд захирагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал энэ хуулиар зохицуулагдахаар байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан. Тодруулбал: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу төрийн албан хаагчийг албан тушаалаас түр чөлөөлөх, чөлөөлөх талаар тусгайлан зохицуулсан байхад сахилгын зөрчилд холбогдуулж төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй.
Шүүх дээрх нөхцөл байдал дүгнэлт хийж захирамж шийдвэргүйгээр 2020 оны 12 дугаар сард үр дүнгийн урамшуулал авсан нь нотлогдож байх боловч албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй байгаа гэх байдал нь тогтоогдохгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэх заалтууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх Цээл сумын Засаг даргын Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4,4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх ...олговрыг олгоно” гэж заасны дагуу 2021 оны 05 дугаар сарын 19-нөөс 2021 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 88 хоногийн олговор 4.666,541 төгрөгийг хариуцагч Цээл сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Д.БАийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Д.БАийг урьд эрхэлж байсан Цээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 88 хоногийн олговор 4.666,541 /дөрвөн сая зургаан зуун жаран зургаан мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ