Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0615

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0615

Улаанбаатар хот

 

Н.Б-ын

нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Н.Б***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Б***,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулах олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.600.000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2024/0015 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа, 

Хэргийн индекс: 124/2024/0018/3.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Н.Б***аас Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан, “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулах олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.600.000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгах”-аар маргасан.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2024/0015 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б***ын Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын дагуу урамшуулал олгохгүй байгаа Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 6.600.000 төгрөгийн урамшуулал олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 8 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Ажиллаж байх хугацаанд төрийн албан хаагчид сум орон нутагт тасралтгүй 5 жил ажилласан хугацааны тэтгэмж олгох судалгаанд хамрагдаж, надад олгох тэтгэмж төсөвт суугдаж, батлагдсан байхад одоо ажиллаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ёстой. Нэгэнт төсөвт батлагдан суусан урамшуулал болох 6.600.000 төгрөгийг олгуулах ёстойгэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Шүүх, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, 51 дүгээр зүйлийн 51.3-тСум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.1-т “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч (цаашид "Төрийн захиргааны албан хаагч" гэх)-д 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал (цаашид "мөнгөн урамшуулал" гэх) олгоход энэ журмыг баримтална” гэж тус тус заасан.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Н.Б*** нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт Ногоон байгууламж, хог хаягдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ илэрхийлсэн тул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт албанаас чөлөөлөгдөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болгон маргаж буй Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасан мөнгөн урамшуулал олгох тухай журмыг баталсан Засгийн газрын  2024 оны 83 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийг төрийн албанаас хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс хойш даруй 7 сарын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан болох нь тус тус тогтоогдсон.

6. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” хэмээн тухайлан бөгөөд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш батлагдсан Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг буцаан хэрэглэх асуудал хууль тогтоомжид тусгайлан заагдаагүй. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо дурдсан “...ажиллаж байх хугацаанд нь судалгаанд хамрагдаж, мэдээлэл нь хүргэгдсэн ... судалгааны дагуу байгууллагын төсөвт мөнгөн урамшуулал нь батлагдсан орсон тул олгох нь зүйтэй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй хэмээн дүгнэн, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2024/0015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

                           ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

 

 

               ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ

 

 

 

    ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА