Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 221/2024/0011/З |
Дугаар | 221/ШШ2024/0030 |
Огноо | 2024-09-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/ШШ2024/0030
“РП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Нэхэмжлэгч: “РП” ХХК
Хариуцагч: Монгол Улсын Засгийн Газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт, мөн өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Анхан шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Б.О, Ч.Г, С.Б, өмгөөлөгч Д.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б,
Иргэдийн төлөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 221/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “РП” ХХК-иас Монгол Улсын Засгийн Газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж маргасан.
2. Нэхэмжлэгч “РП” ХХК-иас шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. “Манай “РП” ХХК (РД-*******) нь 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Барилга угсралтын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын ажилтай холбоотой бүхий л дүрэм, норм стандартыг үйл ажиллагаандаа чанд мөрдлөг болгож ирсэн. Гэвч 2024 оны 01 дүгээр сард манай компанийн Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй барилгын төслийн үйл ажиллагааныхаа явцад Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг буюу “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын хяналтын хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудас ирүүлж, торгууль болон нөхөн төлбөр ногдуулаад байна. Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт “барилгын суурийн хөрсийг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил тооцно” гэж заасан бөгөөд тухайн хүснэгтийн 7 дах хэсэг нь бүхэлдээ Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усанд ногдуулах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Гэвч барилгын суурийн усыг шавхан зайлуулах тохиолдлыг тодорхой үндэслэлгүйгээр уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан устай адилтгаж үзэх тухай тайлбар хийсний улмаас манай компанийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг зайлшгүй төлбөр ногдуулах тохиолдолд хамааруулж, цаашлаад зөрчил үйлдсэн мэтээр үзэж байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зөрчлийн субъект нь “ус ашиглагч” гэх этгээд байх бөгөөд Усны тухай хуулийн 3.1.27-д “ус ашиглагч гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг” ойлгохоор зохицуулжээ. Гэвч манай компанийн хувьд Усны тухай хуулиар тодорхойлсон “Ус ашиглагч” этгээдэд хамаарахгүй, өөрөөр хэлбэл усыг ашиг олох зорилгоор байнга ашигладаггүй бөгөөд барилгын төсөл хэрэгжүүлж буй газрын хөрсний усыг зориулалтын шланк, хоолойгоор соруулан авч ойролцоох Дунд голын урсгал руу тээвэрлэж цутгадаг. Энэхүү үйлдэл нь:
1. Ашиг олох зорилгоор усыг боловсруулах, худалдан борлуулах зэргээр үндсэн үйл ажиллагаандаа ашигладаггүй, зөвхөн барилга байгууламжийн төслийн хүрээнд шаардлагатай байдлаар газрын хөрсний усыг шавхан зайлуулсан;
2. Ийнхүү шавхан зайлуулахдаа усны нөөцөд хохирол учруулаагүй буюу зөвхөн хөрсний усыг соруулан тээвэрлэж, өөр усны сан бүхий голын урсгалд нийлүүлсэн;
Ийм байтал манай компанийг Усны тухай хуульд заасан “ус ашиглагч” буюу ашиг олох зорилгоор ус ашигладаг этгээд хэмээн үзсэн. Үйл ажиллагааны зайлшгүй шаардлагын дагуу газрын хөрсний усыг шавхан соруулж өөр усны сан бүхий голд тээвэрлэн цутгаж байгаа үйлдлийг Усны санд хохирол учруулсан гэж үзэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж шийтгэл оногдуулсан. Ингэхдээ Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх аргачлалын дагуу шинжээчийн дүгнэлтээр хохирлыг тооцож, Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтад “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил тооцно” гэж заасныг мөн удирдлага болгосон.
Дээрх байдлаар бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааг “усыг ашиг олох зорилгоор ашиглаж, усны нөөцийн санд хомсдол учруулсан” мэт үзэн хохирол тооцож, барилгын суурийн усыг шавхах үйлдлийг ямар ч үндэслэлгүйгээр уул уурхайн үйлдвэрлэлд ус ашиглах тохиолдолд хамааруулж шийтгэл оногдуулснаараа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул уг нэхэмжлэлийг гаргаж байна.
2.2. Монгол улсын Засгийн газраас 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г баталсан. Хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас гаргаж буй Захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байх ёстой. Гэвч Монгол улсын Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбар хэсгийн 1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж тус тус заасан шаардлагуудыг хангаагүй байна.
2.3. Тодруулбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.1-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно” гэж заасан. Улмаар Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15.1 дэх хэсгийн хүснэгтийг тусгаж, тухайн ашигласан усны шоо метр тутамд ногдох төлбөрийн хэмжээг тогтоожээ. Ингэхдээ уг хавсралтын тайлбар хэсгийн 1-д “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адилхан тооцно” хэмээн нэмж оруулсан нь дээд эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл болсон байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэгт “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо зөвхөн Байгалийн нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан төрлүүдэд усны ашиглалтын төлбөрийн хувь хэмжээг нэг бүрчлэн тогтоох ёстой. Гэвч Засгийн газар 326 дугаар тогтоолын тайлбар хэсэгт хуулиар огт зохицуулаагүй тохиолдол болох “барилгын суурийн усыг шавхах” тохиолдлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15.1 дэх хэсгийн 7-д заасан “Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны төлбөр”-д дур мэдэн хамааруулж үзсэн нь огт үндэслэлгүй юм. Улсын их хурал хууль тогтоох эрх мэдлийнхээ хүрээнд Байгалийн нөөц ашигласан ямар тохиолдолд төлбөр ногдуулахыг хуулиар тусгайлан зохицуулсан байхад Засгийн газар тухайн хуулийн хэрэгжилттэй холбогдуулж төлбөрийн хэмжээг тогтоох зорилготой баталж буй тогтоолдоо хуулиар зохицуулсан асуудлаар нэмэлт зохицуулалтын шинжтэй тайлбар оруулсан нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл болсон байна. Монгол улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “...хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална” хэмээн заасан бөгөөд аливаа хууль тогтоомжийг батлах, тухайн хуульд тусгагдсан нэр томьёоны агуулгыг хуульчилсан тайлбар хэлбэрээр тусгах нь Улсын их хурал Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон “хууль тогтоох” эрх хэмжээнийхээ хүрээнд эдэлдэг онцгой эрх билээ. Хэрэв Барилгын суурийн усыг шавхах, эсхүл барилгын үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр ус ашигласан тохиолдолд төлбөр ногдуулах бол энэ талаар хууль тогтоогч байгууллага тухайлан зохицуулж тусгах, эсхүл тайлбар хэлбэрээр хуульчлах учиртай. Гэвч Засгийн газар нь Уул уурхайн үйлдвэрлэлд ус ашиглах тохиолдолд төлбөр ногдуулах учиртай эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтад нэмэлт байдлаар барилгын суурийн усыг шавхах тохиолдлыг хамруулж, хуулиар зохицуулаагүй асуудлыг хамруулан тайлбар хийсэн явдал нь аль ч хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг /хууль тогтоох/ хэрэгжүүлсэн явдал гэж үзэж байна. Дээрхээс үзэхэд Засгийн газар нь 326 дугаар тогтоолыг гаргахдаа хуулиар зохицуулсан харилцаанд тайлбар хийх замаар нэмэлт зохицуулалт хийсэн байх тул уг тогтоолын тайлбар хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэж тус тус заасан шаардлагад нийцэхгүй байна.
2.4. Засгийн газрын 326 дугаар тогтоол болон уг тогтоолын хавсралтуудыг бүхэлд нь авч үзвэл усыг ашиглаж буй этгээд буюу “ус ашиглагч”-д хамаарахаар байна. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27 дах хэсэгт “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ойлгохоор заасан. Үүнээс үзэхэд Засгийн газрын 326 дугаар тогтоол нь усыг ашиг олох зорилгын хүрээнд аливаа хэлбэрээр байнга, тогтмол ашигладаг этгээд хамаарах нь тодорхой байна. Гэвч уг тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбар хэсгийн 1-д “барилгын хөрсний усыг шавхан зайлуулах” тохиолдлыг хамааруулах байдлаар тусгасан нь Усны тухай хуулиар тодорхойлсон “ус ашиглагч”, “ус ашиглах” зэрэг ойлголтод хамаарахгүй нөхцөл байдлыг оруулан зохицуулсан, өөрөөр хэлбэл хуульд заасан нэр томьёог өөр утгаар хэрэглэсэн, хуульд нийцээгүй тайлбар болжээ. Аливаа барилга байгууламж барих, барилга угсралтын төслийн хүрээнд тухайн газрын доорх хөрсний усыг шавхан зайлуулах нь зайлшгүй хийгддэг үйл ажиллагаа бөгөөд барилга барих гэж буй газрын доорх хөрсний усыг шавхан зайлуулахдаа зориулалтын шланк, хоолойгоор соруулж, ойролцоох урсац бүхий гол мөрөнд цутгаж, шилжүүлдэг бөгөөд энэ нь хөрсөн доорх усыг тодорхой байдлаар боловсруулан зарж борлуулах, үйл ажиллагааны хэрэгцээндээ ашиг олох зорилгоор ашиглахаас тусдаа ойлголт юм. Энэ ч утгаараа барилга байгууламж барьж, угсрахдаа тухайн газрын хөрсний усыг шавхаж буй этгээд нь Усны тухай хуульд заасан “ус ашиглагч” гэх ойлголтод хамаарахгүй. Түүнчлэн барилга барих газрын хөрсний усыг зориулалтын шланк, хоолойгоор соруулан тээвэрлэж өөр голын усанд цутгах үйлдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усны нөөцийн хэмжээг багасгахгүй болохыг дурдах нь зүйтэй. Дээрхээс үзэхэд “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” дугаар 326 тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6 дах хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй, дээд эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрснөөс өөр утгаар тайлбарласнаас гадна Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд хийсэн үйлдэл болсон байна.
2.5. Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг баталж, уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно" гэж заасан. Өөрөөр хэлбэл аливаа усны нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо хуулийн 15.1-д тусгасан 2 төрлийн ус ашигласан үйл ажиллагаанд төлбөр тооцох талаар хуульчилсан. Гэвч Монгол улсын Засгийн газар нь 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолыг батлахдаа Хавсралт 1-д дээрх ус ашиглалтын 12 төрөлд төлбөрийн хэмжээг тогтоохдоо, нэмэлтээр “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в (Уул уурхайн үйлдвэрлэлд усыг шавхан зайлуулах)-тэй адил тооцно” гэх нэмэлт төрлийг Тайлбар хэлбэрээр оруулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн, Монгол улсын Үндсэн хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн явдал гэж үзэн, холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар манай компани тус шүүхэд нэхэмжлэл гаргаж өдгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Маргаан бүхий 326 дугаар тогтоолоос гадна уг тогтоолтой нэг өдөр, нэг танилцуулгын дагуу буюу усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтооход шууд ашиглах зорилгоор Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг баталжээ. Энэхүү итгэлцүүр нь усны нөөц ашигласны төлбөрийн тооцооллын буюу маргаж буй 326 дугаар тогтоолын салшгүй хэсэг болж байгаагаас гадна ус ашиглалтын зориулалт дотор “ус шавхан зайлуулах” гэх зориулалтыг уул уурхайн үйлдвэрлэлээс салган тусдаа бие даасан зориулалт мэтээр тогтоосон байгаа нь 327 дугаар тогтоолын маргаж буй хэсгийг зөвтгөх зорилго, агуулгатай байгаагийн зэрэгцээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан агуулга, зориулалт, хязгаарын хүрээнд нийцэхгүй гэж үзэж байгаа тул 326 дугаар тогтоолын холбогдох хэсгийн хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулахдаа зайлшгүй хамтатган шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
2.6. Нэхэмжлэгч “РП” ХХК нь өөрийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй “Худалдаа хөгжлийн банк”-ны төв оффисын шинэ барилгын ажлын төслийн хүрээнд барилгын суурь дахь хөрсний гүнээс гарч буй усыг шавхан зайлуулж байгаа бөгөөд Монгол улсын хүрээнд хэрэгжиж буй ижил цар хүрээтэй бүхий л барилгын төслийн явцад дээрх “ус шавхан зайлуулах” арга хэмжээ авагддаг болохыг дурдах нь зүйтэй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.1-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно” гэж заасан. Уг хэм хэмжээнд нийтдээ 12 төрлийн ус ашиглалтын төрлүүдэд тус бүр ялгамжтай хэмжээгээр төлбөрийн хувь хэмжээ тооцох талаар зохицуулсан бөгөөд тухайн 12 төрлийн ус ашиглалтын төрөлд “барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах” тохиолдлыг тусгаагүй. Өөрөөр хэлбэл барилгын ажлын хүрээнд хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд аливаа ус ашиглалтын төлбөр тооцох хууль зүйн үндэслэл огт байхгүй байна. Гэвч Монгол Улсын Засгийн газар 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолын хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр” баталж, уг итгэлцүүртээ “Ус шавхан зайлуулах” үйл ажиллагааг бие даасан төлбөр тооцох төрөл болгон тусгажээ. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээнд бүхий л “ус шавхан зайлуулах” тохиолдолд үйл ажиллагааны төрлөөс нь үл хамааран төлбөр тооцохоор байна. Тодруулбал манай компанийн хэрэгжүүлж буй барилгын төслийн хүрээнд хөрсний суурийн усыг шавхан зайлуулах тохиолдолд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар төлбөр тооцох үндэслэл байхгүй байхад Засгийн газрын 327 дугаар тогтоолын хавсралт “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн дагуу төлбөр тооцох нөхцөл байдал үүсээд байна.
2.7. Байгалийн нөөц ашигласны төлбөр нь нэг төрлийн “албан татвар”-д хамаарах бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 7/-д заасан “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” эрх нь зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд байгалийн нөөц ашигласны төлбөрийг төлөх тухай үндсэн харилцааг зохицуулах бүрэн эрх нь УИХ-д хадгалагддаг. Уг эрхийнхээ хүрээнд УИХ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.1-д ус ашиглалтын нийт 12 тохиолдлуудад төлбөр тооцохоор зохицуулсан. Гэвч Засгийн газар нь 327 дугаар тогтоолын хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг батлахдаа “Ус шавхан зайлуулах үйл ажиллагааг бие даасан төлбөр тооцох төрөл болгон зохицуулсан нь дээд эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл болсон байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дах хэсэгт “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь ус ашиглалтын зардлыг итгэлцүүрийг тогтоохдоо зөвхөн Байгалийн нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан нэр бүхий 12 төрлүүдийн хязгаарт багтаан тогтоох ёстой. Гэвч Итгэлцүүрийн хүснэгтийн 15 дахь баганад “Ус шавхан зайлуулах” төрлийг тусдаа бие даасан төрөл болгон нэмэлтээр оруулж, хуульд тусгаагүй харилцаанд төлбөр тооцохоор зохицуулсан нь УИХ-ын “татвар тогтоох” онцгой бүрэн эрхэд халдсан буюу Монгол улсын Үндсэн хуулийн 25-ийн 7, болон 20 дугаар зүйлд “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална” гэх заалтуудыг тус бүр зөрчсөн үйлдэл болжээ.
2.8. Нөгөөтэйгөөр, Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна” гээд 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.6-д “Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” шаардлагыг хуульчилсан. Гэвч Байгалийн нөөцийн тухай хуульд төлбөр төлөх үйл ажиллагаанд хамааруулаагүй харилцаа болох “ус шавхан зайлуулах” тохиолдлыг Засгийн газар 327 дугаар тогтоолын хавсралт “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-т төлбөр төлөх тохиолдолд хамааруулж, тусгайлан нэмэлтээр оруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх хэм хэмжээнүүдийг мөн зөрчсөн үйлдэл болсон байна. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын хуралдааны журмын 5.1.3-д “тогтоолын улмаас ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авах” гэж заасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд маргаан бүхий 327 дугаар тогтоолыг батлахын өмнө уг тогтоол батлагдсанаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдээс санал авсан эсэх, хуульд заасан журмын дагуу бүртгэж, хүчин төгөлдөр болсон эсэхтэй холбоотой баримт огт байхгүй учир хуулийн дээрх хэм хэмжээнүүдийг ч мөн зөрчсөн байна.
Иймд Монгол улсын Засгийн газрын “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” дугаар 326 тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах”-д хамаарах хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 20, 25-ийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1 болон 60.1.6 дах заалтыг тус тус зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.8 дах хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. “...Монгол улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд 1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. 3. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. 4. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй гэжээ. Иймд усны нөөц нь төрийн хамгаалалтад байдаг, төрийн нийтийн өмч болох бөгөөд түүнийг ашиглах нь төрийн бодлогод тулгуурлаж, усны нөөцийг ашиглагчийн үйл ажиллагаа нь иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой гэсэн агуулгыг илэрхийлж, иргэн, хуулийн этгээдээс холбогдох зөвшөөрөлгүйгээр, хэмжээ хязгааргүйгээр усны нөөцийг ашиглахыг хориглохоор байна. Усны тухай хуулийн 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт: 3.1.1-д “усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг, 3.1.2-т “ашиглах боломжит нөөц” гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг, 3.1.27-д “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, 3.1.28-д “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг гэжээ. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ” гээд 7.2.25-д усны нөөц ашигласны төлбөрийг татварын төрөл байхаар зааж, 9 дүгээр зүйлийн 9.2-д “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэсний дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 15 дугаар зүйлүүдээр усны нөөц ашиглахтай холбоотой татварын зүйлийг тогтоож өгчээ. Мөн Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулах бөгөөд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсний дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлээр усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зохицуулалтыг хуульчилсан байна.
Эндээс эцсийн зорилго нь ямар нэгэн ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг гэж тодорхойлсон 4 төрлийн зориулалтаар усыг ашигласан нь “Ус хэрэглэгч” болохоор зааж өгсөн бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу төлбөрөөс чөлөөлөгддөг. Үүний дагуу Монгол улсын хэмжээнд хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигласан усанд төлбөр тооцдоггүй бөгөөд Ус сувгийн удирдах газраас унд, ахуйн усыг татан түгээх, зайлуулахтай холбоотой үйлчилгээний болон шугам сүлжээ ашиглуулсны төлбөрийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр тооцож үйлчилгээ үзүүлдэг.
3.2. Харин бусад буюу ашиг олох зорилготойгоор үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол “Ус ашиглагч” болж, усны нөөцийг “ашиглах боломжит нөөц”-ийн хүрээнд, тодорхой хугацаатайгаар ашиглахаар заасан байна. Тэгвэл “РП” ХХК нь ашиг олох зорилгоор барилгын үйлдвэрлэл эрхэлж байгаагаараа “Ус ашиглагч” болно. Тухайн компани нь ашиг олохын тулд барилга барьж байгаа, барилга барихын тулд газрын доорх усыг гаргаж хаях замаар ашиглаж байгаа нь ус ашиглагч юм. Хэрвээ газрын доорх усыг ашиглахгүйгээр барилга үйлдвэрлэнэ гэж байгаа бол газрын доор байсан баялаг усны нөөцийг хөндөхгүйгээр барилга барих асуудал яригдана. Үүнийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр заалтын 3-д “Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд” газрын доорх усанд төлбөрийн хязгаарыг экологи эдийн засгийн үнэлгээний хувиар доод хэмжээ 20 хувь, дээд хэмжээ 60 хувь байхаар тогтоож өгсөн нь барилга үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлийн аль ч зориулалтаар ашигласан усны нөөцөд төлбөр ногдуулах болж байна. Өөрөөр хэлбэл хуулиар барилга үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлийн ус ашиглалтын төрлүүдийг ангилан төрөлжүүлж өгөөгүй нь тухайн барилга үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л харилцаанд ашиглагдаж буй усны нөөцөд төлбөр тооцох үндэслэлтэй болж байна. Ялангуяа ус шавхан зайлуулах үйлдэл нь усны нөөц ашигласан татварын зүйлд хамаарна гэдгийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр заалтын 7в-д тодорхой зааж өгснөөс харагдаж байна.
3.3. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйл Хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор 4.1.11-д “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг, 4.1.17-д “барилгын материал” гэж стандарт, эрүүл ахуй, экологийн шаардлагыг хангасан барилга байгууламжид хэрэглэгдэх эрдэс, түүхий эд, материал, бүтээц, бүтээгдэхүүн, эдлэхүүнийг, 4.1.20-д “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэхийг ойлгоно гэж тодорхойлоод тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал мөрдөнө гэж заажээ. Үүний дагуу Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалаар /БХБС-ын 2022 оны 222 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/ “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 12-01-09” баталсан байна. Тухайн норм, дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасан барилгын талбайд хийгдэх бэлтгэл ажлын төрөлд “Талбайг тэгшлэх, ус намгийг хатаах, хөрсний усны төвшинг доошлуулах", 5.5-д “Барилгын үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд багтаан гүйцэтгэх барилга байгууламж холбогдох зам талбай, инженерийн шугам сүлжээний геодезийн үндэслэл, тэг тэнхлэг татах, ус намгийг хатаах, хөрсний усны төвшинг доошлуулах, хөрсийг нягтруулах зэрэг ажлуудад тус бүрд нь АГТ боловсруулна” гэж заасан нь тухайн барилгын суурийн хөрсний усны төвшинг доошлуулах хүрээнд ус шавхан зайлуулах үйлдэл нь барилга үйлдвэрлэлтэй шууд холбоотой хийгддэг ажил болж байна.
3.4. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлд Ус ашигласны төлбөр 31.1-д “Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө”, 31.2-т “Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлөх бөгөөд шатлан өсгөх хэлбэрээр төлбөр тооцох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална”, 31.3-д “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтооно” гэжээ. Энэ нь усны нөөцийг ашиглах ямар ч тохиолдолд зөвшөөрөлтэйгөөр ашиглах, төлбөртэйгөөр ашиглах, зөвшөөрөлгүй буюу илүү ашигласан бол илүү төлбөр төлөхөөр заажээ. Харин Татварын ерөнхий хуулийн дагуу зөвхөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зүйлсийг тогтоож өгсөн. Гэтэл тус хуулиар барилга үйлдвэрлэлтэй холбоотойгоор усны нөөцийн төлбөрөөс чөлөөлөх талаар заагаагүй тул ус шавхан зайлуулахтай холбоотойгоор усны нөөцийг ашигласан нь төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болж байна. Өөрөөр хэлбэл Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зүйлсийг тодорхой заасан байх тул энэхүү хуулийн зохицуулалтад хамрагдаагүй усны нөөцийг ашигласан бүх тохиолдолд төлбөр төлөх, тодорхой хугацаатай ашиглах, тодорхой хэмжээтэй ашиглах талаар Монгол улсын Үндсэн хууль, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудын шаардлагыг үндэслэн ашигласан, хэрэглэсэн усны төлбөрийг төлөх хуулийн зохицуулалттай болно.
3.5. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна” гэжээ. Үүнд 6.1.1-д хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, 6.1.2-т уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус, 6.1.3-д эмчилгээ, сувилгаа, халаалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан, 6.1.4-д эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин гэжээ. Эндээс барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөц нь хуулийн 6.1.1 буюу “Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэдэг ангилалд хамаарч, ус ашиглагч нь хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д заасны дагуу ашигласан усыг шоо метрээр тооцож төлбөр төлөх үүрэг хүлээж байна. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр заалтаар хязгаарыг тогтоож, 15.3 дугаар заалтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж хуулиар Засгийн газарт эрх олгосон. Иймд Барилга үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөцөд тооцогдох төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн 3 дахь хэсэгт төлбөр тооцох нэгжийн дээд, доод хязгаарыг хуульчлан тогтоож өгснийг Засгийн газарт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төлбөрийн хэмжээг тогтоосон. Энэ тогтоолыг гаргахдаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн 3 дахь хэсэгт заасан барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөцөд хамаарах барилгын суурийн газрын доорх ус шавхан зайлуулсан төлбөрийг хуулийг мөн заалтын 7в-д заасан Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны нөөцөд хамаарах ус шавхан зайлуулах төлбөртэй адил байхаар тогтоосон нь Үндсэн хуульд заасан тэгш байдлын зарчимд нийцнэ гэж үзэж байна. Уул уурхайн үйлдвэрлэлийн зорилгоор ус шавхан зайлуулсан төлбөр нь барилга үйлдвэрлэлийн зорилгоор ус шавхан зайлуулсан төлбөрөөс бага буюу зөрүүтэй байгаа нь дээрх Үндсэн хуулийн зарчимд үл нийцэх тул шударга ёс, тэгш байдлыг дээдлэх хүрээнд Засгийн газрын тогтоолоор адилтган тогтоож өгсөн.
3.6. Учир нь уул уурхайн үйлдвэрлэлийн дийлэнх чиглэл болох түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, нүүрс, жонш төмрийн хүдэр гэх мэт/-ыг олборлохдоо гидрогеологийн судалгаагаар үндсэн ус агуулагч үеийг судлан тогтоож уурхайн усыг шавхан зайлуулж, ашигт малтмал, хүдэр олборлох асуудлыг шийдвэрлэн Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлдвэрлэл эрхэлдэг бол барилга үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд инженер геологийн судалгааны дүгнэлтээр барилгын суурийн доорх ус агуулагч үеийг тогтоон усыг шавхан зайлуулж, хөрсний усны төвшинг доошлуулах асуудлыг шийдвэрлэн мөн адил Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авсны үндсэн дээр барилга үйлдвэрлэлийн ажлыг эрхлэх хуулийн зохицуулалттай тул эдгээр усны нөөцийг адилхан зориулалтаар ашиглаж байгааг харгалзан ус шавхан зайлуулахтай холбоотойгоор усны төлбөрийг адил байхаар тооцож тогтоол гаргасан байна. Аливаа үйлдвэрлэлийн хүрээнд газрын доорх усыг шавхан зайлуулсан үйлдэл буюу газрын доорх усны нөөцийг ил гаргаснаараа дахин ашиглахгүйгээр усны нөөцийг устгаж байгаатай адил агуулгатай. Учир нь тухайн ус нь уурших болон гадаргын устай нийлж гол, мөрнөөр дамжин Монгол улсаас гадагшаа гардаг. Харин тухайн газрын доорх усны нөөцийн зүй бус ашиглалт, усны нөөц багассанаар газрын хөрсний доройтолд орох, гидравлик холбоо бүхий булаг, шанд, худгийн ус ширгэх, газрын доорх усны чанар доройтох гэх мэт маш олон төрлийн сөрөг нөлөөлөл үүсдэг тул зайлшгүй усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр зөвшөөрөлтэйгөөр, төлбөртэйгөөр ашигладаг.
3.7. Тухайн нэхэмжлэлийн зүйлээр 1. “Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт “барилгын суурийн хөрсийг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил тооцно” гэж заасан бөгөөд тухайн хүснэгтийн 7 дах хэсэг нь бүхэлдээ Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усанд ногдуулах төлбөрийн хэмжээг тогтоосон байдаг. Гэвч барилгын суурийн усыг шавхан зайлуулах тохиолдлыг тодорхой үндэслэлгүйгээр уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан устай адилтгаж үзэх тухай тайлбар хийсний улмаас” гэжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн 3 дахь хэсэгт барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөцөд ногдуулах төлбөрийг ангилаагүй, бүхэлд нь тогтоосон байсныг Засгийн газраас Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ус шавхан зайлуулах төлбөрийг адилтган тогтоосон. Адилтган тооцох үндэслэлийг дээр дурдсан болно. “РП” ХХК нь ашиг олох зорилгоор барилгын үйлдвэрлэл эрхэлж байгаагаараа ус ашиглагч болох талаар дээр дурдсан. Хуулиар байгалийн нөөц бүхий татварын зүйлийг төлбөрөөс чөлөөлөхөөр зааснаас бусад тохиолдолд байгалийн нөөцийг ашигласан тохиолдолд заавал төлбөр төлнө. Газрын доорх усны нөөц агуулагдаж буй газрыг ухаж барилга байгууламж барихдаа түүнд агуулагдах усны нөөцийг гаргаж хаях замаар ашигласан үйлдэлд нь тухайн усны нөөцийг бүр мөсөн устгаж байгаа үйлдэл болох бөгөөд усыг ил гаргаснаар усны нөөцөд хадгалагдан үлдэггүйг дээр дурсан болно.
3.8. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нийцээгүй тухай гэдэг асуудлаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн гол зүйлдээ “Засгийн газар 326 дугаар тогтоолын тайлбар хэсэгт хуулиар огт зохицуулаагүй тохиолдол болох “барилгын суурийн усыг шавхах” тохиолдлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 7-д заасан “Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны төлбөр”-д дур мэдэн хамааруулж үзсэн нь огт үндэслэлгүй юм” гээд үүнийгээ нэхэмжлэлийн шаардлага болгосон байна. Гэтэл Засгийн газраас 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тоггоолыг гаргахдаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д заасан “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэсэн бүрэн эрхийн хүрээнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 3-д заасан Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо дээр дурдсан Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил тооцно” гэж тогтоож өгсөн байна. Энэ нь барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөц бүхий татварын зүйлээс “Ус шавхан зайлуулах” татварын зүйлийг адилтган тогтоосон байх тул өөр татварын зүйлд хамааруулсан тогтоол гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэдэг нь илт үндэслэлгүй болно.
3.9. Усны тухай хуульд нийцээгүй тухай гэдэг асуудлаар нэхэмжлэл гаргахдаа Засгийн газрын 326 дугаар тогтоол болон уг тогтоолын хавсралтуудыг бүхэлд нь авч үзвэл усыг ашиглаж буй этгээд буюу “ус ашиглагч’’-д хамаарахаар байна, барилга байгууламж барьж, угсрахдаа тухайн газрын хөрсний усыг шавхаж буй этгээд нь Усны тухай хуульд заасан “ус ашиглагч” гэх ойлголтод хамаарахгүй гэсэн агуулгыг илэрхийлжээ. Тэгвэл “РП” ХХК нь ашиг олох зорилгоор барилгын үйлдвэрлэл эрхэлж байгаагаараа “Ус ашиглагч” болох талаар дээр дурдсан тул Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоол нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай болно. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар хууль тогтоогчоос “Ус шавхан зайлуулах” гэсэн татварын зүйлийг хуульчлан өгсөн нь тухайн үйлдлээр ус ашигласан этгээд нь ус ашиглагч болно. Ус шавхан зайлуулах буюу хөрсний усны төвшинг доошлуулах үйлдэл нь барилга үйлдвэрлэлийн ажлын нэг хэсэг болохоор Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 12-01- 09”-ын 5 дугаар зүйлийн 5.3, 5.5-д тус тус зааж өгсөн байдаг. Энэ нь Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д заасан барилгын үйл ажиллагаанд барилгын норм, дүрмийг заавал мөрдөнө гэж баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг байна. Тухайн барилгын суурийн хөрсний усны төвшинг доошлуулах хүрээнд ус шавхан зайлуулсан үйлдэл нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 3-д заасан барилга үйлдвэрлэлд хамаарах ажил болж, усны нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээж байх тул нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1 2, 60.1.6 дахь хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй, дээд эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрснөөс өөр утгаар тайлбарласнаас гадна Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд хийсэн үйлдэл болсон байна” гэх нэхэмжлэл нь илт үндэслэлгүй байна.
3.10. “…Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд 30 төрлийн татвар байхаар хуульчилсны нэг нь “Усны нөөц ашигласны төлбөр” байхаар хуульчлан, 8 дугаар зүйлийн 8.1-д “Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хураг, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно” гэж заажээ. Мөн 2012 онд батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар усны нөөцийн төлбөр ногдох зүйл, төлбөр тооцох үзүүлэлт, төлбөрийн хувь, хэмжээний хязгаар, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх татварын зүйлийг тогтоож өгсөн. Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах байдлаар усны нөөц ашигласан нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан “Усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх” татварын зүйлд хамаарахгүй тул тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэсэн төлбөр ноогдох зүйл буюу татварын төрөлд хамаарч байна. Харин төлбөр тооцох үзүүлэлтийг тогтоохдоо тус хуулийн 10.1.2-д “Хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр” гэж Төлбөрийн хувь, хэмжээний хязгаарыг тогтоохдоо тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр заалтын 3-д “Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоо метр тутамд экологи-эдийн засгийн үнэлгээний 20-60 хувь”-д хамаарахаар тус тус хуульчлан тогтоосон. Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах зориулалтаар усны нөөц ашигласан нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр заалтын 3-д хамаарч барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласан болох нь 1. Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаартай “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаалаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт БНбД 12-01-09”, 2. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил" /Барилгын норм, дүрэм 50-02-17/ гэсэн Барилгын норм дүрмүүдээр тогтоогдож байна. Тухайлбал: Барилгын норм, дүрэм 50-02-17-ийн 5 дугаар зүйлээр “Хөрсний усны төвшинг доошлуулах, гадаргын усыг зайлуулах болон газар доогуурх ус шүүрүүлийн ажил”-ыг хэрхэн гүйцэтгэхийг тогтоож, 10.8-д “Газар шорооны бүх төрлийн ажлууд, тунгаасны дараах цэнгэгжсэн усны зайлуулалт болон усанд автсан татам дахь газар шорооны ажлуудыг зөвшилцсөн төслийн дагуу гүйцэтгэнэ” гэж заасан нь барилгын суурийн усыг шавхан зайлуулах тохиолдолд барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах үйлдэл болж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дүгээр заалтын 3-д заасан татварын төрөлд хамаарч байгаа нь тогтоогдож байна.
3.11. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8.3, Усны тухай хуулийн 9.1.3-д /тухайн үеийн 10.1.4/ заасны дагуу Засгийн газрын 2008 оны 47 дугаар тогтоолоор “Усны экологи- эдийн засгийн үнэлгээ”-г анх баталсан. Гадаргын ус хурах талбай, газрын доорх усны тэжээгдлийн муж, тархалтын талбайг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар Монгол орны газар нутгийг 29 сав газарт хувааж, сав газрын хил хязгаарыг тогтоосон. БОАЖЯ-ны захиалгаар Шинжлэх ухааны академийн Геоэкологийн хүрээлэн усны нөөцийн үнэлгээг тогтоох, нөөцийг хамгаалах зохистой ашиглах, усан орчны экосистемийн үйлчилгээг хадгалах эдийн засгийн хөшүүргийг шинэчлэх зорилгоор усны сав газрын зарчимд үндэслэсэн экологи-эдийн засгийн үнэлгээний аргачлалыг 2011 онд шинээр боловсруулсан. Энэхүү аргачлалыг ашиглан усны нөөц, нөхөн сэргэх чадварыг сав газар бүрээр тооцоолж. Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн, ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг мөн баталсан. Усны тухай хуулийн хуулийн 9.1.3-д экологи-эдийн засгийн үнэлгээг батлах нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах бөгөөд Усны тухай хуулийн 2012 оны шинэчилсэн найруулга, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газрын 2010 оны 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг усны 29 сав газраар шинэчлэн Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолоор өөрчлөн баталсан. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж эрх олгосны дагуу усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталж, ашиглалтын төрлөөс хамаарч гадаргын усанд экологи-эдийн засгийн үнэлгээний 1-10%, газрын доорх усанд 1-20% байхаар тогтоож, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн 3 дахь хэсэгт заасан Барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөцөд хамаарах барилгын суурийн хөрсний ус шавхан зайлуулсан төлбөрийг тус хуулийг мөн заалтын 7в-д заасан Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан ус шавхан зайлуулах усны нөөцөд хамаарах ус шавхан зайлуулах усны нөөцийн төлбөрийн хэмжээг буюу адил зориулалт бүхий ус шавхан зайлуулсан төлбөрийн хэмжээг Үндсэн хуулийн Шударга ёсны зарчим, Тэгш байдлын зарчимд нийцүүлэн адилтган тогтоож өгсөн. Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээг ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрээр үржүүлж тооцоолох бөгөөд тухайн сав газрын байгаль, экологийн онцлог, урсац бүрэлдэх зүй тогтол, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хэмжээ зэрэг онцлогийг харгалзан харилцан адилгүй тогтоосон. Иймд итгэлцүүр гэдэг нь усны нөөц ашиглахтай холбоотойгоор зориулалт бүрээр дээрх шаардлагын дагуу төлбөрийг тооцож тогтооход ашигладаг тоон ухагдахуун болно.
3.12. “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в (Уул уурхайн үйлдвэрлэлд усыг шавхан зайлуулах)-тэй адил тооцно гэх нэмэлт төрлийг Тайлбар хэлбэрээр оруулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн” гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Учир нь барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах байдлаар усны нөөц ашигласан нь хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-ийн 3 дахь хэсэгт заасан Барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөцөд хамаарах талаар дээр дурдсан бөгөөд адил зориулалт бүхий ус шавхан зайлуулсан төлбөрийн хэмжээг Үндсэн хуулийн Шударга ёсны зарчим, Тэгш байдлын зарчимд нийцүүлэн адилтган тогтоож өгсөн нь нэхэмжлэгч талын эрх ашигт эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болсон. Уул уурхайн үйлдвэрлэлийн дийлэнх чиглэл болох түгээмэл тархацтай ашигт малтмал /хайрга, дайрга, нүүрс, жонш, төмрийн хүдэр гэх мэт/-ыг олборлохдоо гидрогеологийн судалгаагаар үндсэн ус агуулагч үеийг судлан тогтоож уурхайн хөрсний усыг шавхан зайлуулж, ашигт малтмал, хүдэр олборлох асуудлыг шийдвэрлэн Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлдвэрлэл эрхэлдэг бол барилга үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд инженер геологийн судалгааны дүгнэлтээр барилгын суурийн хөрсний ус агуулагч үеийг тогтоон усыг шавхан зайлуулж, хөрсний усны төвшинг доошлуулах асуудлыг шийдвэрлэн мөн адил Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авсны үндсэн дээр барилга үйлдвэрлэлийн ажлыг эрхэлдэг. Эдгээр усны нөөцийг адилхан зориулалтаар ашиглаж байгааг харгалзан ус шавхан зайлуулахтай холбоотойгоор усны төлбөрийг адил байхаар тооцож тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан “Барилгын ажлын хүрээнд хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд аливаа ус ашиглалтын төлбөр тооцох хууль зүйн үндэслэл огт байхгүй", “Засгийн газар нь 327 дугаар тогтоолын хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг батлахдаа “Ус шавхан зайлуулах” үйл ажиллагааг бие даасан төлбөр тооцох төрөл болгон зохицуулсан нь дээд эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл болсон байна" гэх агуулга бүхий нэхэмжлэлийн зүйлүүдийг дээр дурдсан тайлбаруудын хүрээнд үгүйсгэж, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.
3.13. “Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын хуралдааны журмын 5.1.3-д “тогтоолын улмаас ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санал авах" гэж заасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд маргаан бүхий 327 дугаар тогтоолыг батлахын өмнө уг тогтоол батлагдсанаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдээс санал авсан эсэх, хуульд заасан журмын дагуу бүртгэж, хүчин төгөлдөр болсон эсэхтэй холбоотой баримт огт байхгүй учир хуулийн дээрх хэм хэмжээнүүдийг ч мөн зөрчсөн байна” гэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 3 дугаар тогтоолоор “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг баталсан бөгөөд 2021 оны 351 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Тухайн 2009 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5.1 дүгээр зүйлийн 5.1.3-д “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон захиргааны хэм хэмжээний актын төсөлд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө дараах асуудлыг заавал тусгасан байна. а/ хууль тогтоомжийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, б/захиргааны хэм хэмжээний актын төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх” гэжээ. Уг журмын 5.1 дүгээр зүйл нь бүхэлдээ хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүнд хамаарах заалт байх тул Засгийн газрын шийдвэрт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн Засгийн газрын тухай хуулийн 6 дугаар бүлэгт Засгийн газрын ажлын зохион байгуулалт буюу Засгийн газрын хуралдаан, Засгийн газрын шийдвэртэй холбогдсон харилцааг зохицуулсан боловч нэхэмжлэлд дурдсан асуудлын талаар хуульд заагаагүй байна. Гэвч Засгийн газраас 2013 оны 326 дугаар тогтоолыг гаргахдаа Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн усны нөөц ашигласны төлбөрийг адилтган тогтоосон нөхцөл байдал нь тодорхой судалгаа, шинжилгээ, санал асуулгын дагуу хийгдсэн болохыг тогтоож байх тул Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөн судалгаа, шинжилгээ, санал асуулгын дагуу хийгдсэн болохыг тогтоож байна.
Иймд “РП” ХХК-аас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай, Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах”-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай гаргасан илт үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэв.
4. Иргэдийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
4.1. “Миний бие “РП” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж бодож байна” гэж дүгнэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “РП” ХХК-иас анх Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэмэгдүүлэн маргасан.
3. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай 326 дугаар тогтоол нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус үндэслэсэн бөгөөд тухайн тогтоолын 1 дүгээр заалтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ”-г 1 дүгээр, “Усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь хэмжээ”-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, 3 дахь заалтаар Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор, мөн өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 327 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг хавсралт ёсоор өөрчлөн батлахаар тус тус тогтоосон байна.
4. Нэхэмжлэгч “РП” ХХК-аас “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт болон мөн өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааг “усыг ашиг олох зорилгоор ашиглаж, усны нөөцийн санд хомсдол учруулсан” мэт үзэн хохирол тооцож, барилгын суурийн усыг шавхах үйлдлийг ямар ч үндэслэлгүйгээр уул уурхайн үйлдвэрлэлд ус ашиглах тохиолдолд хамааруулж шийтгэл оногдуулснаараа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, ... хөрсний суурийн усыг шавхан зайлуулах тохиолдолд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар төлбөр тооцох үндэслэл байхгүй байхад Засгийн газрын 327 дугаар тогтоолын хавсралт “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн дагуу төлбөр тооцох нөхцөл байдал үүсээд байна...” гэж тус тус тодорхойлсон байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн, 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж тус тус заасан.
6. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.
7. Нэхэмжлэгчийн “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7.1. Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актыг батлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна” гээд 6.1.1-д “Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно” гээд 10.1.2-т “хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усыг шоо метрээр” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно” гээд 3-д “Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд”, в/ усыг шавхан зайлуулах гэж, 15.З-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар...” тогтооно хэмээн,
2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг; 3.1.28-д “ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг ойлгоно хэмээн, 20 дугаар зүйлийн 20.2-т заасан зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээгээр хөнгөлж болно гэж тус тус заасныг үндэслэсэн байх бөгөөд эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
7.2. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, нэгэнт хууль тогтоогчоос Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хязгаарт багтаан тогтоох болон Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах бүрэн эрхийг Засгийн газарт олгосон болох нь дээрх хуулиудын холбогдох заалтаар тодорхойлогдож байх тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт болон мөн өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх үзэхээргүй байна.
7.3. Тодруулбал, маргаан бүхий 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаас үзэхэд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорхи усыг ашигласан тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувь, харин тус тогтоолын тайлбар хэсгийн 1-д зааснаар Барилгын суурийн хөрсийг шавхан зайлуулсан тохиолдолд уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усыг шавхан зайлуулах гэсэнтэй дүйцүүлэн газрын доорхи усанд ногдох төлбөрийн хувь хэмжээг 15 хувиар тогтоохоор ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлд барилга барихтай холбоотойгоор хөрсний усыг шавхан зайлуулсан байхад уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны төлбөрийн хувь хэмжээтэй дүйцүүлсэн нь буруу гэсэн нь шууд утгаараа 20 хувийг 15 хувь болгож төлбөрийн хувь хэмжээг багасгасан байхад энэхүү заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэв.
7.4. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор барилгын үйл ажиллагаа явуулж, улмаар барилга барихын тулд тухайн барилгын доорх газрын гүний усыг шавхан гаргаж байгаа нь Усны тухай хуульд заасан “ус ашиглагч” этгээдэд хамаарахаар байх бөгөөд ийнхүү газрын доорх хөрсний усыг шавхан зайлуулж ашигласнаараа мөн хуульд заасан “ус ашигласны төлбөр”-ийг төлөх үүргийг хүлээх учиртай.
7.5. Гэтэл нэхэмжлэгчээс маргаан бүхий хэм хэмжээний актууд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй үндэслэлээ “...барилгын төслийн үйл ажиллагааныхаа явцад Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг буюу “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын хяналтын хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд улмаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудас ирүүлж, торгууль болон нөхөн төлбөр ногдуулсан” гэж тайлбарлаж байгаа нь барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулахад уул, уурхайн үйлдвэрлэлд ашигласан устай адилтган өндөр хувь хэмжээ тогтоосны улмаас зөрчигдсөн, эсхүл дээрх үндэслэлээр шийтгэлийн хуудас ногдуулах үндэслэлгүй байсан гэх шалтгаан, нөхцөлийн улмаас тус хэм хэмжээний актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж үзэхгүй.
7.6. Барилгын тухай /2008 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг ойлгоно гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө” гэж, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 107 дугаар тушаалаар батлагдсан барилгын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” /БН6Д12-01-09/-ийн 5 дугаар зүйлийн 5.3-д барилгын талбайд хийгдэх бэлтгэл ажилд ...хөрсний усны төвшинг доошлуулах /зайлшгүй шаардлагатай тохиолдолд хамаарна/, 5.5-д ...хөрсний усны төвшинг доошлуулах, хөрсийг нягтруулах зэрэг ажлуудад тус бүрд нь ажил гүйцэтгэх төсөл боловсруулна гэж зааснаас үзвэл барилгын хөрсний усны төвшинг доошлуулах ажлыг гүйцэтгэхээр ус шавхан зайлуулж байгаа нь барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай шууд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд ингэхдээ мөн шавхан зайлуулж буй хөрсний усны хэмжээ нь тухайн барилгын суурийн хэмжээнээс хамааралтай гэж үзэх үндэслэлтэй байна.
7.7. Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 116 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил” Барилгын норм, дүрэм 50-02-17-ийн 5 дугаар зүйлээр “Хөрсний усны төвшинг доошлуулах, гадаргын усыг зайлуулах болон газар доогуурх ус шүүрүүлийн ажил”-ыг хэрхэн гүйцэтгэхийг тогтоож, 10.8-д “Газар шорооны бүх төрлийн ажлууд, тунгаасны дараах цэнгэгжсэн усны зайлуулалт болон усанд автсан татам дахь газар шорооны ажлуудыг зөвшилцсөн төслийн дагуу гүйцэтгэнэ” гэж заасан нь барилгын суурийн усыг шавхан зайлуулах тохиолдолд барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашиглах үйлдэл болж Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 3-д заасан татварын төрөлд хамаарч байна.
7.8. Үүнтэй холбоотойгоор “...Газрын доорх усны нөөц агуулагдаж буй газрыг ухаж барилга байгууламж барихдаа түүнд агуулагдах усны нөөцийг гаргаж хаях замаар ашигласан үйлдэлд нь тухайн усны нөөцийг бүр мөсөн устгаж байгаа үйлдэл болох бөгөөд усыг ил гаргаснаар усны нөөцөд хадгалагдан үлддэггүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.
7.9. Тиймээс “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд усны нөөц ашигласан гэж үзэж төлбөр тогтоох зорилгоор гарсан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтаар ийнхүү Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд уул, уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд ногдох усыг шавхан зайлуулах төлбөрийн хувь хэмжээгээр тогтоосон хэсэг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцэж гарсан, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгчийн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
8.1. Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Засгийн газар усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.3-д “Усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах” гэж заасан байна.
8.2. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 327 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсгийг үндэслэн Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталжээ.
8.3. Уг тогтоолын хавсралтаар гадаргын ус болон газрын доорхи ус ашиглалтыг тооцох итгэлцүүрийг тогтоосон байх бөгөөд харин нэхэмжлэгчээс 327 дугаар тогтоолын Хавсралт болох “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байна.
8.4. Энэхүү итгэлцүүрийн холбогдох хэсэгт Монгол орны гадаргын болон газрын доорхи нийт 29 усны сав газрын хувь хэмжээг тогтоосон байх тул энэ тохиолдолд тус усны сав газрууд бүхэлдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, нийтэд нь хүчингүй болгох боломжгүй.
8.5. Учир нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг; 3.1.3-д “усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг ойлгохоор заасан.
8.6. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн Худалдаа хөгжлийн банкны төв оффисын зориулалтаар баригдах барилгын суурийн ус шавхах гэрээнүүдээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн барилгын суурийн усыг буюу газар доорхи хөрсний усыг зориудаар гаргаж дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламж руу болон борооны ус зайлуулах шугам сүлжээгээр шавхан зайлуулж буй энэхүү үйлдэл нь уул уурхайн эсхүл барилгын зориулалтаас үл хамааран байгалийн хөрсний усыг ашигласан гэж үзэхээр байна.
8.7. Харин хариуцагчаас Ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг ийнхүү тогтоосон нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ авахад зарцуулагдах учиртай.
8.8. Өөрөөр хэлбэл газрын доорх усны нөөцийг аливаа байдлаар хүчээр шавхан гаргаж байгаа нь тухайн байгалийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг буюу байгалийн зохицлыг алдагдуулж, нөхөн сэргэх боломжгүй үр дагаврыг үүсгэж, усны нөөцийг багасгаж буй нь үнэлэгдэшгүй хүчин зүйл учир хариуцагчаас өөрт олгогдсон эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг журамлах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас маргаан бүхий 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг тус тус баталсан ба нэхэмжлэлд дурдагдсан холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
8.9. Иймд дээрх үндэслэлээр “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд усны нөөц ашигласан гэж үзэж төлбөр тогтоох зорилгоор гарсан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалтаар ийнхүү Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд уул, уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд ногдох усыг шавхан зайлуулах төлбөрийн хувь хэмжээгээр тогтоосон хэсэг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулийн зохих зүйл заалтад нийцэж гарсан, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
8.10. Түүнчлэн, шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч “РП” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.3, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.27-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “РП” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт, 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дах хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН