Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1621

 

 

 

 

 

 

 

 2022        11           03                                 2022/ШЦТ/1621                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

хохирогч Б.Ү ,

шүүгдэгч Б.У , түүний өмгөөлөгч Ц.Цогтсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00290 0351 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У ыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 04 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “ББСМО” ХХК-ийн урд талын замд тоёота приус маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Ү ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.У  нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Ү ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 15 минутын орчимд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дээр төрсөн дүү С ийг сургуульд нь хүргэж өгөөд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цагдаагийн Сүлд  чуулгын урд талын явган хүний зохицуулагддаггүй гарцаар урдаасаа, хойшоо чиглэлтэй зам гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явдаг урсгалын 3 дугаар эгнээнд явж байтал цагаан өнгийн тоёота приус 30 маркийн автомашины жолооч нь миний зүүн хөлөн дээгүүр автомашины баруун талын дугуй хэсгээрээ гарахад би зам дээр унасан. Жолооч ганцаараа явж байсан. Жолооч ах автомашинаас гарч ирэхгүй хэсэг автомашиндаа сууж байгаад машинаас гарч ирээд “түргэн дуудах уу” гэхэд “дууд” гэж хэлсэн. Тэгсэн жолооч ах намайг машиндаа суулгаад Баянзүрх дүүргийн эмнэлэг ороод үзүүлэх гэтэл “гэмтлийн эмнэлэгт үзүүл, энд үзэхгүй” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг ороод эмчид үзүүлээд хөлний рентген зургийг авхуулахад зүүн хөлний тавхай ясны 3 дахь үе нь хугарсан, тавхайнд гипс хийлгэнэ гээд гипсдүүлсэн. Эмч нь эм бичиж өгөөд 7 хоногийн дараа хөлний рентген зураг авахуулаарай гэж хэлээд явуулсан. Эмнэлэгт хэвтээгүй. Гэрээр хэвтэн дэглэм бариад л байж байгаа. Одоогоор суухаар гэмтсэн хөл чилээд, бадайраад байгаа... Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, таяг авахад 70.000 төгрөг, сургууль, гэр хоёрын хооронд 4 удаа таксидахад 48.000 төгрөг зарцуулсан. Эмч хэлэхдээ 1 сар хэвтэн дэглэм бариад өвчин намдаах эм, барагшун уугаарай гэж зөвлөсөн. Жолооч талаас эмчилгээний төлбөрт 30.000 төгрөгийг дансаар өгсөн. Барагшун, өвчин намдаах эмийг авч өгсөн. Хэдэн төгрөг болсонг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,   

Иргэний хариуцагч Ш.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хохирол мөнгөтэй холбоотой асуудлыг манай хүү Ууганбаяр, бид хоёр хамт төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн

“...Уг хэрэг осол болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо “ББСМО” ХХК-ийн урд замд Доржийн гудамж пост 126-аас баруун тийш 100 метрт осол гарсан замын байдал асфальт шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зураасгүй, эгнээний тоо 6, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. А цэгийг явган зорчигч Б.Ү ээр заалгаж А үсгээр явган зорчигч автомашинд анх мөргүүлсэн цэгээр Б үсгийг явган зорчигч мөргөлдөөд унасан цэгээр, В үсгээр үл хөдлөх цэгийг 5/9а тэмдэгтэй БК-517 тэмдэгтэй гэрэлтүүлгийг шонгоор тус тус тэмдэглэв. А цэгээс Б цэг хүртэл 1.8 метр,  А цэгээс В цэг хүртэл 3.0х9.8х7.1 метр байв. Б цэгээс зорчих эрхийн урд хүртэл 7.8 метр, зорчих хэсгийн урд талын замын өргөн 10.0 метр, зорчих хэсгийн хойд талын замын өргөн 10.0 метр байв. Явган зорчигч Б.Ү  нь ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явсан бол жолооч нь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд гуравдугаар эгнээнд явсан талаар ярьж байсанг тэмдэглэлд тусгав. Жолооч, явган зорчигч нарт драйгер багажаар шалгахад 0.00 хувь гарсан тул тэмдэглэл үйлдэв. Автомашинд үзлэг хийхэд эвдрэл гэмтэл учраагүй байв. Автомашиныг ТС-5 саатуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/,  

 

Хохиролын баримтууд /хх-ийн 14-16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7909 дугаартай:

“Б.Ү ийн биед зүүн тавхайн гуравдугаар ясны далд хугарал, баруун сарвуунд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 781 дугаар мөрдөгчийн:

“Тоёота приус 30 маркийн ....  улсын дугаартай жолооч Бямбажавхлан овогтой Ууганбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б  овогтой Ү  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Жолооч Б.У  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хохирогч Б.Ү , гэрч Б.Ууанбаяр нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэх магадлагаа /хх-ийн 52-53/,

 

Шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би “Транс Капитал” ББСБ-ийн манай ээж Түвшинбаярын нэр дээр байдаг боловч /би өөрөө эзэмшиж ашигладаг/ Toyota Prius 30 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 805-аас, Их засаг их сургуулийн хойд талд байрлах зэвсэгт хүчний 124 дүгээр анги руу бараа түгээх ажлаар ганцаараа Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хомэ Плазагийн урд талд байрлах замаар ертөнцийн зүгээр баруунаас, зүүн чиглэлд 3-р эгнээнд 8-10 км/цаг хурдтай явж байтал явган хүний зохицуулагддаггүй гарцаар явган зорчигч ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд зам гарч явж байгаад миний автомашины баруун урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. Би эмнэлэг, цагдаад мэдэгдэлгүй шууд Баянзүрх дүүргийн эмнэлэг ороод мөргүүлсэн эмэгтэйгийн биеийн байдлыг үзүүлэх гэхэд өнөөдөр гэмтсэн учир гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэхээр нь гэмтлийн эмнэлэг ороод зүүн хөлний рентген зураг авахуулахад зүүн хөлний 3-р үений савхан яс хугаралтай, өөр гэмтэл байхгүй гэсэн. Тэгээд гэмтсэн охиныг гэрт нь хүргэж өгөөд ар гэрийнхтэй нь ярилцаж тохиролцох гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй. Тэгээд гэмтсэн охины ар гэрийнхнээс цагдаад дуудлага өгсөн. Бүрэлдэхүүний цагдаа нартай ослын газарт хэмжилт хийсэн. Миний автомашиныг тухайн өдөр журмын хашаанд хийсэн... Миний анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс болж гарсан. Би гарцаар гарч явсан охиныг анзаарч харалгүй явж байгаад мөргөсөн. Явган зорчигч эмэгтэй ачилтын автомашины урд талаас гэнэт гарцаар гарч ирснээс болж мөргүүлсэн. Би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.У ын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 67/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 68/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 69/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.У  нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 04 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “ББСМО” ХХК-ийн урд талын замд тоёота приус маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулагддаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Ү ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ү  нь 1.443.000 төгрөгийн хохирол учирсан гэж нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулж хохирол нэхэмжилжээ. Уг баримтуудаас 40.000 төгрөгөөр рентген зураг авахуулсан, 8.000 төгрөгөөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд үзүүлсэн, 280.000 төгрөгийг хичээлийн төлбөрт төлж тус хичээлийг дахин судалсан нь баримтаар тогтоогдож байх тул хохиролд тооцон гаргуулах нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ү  нь Этүгэн их сургуулийн оюутан мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг гэмт хэргийн улмаас тодорхой нэр төрлийн хичээлийг бүрэн судалж суралцаж чадаагүй нь тогтоогдож байна. Тэрээр зам тээврийн осолд өртөж алхаж, явж чадахгүй буюу хөлд нь гэмтэл учирснаас дээрх нөхцөл байдал үүсчээ.

 

Харин нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүслээ. Хохирогч нь хичээлийн бус цагаар ажил хийдэг. Өдрийн 40.000 төгрөгийн цалин авдаг гэх боловч уг данс нь түүний өөрийнх эсэх нь тодорхой биш байхын зэрэгцээ тухайн аж ахуйн нэгжид ажилладаг эсэх, хэд хоног ажиллаагүй вэ гэдгийг тооцох боломжгүй байна. Өмсөж явсан гутлыг хэдэн төгрөгийн үнэтэйг тооцох баримт байхгүй байх бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийлгэж үнийг тогтоосны дараагаар шийдвэрлэх боломж үүсэх юм. Судлаагүй үлдээсэн хичээлийг дахин судалж төлбөрийг төлсөн тохиолдолд уг хохирлыг тооцох боломж үүсэх юм. Түүнээс төлөгдөөгүй төлбөрийг ирээдүйд төлөгдөнө гэж урьдчилан дүгнэх нь учир дутагдалтай байдаг учир шүүх энэ талаар шийдвэр гаргахгүй.

Шүүх хуралдааны явцад 328.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч болон түүнийг өмгөөлөгч уг хохирлыг шууд түүнд төлж барагдуулсан болно.

 

Иймд шүүгдэгч Б.У ыг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Хохирогчийн уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдсон гэмт хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, зам тээврийн осол болсны дараагаар зохих байгууллагад мэдэгдэхийг хүсээгүй замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн жолоочийн үүргийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн санаатай үйлдэл, гэмт хэрэг үйлдэгдснээс хойш өнгөрсөн хугацаанд тусламж үзүүлээгүйгээр гаргасан зан харьцаа, хохирол төлбөр огт төлөөгүй байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.У ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шүүгдэгч Б.У ыг шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг таван сарын хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ