Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 07 өдөр

   Дугаар 101/ШШ2019/00117

Улаанбаатар хот

   

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  оршин суух, Г*******ын Д*******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоотод оршин суух, Ч*******гийн Б******* /РД: *******/ холбогдох

           Г.Д*******, Ч.Б******* нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтан-Өлзий,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Аав Г.Д******* нь 1930 онд төрсөн, одоо 88 настай бөгөөд хүү Д.Б миний асрамжинд амьдардаг. Түүний нэр дээр манай гэр бүлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт байрлах, 000494590 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай 680 м.кв талбайтай газар эзэмших эрх бүртгэлтэй байдаг.

            Энэ газрыг эзэмших болсон шалтгаан нь аав Г.Д*******, ээж Т.Н******* бид гурав ярилцаад ирээдүйд гэр бүлийнхээ хэрэгцээнд амины орон сууц барих, аж ахуй хамтран эрхлэх зорилгоор хамт очиж үзсэн, тухайн үед аав завтай байсан болохоороо газрыг хөөцөлдөхөөр болсон.

            Тэгээд түүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Хэрэв тухайн үед ээж, бид хоёр завтай байсан бол бидний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах байсан.

            Аав маань арьсны хавдартай, үүнээс болж сэтгэл санаа нь их тогтворгүй болдог ба 2017 оны хавар аавын хууч хөдөлж, эмчилгээнд мөнгө шаардлагатай болсон. Яг энэ үед надад мөнгө байгаагүй.

            Үүнээс шалтгаалан бидэнтэй мууддаг байсан. Би аавын эмчилгээнд зориулж тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Нэг өдөр аавын халааснаас газрын үнэд 6.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт гарч ирсэн. Энэ талаар асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тухайн үед түүнд уг баримтаас өөр баримт бичиг байгаагүй.

            Би уг мөнгө шилжүүлсэн баримтыг аваад Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж асуухад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б******* гэж хүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болохыг олж мэдсэн.

            Энэхүү газар анхнаасаа л гэр бүлийн хэрэгцээнд зориулан хувийн орон сууц барих, аж ахуй эрхлэх зорилгоор аав, ээж, бид гурав хамтран ярилцан тохиролцож, ээж бид хоёр 4.000.000 төгрөгийн зардал гарган хашаа барьж, 2.000.000 төгрөгөөр вагончик худалдан авч байрлуулсан. Дулааны үедээ тэндээ амьдарч байсан.

            Аав маань өвчиндөө шаналж бухимдахдаа гэр бүлийн гишүүдийн хамт эзэмшин ашиглаж байсан газраа  6.000.000 төгрөгөөр үнэлж Ч.Б******* зарсан, ингэхдээ Ч.Б*******ийн зөвлөсний дагуу эхлээд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулаад дараа нь газрын үнэ 6.000.000 төгрөгийг хүлээн авсан баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.

            Нэгэнт мөнгөөр илэрхийлж болох, үнэлж болох тохиолдолд энэ нь хөрөнгөд хамаарах боломжтой бөгөөд энэ тохиолдолд түүнийг захиран зарцуулахдаа адил эрхтэй гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан тохиролцох ёстой байсан гэдгээ ойлгож байгаа бөгөөд ингэхдээ хашаагаа үнэлээгүй, хашаатай газраа эзэмшихэд зориулж авсан вагончикийг хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй байна.

            Ийнхүү тэрээр хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдолтой эд зүйлийн талаар болон хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрхийг зөрчих үндэслэл болсон гэж үзэж байна.

            Ч.Б******* нь 6.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Ч.Д*******ийн Төрийн банкны ******* тоот дансанд шилжүүлсэн байсан бөгөөд уг мөнгөө одоо ч тухайн дансандаа байгаа.

            Гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшиж ашиглаж байсан газрыг бидэнтэй тохиролцолгүйгээр дур мэдэн бусдад зарсан нь гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөний зэрэгцээ хэлцлийн зүйлийг агуулгыг тодорхойлоход ач холбогдол бүхий хашаа, вагончик гэх хөрөнгүүдийн талаар болон хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн байх тул Ч.Д*******ийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б*******эй байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх 2644 тоот гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлд 6.000.000 төгрөг хүлээн авсан 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2791 тоо хэлцлийг тус тус Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

                       

Хариуцагч Ч.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Б******* нь Г.Д******* гуайг Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, тоот хашааг зарах гэж байгааг сонсоод утсаар холб******* асуутал зарна гэж хэлсэн. Г.Д******* гуай өөрөө ирж бидэнтэй уулзсан, нүд муудаад хагалгаанд ороход 6.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж байсан.

Ингээд хашааг тухайн үеийн ханш 6.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд очиж эрх шилжүүлэн авах тухай материалаа хууль ёсны дагуу бүрдүүлэн өгч түүний Төрийн банкны 10220001322 тоот дансанд газрын үнэ 6.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Г.Д******* гуайтай хэд хэдэн удаа уулзахад ухаан санаа нь хэвийн бус санагдаж байгаагүй, харин ч эрүүл саруул өөрийгөө мэдэх чадвартай хүн шиг байсан. Тэрээр тухайн үедээ болж буй үйл явдлын талаар, өөрийн өнгөрсөн амьдрал, хүүхдүүдийнхээ талаар ярьж байхдаа маш эмх цэгцтэй, зөв сайхан ярьж байсан.

Тухайн үед хүүхдүүдтэй чинь уулзая, та дур мэдэн энэ газраа зарж болох юм уу гэж асуухад энэ миний өөрийн газар, манай хүүхдүүдэд ямар ч хамаа байхгүйгэж байсан.

Мөн дүүргийнхээ газрын албанд материалаа өгч байхдаа тухайн хорооны газар зохион байгуулагчаас хүүхдүүдийг нь дуудах шаардлага байгаа юу хэмээн асуухад энэ газар энэ хүний нэр дээр байгаа өөрөө байхад болно гэж хэлсэн. Г.Д******* гуай эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдардаг гэж хэлж байсан.

Энэхүү газарт хамтран эзэмшигч байгаагүй зөвхөн Г.Д******* гуайн нэр дээр түүний эзэмшилд байсан болно. Хашаанд байгаа вагончик бидэнд хэрэггүй, яах бэ гэхэд  дахиад нэг хашаа авах гэж байгаа, тийшээгээ та нараар зөөлгөнө гэж хэлсэн. Үүнийг нь зөвшөөрч байгаа. Ч.Б******* өөрийн зардлаар зөөвөрлөж өгнө.

Сая 8 дугаар сард Г.Д******* гуай ирсэн ба газар авах гэсэн газрын алба та хичнээн газар авдаг юм бэ гээд байна, чи очоод уулзаад өгөөч гэсэн. Хүн болгон газар авч болдог бол би ч гэсэн авмаар л байна шүү дээ гэж хэлсэн ба очиж уулзаж чадахгүй гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Н******* миний бие нөхөр Г.Д*******той 1965 онд гэр бүл болсон ба  хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань насанд хүрсэн. Нөхөр Г.Д******* 88 настай, хүү Д.Бын асрамжинд амьдардаг бөгөөд өндөр насны доройтолд орсон, хувирамтгай зантай, сүүлийн үед зожигдуу амьдрал эрхэмлэх болсон.

Түүний нэр дээр манай гэр бүлийн эзэмшлийн.. тоот хаягт байрлах, 000494590 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаартай, 680 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар бүртгэлтэй байдаг.

Энэхүү газар дээр бид хамтран гэр бүлийн хэрэгцээнд зориулан хувийн орон сууц барих, аж ахуй хамтран эрхлэхээр харилцан тохиролцож энэ зорилгоор анх газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан авахаар болсон. Ингэхдээ тухайн үед завтай байснаар нь нөхөр Г.Д*******оор хөөцөлдүүлсэн болно.

Газар эзэмших эрхийн бичиг баримт гарсны дараа би хүүтэйгээ хамтран 4.000.000 төгрөгийн зардал гарган хашаа барьж 2.000.000 төгрөгөөр вагончик худалдан авч байрлуулан дулааны улиралд энэ хашаандаа байнга амьдарч байсан. Энэ хугацаанд газартай холбоотой бүхий л зардлыг би хариуцан гаргаж байсан.

Гэтэл нөхөр Г.Д******* нь надтай болон хүү Д.Бтайгаа харилцан ярилцаж тохиролцолгүйгээр тухайн газрыг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б******* гэж хүнд 6.000.000 төгрөгөөр зарсан байсан.

Нөхөр Г.Д*******ийн энэхүү үйлдэл нь гэр бүлийн гишүүн эхнэр Т.Н******* болон хүү Д.Бын газар хамтран эзэмших эрхийг зөрчөөд байна. Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөр Г.Д*******ийн нэр дээр байгаа ч энэхүү газрыг анхнаасаа бид хүүгийн хамт эзэмшиж ашиглахаар тохиролцсон байсан учир ямар ч тохиолдолд газрыг захиран зарцуулах тохиолдолд биднийг оролцуулах, бидний саналыг сонсох, хамтран шийдвэр гаргах ёстой байсан болно гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Г.Д******* нь хариуцагч Ч.Б******* холбогдуулан Г.Д*******, Ч.Б******* нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Г.Д******* нь “насны доройтлоос үүдэн орчин тойрондоо болж байгаа үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө муу, сэтгэл санаа тогтворгүйтдэг” үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрхи хэлцлүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Г.Д******* нь түүнд Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай, иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, .. тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 680 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг хариуцагч Ч.Б******* 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу шилжүүлжээ.

Мөн дээрхи гэрээний талууд 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хэлцэл байгуулан газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Ч.Б******* нь Г.Д*******т гэрээний төлбөрт 6.000.000 төгрөгийг түүний Төрийн банк дахь ******* тоот дансанд нь шилжүүлэн өгч уг хашаан дах 9 метр урттай, 3 метрийн өргөнтэй вагончик болон 4*4 харьцаатай модон амбаарыг Ч.Б******* өөрийн зардлаар тээвэрлэн Г.Д*******т хүргэж өгөхөөр тохирсон бөгөөд уг хөрөнгө хариуцагч талд байгаа гэсэн болно.

Газар эзэмших эрхээ шилжүүлсэн болон гэрээний төлбөрт 6.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байгаа болохыг дурьдлаа.

/ХХ-ийн 5-6, 20, 22-23, 104-105, 109, 139-151 дүгээр тал/

Нэхэмжлэгч тал “Дээрхи гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус” гэж, хариуцагч Ч.Б******* нь ”Хуульд заасны дагуу гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийн талаар заасан бөгөөд мөн хуулийн 58.3.2-т “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн“, 58.3.3-т “Хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн бол” ноцтой төөрөгдсөн гэж үзнэ гэж заажээ.

Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэдэг нь хүсэл зоригоо илэрхийлэгч хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл дээрээ болон хэлцлийн агуулгын талаар бус харин хэлцлийн нөгөө талын шинж, зан байдлын талаар төөрөгдсөн байна.

Эд зүйлийн шинж гэдэгт хэлцлийн обьектын биет байдал,/түүний эдэлгээ, үнийг тодорхойлоход нөлөөлж байдаг байгалиас заяасан шинж тэмдгүүд/ орчин нөхцөлтэйгээ холбогдох бодит, эсхүл эрх зүйн талаар бий болгосон харьцааг ойлгоно.

Өөрөөр хэлбэл үүнд тодорхой хугацааны турш үнийг бүрдүүлэх хүчин зүйлүүд хамрагдана. Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн хувьд байршил, хэмжээ, хөрсний чанар, барилга барих боломжтой эсэх нь үнийг тодорхойлоход ач холбогдолтой тул түүний шинж байдал болно.

Аливаа зүйлийн үнэ нь зах зээлээр тогтоогдох ба энэ нь уг эд зүйлийн биет байдалд хамаарахгүй бөгөөд зах зээлийн үнэ ханш нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасан шинж болохгүй.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасан хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар талаархи төөрөгдөл нь ихэнхи тохиолдолд хэлцлийн ач холбогдлын талаар гарч буй төөрөгдөл ба хүсэл зоригоо илэрхийлэгч хэлцлийн эрх зүйн үр дагаврыг буруу ташаа төсөөлж, төөрөгддөг.

Төөрөгдлийн шалтгаан болсон, сэдэлт болсон хэлцлийн эрх зүйн үр дагавар нь хэлцлийн агуулыг тодорхойлохоор байвал агуулгыг эндүүрсэн буюу агуулгын төөрөгдөл гэж үзэж болдог.

1930 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн Г*******ын Д******* нь насны байдлаас үүдэн орчин тойрондоо болж буй үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар нь доройтсон эсэх, мөн сэтгэл санаа нь тогтворгүйтэн өөрчлөгддөг эсэх талаарх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 890 тоот дүгнэлтэд:

 “Г.Д******* нь орчин тойрондоо болж буй үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байна. Г.Д******* нь сэтгэл санаа тогтворгүйтэн өөрчлөгддөг гэх эмгэг шинж тэмдэг үгүй байна” гэжээ.

/ХХ-ийн 74-76 дугаар тал/

Талууд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсаны дараагаар 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр эрхээ шилжүүлэн өгөх болон авах хүсэлтийг баримтуудын хамт Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасныг хүлээн авч газар эзэмших гэрээг байгуулан эрхийг нь шилжүүлэн гэрчилгээг нь олгожээ.

/ХХ-ийн 139-151 дүгээр тал/

     Нэхэмжлэгч Г.Д*******, хариуцагч Ч.Б******* нар 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулахдаа уг гэрээний нөхцөл, түүнээс үүдэн гарах үр дагаварын талаар хэн аль нь мэдэж байсан, тэд өөрсдийн хүсэл зоригийн дагуу хэлцэл хийсэн байх бөгөөд дээрхээс дүгнэж үзвэл гэрээ, хэлцлийг тухайн хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Ч.Б******* холбогдох Г.Д*******, Ч.Б******* нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Г.Д*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тайландаа “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, тоот хаягт байрлах, 680 м.кв талбайтай газар нь зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр 19.600.000 төгрөг байна” гэсэн байх ба уг баримтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэл болгоогүйгээс гадна хэрэгт хамааралтай эсэх нь тодорхой бус тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдав.

/ХХ-ийн 96-109 дүгээр тал/

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Б******* холбогдох Г.Д*******, Ч.Б******* нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Г.Д*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Д*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221.900 төгрөгийг улсын орлогод хэвээсүгэй.

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар гудамж, 77а тоотод байршилтай, нэгж талбарын 18656308138225 дугаартай, газар эзэмших эрхийн 000737827 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч Ч.Б******* даалгасан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20872 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.САРАНГҮН