Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 95

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч С.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн  Санжидийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201615000291 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1979 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн 8-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Санжидын Ганбаатар. РД: ТЯ 79120537

Шүүгдэгч С.Ганбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний  өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын “Шуранга” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Их булаг” гэх газар иргэн Н.Тэшигжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь чулуугаар хоёр удаа зохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Ганбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Н.Тэшигжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 10 дугаар сарын 01-ий өдөр 14 цагийн үед Бямбацэрэн гэдэг ахыгаа “Нарийн” гэх газарт байдаг Балжир ахынд хүргэж өгчихөөд гэр лүүгээ явж байгаад “Их Булагийн Богчин” дээрээс уруудаж яваад бие засч байсан чинь миний хуучин эхнэр Рэнцэнцог эгч Дабаахай, Монпо, өөр танихгүй 2 хүн машинтай ирсэн. Гэтэл улаан малгайтай Ганбаа гэх танихгүй хүн нь намайг түлхэж унагаагаад бас нэг танихгүй Өлзий гэх хүн нь миний мотоциклийг унаад явсан. Тэгээд намайг машиндаа суулгаад гэр лүүгээ явах замдаа Рэнцэнцог чи Төмөрчөдөрийн хүргэн болоод их зантай болжээ. Чи ер нь хэзээ ийм байсан юм бэ урьд чи унхиагүй л юм байсан гээд доромжилсоор байгаад гэрийнхээ гадаа ирсэн. Намайг буулгахаар би харъяа манайх ойрхон байна гээд явах гэсэн чинь Рэнцэнцог, эгч болох Дабаахай хоёр намайг гэртээ оруулах гээд чирээд байхаар нь ороогүй. Тэгсэн чи яахаараа айлд ордоггүй юм гээд тэнд байсан хоёр танихгүй /Ганбаа, Өлзий/ гэх залуучууд  ирээд намайг хоёулаа өшиглөөд цээж, нүүр, нурууны хэсэг рүү цохиод байсан. Монпо таньдаг байж салгах юм байж чи яагаад байгаа юм бэ гээд мөр лүү цохиод байсан. Тэр үед манай эхнэр Анхтуяа машинаа унаж ирээд та нар хүн нүдэх ямар эрхтэй юм бэ гэсэн Рэнцэнцог муу янхан, банзлаа чамд ямар хамаатай юм гээд байсан. Эгч Дабаахай нь манай эхнэрийг барьсан хойгуур нь намайг хоёр танихгүй залуу чи авгайгаараа авахуулах гэж байдаг яасан арчаагүй банди вэ гээд гэрийн гадаа нь миний машины хажуугаар оруулчихаад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод зодоод байсан. Мөн Рэнцэнцог намайг бас нүүрний хэсэгт цохиж аваад алгадаж самардаад байсан. Тэгээд манай эхнэр салгаад гэр лүүгээ аваад явсан. Тэгсэн гэртээ ирээд нүүрнийхээ цусаа арилгачаад хэвтэж байтал Рэнцэнцогийн эгч, нөгөө хоёр танихгүй залуугаа дагуулж манайд орж ирээд манай авгай бид хоёр луу салаавч өгөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудлаа гэсэн чинь Рэнцэнцог тэр цагдаадаа хэл, хэлсэн байсан ч би Дөлгөөнөөд хэлээд гараад ирнэ гээд байсан. Тэр улаан малгайтай хүнээ миний хайраа явъя гээд гараад явсан. Удалгүй Ганбаа цагдаа ирээд машиныхаа түлхүүрийг танайхныг авсан гээд өгөхгүй байна гэсэн. Би Ганбаа цагдаад болсон явдлаа бүгдийг нь ярьхад маргааш ирээд асуудлаа шийдүүлээрэй гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Т.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би аргал түүгээд явж байсан чинь манай нөхрийн мотоциклийг нэг залуу уначихсан айлын гадаа ирсэн. Би яагаад манай мотоциклийг аваад ирж байгаа юм бол гэж бодоод дурандаад хартал машинтай хүмүүс машинаасаа буугаад араас нь мотоцикльтой хүмүүс нь ирээд манай нөхөр Н.Тэшигжаргалыг машинаас буулгаж ирээд бүгд тал талаас цохиод зодоод байгаа харагдсан. Би гэртээ ирээд машинаа унаад тухайн айлын гадаа очсон. Тэгсэн манай нөхрийг машиндаа суулгачихсан 4 хаалгыг нь онгойлгочихсон байснаа намайг очиж байгааг хараад бүх хаалгаа хаагаад Рэнцэнцог гэх хүүхэн нь машин дотроо манай нөхрийг суулгаад өөрөө манай нөхрийн наад талд нь суулгачихсан байсан. Би очоод юу болж байна гэтэл Рэнцэнцог нь машин дотроосоо манай нөхрийг гаргаж ирээд чи ийм янхантай суугаад ийм болж дээ гээд зодоод байсан. Би Рэнцэнцогыг барьж авах гэсэн чинь Дабаахай гэх Рэнцэнцогын эгч нь намайг барьчихаад тавихгүй байх хооронд манай нөхрийг манай машины цаад тал руу улаан малгайтай танихгүй залуу мөн Рэнцэнцог гэх хүнтэй хамт чирээд орчихсон. Би харж байсан чинь улаан малгайтай танихгүй залуу нь /Ганбаатар/ гартаа чулуу барьж байгаад манай нөхрийн нүүрний хэсэг рүү 2 удаа цохиод авсан. Тэгсэн Рэнцэнцог нь гараараа толгой тархигүй зодоод байсан. Би Дабаахай гэх эгчийг нь тавиулчихаад гүйж очиж салгачихаад нөхрийгөө машиндаа суулгаад гэр лүүгээ явсан. Гэртээ нөхрийгөө оруулаад цусыг цэвэрлээд байж байтал Дабаахай, Рэнцэнцог, 2 танихгүй залуутай нь /Ганбаатар, Өлзий-Орших/ орж ирээд улаан малгайтай залуу нь манай гэрт түрүүлж орж ирээд миний өмнөөс салаавч гаргаад чи юугаа мэддэг юм янхан минь гээд байсан. Араас нь нөгөө 3 нь орж ирээд Рэнцэнцог нь миний хайраа одоо болно бүгдээрээ явцгаая чаддын бол цагдаад өгөөрэй би Дөлгөөнөөгөөрөө гарна гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… Тухайн өдөр Өлзий гэдэг найзтайгаа цуг хөдөө явсан. Тэгээд “Их булаг” руу орж явсан чинь Ганбаатай таараад хамт доошоо айлд очиж айраг ууя гээд Рэнцэнцогийнд очсон. Тэднийхээс Рэнцэнцогийн машинд бид 3 Рэнцэнцогийн эгч Далбаахай бид нар суугаад сумын төв ороод 2 “Боргио” нэртэй 2.5 л пиво, 2 шил 0.5 л “Нутгийн буян” нэртэй архи аваад буцаад явч байтал Нарийний морь барьдаг газрын цаахан талд Тэшигжаргал замын хажууд тасарцан мотоциклио данхраадчаад унтаж байхаар нь Рэнцэнцог аваад явчий гэхээр яах юм бэ цаг нь урин юм чинь жоохон байж байгаад архи нь гараад сэргээд явчих байлгүй гэж хэлтэл Рэнцэнцог авч явна хэдэн жил ханилсан юм чинь зам дээр хаяад явж чадахгүй нь гээд машинд суулгаад мотоциклийг нь Өлзийгээр унуулаад аваад явсан. Тэгээд Рэнцэнцогийн ээжийнх нь гадаа очтол Тэшигжаргалын авгай нь портероо унаж ирээд Рэнцэнцогтой хэрэлдээд, барилцаж аваад байсан. Би машинаас буулгүй хараад сууж байсан. Тэгээд байж байтал Тэшигжаргалыг Ганбаа цохиод унагаж байгаа харагдсан машинд байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд байж байгаад Тэшигжаргалыг авгай нь аваад харьсан. Дараа нь бид нар Рэнцэнцогийн эгч Дабаахайгийнд оччоод байж байтал тэд нэр Тэшигжаргалынд очоод удалгүй ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Рэнцэнцогийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… Өглөө үнээгээ саачихаад хүргэн ах Дамдинсүрэнгийнд байж байтал Монпо ах Ганбаа, Өлзий гэх 2 хүний хамт ирээд бензингүй болчихлоо сумын төв ороод өгөөч гэж гуйгаад байхаар нь сумын төв ороод Шунхлай колонкоос бензин аваад надад 6000 төгрөгөнд бензин хийж өгсөн. Тэгээд дэлгүүр ороод Өлзий гэдэг хүн “Нутгийн буян” архи 2, 2.5л Боргио пиво, Улаан шонхор тамхи аваад буцаад “Их булаг” луу явсан. Замд явж байтал Тэшигжаргал “Нарийний” тэнд мотоциклио данхраадаад тавьчихаад өөрөө хажууд нь унтаж байхад хажуугаар нь өнгөртөл хамт явсан хүмүүс адилхан эр хүмүүс байна аваад явъя гээд аваад явсан. Өлзий мотоциклийг нь унаад явсан. Тэгээд замдаа тэр гурав машины хойно нэг архи уусан. Би яваад гэрийнхээ гадаа ирээд зогстол Тэшигжаргал машинаас гараад зугтаагаад малын хураасан хашааны наана нүүрээрээ харуулдаад ойчсон. Би араас нь очоод хүргээд өгье гээд  чиртэл өндийгээд ирэхээр нь Ганбаа ирээд хажуу талаас нь сугдаад машины хойд хаалгаар суулгатал хоёр хөлөөрөө машины цонх  руу жийгээд байхаар нь хөлийг нь буулгаад хажууд нь сууж байтал авгай нь хүрээд ирсэн. Авгай нь Тэшигжаргалыг миний машинаас буулгаж чирээд өөрийнхөө машин руу аваад явсан. Тэр хоёрыг машин дээрээ очихоор нь би урьдаас нь очих гэтэл авгай нь чулуу шидээд чи муу энэ хүнийг хайрлаж явж чадаагүй /гичий янхан/-аар дуудаад орилоод байхаар нь машины шил хагалчих байх гээд машины хөдөлгөөд гэрийн зүүн талд зогссон. Тэгтэл Ганбаа ах Тэшигжаргалыг цохиод авчих шиг болсон. Тэшигжаргал өнхрөөд ойчиж байгаа харагдсан. Тэгээд авгай нь Тэшигжаргалыг машиндаа суулгаад аваад явсан. Тэр хоёр гэрийнхээ ар талд очоод бие биенийхээ өмнөө хэрэлдээд байгаа юм шиг байсан. Тэгээд гэртээ орчихоор нь Ганбаа ах Өлзий Монпо ах гурав очъё гэхээр нь Тэшигжаргалын үүдэнд нь очиход Өлзий, Ганбаа ах хоёр ороод чанга чанга дуугаараад байхаар нь би оръё гэхэд Монпо ах яахын гэсэн. Тэгээд тэр хоёрыг гараад ирэхээр нь гэрийнхээ хажууд очиж үлдсэн юм аа хувааж уучихаад хүргэнийд очсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

            Гэрч Б.Цэрэнсодном мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад Ганбаатар гэх хүн мотоцикль бензингүй болчихлоо Сумын төв яваад ирье гээд манай дүүг гуйгаад байсан. Тэгээд сумын төв явах гэхээр нь би хамт яваад дэлгүүрээс юм аваад ирье гээд машинд суучихсан. Сумын төв ороод дэлгүүр орж бараа авчихаад гараад ирэхэд нөгөө хэд болчихсон бололтой байхаар нь суугаад гэр лүүгээ буцаад явсан. Гэтэл замд Тэшигжаргал мотоциклио данхраадчихсан унтаж байсан. Тэгсэн машинд сууж байсан залуучуудаас Ганбаатар гэх залуу адилхан эр хүмүүс байна даа аваад явъя гээд Тэшигжаргалыг машинд суулгаад нэг танихгүй эрэгтэй хүн нь мотоциклийг унаад явсан. Манай гадаа очоод Тэшигжаргал машинаас буугаад манай дүү Рэнцэнцогтой юм яриад байж байтал эхнэр Анхтуяа гэх хүн машинаа унаж ирээд та нар манай нөхрийг авчирдаг нь ямар учиртай юм бэ гээд уурлаад байсан чинь Тэшигжаргал газраас чулуу аваад Рэнцэнцогийн машин руу шидэх гээд байхаар нь Ганбаатар гэх залуу өөрийнх нь машины цаад тал руу аваад орсон. Гэтэл удалгүй эхнэр нь Тэшигжаргалыг машинд нь суулгаад аваад явж байгаа харагдсан. Машиндаа суучихсан байхад харахад Тэшигжаргалын нүүрнээс цус гарчихсан байгаа харагдсан. Би Тэшигжаргалыг хэн цохьсон талаар мэдээгүй. Сүүлд хүмүүсээс сонсоход Ганбаатар гэх залуу цохьсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Гэрч Г.Өлзий-Орших мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Тухайн өдрийн өглөө Монпотой хөдөө “Их Булаг” руу явж байгаад Ганбаатартай таарсан чинь айлд орж тогоо нэрүүлж, айраг ууя гээд Дамдинсүрэн гэх айлынд ирэхэд Рэнцэнцог, эгч Дабаахай  байсан ба гэрт нь орж цай уучаад ярьж байгаад явах гэтэл Ганбаагийн мотоциклийн бензин нь дууссан байсан болохоор бүгдээрээ сум орж бензин авахаар явсан. Тэгээд сум орж бензин,  боргио нэртэй 2,л пиво, 2 шил 0,5л нутгийн буян нэртэй архи аваад буцаад явж байх замд мотоцикль нь хажуугаараа эзэн нь мотоциклийнхоо хажууд доошоо хараад тасарчихсан унтаж байхаар нь адилхан эр хүмүүс ингэж явахыг аль гэхэв гээд мотоциклийг нь би жолоодоод эзнийг нь машинд суулгаад явсан юм. Тэгээд нэг айлд очоод буухаар нь тэр залуугийн гэр л юм байх гэж бодсон чинь Рэнцэнцогийн гэр болж таарсан. Рэнцэнцог тэр хүнтэй урьд нь сууж байгаад салсан юмаа жоохон юм ярьж байгаад явъя гээд юм ярьж байснаа Рэнцэнцог 2 удаа алгадсан. Юунаас болж алгадсаныг нь мэдэхгүй. Тэгсэн нөгөө залуугийн эхнэр нэрийг нь мэдэхгүй хүүхэн портер унаж ирээд машинаасаа буугаад Рэнцэнцогийг хэл амаар доромжлон /Гичий, янхан, банзал г.м/ Рэнцэнцог бас тэгж хэрэлдээд байсан. Тэгсэн нөгөө согтуу байсан мотоцикльтой залуу гэнэт босч ирээд Рэнцэнцогийн машин руу чулуу шидэх гээд байхаар нь Ганбаа очоод чи одоо боль л доо гээд нэг алгадаад унагачихсан чинь авгай нь машиндаа суулгаад авч яваад гэрийнхээ гадаа очоод хоорондоо маргалдаад барилцаж аваад биенээ чирээд байсан. Тэгэхээр нь бид нар хойноос нь очиход нөгөө залуу гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Ганбаа бид 2 гэрт нь ороод согтуу байсан хүний мотоциклийг нь унаад өөрийг нь хүргэж өгөх нь бид нарын буруу юмуу хаашаа юм гэтэл эхнэр нь согтуу унтаж байсан хүний унаа тэргийг нь унаад авч ирдэг тийм эрх, үүрэг байдаг юмуу та нарт гээд цагдаа дуудлаа гээд орилоод байхаар нь бид яваад Дамдинсүрэнгийнд очоод байж байтал цагдаа нар ирээд Монпо бид 2 сум руу харьцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 312 тоот: “... Н.Тэшигжаргалын биед тархины доргилт, хамар, баруун шанаан зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна” гэх  дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ганбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 48, 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Ганбаатарын ял шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ганбаатарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 31-37 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч С.Ганбаатар нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний  өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын “Шуранга” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Их булаг” гэх газар иргэн Н.Тэгшжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь чулуугаар хоёр удаа зохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Тэшигжаргалын: “... Тэгсэн чинь чи яахаараа айлд ордоггүй юм гээд тэнд байсан 2 танихгүй /Ганбаа, Өлзий гэх/ залуу ирээд намайг хоёулаа өшиглөөд цээж рүү, нүүр, нурууны хэсэг рүү цохиод байсан. Монпо танидаг байж салгах юм байж чи яагаад байгаа юм бэ гээд мөр лүү цохиод байсан. Тэр үед манай эхнэр Анхтуяа машинаа унаж ирээд та нар хүн нүдэх ямар эрхтэй юм бэ гэсэн Ренчинцог муу янхан, банзалаа чамд ямар хамаатай юм гээд байсан чинь эгч Дабаахай нь манай эхнэрийг барьж аваад байж байхад тэр хойгуур нь намайг 2 танихгүй залуу чи авгайгаараа авхуулах гэж байдаг чи яасан арчаагүй банди вэ гээд гэрийн гадаа нь миний машины хажуугаар оруулчихаад хөлөөрөө өшиглөөд гараараа цохиод зодоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Т.Анхтуяагийн “… Би харж байсан чинь улаан малгайтай танихгүй залуу нь /Ганбаатар/ гартаа чулуу барьж байгаад манай нөхрийн нүүрний хэсэг рүү 2 удаа цохиод авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч С.Эрдэнэбатын “… Би машинаас буулгүй хараад сууж байсан. Тэгээд байж байтал Тэшигжаргалыг Ганбаа цохиод унагаж байгаа харагдсан машинд байсан болохоор сайн харж чадаагүй. Тэгээд байж байгаад Тэшигжаргалыг авгай нь аваад харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, гэрч Б.Рэнцэнцогийн “… Тэгтэл Ганбаа ах Тэшигжаргалыг цохиод авчих шиг болсон. Тэшигжаргал өнхрөөд ойчиж байгаа харагдсан. Тэгээд авгай нь Тэшигжаргалыг машиндаа суулгаад аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21/, г гэрч Б.Цэрэнсодномын “... Би Тэшигжаргалыг хэн цохьсон талаар мэдээгүй. Сүүлд хүмүүсээс сонсоход Ганбаатар гэх залуу цохьсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Г.Өлзий-Оршихын “... Тэгсэн чинь нөгөө согтуу байсан мотоцикльтой залуу гэнэт босч ирээд Рэнчинцогийн машин руу чулуу шидэх гээд байхаар нь Ганбаа очоод чи одоо боль л доо гээд нэг алгадаад унагачихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 312 тоот дүгнэлт /хх-ийн 26/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11-12/, Шүүгдэгч С.Ганбаатарыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 31-37/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч С.Ганбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.Ганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч С.Ганбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч С.Ганбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ганбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

Хэрэгт AJ 4468807 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг  бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Санжидийн Ганбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Санжидийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч С.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт AJ 4468807 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хэрэг  бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ганбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Ганбаатарт   урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР