Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0622

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2021/0622

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ү

Хариуцагч: Нийслэлийн д газрын дарга

Гуравдагч этгээд: Ч.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Д даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Ү миний бие Нийслэлийн Д газарт Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Д газрын дарга Б.Ж өрөөндөө дуудаж, ажлаас чөлөөлөх тушаалын төсөл, урьдчилан бэлтгэсэн 5 нүүр бүхий сонсох ажиллагааны тэмдэглэлийг танилцуулсан. Намайг хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, Ч.Г-ыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилж байгаа гэсэн шийдвэрийг сонсгосонд миний бие цочирдож эмнэлэгт хэвтсэн.

Эмнэлэгт хэвтэж байхад буюу 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шууданч танд Нийслэлийн Д газраас бичиг ирснийг гэрт чинь авчирсан гэхээр нь зургийг нь авч үзэхэд Нийслэлийн Д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Д.Ү-г албан тушаал түр орлон гүйцэтгэгчийн үүргээс чөлөөлөх тухай Б/03 дугаар тушаал байсан. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.Г-тай холбоотой актыг гаргах байтал ажил үүргээ зохих ёсоор нь биелүүлж байсан намайг ажлаас чөлөөлж холбогдох хууль тогтоомж болон миний эрхийг ноцтой зөрчсөн.

Д.Ү миний бие Нийслэлийн Д газрын Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байхад шинээр томилогдож ирсэн дарга Б.Ж нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулан ахлах аудитор болгож миний эрх зүйн байдлыг дордуулсан. Миний оронд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-д заасан аудиторын шаардлага болон хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтоор тавигдах шаардлагыг хангахгүй, өмнө нь удирдах албан тушаал хашиж байгаагүй, дотоод аудитын мэдлэг, туршлагагүй, аудитор Ч.Г-ыг ахлах аудиторын албан тушаалыг алгасуулан холбогдох хууль, журмыг зөрчин томилсон. Энэхүү хууль бус актын үр дагавар одоо хүртэл үргэлжилж, Ч.Г нь дахин миний ажлыг булаан авч, миний хөдөлмөрлөх эрхэд 2 дахь удаагаа халдаж, намайг эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд хохироосон.

Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ч.Г-ыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дараах хууль, журмуудыг зөрчин томилсон.

Төрийн албаны тухай хуулийн /хуучин хууль/ 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар Ч.Г-ыг сул орон тоо гараагүй байхад болон манай байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулаагүй томилсон юм. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2-т зааснаар би эзгүй байгаагүй бөгөөд 2016 оны Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, А буюу Маш сайн гэж үнэлэгдэн үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолын хавсралт Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.1, 4.6-д Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргана. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацааг заана гэсэн байтал тус тушаалд Ч.Г-ын үүрэг гүйцэтгэх хугацааг заагаагүй байна.

Мөн тус журмын 4.3, 4.3.3, 4.7-д зааснаар тухайн үед сул орон тоо гараагүй бөгөөд мөн хамгийн ойрын хамааралтай хүн буюу ахлах аудитор байсаар байтал энгийн нэг аудитороор гүйцэтгүүлсэн нь тус журмыг ноцтой зөрчсөн. 

Түүнчлэн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх заалтыг бакалавр болгон өөрчилж томилсон нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 4.4-т Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл юм.

Иймд Нийслэлийн Д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Ч.Г-ыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Г нь Нийслэлийн Д алба /хуучин нэрээр/-ны Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.1.3, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх үндэслэлээр Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Улмаар Ч.Г нь ажлаас чөлөөлсөн тушаал /захиргааны акт/-ыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл, цаашлаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Ч.Гын нэхэмжлэлтэй Нийслэлийн Д газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, 3 сарын дотор шинээр захиргааны акт гаргаж шийдвэрлэхийг даалгасан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх шүүхийн шийдвэрийг Монгол шуудан компаниар Нийслэлийн Д газарт хаяглан хүргүүлснийг бичиг хэргийн ажилтан Т.Т нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан байдаг. Гэвч Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Я.С нь албан тушаалын байдлаа ашиглан тухайн шүүхийн албан бичиг, шүүхийн шийдвэрийг байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлэлгүйгээр өөртөө авч нуун дарагдуулж байсныг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, бичиг хэргийн ажилтанд дахин шаардлага тавьсны үндсэн дээр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгууллагын албан хэрэг хөтлөлтийн edoc програмд бүртгүүлж, анх энэхүү шүүхийн шийдвэртэй танилцсан.

Ийнхүү Ч.Г-ын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зохигчид, тэдгээрийн төлөөлөгчид гомдол гаргаагүйн улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй тул Ч.Г-ыг төрийн албанаас чөлөөлсөн асуудлыг нягтлан шалгаж, улмаар сонсох ажиллагаа явуулсны үр дүнд Ч.Г-ыг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байсан тул 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилох шийдвэрийг гаргасан.

Ийнхүү шинэ захиргааны акт гаргахыг даалгасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01/814 дүгээр албан бичиг, Төрийн албаны тухай хууль тогтоомж зэрэг холбогдох үндэслэл, нөхцөл байдлуудыг судалсны үндсэн дээр Я.С-ийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Ч.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/05 дугаар тушаалыг залруулан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Д.Ү-г түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлж Ч.Г-ыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон болно.

Мөн Ч.Г-ыг тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нэр дэвшүүлж, Нийслэлийн Д даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Ч.Г нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002/, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу удирдах албан тушаалын шалгалтыг өгч тухайн албан тушаалд нэр дэвшин томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм.

Д.Ү нь 2017 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрөө хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд хөөн хэлэлцэх, гомдол гаргах хугацааны хувьд ч 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хууль бус хэмээн маргах эрх зүйн үндэслэлгүй юм.

Д.Ү-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Д.Ү-г 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар түр томилох тухай шийдвэрийг газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.С гаргахдаа Төрийн албан тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3, 39 дүгээр зүйлийн 39.1.5, 42, 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтыг зөрчиж тухайн үед төрийн албанд ажиллаж байгаагүй Д.Ү-г томилсон.

Иймд дээрх үндэслэл, нотлох баримтын дагуу Д.Ү-ийн нэхэмжлэлийн шаардлагууд нь эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оноос хойш тасралтгүй санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч, хэлтсийн ахлах, хэлтсийн даргаар 20 гаруй жил ажиллаж байна. Нийслэлийн Д газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-д заасны дагуу удирдах албан тушаалын сонгон шалгаруулах шалгалтыг өгч тэнцэн Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор тухайн албанд нэр дэвшиж, Нийслэлийн Д газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд жинхлэн томилогдсон. Мөн 2019 онд Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан ахлах түшмэл-ийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан. 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш өөрчлөгдөөгүй байтал Нийслэлийн Д газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч захиргааны хэлтсийн дарга Я.С 10 жилийн нэг ангийн найз, хамаарал бүхий Д.Ү-г ажилд авахын тулд чиг үүрэг өөрчилсөн гэж намайг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үүнийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандахад хууль эрх зүйн үндэслэлгүй болохыг тогтоосны дараа нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгүүлж, шийдвэрлүүлсэн.

Ийнхүү Нийслэлийн Д газар нь хариуцагчаар татагдаж, хууль, журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Д газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэх тогтоол гарсан.

Энэхүү шийдвэрийн дагуу дахин сонсох ажиллагаа явуулж Нийслэлийн Д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажилдаа эгүүлэн томилогдсон. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нөхөж аваад ажлаа хийж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Ү-аас Нийслэлийн Д газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Иргэн  Ч.Г нь Нийслэлийн д газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Нийслэлийн д газрын Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, улмаар 2018 оны Б/14 дүгээр тушаалаар тус албан тушаалд жинхлэн томилогдсон байна.

Ийнхүү гуравдагч этгээд Ч.Г Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2018 оны Б/14 дүгээр тушаалаар албан тушаалд жинхлэн томилогдсоноор маргаан бүхий 2016 оны Б/24 дүгээр тушаал эрх зүйн үйлчлэлгүй болжээ. 

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  шүүх хуралдаанд Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус тушаал гарсаныг тухайн үед нь мэдсэн болохоо шүүх хуралдаан дээр мэдүүлсэн болно.

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хүчингүй болгож;

мөн зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч тус актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож хэргийг шийдвэрлэдэг.

Дээр дурдсанаар нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий тушаал эрх зүйн үйлчлэлгүй болсон бөгөөд хариуцагч тушаалаа хүчингүй болгосон цуцалсан аливаа шийдвэр гаргаагүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг шүүхээс гаргах боломжгүй.

Хуульд зааснаас үзвэл захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл дангаар гаргахгүй бөгөөд /хэм хэмжээний актын хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох боломжтой/ харин захиргааны акт хууль бус бол түүнийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхээр зохицуулжээ.

Гэвч захиргааны акт хууль бус бол түүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан бөгөөд нэхэмжлэгч Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөлгүй дэмжиж шүүх хуралдаанд оролцсон тул нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн., 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар Д.Ү-аас Нийслэлийн Д газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд;

Нийслэлийн д газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Ч.Г-ыг Санхүүгийн аудитын хэлтсийн үүрэгт ажлаас чөлөөлж улмаар нэхэмжлэгч Д.Ү-г мөн оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж томилох хүртэл, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилжээ.

Иргэн Ч.Г ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан Нийслэлийн д газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах олговор гаргуулах, нийгмийн даалтгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0738 дугаар шийдвэрээр Нийслэлийн д газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч шүүхийн тус шийдвэрийг биелүүлж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Д.Ү-г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, мөн өдрийн Б/04 дүгээр тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар Ч.Г-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Учир нь Нийслэлийн д газар нь Захиргааны хэлтэс, Санхүүгийн аудитын хэлтэс, Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтэс, Эрсдэлийн удирдлагын хэлтэс зэрэг 4 хэлтэстэй байхаар баталсан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжийн хавсралтад 2019 оны А/1235 дугаар захирамжаар өөрчлөлт оруулж Захиргааны хэлтэс, Аудит, хяналт шалгалтын хэлтэс, Эрсдэл, дотоод хяналтын хэлтэстэй байхаар баталсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана: 62.1.3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; гэж заажээ. 

Ч.Г-ын ажиллаж байсан Санхүүгийн аудитын хэлтсийг Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтэстэй нэгтгэж Аудит, хяналт шалгалтын хэлтэс болгосноор хэлтсийн даргын орон тоо цөөрсөн ч хэлтсийн даргын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь хэрэгт авагдсан хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хариуцагч хуулийн дээрх заалтын дагуу Санхүүгийн аудитын хэлтсийн дарга болон Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах боловч Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ш нь Нийслэлийн д газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Ийнхүү цөөрсөн албан тушаалд ажиллаж байсан 2 албан тушаалтаны нэг нь ажлаас чөлөөлөгдсөнөөр төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй тул гуравдагч этгээд Ч.Г-ыг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Ү Нийслэлийн д газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Санхүүгийн хэлтсийн ахлах аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно. гэж зааснаар нэхэмжлэгч нөөцөд байгаа албан хаагч байна.

Хариуцагч Нийслэлийн д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Г-ыг томилсонтой холбогдуулан Нийслэлийн д газрын даргын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон, Д.Ү-г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх; гэж төрийн жинхэнэ албан хаагчийн хориглох үйл ажиллагааг заасантай нийцсэн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Ч.Г-ыг чөлөөлсний дараа нэхэмжлэгч Д.Ү-г шинээр байгуулагдсан хэлтсийн даргын албан тушаалд төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон бөгөөд гуравдагч этгээд төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч дахин шинэ акт гаргаж, Ч.Г-ыг албан тушаалд томилж, нэхэмжлэгчийг албан үүргээс чөлөөлсөнийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Д.Ү нь Нийслэлийн д газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудиторын  үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр захиргааны байгууллагатай холбогдох харилцаа дууссан тул Төрийн албаны тухай хуульд заасан орон тоо цөөрсөн албан хаагчийн хувьд хэрэглэх сонгон шалгаруулах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2017 онд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн учир 2019 онд бүтэц өөрчлөгдөж Ч.Г албан тушаалаас чөлөөлөгдөх үед тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж төрийн албан хаагчийг сонгон шалгаруулан томилох зохицуулалтад хамаарахгүй.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 

27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 

27.1.2.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас;

27.1.3.төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс;, 33 дугаар зүйлийн 33.1-д Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна., 33.2-т Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:

33.2.1.ерөнхий шалгалт;

33.2.2.тусгай шалгалт /тухайн албан тушаалын/., 33.3-д Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна. гэж заасан тусгай шалгалт авах зохицуулалт нь жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан Ч.Г-ын хуульд заасан баталгаагаар хангагдах эрхийг зөрчихгүй бөгөөд хоёр өөр зохицуулалт юм.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 107 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын ангилал зэрэглэлийг ахлах түшмэл, ТЗ-9, боловсролыг  магистраас дээш зэрэг-тэй байхаар заажээ.

Гэвч гуравдагч этгээд Ч.Г нь тус албан тушаалын тодорхойлолт батлагдахаас өмнө хуульд заасан журмын дагуу Нийслэл дэх төрийн албаны зөвлөл 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Нийслэлийн д газрын Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Нийслэлийн д газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар тус албан тушаалд жинхлэн томилогдсон байна. 

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/  2017 онд батлагдсанаар 2002 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон бөгөөд гуравдагч этгээд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын дагуу удирдах албан тушаалтны шалгалтыг өгч томилогдсон байсан тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэгт зааснаар Д.Ү-аас Нийслэлийн Д газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Д газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/24 дүгээр тушаал хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2.   Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 39 дүгээр зүйлийн 39.1.15, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ү-аас Нийслэлийн д газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн д газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Нийслэлийн Д газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН