Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 929

 

 

 

 

 

 

 

 

 

М.Н-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Ц.Амар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюушийн гаргасан давж заалдах гомдлоор М.Н-ад холбогдох 1903 0036 20229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн М-ын Н, 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

 

М.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цаг 26 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Гэгээ” төвийн зүүн замд “Тоёота королла аксио” маркийн 14-51 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-т “...гэрэл бүдэг асдаг болсон” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Батмөнхийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: М.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Алаг адуу овогт Мягмарын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.Н-ад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Н-ад мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлстэй холбоотой 1 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч М.Н цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюушид 10.200.000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч М.Н-ын В ангиллын 852163 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.Н нь миний аавын амь насыг хөнөөчихөөд бид нартай нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, уучлалт гуйж байгаагүй, хүн чанар гаргаж байгаагүй. Осол болох үед цагдаа, түргэн дуудаж анхны тусламж үзүүлээгүйд маш их гомдолтой байна. Миний аав нас барахаасаа өмнө Орон сууц, нийтийн аж ахуйд жижүүр ажилтай байсан. Амьд сэрүүн байсан бол үр хүүхдүүддээ үнэтэй сургаалиа хайрлаж, үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлж, өндөр насны жаргалаа эдэлж байх байсан. Одоо миний аав байхгүй, дахиж босч ирж үр хүүхэд, ач зээ бид нартаа харагдахгүй. Бид нар аавыгаа зуурдаар алдсандаа маш их гомдолтой байна. Гэтэл хүний амь насыг хохироосон хүнд шүүхээс хорих ял оногдуулахгүй, 2 жилийн хугацаагаар тэнссэнд маш их их гомдолтой байна. Хүний амь нас хөнөөчихөөд хорих ял аваагүйд маш их гомдолтой байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд Над оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд Над хуульд заасан хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюушийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюуш нь анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н-ад оногдуулсан ял хөнгөдсөн гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Тус шүүх хуралдаанд уг гомдлыг дэмжиж оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүгдэгч М.Н-ад оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн зардал нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюуш нь хууль зүйн мэдлэггүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. Иймд өмгөөлөгчийн зардлыг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч М.Н-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.Н нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргадаггүй бөгөөд шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирлыг төлөхдөө автомашинаа зарж, мөн таван ханатай гэрээ зарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөллийн хөлстэй холбогдуулж хэлэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт өмгөөллийн хөлс хамаарахгүй. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дүгнэсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас М.Н-ыг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 23 цаг 26 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Гэгээ” төвийн зүүн замд “Тоёота королла аксио” маркийн 14-51 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, мөн дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 5.3-т “...гэрэл бүдэг асдаг болсон” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Батмөнхийг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч М.Н-ыг анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Н-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохироогүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Н-ад ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй зөвхөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн үр дагавартай холбогдож гарсан төлбөрийг төлсөн байдалд илүү ач холбогдол өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг тусгахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийх нь шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний улирлын байдлаар бүртгэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 328 бүртгэгдэж, үүнээс 75 хүний амь нас хохирсон статистик тоон үзүүлэлт гарсан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт шүүх ял шийтгэл оногдуулахдаа энэ төрлийн гэмт хэргийн гаралт, гэмт хэргийн улмаас нийгэмд учирч буй хохирол, хор уршиг зэрэгт анхаарч, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялын бодлогын хувьд анхааран авч үзэх нь Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Шүүх М.Н-ад холбогдох хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хүний амь нас хохирсон хор уршигт бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэнд-Аюушийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Н-ад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 774 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Н-ад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч М.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                     ШҮҮГЧ                                                              Д.МЯГМАРЖАВ

 

                     ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ