Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Г-д холбогдох,

2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн П.Г, Х.М нарын хооронд байгуулагдсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах тухай хэлцэлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулаж, 11,238,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагч П.Г, хариуцагчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.М нь П.Гоос 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган төгрөгийг 2014.10.19-ний өдрөөс 2015.02.19-ний өдрийг хүртэл cap бүрийн 10 хувийн хүүтэй, 5 хоног тутамд 262,500 төгрөг төлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож 2014.10.21-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах “Баянзүрх” захад барааны лангуу ажиллуулдаг байсан ба дээрх зээлийг өөрийн чадах чинээгээрээ тохиролцсон хугацаандаа төлж барагдуулж байсан боловч 2014.11 сараас эхлэн биеийн байдал муудсан тул авсан зээлээ төлж чадахгүйд хүрч нэлээд хугацаа өнгөрсөн ба 2015 оны 1 дүгээр сараас лангуугаа ажиллуулахаа бүрэн зогсоосон.

Би П.Гтой уулзаж өөрийн учир байдлаа тайлбарлахад тэрээр миний авсан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл нийт 4,800,000 төгрөг байгааг надад хэлсэн.

Хэдийгээр би ажил орлогогүй болсон ч боловч П.Гоос авсан зээлээ төлөхийн тулд би өөрийн өмчлөлийн газар болон байшингаа банк болон ББСБ-т барьцаанд тавин зээл авч, түүнээс авсан зээлээ төлж барагдуулахаар шийдсэн боловч намайг өрхийн орлогогүй гэдэг шалтгаанаар зээл өгөхөөс татгалзсан.

Энэ тухайгаа П.Гт хэлтэл тэрээр надад “нэгэнт чиний зээл бүтэхгүй байгаа юм чинь чи надад өгөх мөнгөнийхөө баталгаа болгоод газар, байшингаа миний нэр дээр шилжүүлчих, чи алга болчихвол би чамайг хаанаас олох юм бэ, миний мөнгийг өгчих юм бол би шууд чиний нэр лүү буцаагаад шилжүүлээд өгчихнөө” гэж хэлсэн. Би түүний хэлснээр өөрийн өмчлөлийн 000325933 гэрчилгээний дугаартай 468 м.кв газрыг 2,000,000 төгрөгөөр үнэлэн, 000405382 гэрчилгээний дугаартай 38 м.кв хэмжээтэй өвлийн байшинг 3,500,000 төгрөг буюу нийт 5,500,000 төгрөгт үнэлэн 2015.05.07-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ”, “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр П.Гийн нэр дээр шилжүүлэн өгсөн.

Үүний дараа П.Г надад “чи миний авто угаалгын газарт ажиллаад зээлээ төлөөд дуусгачихаа, би чамайг 600,000 төгрөгөөр цалинжуулаад 450,000 төгрөгийг би өөрөө аваад, харин үлдэгдэл 150,000 төгрөгийг нь чи өөрөө авч бай” гэж хэлсэн тул би зөвшөөрч П.Гоос авсан зээлээ төлөхийн тулд түүний авто угаалгын газарт ажиллаж эхэлсэн. Гэтэл тэрээр намайг бусад ажилчдын өмнө элдэв хараалын үгээр дайрч доромжлон, сэтгэл санааны хувьд маш ихээр дарамталж байснаас гадна биеийн байдал муу байсан тул нэг сарын хугацаанд ажиллаж, зээлийн өрөндөө цалингаасаа 500,000 төгрөгийг суутгуулсан.

Тухайн үед би газар болон байшингаа худалдахаар маш олон удаа зар өгч байсан боловч өвлийн улирлын үе таарч үл хөдлөх хөрөнгийн худалдаа зогсонги байдалд орчихсон байсан. Түүнчлэн миний биеийн байдал муудаж хагалгаанд орох шаардлагатай болсон тул гал түлэх, ус зөөх гэх мэт ажлаа хийж чадахгүйд хүрч, ажил орлогогүй болсон тул хоол ундны зүйлсээ ч авч чадахгүй болсон тул 2015.11 сараас дүүгийнхээ амьдарч байгаа подвальд очиж хамт амьдрахаар болсон.

Өвөл өнгөрч 2016.04 сард байшингаа нэгэн хүнд худалдахаар тохирч дүү С*******ыг эзгүй байгаа байшингаа үзээд ирэхийг хүсч явуулсан. Учир нь хүнд худалдах гэж байгаа тул цонх нь хагарч гэмтчихээгүй байгааг мэдэх зорилгоор түүнийг явуулсан. Тэгтэл дүү С******* надад “танай байшинд хэсэг хүмүүс засвар хийх гээд байж байна, лавлаж асуутал энэ байшинг 11,000,000 төгрөгөөр худалдаж авсан, хаалга нь цоожтой байсан боловч бидэнд худалдсан хүн хаалганы цоожийг нь эвдэж оруулсан гэсэн” гэж хэлсэн. Би энэ тухай П.Гоос лавлаж асуухаар түүн рүү хэд хэдэн удаа залгаж, мессеж бичсэн боловч утсаа авдаггүй ба хариу хэлдэггүй.

Хэдийгээр би өөрт байгаа ганц хөрөнгө болох жижигхэн газар болон байшингаа П.Гт худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн боловч түүний гаргасан саналын дагуу түүнд төлөх зээлийн үлдэгдэл болох 4,800,000 төгрөгийг төлж барагдуулах баталгаа болгон шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл би П.Гт зөвхөн зээлээ төлж барагдуулна гэдгээ баталсан баталгаа болгож түүнд газар болон байшингаа худалдаж, худалдан авах гэрээгээр шилжүүлсэнээс бус үнэн санаанаасаа түүнд худалдсан зүйл биш юм.

Иймд 2015.05.07-ны өдрийн “Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ”, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-үүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-1 заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” байх үндэслэлтэй тул дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Тус хашаа байшин, газар нь олон хүний нэр дамжин шилжсэн, тэдгээр гуравдагч этгээд нарыг олох гэж зөндөө их хөөцөлдсөн боловч олдохгүй байгаа тул эд хөрөнгийнхөө үнэ болох 11,238,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай шүүхээр нэхэмжлэгч Х.М нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Х.М нь надад 5,500,000 төгрөгийг өртэй байсан. Энэ өрөндөө өөрийнхөө хашаа газраа хууль ёсны дагуу худалдсан. Түүнээс биш миний бие дүр үзүүлсэн зүйл байхгүй гэв.

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч П.Гт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн П.Г, Х.М нарын хооронд байгуулагдсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хувийн сууц худалдах, худалдах, худалдан авах гэрээ”, “газар худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 3 дугаар сарын  04-ний өдрийн “хувийн сууц худалдах, худалдах, худалдан авах гэрээ”, “газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэмэгдүүлж тус шаардлагаа 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн П.Г, Х.М нарын хооронд байгуулагдсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж 11,238,800 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилсөн.

Хариуцагч тал уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... хариуцагчаас 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл сар бүрийн 10 хувийн хүүтэйгээр, 4,500,000 төгрөгийг зээлж, эрүүл мэндийн шалтгааны улмаас хугацаандаа авсан зээлээ төлж барагдуулж чадахгүй болж, надад өгөх мөнгөнийхөө баталгаа болгоод газар, байшингаа миний нэр дээр түр шилжүүлчих, миний мөнгийг өгчих юм бол шууд чиний нэр дээр буцаагаад шилжүүлээд өгнө гэснийх нь дагуу хувийн сууц, газраа Д.П.Гт шилжүүлсэн болохоос 5,500,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг байгаагүй, түүнчлэн хариуцагч гэрт ирж дарамталж, хүч хэрэглэсний улмаас аргагүй эрхэнд  тус гэрээг байгуулсан ... ” гэж тодорхойлж байна.

Хариуцагч тал татгалзалын үндэслэлээ “... Х.М надад 5,500,000 төгрөгийн зээлийн өртэй байсан бөгөөд уг өрөө төлж чадахгүй болж, надад тус өрөндөө тооцож газар, хувийн сууцаа худалдаж, зохих ёсоор гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд дүр үзүүлж хийсэн зүйл байхгүй ...” гэж мэтгэлцсэн.

Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Хувийн сууц худалдах худалдан авах”, “Газар худалдах, худалдан авах” гэрээг тус тус байгуулж, нэг талаас худалдагч Х.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд дарь эхийн 27-1527 тоот 38 м.кв талбай бүхий хувийг сууц, 468 м.кв талбай бүхий газрыг өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч П.Г нь хувийн сууцны үнэ 3,500,000 төгрөг, газрын үнэ 2,000,000 төгрөгийг төлөх агуулга бүхий хэлцлийг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбар зэрэг бичгийн баримтаар тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 30-31 дэх талд/

Тус гэрээ нь агуулга болон зорилгын хувьд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний зохицуулалтад хамаарч байна.

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байна.

Талуудын хооронд байгуулсан хувийн сууц, газар худалдах, худалдан авах гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, субъектын хувьд эрх зүйн зохих чадамжтай этгээдүүдийн хооронд хийгдсэн, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

Харин хэлцлийн субъектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцэж байгаа эсэх талаар талууд маргаж байх тул тус үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Хэлцэл субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт, харин субъектив шинжийн хувьд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн хувьд Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд тус тус зохицуулжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар, хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн боловч энэ нь жинхэнэ хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Х.М нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд дарь эхийн 27-1527 тоот 38 м.кв талбай бүхий хувийн сууц, 468 м.кв талбай бүхий газрыг хариуцагч П.Гт худалдах, өмчлөх эрхээ шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлээгүй болох нь хэрэгт авагдсан “Шуурхай зар сонин”-ы зарын тодорхойлолт, “Юнител” ХХК, “Мобиком корпораци” ХХК-ийн тодорхойлолт болон гэрч Х.С*******, Ж.Ц*******, Б.У******* нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 151-153, 220-226 дахь талд/

Өөрөөр хэлбэл, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хувийн сууц, газрыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлснээс хойш нэхэмжлэгч тус хөрөнгөө худалдан борлуулахаар 2015 оны 8, 9, 10, 11, 12, 2016 оны 01, 02, 03, 4 дүгээр саруудад зар өгч байсан байх тул  зээлийн гэрээний үүргийг хангах хүртэл хугацаанд хувийн сууц, газрыг хариуцагчийн өмчлөлд түр шилжүүлсэн, жинхэнээсээ худалдах хүсэл зориг байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулж буй талууд тус гэрээний хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлэх, агуулгаа өөрсдөө тодорхойлох эрхтэй байна.

Зохигч талуудын хооронд 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн хэлцэлүүд нь зохигчдын тайлбар болон дээр дурдсан баримтаас үзэхэд худалдах хүсэл зоригийн илэрхийлэл нь үгүйсгэгдэж байна.

Хэлцлийн жинхэнэ хүсэл зориг Х.М, П.Г нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийг хангагдах хүртэл үл хөдлөх хөрөнгийг барьцаалан шилжүүлсэн гэж үзэн тус хэлцлийг үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах байдлаар үйдлсэн нь хэлцэл субъектив шинжийн хувьд зөрчилтэй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлэн” хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Х.М надад 5,500,000 төгрөгийн өртэй байсан энэ өрөндөө өөрийнхөө хашаа газраа шилжүүлж өгсөн, 6 сарын турш миний нэр дээр байхад өрөө төлөөд хашаа байшингаа буцааж авч болох байсан” гэх тайлбарыг гаргаж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд тус тайлбараа үгүйсгэж, 10,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүссэн үр дагаварыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий хувийн сууц, газрыг П.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрын худалдах, худалдан авах гэрээгээр Б.Д*******гийн өмчлөлд, Б.Д******* нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр О.Ц*******ийн өмчлөлд тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр х.х-ийн 63-129 дэх талд/

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд дарь эхийн 27-1527 тоот 38 м.кв талбай бүхий хувийг сууц, 468 м.кв талбай бүхий газрын үнийг тогтоосон шинжээчийн үнэлгээ болох 15,538,800 төгрөгөөс П.Гт төлөх зээлийн үлдэгдэл болох 4,300,000 төгрөгийг хасч, 11,238,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зохицуулснаар мөнгөн хэлбэрээр хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 4,800,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байснаас хариуцагчийн автомашин угаалгын газарт угаагчаар ажиллаж 500,000 төгрөгийн сарын цалингаа зээлийн үлдэгдэлээсээ суутгуулсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх тул хувийн сууц, газрыг түр шилжүүлэхдээ тооцоо нийлж 5,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх зохигчдын тайлбарын хүрээнд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд шинжээчээр томилогдсон “И******* *******” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний үнэлгээ болох 15,538,800 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг хасч, хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүссэн хохиролд хариуцагч П.Гоос 10,038,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Мд олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Ийнхүү шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд Б.Д*******, О.Ц******* нарыг эрх ашигт сөргөөр нөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

Хариуцагч нь “И******* *******” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05819 дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шинжээчээр томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээ хийх боломжгүй тухай албан бичгийг ирүүлсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дахь заалтыг тус тус баримтлан 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн П.Г, Х.М нарын хооронд байгуулагдсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч П.Гоос 10,038,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Мд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гоос 278,520 төгрөгийг гаргуулж, үүнээс 130,950 төгрөгийг нэхэмжлэгч Х.Мд, үлдэх 147,570 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ЭНХЖАРГАЛ