Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2019/00027/И |
Дугаар | 155/ШШ2019/00158 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2019/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багт оршин суух, ......... дугаар регистртэй, Онход М.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ... дугаар багт оршин суух, ...... дугаар регистртэй, Тогоруутан Б.Д-д холбогдох
Зээл 700.000, ямааны үнэ 100.000 , нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,нэхэмжлэгч М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие М.О нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны үед багын найз болох Б.Д-д банкны зээл хэтрээд мөнгө олдохгүй 3 хоног хэтэрч байна. Чиний тэтгэвэр 12 сартай юм байна. Найздаа мөнгө зээлээч гэсэн учир би тэтгэвэрээ зээл авч 500.000 төгрөг өгсөн. Дараа нь хүүгээ ажилд явуулах хэрэгтэй байна гээд нэмж 200.000 төгрөг авсан. Хоолгүй болчихлоо гэхээр нь 100.000 төгрөгөнд бодож нэг ямаа өгсөн. Ингээд 2015 оны 10-р сарын 24-ний дотор 700.000 төгрөг. Ямааныхаа мөнгөтэй 800.000 болгож буцааж өгөхөөр тохиролцсон. Хүү болон шанг нь тусдаа бодно гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй учир 800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..Би 2015 оны 9-р сард найз О-аас 500.000 төгрөгийг зээлж авсан. Мөн нэг ямааг 100.000 төгрөгөнд бодож авч нийт 600.000 төгрөгийг сард 50.000 төгрөг өгч, 12 сарын хугацаанд багтаж төлөхөөр ярилцаж тохирч авсан болно. Тэтгэвэрийн зээл бүтэхгүй, мөнгийг нь өгч чадахгүй болохоороо 2017 онд 32 угалзтай шинэ монгол гутлыг 300.000 төгрөгт үнэлж Оюунтунгалагтай тохиролцсны үндсэн дээр өгсөн. Одоо 300.000 төгрөг төлөх нь үнэн. Харин хүүхдээ явуулна гэж 200.000 төгрөг нэмж авсан гэсэн нь худлаа. Ийм мөнгө аваагүй, илүү нэхэмжилсэн байна...гэжээ.
Нэхэмжлэгч М.О нь шүүх хуралдаанд гаргасантайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Б.Д нь 2015 оны 9 дүгээр сард надаас эхлээд 500.000 төгрөг авсан. Дараа нь нэмж 200.000 төгрөг авсан. Мөн дээр нь 100.000 төгрөгт бодож нэг ямаа авсан. Ингээд нийт 800.000 төгрөг болсон. Монгол гутлын тухайд Б.Д намайг байхгүй хойгуур манай нөхөрт өгөөд явсан байсан ба юун учиртай монгол гутал болохыг асуухад мөнгийг нь удаасан тул өгч байгаа юм гэж хэлсэн байсан. Анх надаас мөнгө авахдаа хүү, шанг нь өгнө гэж байсан болохоор түүнд бодож өгсөн юм байна гэж ойлгосноос биш үндсэн мөнгөнөөс хасуулах гэж 300.000 төгрөнд бодож өгсөн гэж ойлгоогүй.Монгол гутлыг нь буцааж өгч болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарзэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Б.Д-ад холбогдуулан зээл 700.000 төгрөг, ямааны үнэ 100.000 төгрөг, нийт 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.Учир нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Д-д 2015 оны 9 дүгээр сард бэлнээр 500.000 төгрөгийг эхлээд зээлсэн. Дараа нь Б.Да хүүхдээ явуулах гэсэн мөнгөгүй болчихлоо гээд нэмж 200.000 төгрөг авсан. Мөн хоол ундгүй байна гэхээр нь 100.000 төгрөгт бодож 1 тооны ямаа зээлээр өгсөн. Ингээд нийт 800.000 төгрөг болсон. Монгол гутал Б.Д-аас авсан нь үнэн боловч түүнийг мөнгө зээлээд удаасан тул өгч байна гэж ойлгосон болохоос 300.000 төгрөгөнд тооцож аваагүй.Иймд 800.000 төгрөгийг гаргуулж авна,
хариуцагч нь бэлнээр 500.000 төгрөг, 100.000 төгрөгт бодож 1 тооны ямаа, нийт 600.000 төгрөг болсон. Үүнээс 300.000 төгрөгт бодож 32 угалтай монгол гутал өгсөн.Үлдэх мөнгийг өгнө.Харин нэмж 200.000 төгрөг авсан гэдэг нь худлаа. Ийм мөнгө аваагүй гэж тус тс маргажээ.
Талуудын тайлбараас үзвэл хариуцагч Б.Д нь 2015 оны 9 дүгээр сард М.О-аас бэлнээр 500.000 төгрөг, 100.000 төгрөгт бодож 1 тооны ямаа авч М.О-т уг төлбөртэй холбогдуулан монгол гутал өгсөн болох нь тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Харин хариуцагч нь М.О-аас нэмж 200.000 төгрөг зээлээгүй ба монгол гутлыг 300.000 төгрөгт бодож өгсөн, нэхэмжлэгч нь нэмж 200.000 төгрөг зээлсэн, монгол гутлыг 300.000 төгрөгт тооцож аваагүй, мөнгөө өгөхгүй удаасны хариуд өгсөн тул үндсэн мөнгөнөөс хасахгүй гэж маргаж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.Д-д 2015 оны 9 дүгээр сард 500.000 төгрөгийг зээлсэн ба дараа нь нэмж 200.000 төгрөг өгсөн. 100.000 төгрөгт бодож 1 тооны ямаа зээлээр өгсөн. Ингээд нийт 800.000 төгрөг болсон. Монгол гутлыг 300.000 төгрөгөнд тооцож аваагүй, Б.Д нь зээлсэн мөнгөө өгч чадахгүй удаасны хариуд өгсөн гэж тайлбарласан боловч үүнийгээ нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд түүнд хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг танилцуулсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, 800.000 төгрөг /найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадахгүй байна.
Хэргийн зохигч хөөн хэлэлцэх хугацаагаар маргаагүй ба хариуцагч Б.Д нь бэлнээр 500.000 төгрөг, 100.000 төгрөгт бодож 1 тооны ямаа, нийт 600.000 төгрөгийг авсан ба түүнээс 300.000 төгрөгөнд бодож 32 угалтай монгол гутал өгсөн. Үлдэх мөнгийг өгнө гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд хариуцагч Б.Д-аас 300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
2019 оны 2 дугаар сарын 20-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Дулмаад 2019 оны 2 дугаар сарын ...-ны өдөр түүний эзэмшлийн ...... дугаарын утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаандхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хариуцагч Б.Дулмаагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 300.000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 9.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О-т олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Д-аас 300.000/гурван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500.000/таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750/ хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 9.650/есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ