Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1551

 

 

 

 

 

 

 

 

 2022        10          24                                  2022/ШЦТ/1551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Э.Билгүүн,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч А.Т  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т д холбогдох эрүүгийн 2209 00000 1452 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т г 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгдо” эмнэлэг дотор иргэн Н.М ын фейсбүүк орчинд тавьсан зарын дагуу холбогдон ирж уулзан улмаар түүний эзэмшлийн “ай фоне 13 про макс” маркийн гар утсыг худалдан авна, таны данс руу одоо ах мөнгө хийнэ, данс руу чинь мөнгө шилжүүлсэн байна гэх дансны хуулгыг харуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний гар утсыг өөртөө шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ...  тоотод оршин суух хохирогч Т.Э  нь өөрийн фейсбүүк хаягандаа “айфоне 12 про макс” загварын гар утсыг зарна гэсэн зарын дагуу уг гар утсыг худалдаж авахаар болж хохирогч Т.Э ыг “утасныхаа кодыг гаргаад өгөөч, шалгаж үзээд авна” гэж худал хэлж гар утсыг худалдан авах зорилгогүйгээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

 

1.шүүгдэгч А.Т  нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Н.М ын айфоне 13 про макс гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...Сонгдо эмнэлэг гэх объектын хяналтын камерын дүрс бичлэгт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 40 минут 41 секундэд тус объектын 4 давхарт байрлах цахилгаан шатнаас хар өнгийн футболка, хар өнгийн шорт, цагаан өнгийн гуталтай хүн гарч байгаа харагдах ба 14 цаг 40 минут 44 секундэд цааш яван хохирогчийн хамт эмийн сан руу орж байгаа дүрс бичлэг харагдаж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 21/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан:

“Гэрч Н.М-аар ямар шинж тэмдэг, онцлогоор таньж чадахыг асууж хариултыг тэмдэглэлд тусгасны дараагаар Н.М нь 6 хүний цээж зураг нааж бэлтгэсэн цаасыг өгөхөд 1 дугаарын зургийг зааж энэ миний хувийн эзэмшилд байсан гар утсыг надаас авсан хүн мөн байна. Энэ 1 дугаартай зураг дээр байгаа хүний зураг мөн байна. Хөмсөг, нүд, хамраар нь таньж байна..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/,

 

Хохирогч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний бие Н.М  фейсбүүк цахим орчинд айфоне 13 про макс загварын гар утсаа зарах тухай зарыг айфоне Х, 11, 12, 13 зарна, авна” гэх цахим хуудсанд оруулсан. Тэгэхэд ....  дугаараас залгаад гар утас авъя гэхээр нь би Сонгдо эмнэлэг дээр байна хүрээд ир гэсэн. Тэгээд 180 см өндөртэй, 20-21 орчим насны үсээ ардаа боосон цагаан цэвэрхэн царайтай залуу байсан. Тэгээд гар утсаа өгсөн ба шалгаж байхад тэр залуу хайрцаг дээр байсан имей кодыг сольсон байсан. Тэгээд ах мөнгө хийхгүй байна гэж хэлээд надад хэсэг хугацааны дараа дансны хуулга харуулсан. Тэгээд тамхи аваад ирье гэж хэлээд цааш гүйж яваад ирээгүй. Энэ 2 дугаар руу залгахад гудамны хүний гар утсаар ярьсан байсан. Миний утас айфоне 13 про макс загварынх. Эвдрэл гэмтэл байхгүй. Ногоон өнгөтэй... Би айфоне 13 про макс загварын гар утсаа 4.400.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Н.М  би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр бусдад гар утсаа залилуулан алдаад цагдаад өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллан гэмт хэрэгтнийг барьсан. Гэмт хэрэгтэн нь миний хохирол болох 4.300.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймээс гомдол санал байхгүй болно.” гэх хүсэлт /хх-ийн 54/,  

 

“Дамно” ХХК-ийн тус үнэлэгдэж буй айфоне 13 про макс загварын гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 4.290.675 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/,

 

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Нямдаш нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 4.291.000 /дөрвөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг А.Т гаас хүлээн авсан тэмдэгдлэл /хх-ийн 37/,

 

Шүүгдэгч А.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Тэгээд найзуудынхаа гар утсыг ломбардад тавьсан 2.500.000 төгрөгийг олох гээд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сонгдо” эмнэлэгт гар утсаа зарна гэсэн үл таних эрэгтэй хүнтэй уулзаад уг хүний айфоне 13 про макс загварын гар утсыг нь хуурч авч яваад өөр хүнд уг гар утсыг зарсан. Би тухайн хүнтэй уулзахдаа цахим орчинд гар утас зарна гэсэн зараас олж харж холбогдож уулзсан. Би тухайн хүнтэй уулзаад айфоне 13 гар утсыг нь 4.400.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлээд тухайн залууд гар утаснаасаа хаан банкны цахим гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн утгыг харуулж, уг хүнээс гар утсыг нь авч зугтаагаад явсан. Би Н.М  гэх хүнээс авсан айфоне 13 про макс загварын гар утсыг өгч айфоне 13 гар утсыг авч, зөрүүнд 400.000 төгрөг авсан. Уг айфоне 13 загварын гар утсыг өөрийн найз М д өгсөн. Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Н.М  гэх хүнд бэлнээр 4.290.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,

 

2.Шүүгдэгч А.Т  нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ...  тоотод оршин суух хохирогч Т.Э  нь өөрийн фейсбүүк хаягандаа “айфоне 12 про макс” загварын гар утсыг зарна гэсэн зарын дагуу уг гар утсыг худалдаж авахаар болж хохирогч Т.Э ыг “утасныхаа кодыг гаргаад өгөөч, шалгаж үзээд авна” гэж худал хэлж гар утсыг худалдан авах зорилгогүйгээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар түүний гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим миний өөрийн Т.Э  гэх фейсбүүк хаяг руу “.. ” гэх нэртэй, зураггүй фейсбүүк хаягтай хэрэглэгч чатаар холбогдоод гар утас зарж байгаа юу? Хаана очиж үзэх вэ гээд манай гэрийн хаягийг авсан. Орой 22 цаг 30 минутад манай гэрт 17-18 орчим насны гэмээр эрэгтэй хүн ирээд миний өөрийн барьж байсан “iphone 12 pro max” загварын гар утсыг үзсэн. 22 цаг 30 минутаас 00 цаг хүртэл үзсэн. Тэгэхдээ манай ах мөнгө шилжүүлэх гэж байна гээд үзээд суугаад байсан. 00 цаг 20 минутын орчим манай гэрт хар хорхой яваад байхаар нь балконоор гаргаж хаях гээд балкон дээр гарахад манай хаалга дуугарсан юм. Тэгээд гялс гэр рүүгээ ороод харахад миний утсыг аваад гараад зугтаасан байсан. Араас нь гарсан боловч харагдаагүй. Манай байр 16 давхар байрны 10 давхарт байдаг. Лифтэнд суугаагүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... Хар өнгөтэй, 256 гб багтаамжтай, iphone 12 pro max загварын гар утас байсан. Уг гар утсаа 2022 оны 03 дугаар сард хувь хүнээс хуучнаар нь 2.700.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,

 

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн:

“...1 дүгээр файлыг нээж тоглуулахад 00:07 секундын бичлэг байв. Бичлэгийг үзэхэд 180 см өндөртэй, 17-20 орчим насны эрэгтэй байв. Уг этгээдийн офицер таун хотхоны 19в байрнаас гараад явч байгаа бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 75-75/,

 

“Дамно” ХХК-ийн тус үнэлэгдэж буй айфоне 2 про макс загварын гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.475.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-80/,

 

Хохирогч Т.Э ын цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандан

“Миний бие Түмэнбаяр овогтой Э  нь цагдаагийн байгууллагад утсаа залилуулсан гэх гомдлын дагуу өргөдөл гаргасан. Хохирлыг маань барагдуулсан тул гомдолгүй.” гэх хүсэлт /хх-ийн 90/,

 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Нямдаш нь хохирогч Т.Э д 2.600.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 91-92/,

 

Шүүгдэгч А.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Тухайн өдөр Э ын эзэмшлийн айфоне 12 про макс загварын гар утсыг худалдаж авах зорилгоор түүний гэрт нь очиж үзэж байхдаа гар утасны эзэн өөр өрөөнд орох хооронд утсыг нь хэлэлгүй гэрээс нь авч гарч зугтаасан. Мөнгө олох зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин өөр гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж тэр хэрэгтээ нэгтгэн шалгуулмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс А.Т гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 120/, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 303 дугаар прокурорын тогтоол, санал /хх-ийн 130-134/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Т  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Гэм буруугийн талаар:

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан үйлдлээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.   

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Шүүгдэгч А.Т  нь хохирогч Н.М , Т.Э  нарын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч А.Т гийн хохирогч Н.М ын фейсбүүк орчинд тавьсан зарын дагуу холбогдон ирж уулзан улмаар түүний эзэмшлийн “ай фоне 13 про макс” загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Т.Э ын өөрийн фейсбүүк хаягандаа “айфоне 12 про макс” загварын гар утсыг зарна гэсэн зарын дагуу уг гар утсыг худалдаж авахаар болж хохирогч Т.Э ыг “утасныхаа кодыг гаргаад өгөөч, шалгаж үзээд авна” гэж худал хэлж гар утсыг худалдан авах зорилгогүйгээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гар утсыг өөртөө шилжүүлэн авч залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Шүүгдэгч А.Т  нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Н.М ын хохиролд 4.291.000 төгрөг, хохирогч Т.Э д 2.600.000 төгрөгийг тус тус бэлнээр төлж барагдуулсан, мөн хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсний үндэслэн шүүгдэгч А.Т г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч А.Т гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Т  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Т г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т г хоёр зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Т д оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ