Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1537

 

 

 

 

 

 

 

 

 2022        10          24                                  2022/ШЦТ/1537

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Г.Чанцалдулам,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д д холбогдох эрүүгийн 2206 00885 2484 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д ыг 2022 оны 02 дугаар сарын 08-ны оройн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... од иргэн Г.Д д “утсаа өгч бай, цагдаа дуудъя” гэж итгэл төрүүлэн хуурч самсунг галакси эс-9 загварын гар утсыг нь залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудалд хохирогч Б.А гийн Huawei nova-8i загварын гар утсыг залилан авч 999.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

 

 1.шүүгдэгч Б.Д  нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны оройн 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .... од иргэн Г.Д д “утсаа өгч бай, цагдаа дуудъя” гэж итгэл төрүүлэн хуурч самсунг галакси эс-9 загварын гар утсыг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Х  гэх ахтайгаа хамт Чулуун овооны урд байх Sunrise буудалд архи уусан. Орой 19 цагийн үед Х  ах хүнтэй утсаар ярьж дуусаад “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад орно хамт явья” гэж хэлээд бид 2 уг буудлаас гарсан. Замаараа офицеруудын ордноос Х  ахын найз гэх Д , Ш   хоёрыг очиж аваад Шархадруу явсан. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны эмнэлгийн ажилчдын байранд очсон. Тэгэхэд гэрийн эзэн У  гэх залуу байсан ба тэрнээс гадна үл таних 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Дөнгөж У гийн гэрт ороод сууж байхад гаднаас үл таних цээжин дээрээ “итгэл” гэсэн шивээстэй залуу орж ирээд агсам согтуу тавиад байсан. Тухайн үед миний хажууд байсан Д  гэх залуу надаас “утсаа өгчих цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө самсунг эс-9 маркийн гар утсаа Д  гэх залууд өгөхөд миний утсыг аваад гэрээс гарсан. Төд удалгүй буцаж орж ирээд миний куртикийг өмсөөд буцаад гадагшаа гарсан. Тэгэхэд агсам согтуу тавиад байсан залуугийн эхнэр нь ирээд аваад явсан. Тухайн үед би утсаа санаад Д ыг хайхад байхгүй байсан. Тэгэхээр нь би хүний утсаар өөрийхөө утас руу залгахад Д  аваад “Шархадны эцэс АТМ дээр хүрч ирээд утсаа ав” гэж хэлсэн. Би У  гэх залуугийн гэрээс гараад АТМ дээр очиход Д  байхгүй байсан... Самсунг эс-9 гар утсаа 2021 оны 12 дугаар сард 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин куртикаа 120.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

            Гэрч О.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би хуурай дүү Д  гэх дүүтэй уулзаад Б , Д  гэх хүмүүстэй цайзын хойно байдаг Л  гэгчийн гэрт архи уусан юм. Тэндээсээ гараад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ө , З  гэх айлд очиж бас архи уусан. Тухайн үед Д  гэгчийн гар утсыг Д  гэгч гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд гар утсыг нь аваад явчихсан гэж Д  надад хэлсэн. Би яг гар утсыг нь авч гарсныг хараагүй. Тэгээд унтаж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан... Тэгээд маргааш нь ...   дугаарын утас руу залгаж ярьсан. “Чи яагаад хүний утас аваад явчихсан юм бэ, цагдаа ирээд бөөн асуудал болсон, тэр гар утсыг нь одоо өг” гэж хэлсэн чинь би харин их согтчихсон байсан. Гар утас нь надад байхгүй, би таксины жолоочид 150.000 төгрөгөөр зарсан. Одоо хороололд байна гэж ярьсан. Дахиж холбоо бариагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 570 дугаар самсунг галакси эс-9 загварын гар утсыг 350.000 төгрөгөөр, куртикыг 40.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ /хх-ийн 28/,

 

Шүүгдэгч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт найз Х , Даваасүрэн нарын хамт Х ын найз гэх айлд очсон. Нэрийг нь мэдэхгүй байна. Тэнд бид нар нэг шил архи уусан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн тухайн үеийн болсон зүйлийн талаар санаж байна. Архи ууж байхад Х ын хуурай дүү нь гэх нэрийг нь мэдэхгүй залуу “хаанаас ямар писда нар дагуулж ирээд байгаа юм бэ” гээд намайг хавирч унагаагаад толгой руу цохиж байсан. Тэгэхээр нь Даваасүрэнгийн гар утсыг гуйгаад “цагдаа дуудна” гэж авсан. Би гар утсыг аваад Шархадны эцэс ороод такси бариад Цайз руу явсан. Тухайн гар утсыг таксины жолоочид өгөх мөнгө байхгүй байсан тул өгөөд дээрээс нь 40.000 төгрөг аваад “маргааш нь эргүүлээд авъя” гэж хэлээд салсан. Маргааш залгасан чинь хэд дуудаад утсаа авахгүй байсан тул орхисон. Мөн Даваасүрэнгээс гар утсыг нь авахаас өмнө надад куртикээ өмсүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,

 

2.Шүүгдэгч Б.Д  нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудалд хохирогч Б.А гийн Huawei nova-8i загварын гар утсыг залилан авч 999.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би Д ын ах Б   гэх хүнтэй багын найзууд нэг нутгийн хүмүүс юм. Тэгээд 2018 онд Баттулгын гэрт нь очоод дүү Д той нь танилцаж байсан. Түүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д  нь уулзъя гэхээр нь цайзын ойролцоо уулзаад манай гэр рүү очоод хоол унд идээд гараад зочид буудалд ороод архи ууж байгаад Д той хамт явсан залуу миний гар утсыг авч фэйсбүүк орчхоод өгье гэхээр нь үлдээгээд би тэндээс гарч үсчин орж үсээ засуулчихаад эргэж буудалд орж ирээд нөгөө залуугаас гар утсаа буцааж авсан. Тэгээд үлдсэн архиа хувааж уугаад би орон дээр сууж байсан чинь Д   дүү нь гарчихаад ирье гээд ширээн дээр тавьчихсан байсан гар утсыг аваад халаасандаа хийхээр нь араас “яагаад утас авчихсан байгаа юм бэ утас аваад ир” гэсэн чинь цаашаа шууд зугтаачихсан. Д ыг хайж яваад “Генерал” бааранд ороход Д  тэнд байхаар нь “гар утсаа авья” гэхэд Д  “би ломбардад тавьчихсан маргааш аваачиж өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 69/, 

 

“Дамно” ХХК-ийн “тус үнэлэгдэж буй Huawei nova 8i загварын гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 999.200 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72/, 

 

Б.А ы гаргаж өгсөн худалдан авагчийн зарлагын баримт, санхүүгийн түрээсийн гэрээ /хх-ийн 77-81/,

 

Шүүгдэгч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.... ” зочид буудалд өөрийн танил А ы хамт орж бид хоёр шил архийг хоёулаа хуваагаад уучихсан. Тэгээд байж байтал би мөнгө олж архи нэмж авмаар санагдаад байсан тул 16 цагийн орчим А  ахыг “утсаа өгч бай, би хүнтэй утсаар ярьж архины мөнгө олоод архи аваад ирье” гэж хэлээд түүний утсыг авч гарсан. Гадаа гараад цайзын автобусны буудал руу алхаж байгаад өөрийн гэсэн ухаангүй болтлоо согтон тасарчихсан. Би үүнээс хойш юу ч санахгүй байгаа. Ямар ч байсан би орой болж харанхуй болсон хойно 72 дугаар хотхоны орцон дотор ганцаараа унтаж байсан. Тэгээд би сэрээд “.... ” зочид буудал руу эргэж орох гэснээ А  ахын утсыг алга болгосондоо айгаад буцаж ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91/,

 

2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 861 дүгээр эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-56/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс Б.Д ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ЦХШЗ/665/ш дугаар “яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 50-52/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 06/125 дугаар шилжүүлэх хуудас /хх-ийн 53/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Б.Д  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан үйлдлээр илэрдэг бөгөөд залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.   

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Д ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Б.Д ын үйлдэл нь хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Иймд шүүгдэгч Б.Д ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулжзалилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Д  нь хохирогч Г.Д д нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Б.А д 999.200 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Д ос 390.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Д д, 999.200 төгрөг гаргуулан хохирогч Б.А д олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Д  нь залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлөөгүй байдал, түүний хувийн байдал, зэргийг тал бүрээс харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг бага хэмжээгээр оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Б.Д  нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн байна. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 427 дугаар шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан 3 жил 2 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэжээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 980 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр сольж шийдвэрлэжээ. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ялын тооцооны лавлагаагаар шүүгдэгч Б.Д  нь биеэр 05 сар 04 хоног эдэлж, шагналын 20 хоног авч, 01 жил 11 сар 16 хоногийн үлдэгдэлтэй байна. Иймд эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялтай нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан хорих ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Д  нь хэргийн учир 2022 оны 09 дүгээр сарын 05ы өдрөөс хойш 48 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Буянгаагийн Д ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ыг /1/ нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Б.Д д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 980 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 11 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д д оногдуулсан 2 жил 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ын цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ос 390.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Д-д, 999.200 төгрөг гаргуулан хохирогч Б.А-д тус тус олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ