| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ш.Гандансүрэн |
| Хэргийн индекс | 180/2022/0215/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/185 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0215/Э
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга М.Уугантуяа,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б-ийн Ц-д холбогдох эрүүгийн 2239000000324 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сэнгүр горхи” амралтын газрын хохирогч С.Ггийн байрлаж байсан монгол гэрээс түүний эзэмшлийн 2.500.000 төгрөгийн үнэ бүхий “Iphone 12 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Ц:
...2022 оны 08 сарын 20-ны өдөр амрагчдын автобусыг жолоодон амралт руу явсан. Амралтын гадаа алхаж байхад Г “жолоочоо гал түлээд өгөөч” гэхээр нь амрагчдын гэрт орж гал түлсэн. Тэгээд амрагчидтай хамт архи уусан. Би шөнө гэрээс нь гарахдаа Ггийн утсыг авч гарсан. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна.... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2239000000324 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.Цы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Сэнгүр горхи” амралтын газар хохирогч С.Ггийн байрлаж байсан монгол гэрээс түүний эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт нь
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
“Фэйр валуэшн” ХХК-ий үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШД-284 дугаартай ...iphone-12 pro max маркийн гар утас 2.500.000 төгрөг... үнэлсэн талаарх тайлан /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
хохирогч С.Ггийн ...Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Сэнгүр горхи” амралтын газарт амарсан. Ингээд эхний орой буюу 08 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 21-ний шилжих шөнө тус амралтын газрын гэр буудалд дүү Алтанзулын хамт 22 цагийн үед унтаж амарсан. Ингээд өглөө 09 цагийн үед сэрээд орой унтахдаа тавьсан газраасаа гар утсаа “iphone 12 pro max”-аа авах гэхэд байхгүй байсан. Ингээд дүү Алтанзулыг сэрээгээд миний гар утсыг харсан уу гэхэд мэдэхгүй гэж хэлсэн... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
гэрч Н.Алтанзулын ...Ингээд бид хоёр тусдаа гэр буудалд байрлаж орой 20 цагийн үед унтаж амарсан. Ингээд 09 цагийн үед Г надад хандан миний гар утсыг харсан уу гэж хэлээд сэрээсэн. Ингээд би гар утсыг нь хайсан боловч олоогүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,
яллагдагч Б.Цы ...Тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... /хх-ийн 51-52 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Цы архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө “Сэнгүр горхи” амралтын газар хохирогч С.Ггийн байрлаж байсан монгол гэрээс түүний эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж.Б
...шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд зүйлчлэлийг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлээгүй шалтгаан нь хохирогчтой хамт түүний амарч байсан гэр амралтад түүний зөвшөөрлөөр нэвтэрч, гарахдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгээр нь зүйлчлэлийг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хүндрүүлээгүй.
Шүүгдэгч Б.Ц нь хулгайлах үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.Ц нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь архидан согтуурсан байдал, амар хялбар аргаар хэрэгцээт зүйлээ авах гэсэн санаа сэдэлт, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хувийн хүмүүжил, ёс суртахууны байдал зэргээс үүдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Цыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, С.Гд бага хэмжээнээс дээш буюу 2 500 00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус өгч мэтгэлцдэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Цыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх хууль зүйн ойлголт бөгөөд шүүгдэгч Б.Ц дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж хоёр салгаж ойлгохоор заасан.
Шүүгдэгч Б.Цы холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь хүний идэвхитэй үйл ажиллагаа, зан үйл бөгөөд гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, ам, хэл, дохио зангаа зэрэг тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой санаатай хэлбэрээр илэрч байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төрийн, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эр үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагдахыг дурдах нь зүйтэй.
“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн, “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан бол”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бага хэмжээний хохиролоос дээш буюу гурван зуун нэг нэгж түүнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, бага хэмжээний хохирол болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.
Харин хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэргүүд нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэргүүд хамаарах ба энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол төгссөн гэмт хэрэг юм.
Эрүүгийн 2239000000324 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө “Сэнгүр горхи” амралтын газар хохирогч С.Ггийн байрлаж байсан монгол гэрт гал түлээд өгөөч гэсэн гуйлтын дагуу орж улмаар гал түлж, өгсөн дараа цуг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогчийн эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын 2.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан үйл баримт улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, түүний шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлт зэрэгтэй тохирсон, үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Цы иргэн С.Ггийн эд хөрөнгийг хохирогчийн зөвшөөрснөөр “Сэнгүр горхи” нэртэй амралтын газрын амрах зорилготойгоор, түр хугацаанд амьдрах зориулалттайгаар авч, амарч байсан гэрт нэвтэрч, түүний эзэмшлийн “Iphone-12 pro max” загварын гар утсыг хулгайлж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл эс үйлдэхүй бөгөөд энэ гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч С.Гд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш хохирол хор уршиг учирсан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Тэрээр шүүгдэгч Б.Цы бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж, эсхүл захиран зарцуулж, ашиг олох зорилготой энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч С.Гд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Цы санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ггийн эд хөрөнгөд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс болох хохирогч С.Ггийн “IPHONE-12 PRO MAX” маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн байдлаар хүлээн авсан, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд авагдсан хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн тухай тэмдэглэл, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Цыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ж:Батбаатар:
...шүүхээс шүүгдэгч Б.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Цы анх удаа үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байдал, учруулсан хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц:
....Хийсэн гэм буруугаа маш сайн ойлгож байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүхийн хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч 1 /нэг/ жилийн хорих оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч ар гэрийн байдлыг харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Учир нь шүүгдэгч Б.Цы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлийн болон хувийн байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг..., 1.2-т ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг... гэж заасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзсэн.
Ингээд шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэснийг хэрэглэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд ...оршин суух газар, ажил, сургуулиаөөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгуу эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Г нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,
37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ийн Цыг шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б-ийн Ц-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,
мөн 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2239000000324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овгийн Б-ийн Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б-ийн Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б-ийн Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН