Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0793/З/ |
Дугаар | 199 |
Огноо | 2017-05-29 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 199
Ч.Д-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар магадлалтай, Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Ч.Д-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолын Ч.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Д-г 2016 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 256 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...аудио бичлэгийг шүүх хуралдаан дээр сонсож судлахад нэхэмжлэгч Ч.Д-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг бичлэг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны хурал дээр Ч.Д-гийн хурлын дундуур өгсөн эх хувиар биш канондсан хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А уншиж, “канондсан хуулбар байна” гэж хэлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооноос өгсөн баримт дунд Ч.Д-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх баримт байгаагүй байхад шүүхээс нотлох баримтыг буруу үнэлжээ.
Мөн шүүхээс “хуульд заасан хугацаанд ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, баримт дутуу ирүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Д-г бүртгэхээс татгалзсан дүүргийн Сонгуулийн хорооны 3 дугаар тогтоол нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос нэхэмжлэгч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг зөрчсөн тул тогтоол гаргаж бүртгэхээс татгалзсан үндэслэлтэй юм. Хэрвээ нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан, зохих журмаар нь материал хүлээн авахад өгсөн бол Сонгуулийн хорооноос бүртгэхэд татгалзах зүйлгүй байсан. Шүүхээс тус дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм.
Магадлалд “...тухайлан шаардсан баримт бичиг бүрэн эсэхийг шалгах чиг үүргийг хариуцагчид олгосон, ...энэ үүргээ хэрэгжүүлж, баримт бичгийг хүлээн авахдаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч тэмдэглэгээ хийсэн...” гэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “...Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг гүйцэд эсэхийг нягтална...” гэж заасан хуулийн шаардлага хангасан эсэхийг материал хүлээн авч буй этгээд шалгахгүй, мөн материал хүлээн авч буй этгээд нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах эрхгүй юм.
Сонгуулийн хорооны хуралдаанаар тухайн нэр дэвшигчийн материалыг нягтлан шалгаж бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д зааснаар “Аймаг, нийслэл, сум дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн талаарх баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан байхад шүүхээс дээрх хуулийг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Магадлалд “...хуралдааны аудио бичлэгт М.А нь Ч.Д-гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан нь хадгалагдаж үлджээ” гэжээ. Гэвч тухайн аудио бичлэгт М.А нь Ч.Д-гийн ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь эх хувь биш канондсан хувилбар байна гэж хэлсэн нь бичигдсэн байхад нотлох баримтыг дутуу үнэлсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 03 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 дахь заалтыг үндэслэн Сүхбаатар дүүргийн АН-аас нэр дэвшүүлэхээр ирүүлсэн Ч.Д нарыг “Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.2.7 дахь заалтыг тус тус зөрчсөн” гэж нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Д нь дээрх тогтоолыг хүчингүй болгуулах, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж “Сонгуулийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байсан, уг хүсэлтийг нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өгсөн нь Сонгуулийн хорооны материал хүлээж авсан жагсаалтаар нотлогдсон” гэж маргасан байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино”, 157 дугаар зүйлийн 157.2-т “нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг орон нутгийн цагаар 17 цаг 00 минутаас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ; 157.2.7-д “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар”” гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл, Ч.Д нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихийн тулд эрхэлж буй орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирлын ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 2016 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө чөлөөлөх эрх бүхий этгээдэд өгсөн байх, уг хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Сонгуулийн хороонд ирүүлэх ёстой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ч.Д нь “Бага хандгайт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалаас нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасныг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэж, бүртгэл-хяналтын карт нээсэн, тухайн үед Засаг дарга эзгүй, гадаад улсад томилолттой байсны улмаас уг өргөдлийг 4 дүгээр сарын 04-ний өдөр Засаг даргад танилцуулсан, үүний дараагаар 4 дүгээр сарын 05-ны өдөр цахим бүртгэлд оруулж, бүртгэлийн дугаар олгогдсон үйл баримт тогтоогдсон, гэрчүүд энэ талаар тодорхой мэдүүлжээ.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн АН-аас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгүүлэх тухай” 16/48 дугаартай албан бичгийн хавсралтаар нэр дэвшигч тус бүрийн баримт бичгийн тоог зааж, нийт 802 хуудас материалыг дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн, уг материалыг хорооны гишүүн Х.З, Т.Э нар нь хүлээн авч, хавсралтын “Ч.Д 23 хуудас материал” гэсний харалдаа “жагсаалтаар 23 хуудас” гэж бичиж, жагсаалтын “ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар” гэх хүснэгтэд “тэмдэглэл” хийж, тухайн баримт ирүүлсэнийг баталгаажуулан нийт 792 хуудас материал авсан тухай баримт үйлджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Ч.Д-г “ажлаас чөлөөлөгдөх тухай” өргөдлөө эрх бүхий албан тушаалтанд “хуулийн хугацаанд өгсөн байна” гэж, уг өргөдлийг Сонгуулийн хороонд ирүүлээгүй гэдэг нь тогтоогдоогүй талаар дүгнэхдээ, маргааны үйл баримтад холбогдох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлж, дүгнэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд “...“Ч.Д-гийн ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт нь эх хувь биш канондсан хувилбар байна” гэж аудио бичлэгт бичигдсэнийг шүүх үнэлээгүй” гэсэн нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй асуудлаар байхын зэрэгцээ “материал хүлээж авсан ажилтан гүйцэт, хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгахгүй, шүүх Сонгуулийн тухай хуулийн 157.9-ийг хэрэглээгүй” гэх агуулгатай зүйл дурдсан нь шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх үндэслэл болохгүй.
Дээрх байдалд үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 119 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ