Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1539

 

 

 

 

 

 

 

 

  2022       10          24                                  2022/ШЦТ/1539

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Ц.Сайнхүү,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ж.А  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А т холбогдох эрүүгийн 2106 03322 1341 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.А ыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр .... тоотод оршин суух хохирогч Г.А ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хууль бусаар нэвтэрч делл маркийн зөөврийн компьютер 1 ш, Самсунг А5 маркийн гар утас 1, Айфоне 7 маркийн гар утас 1ш, бугуйн цаг 1, савхин бээлий зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.А д 1.552.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ....тоотод оршин суух хохирогч Б.Б ын гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Б.Б ыг унтсан хойгуур нь Хуавей загварын гар утас, эмэгтэй 37 размерын  гутал, 38 размерын эмэгтэй гутал, эрэгтэй хүний 41 размерын гутал, 1 ширхэг эмэгтэй хүний зуны гутал, эрэгтэй хүний бомбер, малгай, скаймедиа төхөөрөмж зэрэг эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, хохирогч Б.Б од 494,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

 

 1.шүүгдэгч Ж.А  нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр .... тоотод оршин суух хохирогч Г.А ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Г.А д 1.552.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

2021 оын 09 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйл түр хураасан тэмдэглэл /хх-ийн 11/,

 

Хохирогч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ний өлөр 14 цагийн үед найз охинтойгоо хамт гэртээ буюу .... тоотод байсан. Тэр үед хажуу өрөөний ахын найз гэх нэг согтуу 50 орчим насны эрэгтэй гэрт ганцаараа 0,5 литр архи уугаад суугаад байхаар нь би тэр ахад хандаад “гарах гэж байна” гэхэд “за санаа зоволтгүй” гэхээр нь тооогоогүй гараад явсан юм. Тэгээд цаг гарны дараа найз охинтойгоо хамт 16:00 цагийн үед эргээд гэртээ ороод ирэхэд хамаг юм онгичож сүйтгэсэн байхаар нь байрны эзэн Б  ахтай холбогдоод юу болсон талаар хэлэхэд би наад асуудлыг чинь аргална. Тэр хүн ахынх нь найз байгаа юм хохирлыг нь барагдуулна гэж байсан. Тэгээд би санаа амарчихсан байж байтал орой 20:00 цагийн үед танихгүй дугаараас цагдаа байна гар утасаа алдсан уу? гэхээр нь “тиймээ” гэхэд “яаралтай ирж уулз” гэхээр Баянзүрх дүүргийн 7-р хороо Сансарын Баянцээлийн тэнд байдаг цагдаагийн постон дээр ирэхэд миний гар утас болон найз охины нөүтбүүк бас бус зүйлсийг тухайн гэрт ганцаараа үлдсэн ах авч яваад цагдаад баригдсан байдалтай байсан. Тухайн үед алдагдсан бүх зүйлээ цагдаагаас хүлээж авсан байгаа. Би гарахдаа өрөөгөө цоожилсон бөгөөд манай өрөөнөөс бугуйн цаг, савхин бээлий, дэлл загварын нөүтбүүк, самсунг А5, ай фоне 7 загварын гар утас, тус байрны гэрчилгээ зэргийг алдсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй Dell i5 загварын нөүтбүүк /950.000 төгрөг/, самсунг галакси А5 загварын гар утас /180.000 төгрөг/, айфоне 7 загварын гар утас /290.000 төгрөг/, rado бугуйн цаг /120.000 төгрөг/ зэрэг нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.540.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

 

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй савхин бээлий нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 12.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

Шүүгдэгч Ж.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би Баянзүрх дүүргийн хяналтын прокурор Ц.Сайнхүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2106 03322 1341 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад санал, хүсэлт байхгүй, би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,  

 

2.шүүгдэгч Ж.А  нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ....тоотод оршин суух хохирогч Б.Б ын гэрт нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Б.Б ыг унтсан хойгуур нь  эд зүйлсийг нь нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, хохирогч Б.Б од 494,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед өөрийн танил болох А тай хавдар судлалын үндэсний төвийн буудал дээр уулзаад бид хоёр замдаа Эрх чөлөөний хотхоны хойд талд байрлах хүнсний дэлгүүрээс А  0,5 литрийн хэмжээтэй хараа нэртэй архи мөн нэг кола ундаа авсан. Тэгээд бид 2 манай гэрт цуг орсон. Бид хоёрыг орох үед манай гэрт хүн байгаагүй. Манай гэрт ороод бид хоёр авсан архиа хувааж уусан. Тэгээд дахиж 18 цагийн үед хоёулаа дахиж  хамт гараад байрныхаа доор байрлах Миний март нэртэй дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн хараа нэртэй архи, кола ундаа худалдаж авсан. Тэгээд бид хоёр буцаж ороод сүүлд авсан архиа ууж байхад манай хуурай ах болох Э  ах 19 цагийн үед ирж байна гээд гарж тоссон. Тэр үед А  гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд орж ирээд бид хоёрын ууж байсан архинаас 2 хундагийг уусан. Тэгээд Э  ах авч явсан хөнжилөө манайд угааж үлдээгээд 22 цагийн үед гарч явсан. Тэгээд А  бид хоёр сүүлд авсан архиа ууж дуусгаад байж байх үед А  цүнхнээсээ 0,75 литрийн Монгол Стандарт нэртэй дээрээс нь бага зэрэг уусан байсан архи гаргаж ирсэн. Тэгээд би тэр архинаас 2 хундага уугаад их согтсон байсан тул өөрийн мэдэлгүй унтаад өгсөн. А  сүүлд гаргаж ирсэн архинаас хэр уусан талаар би санахгүй байна. Тэгээд өглөө сэрэхэд А  явсан байсан. Би өглөө 00 орох замдаа эхнэрийн гутлын хайрцаг ил гаргасан байхаар нь гайхаад гутлын тавиураа үзэхэд 5 ширхэг хайрцагтай шинэвтэр гутлыг хайрцгийг нь үлдээгээд гутал нь байхгүй байсан. Тэгээд А тай ярих гээд утсаа хайж үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд зурагтны тавиур дээр байсан скаймэдиагийн цагаан өнгийн 2 төхөөрөмж байхгүй болсон байсан. Тэгээд гарах гээд үүдний гутлын тавиур дээр байсан гэрийнхээ түлхүүрийг хайтал бас байхгүй байсан. Би тэгээд гэрийн илүү түлхүүрээ авч гарч шөнийн захын хойно байрлах юнителийн салбараас 5000 төгрөгөөр ...   тоот шинэ дугаар авсан. Тэгээд буцаж гэртээ ороод хуучин байсан гар утсандаа сим картаа хийгээд эхнэр рүүгээ залгаж болсон асуудлын талаар хэлээд алга болсон гутал болон бусад зүйлийг бүртгэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129/,  

 

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй хуавей загварын гар утас /140.000 төгрөг/, эмэгтэй хүний хавар, намрын гутал /60.000 төгрөг/, эмэгтэй түрийгүй гутал /24.000 төгрөг/, эмэгтэй хүний хагас түрийтэй гутал /36.000 төгрөг/, эрэгтэй хүний оломтой сандаал нь /18.000 төгрөг/, эрэгтэй хүний зөөлөн ултай углааш /8.000 төгрөг/, эрэгтэй хар хөх өнгийн бомбер /39.000 төгрөг/, эрэгтэй саравчтай малгай /7.200 төгрөг/, скаймедиагийн төхөөрөмж /162.000 төгрөг/ зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 494.200 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 137-138/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...video-1622448491 гэсэн бичлэгийн 53 секундэд хохирогч Б.Б ын найз Ж.А  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ....... хяналтын камерийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 43 минут 28 секундэд хар өнгийн малгайтай, хар хөх өнгийн гадуур хувцастай, цагаан өнгийн цүнхтэй, хар өнгийн өмдтэй, баруун гартаа цагаан өнгийн гадаад бичиглэл бүхий хар ууттай зүйл барьж гарч байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 141-143/,

 

Гэрч Д.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд шатанд:

            “Би тухайн үед 2021 оны 05 дугаар сард Дорнод аймагт байсан. Яг хэдийгээр гэрээс А  нь хулгай хийж юм авч гарсан гэх өдрийг мэдэхгүй байна. Ямар ч байсан манай нөхөр гаднаас А  гэх хүнийг дагуулж ороод архи уугаад тасраад унтсан хойгуур нь А  гэгч нь манайхаас юм хулгайлж гарсан байсан. Тухайн үед манай нөхөр согтоод тасарч унтаад маргааш өглөө нь А  байхгүй өөрийнх нь утас байхгүй болсон байсан гэсэн. Тухайн үед гэрээс алга болсон эд зүйлсийг манай нөхөр мэдүүлэгтээ өгсөн байх миний санаж байгаагаар манай нөхрийн гадуур өмсдөг хар өнгийн богино куртик, саравчтай малгай, Huawei маркийн гар утас, миний урт түрийтэй /2 талдаа цахилгаантай/ арьсан гутал, хагас богино арьсан хар гутал, богино түрийтэй цахилгаантай арьсан гутал, нөхрийн зуны хар сандаал, ногоон эрээн өнгийн угладаг сандаал, гэрт байсан Скай медиагийн төхөөрөмж зэргийг манай гэрт байсан хар өнгийн цүнх буюу торон уутанд хийгээд авч гарсан байсан. Үүнийг би орцны цахилгаан шатны дүрс бичлэгт бичигдсэн дүрснээс харсан бөгөөд А  нь манай гэрт байдаг хар цүнх торыг үүрээд гарч байсан. Уг тор нь манайд удаж байгаа бөгөөд унтлагны өрөөний шүүгээний хажууд байж байдаг бөгөөд хааяа ийш тийшээ явахдаа юм хийж авч явдаг байсан юм...” гэх мэдүүлэг /хх-тйн 148-149/,

 

            Шүүгдэгч Ж.А  мөрдөн байцаалтын шатанд:

            “...Би үйлдсэн хэргүүдээ нэгтгүүлээд нэгдсэн мэдүүлэг өгнө. Одоо мэдүүлэг өгөхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 183-184/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 85/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 270 дугаар “яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 95-96/, Ж.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 97-98/, Ж.А ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 162/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Ж.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Ж.А  нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Гэмт этгээд бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.А  хохирогч Б.Б ын гэрт байхдаа хуавей загварын гар утас, эмэгтэй хүний гутал 4 ширхэг, эрэгтэй хүний гутал 1 ширхэг, эрэгтэй хүний бомбер, малгай, скаймедиагийн төхөөрөмж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч өөрийн болгон захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 2-106 тоот байр нь хохирогч Г.А , шүүгдэгч Ж.А  нарын мэдүүлгээр дотроо 2 өрөөтэй, 1 өрөө нь хаалгатай байдаг бөгөөд 1 өрөөнд Г.А  амьдардаг байсан. Г.А ын өрөөнд эд зүйл байсныг шүүгдэгч нь хууль бусаар нэвтэрч авсан болох нь тогтоогдож байна. Гэрийн эзэн н.Б  нь шүүгдэгчийг өөрийн эзэмшлийн өрөөнд байлгахыг зөвшөөрсөн хэдий боловч тухайн байрны 1 өрөөнд буюу Г.А ын өрөөнд орохыг хориглосон байжээ.

 

Уг өрөө нь бусдын үйлдэл, орон зайнаас хохирогчийн эд хөрөнгө, эрх ашиг, орон зайг тусгаарлаж байсан учир хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ёстой. Шүүгдэгч Ж.А  нь хохирогч Г.А ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Ж.А ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Ж.А  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийнн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, болон шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Ж.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Г.А  нь “хулгайд алдсан 2 гар утас, нөүтбүүк, бугуйн цаг, цэнэглэгч, цүнх, бээлий, байрны ордер зэргээ алдсан байсныг бүрэн бүтэн хүлээж авлаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-ийн 12/ гэсэн байх тул түүнд шүүгдэгч нь төлөх төлбөргүй. Харин хохирогч Б.Б од үнэлгээний тайлангаар 494.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо нэхэмжилнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Ж.А аас 494.200 төгрөг гаргуулан хохирогч Б.Б од олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ж.А  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан гэмт хэрэг тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус бага хэмжээгээр оногдуулж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ж.А  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “2021 оны 05 дугаар сарын 20-ны үйлдлийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн боловч шүүгдэгч Ж.А ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь үргэлжлэн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дууссан байна. Шүүгдэгчийн үйлдсэн сүүлийн гэмт хэргийн хугацаагаар гэмт хэргийн төгссөн хугацааг тогтоодог бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдсэн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар хуульчилсан байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй юм.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ж.А т нь хэргийн учир 52 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ж.А ыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А ын цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А аас 494.200 төгрөг гаргуулан хохирогч Б.Б/-д олгосугай.

 

7. Шүүгдэгч Ж.А  нь хохирогч Г.А д төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.А т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 24ий өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ