Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0222/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул,

Улсын яллагч Б.Ө,

Шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.З-д холбогдох эрүүгийн 2239003640368 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.З нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 18 цаг 00 минутын орчимд бетон зуурмагийн машин ажиллуулдаг Д.Утай уулзаж, улмаар түүнийг “ажил хийж чадахгүй яагаад хэл, ам татлаад байгаа юм бэ, наад ажлыг чинь би булаагаад хийж чадна шүү” гэж түүний хүзүү хэсэг рүү гараараа 1 удаа цохих, мөн “чи маргааш гэхэд помпны машинаа аваад Хэнтийгээс зайлахгүй бол би чамайг яавал ч яана шүү” гэж заналхийлж Д.Уын цээж хэсэг рүү 1 удаа цохих, “Элит мандал” зоогийн газрын гадна Д.Уыг заамдлаа гэж дургүйцэж, түүний гарыг тавиулахаар хөших зэргээр зодсоны улмаас Д.Уын эрүүл мэндэд баруун гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн. Өөрийн данснаас хохирогч Д.Уын данс руу шилжүүлсэн.. гэж мэдүүлжээ.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003640368 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.Зн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 18 цаг 00 минутын орчимд бетон зуурмагийн машин ажиллуулдаг Д.Утай уулзаж, улмаар түүнийг “ажил хийж чадахгүй яагаад хэл, ам татлаад байгаа юм бэ, наад ажлыг чинь би булаагаад хийж чадна шүү” гэж түүний хүзүү хэсэг рүү гараараа 1 удаа цохих, мөн “чи маргааш гэхэд помпны машинаа аваад Хэнтийгээс зайлахгүй бол би чамайг яавал ч яана шүү” гэж заналхийлж Д.Уын цээж хэсэг рүү 1 удаа цохих, “Элит мандал” зоогийн газрын гадна Д.Уыг заамдлаа гэж дургүйцэж, түүний гарыг тавиулахаар хөших зэргээр зодсоны улмаас Д.Уын эрүүл мэндэд баруун гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №633 дугаартай ...Д.Уын биед гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан, ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, ... гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

хохирогч Д.Уын ...би 2022 оны 06 сарын 28-ны өдөр Хэнтий аймагт ирсэн, хувиараа барилгын ажил хийдэг. Шинээр баригдаж байгаа барилгуудын бетон цутгалтын авто помпыг /бетон шахагч машин/ ажиллуулж байна. 2022 оны 09 сарын 28-ны орой 18.00 цагийн орчимд ажлаа тараад машиндаа сууж байтал 88059941 гэсэн дугаараас залгаад “Бямбаа байна, хаана байна” гэхээр нь ажил дээр машиндаа байна гэж хэлэхэд хажуу талаас нь “Н.З байна, гараад ир” гэсэн. Удалгүй Төв аймгийн дугаартай хар өнгийн машин ирээд сигналдахаар нь /дуут дохио/ очсон. н.Бямбаа жолооч талын цонхыг онгойлгоод “суучих” гэхээр нь хойд талд нь суусан. Н.З буугаад ар талд миний хажууд суусан. Н.З “чи ажил хийж чадахгүй яагаад хэл, ам татлаад байгаа юм бэ, наад ажлыг чинь би булаагаад хийчихэж чадна шүү” гээд миний хүзүү хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд “чи маргааш гэхэд помпны машинаа аваад Хэнтийгээс зайлахгүй бол би чамайг яавал ч яана шүү” гэж намайг заналхийлж миний цээж хэсэг рүү нэг удаа цохисон. ...манай ажлын газраас хөдлөөд хот руу гардаг “Элит мандал”-ын гадаа очоод тэнд баригдаж байгаа барилгын инженер залууг дуудаж  гаргаж ирсэн. ...Н.З над руу дайрч намайг заамдахаар нь зөрүүлээд заамдсан чинь хажуу талаас н.Бямбаа намайг мөрлөөд байсан. Н.З миний баруун гарыг хөшөөд эвгүй болгосон. Н.З дахиад над руу дайраад байхаар нь би гараараа цааш нь түлхэх гэтэл миний гар атгаж чадахгүй, мэдээгүй болчихсон байсан. Би миний гар эвгүй болчихоод байна, чамтай эрүүл үед чинь уулзая гэхэд над руу дайрч ирээд миний цээж хэсэг рүү гараараа 2 удаа цохисон... /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

“...Би операторчин мэргэжилтэй. Би хувиараа Цемент шахдаг помп ажиллуулдаг. Хэнтий аймагт хаан тааур гээд бүрэн цутгамал 10 давхар барилгын ажил дээр ажиллахаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Тэрнээс хойш ажиллаж байна. Тухайн хэрэг болдог өдөр ойролцоогоор 19 цагийн үед танил Бямбацогт ах над руу залгаад “Хаана байна” гэхээр нь машин дээрээ байна гэхэд удалгүй нэг хар машин ажлын гадаа ирж зогсохоор нь очоод машинд суутал Бямбацогт болон З нар байсан. тэгээд би машины арын суудал дээр суухад Бямбацогт урд талд жолоо барьж З миний хажуу талд сууж байсан. тэгээд юу болсон талаар асуухад З “Чи яагаад хэл ам татлаад ажил хийлгэхгүй байгаа юм бэ” гэж хэлээд эхлээд миний хүзүү хэсэг рүү 1 удаа гараагаа цохисон, дараа нь бас л миний цээж рүү нэг удаа цохисон. Тэгээд З бид хоёр заамдалцаад машинаас буутал манай ажлын инженер гарч ирээд З бид хоёрыг салгах гэхэд З миний барын гарын арагш нь дараад эвгүй болгочихсон байсан... ... З нь миний баруун гарыг арагш нь татаж миний ядам хурууг хугалсан...  ... З нь миний цээж болон хүзүү рүү  нэг нэг удаа цохиж байсан. өөр намайг цохиж зодсон асуудал байхгүй ээ. Дээрх хүзүү болон цээж рүү цохиход миний биед гэмтэл учраагүй... /хх-ийн 15-17 дугаар тал/,

гэрч А.Бямбацогтын ...Тухайн өдөр манай ажлын найз болох З бид хоёр Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр караокед уулзаад байж байтал З руу нэг хүн залгаад дуудсан. Тэгээд бид хоёр хамтдаа Хэнтий аймаг Хэрлэн сум 2 дугаар багт баригдаж байгаа буудлын барилга дээр буюу Элит мандал хоолны газрын ар талд очсон. Тэгтэл бид хоёрыг машинд сууж байхад У гэх залуу ирж арын суудал дээр суугаад хоорондоо юм ярьцгаагаад удалгүй заамдалцаад машинаас бууцгаасан. Тэгээд Инженер нь гээд нэг залуу цаанаас гарч ирээд бид хоёр З болон У нарыг болиоч гэтэл З Уын заамдсан гарыг нь тавиулах гэж байгаад баруун гарынх нь ядам хурууг хугалчихсан байсан. Тэгээд удалгүй тэр хоёр эвлэрээд бид нар хамтдаа дэлгүүрээс 1 шил архи аваад тэгээд тэрнээсээ жоохон ууж байгаад  караокены үүднээс салцгаасан. Тухайн үед У миний гар жоохон эвгүй болчихсон байна гэж байсан. яг тухайн үедээ бол хугарсныг нь мэдээгүй байх... /хх-ийн 25-26 дугаар тал/

гэрч Ц.Элбэгсайханы ... Би хохирогч Уыг өөрийнхөө барьж байгаа барилга дээр цемент шахагч машинтай нь гэрээ байгуулж ажиллуулж байсан юм тэгтэл У помпны хогийг асгах ёсгүй газар асгаад байхаар нь би өмнө нь надтай хамтарч ажиллаж байсан Зтай холбогдож болсон асуудлын талаар яриад манайд цемент шахах эсэх талаар нь асууж ярилцаж байгаад утсаа тасалсан. Намайг ярихад З бага зэрэг уучихсан Төгөлдөрт байна гэж хэлж байсан. тэгээд орой ойролцоогоор 18-19 цагийн үед намайг барилга дээрээ буюу Элит мандал зоогийн газрын ард талд баригдаж байгаа барилга дээрээ байж байтал нэг машин ирээд зогсохоор нь хараад байж байтал машин дотроос З У нар хоорондоо маргалдсан байталтай заамдалцаад бууцгаасан. Тэгэхээр нь би юу болоод байгааг мэдэх гээд барилгаасаа гараад очтол тэр хоёр муудалцаад байхаар нь би салгах гээд хэлтэл З Уын баруун гарыг нь арагшаа дарж гарыг нь тавиулсан. Тэгээд л тэд нар явцгаасан. Өөр надад мэдэх зүйл байхгүй ээ...  /хх-ийн 37-38 дугаар тал/

Яллагдагч Н.З-н  ...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын Б.Ө-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2239003640368 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-1-т зааснаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолтой танилцлаа. Би дээрх зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна... ...Би тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны орой ойролцоогоор 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад манай танил Элбэгээ гэх залуу над руу залгаад “манай барилга дээр ажиллаж байсан У помдныхоо хаягдал хогийг асгаж болохгүй газарт асгачихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би төгөлдөр караокеноос гараад шууд Утай уулзахаар Прокурорын шинээр баригдаж байгаа барилга дээр очиж Уыг аваад хог асгасан гэх Элит мандал зоогийн газрын ар талд баригдаж байгаа арилга дээр нь очоод Ут хандаж “Чи дандаа иймэрхүү асуудал гаргаж хэл ам таталж байх юм аа яагаад энд барилгынхаа хогийг асгасан юм бэ? хэрвээ чи хийж чадахгүй юм бол би булаагаад хийчихнэ шүү” гэж хэлээд Утай муудалцаж бие биеэ заамдсан. Тэгээд гарыг нь тавиулах гэж байгаад Уын баруун гарын ядам хурууг хугалж биед нь гэмтэл учруулсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж Ут учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа... /хх-ийн 85-86 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, түүний гаргасан хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Зг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Зн хохирогч Д.Утай уулзаж, улмаар түүнийг “ажил хийж чадахгүй яагаад хэл, ам татлаад байгаа юм бэ, наад ажлыг чинь би булаагаад хийж чадна шүү” гэж түүний хүзүү хэсэг рүү гараараа 1 удаа цохих, мөн “чи маргааш гэхэд помпны машинаа аваад Хэнтийгээс зайлахгүй бол би чамайг яавал ч яана шүү” гэж заналхийлж Д.Уын цээж хэсэг рүү 1 удаа цохих, “Элит мандал” зоогийн газрын гадна Д.Уыг заамдлаа гэж дургүйцэж, түүний гарыг тавиулахаар хөших зэргээр зодсоны улмаас Д.Уын эрүүл мэндэд баруун гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...шүүгдэгч Н.З нь хохирогч Уын биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийн хувьд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрийг хангаж байна.

Шүүгдэгч Н.Зн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Н.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.З:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүндээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Н.Зг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.З нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.З дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс  үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Шүүгдэгч Н.Зн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан, дээрх хохирол, хор уршиг учирснаараа төгсдөг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй. Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Н.З нь хохирогч Д.Уын биед гэмтээх, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Н.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт

танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...Шүүгдэгч Н.З гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, прокурорт гаргасан хүсэлт зэргийг нь дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулан мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүх хуралдаанд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.З:

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн. Өөрийн данснаас хохирогч Д.Уын данс руу шилжүүлсэн... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Н.Зд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

Шүүх шүүгдэгч Н.З нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх шаардлагагүй гэж үзсэн.

Улмаар эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Зд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Зд оногдуулсан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Зн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Уын баруун гарын 4 дүгээр хурууны шивнүүр ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Д.У гэмт хэргийн улмаас үүссэн хохирол болох эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авсан, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэлээр, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Зг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2239003640368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Н-ийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х овгийн Н-ийн Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Н-ийн Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүхээс тогтоосон 5 сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х овгийн Н-ийн Зд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн 2239003640368 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Н-ийн З энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн Н-ийн Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Н-ийн Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН