Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0223/Э

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул,

Улсын яллагч Б.Н

 Шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Ө.Б-д холбогдох эрүүгийн 2239000000346 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ө.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Өвөр илгэн гэх газарт байрлах өөрийн үхэр сүрэгт нийлсэн М.М-ийн эзэмшлийн зөв чих араасаа догол, буруу чих догол имтэй улаан зүсний 1 тооны үхрийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.М-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ө.Б:

... Өмгөөлөгчтэй санал нэг байна.... гэж мэдүүлжээ.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239000000346 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Өвөр илгэн гэх газарт байрлах өөрийн үхэр сүрэгт нийлсэн М.М-ийн эзэмшлийн зөв чих араасаа догол, буруу чих догол имтэй улаан зүсний 1 тооны үхрийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.М-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШД-313 дугаартай: “...бяруу 700.000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хх-н 39-41 дүгээр тал/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-н 53-58 дугаар тал/,

хохирогч М.М-ийн ...Ингээд 2022 оны 03 дугаар сарын 10-аар санаж байна, миний өөрийн үхрээс улаан өнгийн бяруу нэг ширхэг дутсан. Тэгээд манай үхэр 2 дугаар багийн малчин Хүчир гэх газар оршин суух Бат-Эрдэнэ гэх залуугийн үхэртэй байнга нийлээд байдаг болохоор нь үхрээр нь ороод гарахад байхгүй байсан. Тэгээд хайгаад олдохгүй байж байгаад Цэнхэрмандал сумын согоот багийн малчин Б.Нямбаатар гэх айлын хажуугаар 6 сард Улаанбаатар орох гээд явж байхад зам гараад улаан үхэр явахаар нь харахад миний алдсан улаан зүсмийн ногоон шүдлэн үхэр байсан. Би имийг нь хараад шууд таньсан. Миний үхэр араасаа догол, буруу чих нь догол имтэй яг дүрээрээ байсан. Тэгээд энэ айлаас асуухад Бат-Эрдэнэ гэх залуу өрөндөө манайд өгсөн гэж хэлсэн...” /хх-н 7-8 дугаар тал/, 

иргэний нэхэмжлэгч Ю.Цолмонгийн ...би тэр бярууг буцаагаад М-ээс өгөөд өөрөө Б-ээс дахин бяруу авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 13 дугаар тал/,

гэрч Б.Н-ын ...Б гэх залуугаас бараа зарсан мөнгө болох 1.368.000 төгрөгөө авах гэхэд ноолуурыг аав аваад явсан гээд мөнгөгүй байна гэж хэлсэн. Тэгээд би та хоёрт Ж-д бяруу зараад мөнгийг чинь өгье гээд тэгэхээр нт нэг бяруу 300.000 төгрөгөөр авна гэхээр нь болиулаад бид хоёр наад хоёр бярууг чинь нэгийг нь 600.000 төгрөгөөр бодоод авъя гээд өрөндөө бодоод дээр нь хоёр хонь нэмээд авсан. Тэгээд бид хоёр улаан бяруу, хар халзан бяруу  өгсөн тэрийг нь ачаад гэртээ авчирсан... /хх-н 16 дугаар тал/,

гэрч Ю.Ц-н ...витамин, гоо сайхан, ахуйн барааны зүйлийг худалдаж авсан юм. Тэгээд мөнгөн дүн нь 1.368.000 төгрөг болоод тухайн үедээ эгч би Өмнөдэлгэр ороод дансаар шилжүүлье гэж хэлээд өгөөгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөнгөн дүнгээр бодоод улаан бяруу нь хойноосоо гурвалжилж хайчилсан, баруун чих нь догол хайчтай байсан. М ах ирээд танай үхэрт манай алга болсон үхэр байна, энэ хэзээ, яагаад ирэв гэж асуусан. Тэгэхээр нь би Б-с авсан улаан бяруу байна аа гэж хэлсэн. Тэгсэн энэ манай алдсан бяруу байна гэж хэлсэн ...” /хх-н 19-21 дүгээр тал/,

яллагдагч Ө.Б-ийн ...2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр манай танил эгч болох Ц нь манайд ирээд надаас өрөө нэхэхээр нь би үхэрнүүд дундаасаа өөрийнхөө нэг бярууг өөр айлын манай үхэрт нийлсэн бяруутай хамт 2 тооны бярууг Ц эгчид өгч явуулсан. Би тэр бярууг манай бяруу биш гэдгийг мэдэж байсан. Гэхдээ яг хэний бяруу болохыг тухайн үедээ мэдээгүй. Цагдаагаас дуудаж, уулзахад л М ахын үхэр гэж мэдсэн... /хх-ийн 68 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ө.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ө.Б-г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ө.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Өвөр илгэн гэх газарт байрлах өөрийн үхэр сүрэгт нийлсэн М.М-н эзэмшлийн зөв чих араасаа догол, буруу чих догол имтэй улаан зүсний 1 тооны үхрийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.М-д 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ж.Батбаатар:

... Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Б.Нарангэрэл  би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ө.Б-д холбогдох 2239000000346 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ө.Б нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг Өвөр илгэн гэх газарт байрлах өөрийн үхэр сүрэгт нийлсэн М.М-н эзэмшлийн зөв чих араасаа догол, буруу чих догол имтэй улаан зүсний 1 тооны үхрийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч М.М-д 700.000 төгрөгний хохирол учруулсан байна. Дараах нотлох баримтаар тогтоогдож байна.Үүнд Хохирогч М.М-н мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ю.Ц-н мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,  гэрч Ю.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/, хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/, яллагдагч Ө.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Б:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг өгсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлттэй танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ө.Б-г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч , гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ө.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.

Шүүгдэгч Ө.Б-ийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долоо дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.   

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Алдуул мал завших” гэмт хэрэг нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Б алдуул малыг бусдын өмчлөл буюу М.М-н бяруу гэдгийг мэдсээр байж, бусдад борлуулж, завшсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас М.М-д 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

Тэрээр шүүгдэгч Ө.Б нь бусдын алдуул мал завшиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч М.М-д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ж:Батбаатар:

...шүүхээс шүүгдэгч Ө.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ө.Б анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, учруулсан хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлээ тохирсон нөхцөл байдлыг давхар харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Б:

.... байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ө.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч өмнө нь мөрдөн байцаалтын шатанд тохиролцсон, энэ талаар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Шүүх шүүгдэгч Ө.Б нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх шаардлагагүй гэж үзсэн.

Улмаар эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ө.Б-ийнгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.М-н эд хөрөнгөд 700 000 төгрөгийн хохирол учирсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ө.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс болох хохирогч М.М-н эзэмшлийн зөв чих араасаа догол, буруу чих догол имтэй улаан зүсний 1 тооны үхрийг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлээ хүлээн авсан, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэлээр, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Б-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239000000346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ө.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн 2239000000346 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН