| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/4248/и |
| Дугаар | 248 |
| Огноо | 2019-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 248
| 2019 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2019/00248 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг, 1 дүгээр гудамж, 8 тоотод оршин суух,ийн /РД:/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б*******,*******,*******,*******,******* тоотод оршин суух,д /РД:ЧК72090922/ холбогдох
12.770.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Хосжаргал гэгч нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөлд хамруулж зээл авч өгнө, зээлийн урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж нийт 13 удаагийн үйлдлээр 19.470.000 төгрөгийн хохирол учруулсан.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Хосжаргалыг итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэсэн.
Эрүүгийн шүүх хурал болдог өдөр Ц.Хосжаргал 2.000.000 төгрөг өгч Ц.Хосжаргалын төрсөн дүүгийн гэр бүлийн хүн болох Б.Адьяасүрэн ниссан санни маркийн машиныг 3.000.000 төгрөгт үнэлж өгье, үлдэх 14.270.000 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр 2018 оны 8 дугаар сар хүртэл төлье, та манай эгчийн талаар шүүхэд гомдолгүй гэж хэлээд өгөөч, шүүхээс 3 жил, 6 сарын хорих ял авах гээд байна гэхээр нь Б.Адьяасүрэнгийн хэлснийг хүлээн зөвшөөрсөн.
Шүүх хуралд Д.Бямбадорж миний бие шүүгдэгч Ц.Хосжаргалд гомдол саналгүй гэсний дагуу шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдсэн.
Б.Адьяасүрэнтэй тохиролцсоны дагуу шүүх хурал болсны маргааш буюу 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирж төлбөр барагдуулах хэлцлээр Ц.Хосжаргалын төлөх 14.270.000 төгрөгийг барагдуулна. Төлбөрийг 2018 оны 8 дугаар сар хүртэл сар бүр 500.000 төгрөгөөр төлж барагдуулна гэж тохиролцсон.
Үүнээс хойш Б.Адьяасүрэн нь 1.500.000 төгрөгийг 2-3 удаа хувааж өгсөн, үлдэх төлбөрийг төлөөгүй. Б.Адьяасүрэнтэй удаа дараа утсаар холбогдоход удахгүй өгнө, ажлаа зохицуулаад өгье гэсээр өнөөдрийг хүрсэн. Сүүлд Улаанбаатар хотод Б*******т Б.Адьяасүрэнгийн гэрт нь очиж уулзахад одоохондоо мөнгө өгөх боломжгүй байна, хуулийн байгууллагадаа ханд гэж хэлсэн.
Иймд Б.Адьяасүрэнгээс 12.770.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Адьяасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Адьяасүрэнгийн хадам эгч Ц.Хосжаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө түүн рүү утасдан эгч нь өдөр шүүх хурлаар орох гэж байна. Зээл бүтээж өгнө гэж мөнгө аваад бүтээж өгч чадаагүй учир асуудал үүслээ гэсэн. Б.Адьяасүрэн нь одоо ямар арга байна, шоронд орвол бие чинь дийлэхгүй шүү дээ гэсэн байдаг.
Ингээд тэрээр хохирогч болох Д.Бямбадоржтой утсаар ярьсан ба Ц.Хосжаргал хохирлоо барагдуулах боломжтой хүн биш юм, би барагдуулж өгч тусалья гэсэн бөгөөд Д.Бямбадорж танай эгчийн асуудал миний гарт байна, надад хүн шоронд хийх хүсэл алга, та ядаж 5.000.000 төгрөг шүүх хурлаас өмнө өгвөл би тэнсэн авахуулаад та бүхэн туслан төлөлцөөд явбал болох юм гэсэн.
Б.Адьяасүрэн тэр дороо хүмүүсээс мөнгө гуйгаад дахин түүн рүү залгаад 2.000.000 төгрөг оллоо, нөхрийнх нь нэр дээр ниссан санни маркийн машин байгаа, машинд нь 300.000 төгрөгийн засвар орно. Би тэрийг нь олж өгч засуулаад машиныг нь 3.000.000 төгрөгт бодоод авч болох уу гэсэн.
Д.Бямбадорж нь үүнийг зөвшөөрсөн бөгөөд цаашид сар бүр 500.000 төгрөгөөр төлж барагдуулья гэсэн бөгөөд хамгийн гол нь шоронд оруулахгүйн тулд туслаж байгаа гэдгээ хэлсэн. Би хохирлын эхний хэсгээ авлаа гэж хэлээд тэнсэн авахуулаад гараад ирье гэсэн. Ингээд түүнд 2.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн.
Шүүх хурал болж Ц.Хосжаргал нь 3 сарын баривчлах ял авсан бөгөөд маргааш нь Д.Бямбадорж хотод ирээд машин засварын мөнгө аваад машиныг засуулаад аваад явсан. Гэрээ хийе гэхэд чамаас мөнгө аваагүй тул зээлийн болоод бусад гэрээ хийхгүй гэсэн бөгөөд харин 500.000 төгрөгөөр сард төлөх хэлцэл хийсэн.
Б.Адьяасүрэн нь 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын тус бүрийн 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг төлсөн.
Ц.Хосжаргалын бие хориход байхад нь муудаад 2016 оны 7 дугаар сард хорихын эмнэлгээс 1 дүгээр эмнэлэг рүү шилжсэн ба түр гэртээ гараад 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бие нь муудаад нас барсан.
Б.Адьяасүрэн нь хадам эгч Ц.Хосжаргалыг бие муутай, дийлэхгүй гэж бодож өөрийн зүгээс боломжит бүх зүйлээ хийсэн. Одоогоор Б.Адьяасүрэн нь олон хүнд өртэй байгаагийн дээр туслах гэсэн гол хүн Ц.Хосжаргал нь нас барсан тул цаашид уг төлбөрийг төлөх боломжгүй гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь хариуцагч Б.Адьяасүрэнд холбогдуулан 12.770.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Бямбадорж нь “2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу Ц.Хосжаргалын төлөх 14.270.000 төгрөгийн өрийг Б.Адьяасүрэн нь төлөхөөр тохирсон. Иймд үлдэх 12.770.000 төгрөгийг нэхэмжилнэ”,
Хариуцагч Б.Адьяасүрэн нь ”Би бусдад өртэйгээс гадна Ц.Хосжаргал нас барсан тул төлөх боломжгүй” хэмээн тус тус маргаж байна.
Ц.Хосжаргал нь Д.Бямбадоржийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төсөлд хамруулж зээл авч өгнө, зээлийн урьдчилгаанд мөнгө хэрэгтэй хэмээн түүнээс 2015 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 7-ны өдрийн хооронд нийт 13 удаагийн үйлдлээр 19.470.000 төгрөгийг залилан мэхэлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 104 тоот шийтгэх тогтоолоор Ц.Хосжаргалыг итгэл эвдэх аргаар бусдын хөрөнгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хосжаргалд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 сар баривчлах ялаар шийтгэсэн байна.
Мөн дээрхи шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Хосжаргалаас 14.870.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Бямбадоржид олгож, хохиролд 4.600.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэсэн байх ба шийтгэх тогтоолд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
Хохирогч Д.Бямбадорж нь 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд “Ц.Хосжаргалын төрсөн дүүгийн гэр бүлийн хүн Б.Адьяасүрэн гэх хүн ниссан санни маркийн машиныг 3.000.000 төгрөгт үнэлж өгье гэсэн. ... Үлдэх 14.870.000 төгрөгийг тэр хүн сар болгон 500.000 төгрөгөөр төлье” гэсэн хэмээн мэдүүлсэн ба машины гэрчилгээг шилжүүлснээр машины үнэ 3.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлоос хасч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлын тодорхой хэсгийг төлсөн, эрүүл мэндийн байдал, хөрөнгөгүй, орлогогүй байдал зэргийг нь харгалзаад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй гэжээ.
/ХХ-ийн 6-9 дүгээр тал/
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Д.Бямбадорж, хариуцагч Б.Адьяасүрэн нар төлбөр барагдуулах хэлцэл байгуулан Б.Адьяасүрэн нь “Ц.Хосжаргалын төлөх 14.270.000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сар хүртэл сар бүр 500.000 төгрөгөөр төлөхөөр Д.Бямбадоржтой харилцан тохиролцжээ.
Хэлцэл байгуулсан болон хэлцлийн дагуу Б.Адьяасүрэн нь 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийт 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бямбадоржид төлсөн талаар талууд хэн аль нь маргахгүй байгаа ба хэлцэлд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 4 дүгээр тал/
2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хэлцлийн дагуу хариуцагчийн төлөх төлбөр 12.770.000 төгрөг үлдсэн талаар талууд маргахгүй байгаа бөгөөд хариуцагч Б.Адьяасүрэн нь бусдад их хэмжээний төлбөртэй, мөн Ц.Хосжаргал нь 2016 оны 8 дугаар сард нас барсан тул үлдэх төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ”,
123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж тус тус заасан ба өр шилжихэд үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгчийн хооронд гэрээ байгуулагдсан байх шаардлагатай ба өмнөх үүрэг гүйцэтгэгчийг гэрээнд оролцуулах болон түүний зөвшөөрөл шаардлагагүй болно.
Дээрхи үйл баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Адьяасүрэн нь нэхэмжлэгч Д.Бямбадоржтой 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулснаар Ц.Хосжаргалын бусдад төлөх 14.270.000 төгрөгийн өрийг Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шилжүүлэн авсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Адьяасүрэн нь 14.270.000 төгрөгийн төлбөрөөс 1.500.000 төгрөг төлсөн байх ба үлдэх 12.770.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Д.Бямбадорж түүнээс төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.
Иймд хариуцагч Б.Адьяасүрэнгээс 12.770.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгох нь зүйтэй гэж үзэв.
Д.Бямбадоржийн нэхэмжлэлтэй Б.Адьяасүрэнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагт товлосныг талуудад 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хуралдаан давхацсан үндэслэлээр ирээгүй байна.
Дархан-Уул аймгийн шүүх 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг талуудад 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн байгаагаас үзэхэд хуралдаан давхацсан гэж үзэхгүй тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Адьяасүрэнгээс 12.770.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Адьяасүрэнгээс 219.270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН