Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2022/0216/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Уугантуяа,

улсын яллагч Б.Ө,

шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн С-ийн Мэд холбогдох эрүүгийн 2239003230328 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

                                       Холбогдсон хэргийн талаар

                                       /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 14 цаг 30 минут үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Н” ХХК-ий хүнсний дэлгүүрээс “Рэдми нөүт-8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр авч хохирогч С.Тт 450.000 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч С.М:

...гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Сим карт, гар утасны гэрний мөнгө болох 20.000 төгрөг өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2239003230328 дугаартай гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж, авсан нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 14 цаг 30 минут орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Н” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс “Рэдми нөүт 8” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр хулгайлсан авсан үйл баримт нь

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ий үнэлгээний 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ХҮ-34 дугаартай ”REDMI NOTE-8 pro” маркийн гар утсыг 450.000 төгрөг...-өөр үнэлсэн талаарх тайлан /хх-ийн 29-32 дугаар хуудас/,

“Фэйр валуэшн” ХХК-ий үнэлгээний 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШД-305 дугаартай “REDMI NOTE-8 pro” маркийн гар утсыг 450.000 төгрөг...-өөр үнэлсэн талаарх тайлан /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42-47 дугаар хуудас/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ...Бичлэг 08:20-2022 Sat 14:30:19 цагийг зааж байх ба дэлгэцэд шар өнгийн цамцтай хар өнгийн өмдтэй 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхэд дагуулан дэлгүүрт орж ирэх бөгөөд дэлгүүр дотор нааш цааш холхин явж хойд талын лангуун дээрээс Урин *******тэй 00 цаас 1 боодол /4 ширхэгтэй/ авч зүүн гартаа бариад бас урд талын лангууны хойд байрлах цаасан хайрцаг дотроос ахуйн газ 2 ширхгийг авч кассны хажууд лангуун дээр авсан 00 цаас ахуйн газаа тавиад буцаж зүүн тийшээ яваад лангуун дээр буцаж очоод 14:30:40 минутад гар утасны дэлгэц асаалттай гар утсыг зүүн гараараа авч хар өмдний зүүн халаасанд хийж байгаа харагдана Бичлэгийн 05:18 секүнтэд уг шар цамцтай эмэгтэй 00-ийн цаас ахуйн газ, 1 блок тамхи аваад хүүхдээ дагуулаад гарч явснаар бичлэг дуусна. Дэлгүүрийн гадна талын хяналтын камерт шар өнгийн цамцтай эмэгтэй 32-29 улсын дугаартай цайвар өнгийн “Приүс-20” маркийн машинд сууж байгаа харагдана... /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

хохирогч С.Тийн бичгээр гаргасан ...миний бие С.Мэд ямар нэгэн гомдол, санал түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй болно. Иймд түүнд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн хүсэлт /хх-ийн 80 дугаар хуудас/,

хохирогч  С.Тийн ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М Н дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд дэлгүүртээ бараа өрж байгаад өөрийн “Рэд ми Нөүт 8” маркийн гар утсаа лангуун дээр тавьж орхисон юм. Тэгээд юм авахаар хүмүүс орж ирэхээр нь кассан дээрээ очиж, 4 хүний тооцоог хийж гаргачхаад утсаа авах гэтэл байхгүй болсон байсан. Тэгээд камерын бичлэгийг шүүхэд шар өнгийн цамцтай бага насны хүүхэдтэйгээ орж ирсэн эмэгтэй хүн миний утсыг халаасандаа хийгээд аваад гарсан байсан. Тэр эмэгтэй нь тооцоогоо хийхдээ интернэт банк ашиглан шилжүүлэхдээ ................. гэсэн дугаарыг бичүүлсэн болохоор нь уг дугаар руу залгахад утсаа аваад юм хэлэхгүй тасалсан... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн орчимд дэлгүүртээ бараа өрж байгаад өөрийн “рэд ми нөүт 8” маркийн гар утсаа лангуун дээрээ тавьж орхисон юм. Тэгээд юм авахаар хүмүүс орж ирэх үед нь кассан дээрээ очиж 4 хүний тооцоог хийж гаргаад утсаа авах гэтэл утас байхгүй байсан. Тэгээд камерын бичлэг шүүхэд гар өнгийн цамцтай бага насны хүүхэд дагуулсан эмэгтэй хүн миний утсыг халаасандаа хийгээд аваад гарсан байсан. Тэр эмэгтэй нь тооцоогоо хийхдээ интернэт банкаараа шилжүүлээд ................... гэсэн дугаарыг бичүүлсэн болохоор нь уг дугаар луу нь залгахад утсаа аваад юм хэлэхгүй тасалсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

яллагдагч С.Мийн ...Тухайн хэрэг болдог өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ойролцоогоор 14 цагийн үед би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг М Н хүнсний дэлгүүрлүү барааны хэсгээс нь юм авах гээд орсон тэгтэл дэлгүүрийн лангуун дээр цэнхэр өнгийн цэцэгтэй гэртэй гар утас байхаар нь би утсыг аваад дэлгүүрээс шууд гарч өөрийн хүүгийн эзэмшлийн ......... СҮҮ улсын дугаартай Тоёота Приүс маркын автомашинд суугаад явсан... ...Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж байгаа хохирлоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Ийм учраас хэргийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 73-74 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Мийн “М Н” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс 14 цаг 30 минутын үед хохирогч С.Тийн “REDMI NOTE-8 pro” маркийн 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан үйл баримт тогтоогдсон гэж үзлээ.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ө би, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан С.Мэд холбогдох эрүүгийн 2239003230328 дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцохдоо шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан нотлох баримтын хүрээнд Дашдэлэг ургийн овгийн Сонинсүрэн овогтой Мөнгөнсүх нь 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 14 цаг 30 минут орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Н” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс рэдми нөүт 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус идэвхтэй үйлдлээр авч хохирогч С.Тт 450.000 төгрөгийн хохирлыг санаатайгаар учруулсан болох нь тогтоогдож байна. Иймд Сонинсүрэнгийн Мөнгөнсүхийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. С.Тт учруулсан хохирол нөхөн төлөгдсөн болохыг хохирогч илэрхийлсэн байгаа тул хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан:

...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Процесс ажиллагааны талаар ямар нэгэн маргаангүй. Хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.М:

...өмгөөлөгчтэй санал нэг байна.... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Мийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх хууль зүйн ойлголт бөгөөд шүүгдэгч С.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснийг буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг буюу материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж хоёр салгаж ойлгохоор заасан.

 

Шүүгдэгч С.Мэд холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, эсхүл нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх ба гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа, зан үйл бөгөөд гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, ам, хэл, дохио зангаа зэрэг тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагдахыг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн, “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн бол”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан бол”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэсэн хүндрүүлэх болон “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон бол”, “зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бага хэмжээний хохиролоос дээш буюу гурван зуун нэг нэгж түүнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, бага хэмжээний хохирол болох 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжийг хангасан гэмт хэргүүд нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй буюу хэлбэрийн шинжтэй гэмт хэргүүд хамаарах ба энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн 2239003230328 дугаартай хэрэгт авагдсан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн талаарх үйл баримтаас дүгнэхэд

шүүгдэгч С.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Н” ХХК-ий хүнсний дэлгүүрээс хохирогч С.Тийн “Рэдми нөүт-8 про” маркийн 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан үйл баримт улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл, түүний шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлт зэрэгтэй тохирсон, үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.М иргэн С.Тийн эд хөрөнгө болох “Redmi note-8 pro” загварын гар утсыг хулгайлж буй гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь “хулгайлах” гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдэж байгаа нөхцөл байдал үүсэж байгаа боловч тухайн үйл ажиллагаа явуулах зориулалттай  “М Н” ХХК-ий хүнсний дэлгүүрийн тогтмол үйл ажиллагаагаа явуулахаар тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан цаг хугацаа болох үйлчлүүлэгчид өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч үйлчилгээ авдаг 14 цаг 30 минутын үед орж хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл эс үйлдэхүй бөгөөд энэ гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогч С.Тт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-с дээш хохирол хор уршиг учирсан тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Тэрээр шүүгдэгч С.М бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад этгээдэд ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, ашиг олох зорилготой энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч С.Тт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Мийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Тийн эд хөрөнгөд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.М нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс болох хохирогч С.Тийн “Redmi note-8 pro” маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн, түүний сим карт, гар утасны гэр зэрэг эд зүйлст учирсан хохирол 20.000 /хорин мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч С.Т нь гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн байдлаар хүлээн авсан, шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан прокурорын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 30 дугаартай “эд зүйл хураан авах тухай” зөвшөөрөл, 44-45 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “эд зүйл хураан авсан тэмдэглэл, 47 дугаар хуудсанд авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч С.Тт “Redmi note-8 pro” маркийн гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн “эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 81 дүгээр хуудсанд авагдсан хохирогч С.Тийн ...Сонинсүрэн овогтой Мөнгөнсүхэд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэсэн хүсэлт, мөн шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Мийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Ө:

...Шүүхээс Сонинсүрэнгийн Мөнгөнсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 сар 10 хоногийн хугацаатайгаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан:

...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. С.М нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлгээ тогтвортой өгч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Түүний хувийн зан байдлын талаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгах хуудсаар нотлогдож байгаа, мөн гэрчүүд хувийн зан байдлын талаар мэдүүлсэн. Багийн Засаг даргын тодорхойлолтоор ганц бие ээж, одоогоор 18 настай хүүтэйгээ амьдардаг гэж байгаа боловч хүү нь цэрэгт явсан байгаа. Одоогоор ганцаараа хөдөө мал маллаж байгаа. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү... дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.М:

...хэлэх үг байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч 10 /арав/ сар, 10 /арав/ хоног хорих оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч, болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугаа зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн багийн Засаг даргын тодорхойлолт, одоогоор ганцаараа хөдөө мал маллаж байгаа зэргийг харгалзан хөнгөрүүлж, тэнсэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь шүүгдэгч С.Мийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлийн болон хувийн байдал, анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ...анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг..., 1.2-т ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг... гэж заасныг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах нь Эрүүгийн хариуцлагын зорилго, хүрэх үр дүнд нийцнэ гэж үзсэн.

 

Ингээд шүүгдэгч С.Мэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэснийг хэрэглэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч С.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд ...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж, эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2239003230328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Т нь шүүгдэгч С.Мэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-г эрүүгийн 2239003230328 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртлэх хугацаагаар хавсарган үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

     шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13.,

    37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн С-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн С-ийн Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн С-ийн Мэд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн С-ийн Мэд шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан буюу үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2239003230328 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д овгийн С-ийн М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хураан авсан камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г эрүүгийн 2239003230328 дугаартай хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д овгийн С-ийн Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн С-ийн Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН