Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0471

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0471

Улаанбаатар хот

 

“Шүтэн-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Шүтэн-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Шүтэн-Уул” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтад холбогдох хуулийн дагуу оролцон ялагчаар шалгарч улмаар Дархан Уул аймгийн Засаг дарга Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ҮТП-ын 1 дүгээр бүс газарт Хүнд болон барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв талбайтай газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/300 дугаартай захирамж гаргасан. Үүний дагуу манай байгууллага уг газрыг эзэмшиж, зориулалтын дагуу барилга байгууламж барих үйл ажиллагаагаа төлөвлөн эдийн засгийн зардал гарган ажиллаж байтал Дархан-Уул аймгийн Засаг дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн асуудлаас үүдэн бидний газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга А.Энхболд хүчингүйд тооцож, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаартай захирамж гаргасан байна. “Шүтэн-Уул” ХХК-ний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны актыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авсан тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухайн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Шүтэн-Уул” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”Шүтэн-Уул” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/288, Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай А/289, Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай А/290, Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 291, Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/292, Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай А/300, Газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай А/302, Газар эзэмшүүлэх тухай А/303 дугаар захирамжийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга С.Насанбат нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн болно.

Иймд Шүтэн-Уул ХХК-аас гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “Шүтэн-Уул” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн “Шүтэн-Уул” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Шүтэн-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох “2015 оны А/330 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцож байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.6, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх заалтыг үндэслэн  давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох захиргааны актыг  хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй өөрөөр хэлбэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын алдаа гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 187 дугаар захирамжаар С.Насанбатыг аймгийн Засаг даргын  үүрэгт ажлаас огцруулж, 188 дугаар захирамжаар А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон байхад С.Насанбат нь мөн өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/288, “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” А/289, “Газар эзэмших зориулалт өөрчлөх тухай”  А/290, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/291, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/292, “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” А/300, “Газар эзэмших эрхийн байршлыг өөрчилж газар эзэмшүүлэх тухай” А/302, “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийг гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга С.Насанбат нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байхад дээрх захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж А/330 дугаар захирамжаар хүчингүй болгосон болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ” гэж заасны дагуу түүний бүрэн эрх Засаг даргын орлогчид бүрэн шилжсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 байршилд газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч “Шүтэн-Уул” ХХК 11 дүгээр нэгж талбарт шалгарсан болох нь нотлогджээ.

Дархан-Уул аймгийн Засаг дарга /асан/ С.Насанбат 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж гарган түүний хавсралтаар “Шүтэн-Уул” ХХК-д 13-р баг ҮТП-ийн 1 дүгээр бүс газарт Хүнд болон барилгын материал үйлдвэрлэлийн зориулалтаар 10000 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчөөгүй байна.

Дээрх хууль ёсны захирамжийг үндэслэн “Шүтэн-Уул” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан, газар эзэмших эрхийн 000317720 дугаартай гэрчилгээ олгожээ.

Дээр дурдсан хэргийн болсон үйл баримтын талаар болон оролцогчдын эрхийн зүйн байдлын талаар талууд ямар нэгэн маргаангүй байх болоод гол маргаан нь Дархан-Уул аймгийн Засаг дарга /асан/ С.Насанбат 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамжийг өөрийн бүрэн эрх дуусгавар болсны дараа гаргасан эсэх талаар өрнөж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/300 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамжийг гаргах үед Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын бүрэн эрх, дуусгавар болоогүй байсан гэж үзсэн нь зөв байна.

            Нөгөө талаар  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/184 дүгээр “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” захирамжийн дагуу явагдсан төсөл сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэгэнт шалгарсан аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Хэрвээ тус аймгийн Засаг дарга асан С.Насанбат энэхүү захирамжийг гаргаж амжаагүй байсан ч шинээр томилогдсон Засаг дарга А.Энхболд уг захирамжийг зайлшгүй гаргах ёстой болох нь тогтоогдож байна. Иймд аймгийн Засаг дарга асан С.Насанбатыг гаргах ёсгүй захирамжийг гаргасан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/ -ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэх хуулийн заалтыг баримталсан байх боловч хуулийн дээрх заалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь хуулийн дээрх заалтын агуулга нь төрийн ямар нэгэн байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль, тогтоомж зөрчихөөс гадна, газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол тэрхүү шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээдийг зааж өгсөн, өөрөөр хэлбэл газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах агуулга бүхий заалт юм. Гэтэл хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын гаргасан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн агуулгаас үзэхэд газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР