Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/248

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох эрүүгийн 2215000000265 дугаартай, 163/2022/0238/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* хараат овогт *******ийн *******, Булган аймгийн ******* суманд 1977 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг ******* хорооны задгайд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 45 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн ******* сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******ийн цээжин тус газарт нь хутгаар хатгаж, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000000265 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Булган аймгийн ******* сумын дөрөвдүгээр багийн нутаг ******* хорооны задгайд байх өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******ийг “эхнэрийг чинь авч сууна” гэж хэлснээс үүдэлтэйгээр түүнийг эхнэр Д.*******той хардаж маргалдах явцдаа М.*******ийн цээжин тус газарт нь хутгаар хатгаж, биед нь хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Эхнэртэйгээ хардсаны улмаас хоорондоо маргалдсан, тухайн үед согтуу байсан. Хохиролд 550.000 төгрөг төлсөн, үлдэх 284.000 төгрөгийг хурлын дараа төлөхөөр тохиролцсон байгаа, төлнө гэх мэдүүлэг,  

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.*******ийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 08 цагийн орчим хөдөө гэрээсээ ******* сумын төвд ирээд Нямдаваа эгчийнх рүү дээлээ авах гээд очиход гэртээ унтаж байсан. Тэгэхээр нь *******ийнд очиход *******, ******* хоёр сэрчихсэн орноосоо босоогүй байсан. Тэднийд 20-30 минут юм ярьж сууж байгаад Хулгар Энхээ ахынд оччихоод 18 цагийн орчимд *******ийнд эргэж ирсэн. *******, ******* бид гурав тэднийд байсан тал шилтэй архийг хувааж ууж дуусаад “Уул баян” нэртэй дэлгүүрээс Хараа нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи нэг шилийг аваад буцаж *******ийнд очоод *******, ******* хоёртой хувааж уусан. Тэгсэн чинь ******* согтчихоод “чи одоо яв” гээд намайг хөөж туугаад байсан. ******* ч гэсэн эхнэртэйгээ нийлээд хөөгөөд байхаар нь би “та хоёртой муудалцаад яахав ээ, үхэх гэж байгаа юм шиг ганц юм аваад өг гэж гуйж гуйчихаад сүүлд нь хөөгөөд байх юм. Би явлаа, явлаа” гээд гараад явсан. Тэгтэл ******* пизда минь зайл гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би явлаа, дахиж танайхаар орохгүй гэсэн чинь ******* буцаад гэр лүүгээ орох шиг болсон. Тэгээд хашааны хаалгаар гарах гэж явтал ******* араас ирээд “пизда минь зогсож бай чи” гэхээр нь эргээд харсан чинь гарт нь юм харагдахгүй байсан. Гэхдээ баруун гараа унжуулчихсан явсан би хутгатай байсныг нь мэдээгүй, хутгыг нь хараагүй юм. Тэгээд би эргэж хараад алхах гэсэн чинь араас хатгачихсан ба миний зүүн сугыг дагаад цус урсаад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

3. Гэрч А.*******ийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 19 цаг 30 минутын орчимд манай эмээ Цэрэнням нь манайд ирээд *******ийн гэрт хүмүүс зодолдоод нэг нэгийгээ хутгалчихлаа. Цус нь гоожоод байна, эмээ нь айгаад танай гэрт хүрээд ирлээ гэсэн. Ингээд би юу болсныг нь мэдэх гээд өвөөгийнхөө гэрт очсон чинь хашааны гадна цагдаа нар ирчихсэн байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

4. Гэрч Д.*******гийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэдэн цагийн орчимд болохыг нь тодорхой санахгүй байна. Манай нөхөр *******, ******* гэх хүний хамт гэртээ ирсэн ба тэр хоёр хоёулаа архи уучихсан байсан. Ирэхдээ Хараа нэртэй 0.5 литрийн шилтэй архитай ирсэн. Тэр архийг нь *******, ******* бид гурав хувааж уусан ба архи ууж байхдаа ******* гэдэг хүн манай нөхөр *******т “би *******гоо авч сууна” гээд байсан. Тэр үгэнд нь манай нөхөр ******* уурлаад, тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би гараад аав Дансрангийнд ороод сууж байтал ******* араас цусаа гоожуулаад ороод ирсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

5. Гэрч М.гийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн орчим ******* хүнд хутгалуулаад цус алдаад ирлээ гэж намайг дуудсан юм. Намайг эмнэлэгт очиход шингэн залгуулаад хэвтэж байсан ба гар хөл нь даарчихсан, царай зүс нь их цонхигор, жаахан халамцуу байсан. Би өөрийн төрсөн дүү болох М.*******ээс өөрөөс нь асуухад *******ийн ******* намайг хутгалчихсан юм, яг юунаас болж маргаснаа санахгүй байна гэж хэлсэн. ******* хэлэхдээ ******* хутга барьчихаад хатгах гээд хоёр удаа зангаад байхаар нь би зугтаагаад гарах гэтэл араас хатгачихсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13437 дугаартай: М.*******ийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч  Ц.*******ийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн ******* сумын төвд манай гэрт ******* бид хоёр архи уусан юм. Архи ууж байгаад унтаад орой сэрэхэд ******* байхгүй байсан. ...Би *******ийг хутгаар хатгасан талаар санахгүй байгаа юм. Гэхдээ манай эхнэр болон ******* нарын хэлж байгаагаар намайг хутгаар хатгасан гээд байгаа юм. Би согтоод өөрийн ухаангүй байх үедээ хутгаар хатгачихсан юм шиг байна лээ. ...*******ийг хотод байхад нь 450.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, хэргийн газрын нөхөн үзлэгийн  болон хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-23 дахь тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн модон иштэй хутга зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон биет нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч М.*******, гэрч А.*******э, Д.*******, М. нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга зэрэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ М.*******ийн цээжин тус газарт нь хутгаар хатгаж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 13437 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч М.*******ийн цээжин тус газарт үүссэн хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн хатгах, зүсэх үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл нь Ц.*******ийн хутга, мэс хэрэглэсэн үйлдлээс үүдэлтэй ба  хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж үзэх бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.*******ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.  

Шүүгдэгч Ц.*******ийн бусдын бие, эрх чөлөөнд хутга мэс хэрэглэж халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ц.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч М.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн замын зардал 421.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн зардал 413.000 төгрөг буюу нийт 834.000 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг ирүүлсэн байх ба /хавтаст хэргийн 81 дэх тал/ хохирогч М.*******ийн шүүхэд ирүүлсэн бид эвлэрэн хэлэлцсэн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар, хүсэлтийн эх сурвалж нь шүүгдэгч Ц.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 550,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд төлсөн, үлдэх 284,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.*******аас 284,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.*******д олгож, хохирогч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ц.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 73-79 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн ******* сумын Сүүж багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь 45 настай, Булган аймгийн ******* сумын дөрөвдүгээр багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын торгох ялын төрлийг сонгож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан оногдуулах ял шийтгэл нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн шаргал өнгийн модон иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* хараат овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 284,000 /хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн ******* сумын Доргонт 3 дугаар багт оршин суух Миеэгийн ******* /РД:ГД81110572/-д олгож, хохирогч цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн шаргал өнгийн модон иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД