Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1240

 

 

 

 

 

 

 

    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0201 81531 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Гансүхийн Ганболд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 6 дугаар сарын 26-ний өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5,эхнэр, 3 хүүхдийн хамт 6 оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НТ91062633.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ганболд нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Тэмүүжинийг шалтаг шалтгаангүйгээр нүүр, төмсөг орчимд нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед баруун сарвуу, зүүн хацар, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал,завжны шарх гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Г.Ганболд нь гэрч Ц.Наранбаатарын жолоодож явсан Toyota Prius-30 маркийн 99-40 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчигчоор, хохирогч Г.Тэмүүжин нь Subaru Forester маркийн 14-83 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Сонсголонгийн замд ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож явжээ. Ийнхүү тэд замын хөдөлгөөнд оролцож байхдаа хэн алиныгаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хөдөлгөөнд саад учруулсан гэж хоорондоо маргалдан улмаар П.Бат-Ирээдүй нь тээврийн хэрэгслээр Г.Тэмүүжиний тээврийн хэрэгслийг хааж зогсоход Г.Ганболд нь бууж очин Г.Тэмүүжиний эрүүл мэндэд халдаж цохиж зодон биед нь баруун сарвуу, зүүн хацар, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, завжны шарх гэмтэл үүсгэсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNF122886000 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....88545415 Дуудлага хүлээн авсан...2022.06.22, 14:50:54 минут...Дуудлагын утга...Машины толь хугалсан, боов өшиглөсөн гэх /9940 УАА/2 залуу гарч ирээд/гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 6 дахь тал)

 

- Хохирогч Г.Тэмүүжиний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооноос Нисэх орох гээд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн 1483 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замаар явж байхад 99-40 УАА улсын дугаартай ягаан өнгийн приус-30 машины жолооч машинтай намайг шахаад байхаар нь би  машины цонхоо онгойлгож байгаад тухайн машины жолоочийг чи яаж яваад байгаа юм бэ? Нэг бол чи миний урд гараад яв гэж хэлсэн чинь тухайн машины жолооч явахгүй намайг улам шахаад урд гарч зогсоод явуулахгүй байсан. Тэгээд 99-40 УАА машинаас үл таних хоёр буугаад ирэхээр нь би машинаас буусан чинь арай том биетэй машин барьж байсан ах миний нурууны хэсгээр гараа оруулаад нугасалж тэврээд замын төмөр хашлага шахахаар нь би тэгэхээр нь би тухайн хүнийг өөрөөсөө зайлуулаад түлхсэн чинь намайг тавихгүй байсан. Тэгсэн чинь хамт явж байсан намхандуу залуу нь хүрч ирээд миний араас миний нүүр лүү хоёр удаа цохисон. Тэгээд замаар явж байсан танихгүй залуучууд надад тус болоод миний нүүр лүү цохисон залууг болиулах гэтэл миний эмзэг эрхтэн лүү хүчтэй хоёр удаа хүчтэй өшиглөсөн.Тэгэхээр нь би намайг тэвэрч байсан ахыг тавь гэж хэлээд цааш нь түлхээд тавиулсан чинь зодоон салгасан танихгүй залуучууд намайг цохисон болон өшиглөсөн хүнийг надаас холдуулсан чинь миний машины жолооч талын толийг хөлөөрөө өшиглөж хугалчихсан. Тэгээд зодоон салгасан хүмүүсээс цагдаа иртэл байлгаж байгаач гэж гуйсан чинь намайг зодсон, машин өшиглөсөн намхан махлаг хүн болон намайг ар нуруугаар тэвэрсэн залуу хоёр машинаа унаад зугтаагаад явсан юм.Тэгэхээр нь би 9944 УАА улсын дугаартай машины дугаарыг тэмдэглэн аваад цагдаагийн байгууллагад хандсан юм...Би машины толио 350.000 төгрөгөөр шинээр нь авч тавьсан.Би машины толио 350.000 төгрөгөөр үнэлж байна.Миний эмзэг эрхтэн рүү өшиглөсөн болон цохисон залууг одоо харвал танина...Тухайн үед 99-40 УАА улсын дугаартай ягаан өнгийн приус-30 машины жолооч зодож цохисон зүйл байхгүй миний ар нуруу хэсгээр тэвэрчхээд тавихгүй байсан тухайн үед хамт явсан намхандуу ах намайг нүүр лүү гараараа цохиж миний машины толийг хугалсан...Надад эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримт байхгүй. Би 350.000 төгрөгөө нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

- Гэрч П.Бат-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хамаатны ах Наранбаатар 99-40 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Наранбаатар нь найз Ганболд хамт явж байсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Наранбаатар, Ганболд нар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Сонсголын зам авто машин шахалцсанаас болж Ганболд бусадтай маргалдаад Ганболд маргалдсан хүнийхээ бэлэг эрхтэн лүү өшиглөсөн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дахь тал)

 

- Гэрч Ц.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ганболд тухайн залууг гараараа зүүн шанаанд нь 1 удаа цохиод салтай руу нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9012 дугаартай дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт:...Баруун сарвууны ар гадаргууд хавдартай, баруун завьжинд 0,5х0,2 см шархтай, зүүн хацраар хавдартай.Бэлэг эрхтнээр эмзэглэлтэй,зүүн төмсөг бага зэргийн хавдартай...ДҮГНЭЛТ

1. Г.Тэмүүжин нь биед баруун сарвуу, зүүн хацар, зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, завьжны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Г.Ганболд мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй мэдүүлэг өгнө. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна би мэдүүлэг өгөхгүй.Надад ярих зүйл байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ганболд нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9012 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Ганболд нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харьцааны” улмаас хохирогч Г.Тэмүүжиний эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.Ганболдын үйлдлээс хохирогч Г.Тэмүүжиний биед баруун сарвуу, зүүн хацар, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, завжны шарх гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ганболд нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.Тэмүүжин нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Ганболдыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Г.Ганболд нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Ганболд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 162, 163 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 164-165 дах тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 167-168 дахь тал),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 39), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 92, 73), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 85) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ганболд, хохирогч Г.Тэмүүжин нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Ганболдод торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0201 81531 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Ганболдыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдод оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболд  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ