Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Ч.*******,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох эрүүгийн 2215001900177 дугаартай, 163/2022/0246/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ******* хотод 1999 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, ******* хот, ******* дүүрэг, ** дугаар хорооны *** тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* хотод үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-д засалчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 23 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг *** буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт хөзөр тоглож байсан Ч.*******тэй маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь арван нэгдүгээр шүдний уналт, арван хоёр, хорин нэгдүгээр шүдний ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215001900177 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Булган аймагт барилгын ажил эрхлэхээр ирсэн Ч.*******, Д.*******, А.******* нарын залуучууд нь 2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Булган буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн хөзөр тоглож байхдаа Ч.******* нь н.той “хөзөр булхайцаж тоглолоо” гэх шалтгаанаар маргах үед А.******* тэдний дундуур орж Ч.*******ийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь арван нэгдүгээр шүдний уналт, арван хоёр, хорин нэгдүгээр шүдний ганхалт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээнд зааснаар хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.*******ийн өгсөн: Шүүгдэгч А.*******ын үйлдлийн улмаас шүд унаж, хөдөлгөөнтэй болсон. Хохирол дээр эвлэрч  2.500.000 төгрөг гаргуулахаар тохиролцсон, гэрээнд заасан хугацаанд төлнө гэсэн. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ч.*******ийн өгсөн: Би найз *******, нарын хамтаар ******* хотоос *** аймагт барилга барих ажлаар 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ирээд Булган буудалд байрласан. Биднийг ирэхэд хамт ажиллана гээд хоёр хүн ирж буудалд байрласан байсан ба өөрсдийгөө *******, гэж танилцуулсан. Бид нар танилцаад хоёр шил хар Экс нэртэй архи авч уусан. Архи ууж байхдаа бид нар хөзөр тоглохоор болсон ба хөзөр тоглож байтал манай найз хөзрөө булхайцаж тоглоод байхаар нь би т хандаж “чи одоо болиоч дээ” гэж хэлээд той маргалдсан. Гэтэл ******* гэх залуу бидний дундуур ороод над руу “чи муу хар бацаан” гэх мэтээр дайрч доромжилсон. Тэгтэл манай найз ******* “одоо боль” гэж хэлэхэд ******* гэх залуу манай найз *******ийн нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгэхээр нь “одоо боль” гээд намайг салгах гэтэл ******* гэх залуу нь миний нүүр лүү нэг удаа толгойгоороо мөргөсөн. Намайг мөргөснөөс болоод миний үүдэн нэг шүд хугарч унасан. Мөн хажуу талын үүдэн хоёр шүд хөдөлсөн. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн. ...Би шүдээ эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Миний үүдэн нэг шүд унасан. Уг шүдний оронд эрүүнд өрөмдөж суулгадаг имплант гэх жинхэнэ мэт шүд байдаг юм билээ, тэр шүдийг суулгах ба үнэ нь 2,500,000 төгрөг орчим байдаг. Мөн ******* хотоос ирж буцах унааны зардалд 300,000 төгрөг зарцуулсан, дээрх зардлуудыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

4. Гэрч Д.*******ийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр барилгын ажил хийхээр ******* хотоос Булган аймагт ирсэн. Бид нарыг ирэхэд Булган буудлын нэг өрөөнд байрлуулж, биднийг ирэхээс өмнө хоёр залуу ирсэн байсан ба бид тав амьдрахаар болсон. Хотоос гарахдаа нэг шил архи авсан байсан ба түүнийгээ бид дөрөв хувааж уусан. архинаас огт уугаагүй. Архийг ууж дууссаны дараа ******* архинд гарч дахин нэг шил архи авчирсан ба архиа уунгаа хөзөр тоглосон. Хөзөр тоглож байхад булхайцаж тоглоод байсан ба ******* “чи яаж тоглоод байгаа юм бэ?” гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл ******* тэр хоёрын дундуур орж маргалдсан ба *******, ******* нар маргалдаад бие биенийгээ хараалын үгээр дайраад байсан. Би салгах гэж очоод *******ыг нүүрэн тус газарт нь цохиход ******* зөрүүлээд намайг нэг удаа цохисон. Ингээд миний хоолойг боож газарт унагахад , нар ирж салгасан. Тэгтэл *******, ******* нар ноцолдож байгаад ******* өрөөнөөс гараад гүйсэн. Эргэж орж ирээд *******ийг заамдаж байгаад толгой хэсэг рүү нь мөргөж ор луу унагаасан. ******* босч ирээд миний шүд уначихлаа гэхэд амнаас нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

5. Гэрч Э.ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ******* хотоос ажил хийхээр Булган аймагт ирсэн ба Булган буудалд байрласан. Ингээд хамт ажиллаж, амьдрах хоёр залуутай танилцсан. Ингээд бид нар танилцсаных гээд хамт архи ууж, хөзөр тоглохоор болсон. Хөзөр тоглож байхад маргаан болсон. ...Би саадаар явж байгаад өрөөндөө орж иртэл *******ыг *******, ******* нар газарт унагаагаад дээрээс нь зодож байхаар нь би салгасан. Тэгтэл ******* гээд залуу миний шүд хугарчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

6. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 503 дугаартай: Ч.*******ийн биед 11 дүгээр шүд унасан, 12, 21 дүгээр шүдний ганхалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5% байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч  А.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаа дуусгаад амрах гээд өрөөндөө байж байтал бид нартай хамт ажиллана гээд гурван залуу ******* хотоос ирсэн. Би тэр гурвыг тосож аваад буудлын өрөөнд авч ирсэн. Би усанд орчихоод буцаад өрөөндөө орж ирэхэд *******, , ******* нар Хар экс нэртэй 0,75 литрийн архи уугаад сууж байсан. Хажууд нь манай хүргэн дүү байсан ба архи уугаагүй сууж байсан. Тэгэхээр нь би архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй шүү гэж хэлэхэд чимээгүйхэн архи уучихаад бүгдээрээ унтацгаая гэж хэлсэн. Тэгээд надад аягалж өгсөн. Би тухайн архийг тэр гурван хүнтэй хамт ууж дуусгасан. Ингээд архи ууж дуусаад ******* гэх залуу нь ахиад нэг архи аваад ууя гэхээр нь би ах нарт ганц шил архи авч өгье гэж хэлээд нэг шил хар Экс нэртэй 0,75 литрийн архи авч өгсөн. Уг архийг *******, , ******* бид дөрөв хувааж уусан. Архи уух үедээ бид нар хөзөр тоглохоор болсон. Хөзөр тоглож байгаад ... гэх залуу нь хожсон. Тэгтэл ******* руу дайраад чи ганц хөзөртэй гэдгээ надад яагаад хэлээгүй юм бэ? гээд хоорондоо маргалдаад байхаар нь би та нар буудлын өрөөнд маргалдаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл ******* гэх залуу нь чамд хамаагүй шүү гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ, буудлын хүмүүс орж ирээд байна, одоо боль гэж хэлтэл ******* гэх залуу нь над руу дайраад байхаар нь би *******ыг цааш нь түлхсэн. Тэгтэл цаана зогсож байсан ******* гэх залуу нь гараараа миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би цаашаа бай гээд цээж хэсэг рүү нь гараараа түлхтэл ******* хойшоо газарт унасан юм. Би буудлын өрөөнөөс гараад Булган буудлын урд талын сааданд сууж байтал гэх залуу саадны урд талд алхаж байсан ба намайг одоо өрөөндөө оръё гэхээр нь би орохгүй гээд гадаа үлдсэн. Намайг буцаад өрөөнд ороход чи одоо яагаад байгаа юм бэ ахын дүү гэхээр нь би ахаа одоо больчих гэж хэлсэн. Тэгтэл , *******, ******* нар над руу дайраад намайг газарт унагаагаад зодсон ба салгасан. Би газраас босоод шууд буудлын өрөөнөөс гараад явсан, ...нэлээн удсаны дараа манай хүргэн над дээр ирээд одоо гайгүй болчихлоо өрөөндөө оръё гэж хэлэхээр нь би буцаад өрөөндөө ороход *******, , ******* нар унтаагүй байсан. Ингээд бид нар буудлын өрөөнд нилээн удаан маргалдаж байгаад би уурандаа ******* гэх залууг толгойгоороо нэг удаа нүүр хэсэгт нь мөргөсөн. ******* гэх залуу миний шүд хугарчихлаа, цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.*******, гэрч Д.*******, Э. нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч А.******* нь 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Булган буудалд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт хөзөр тоглож байсан Ч.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 503 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Ч.*******ийн нүүрэн тус газартаа мөргүүлсний улмаас арван нэгдүгээр шүдний уналт, арван хоёр, хорин нэгдүгээр шүдний ганхалт бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.  

Шүүгдэгч А.*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардал болон замын зардалд нийт 3,100,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд /хавтаст хэргийн 54 дэх тал/ шүүхэд хэрэг хянагдаж байх явцад  шүүгдэгч, хохирогч нар нь хохирлын дүн дээр эвлэрэн хэлэлцэж хохирогч Ч.******* нь гэм хорын хохиролд 2,500,000 төгрөгийг гаргуулахаар, шүүгдэгч А.******* нь хохирлыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн эвлэрлийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулж, гэрээг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч А.*******оос 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******д олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч А.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 48-49 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь 23 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ******* хот, ******* дүүрэг, 12 дугаар хорооны Булгийн 16-739 тоотод оршин суудаг, ******* хотод үйл ажиллагаа явуулдаг ******* ХХК-д засалчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг богино хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр нийслэлийн ******* дүүрэгт оршин суух бүртгэлтэй хэдий ч Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ******* хязгаарлагдмал хувьцаат компанид хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан оногдуулах ял шийтгэл нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нарын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд зааснаар шүүгдэгч А.*******оос 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны 6-67 тоотод оршин суух Чулуунбатын ******* /РД:УХ90041198/-т олгож, шүүгдэгч хохирлыг гэрээ байгуулагдсанаас хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөө илэрхийлснийг дурдсугай.

6. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               С.ЦЭРЭНХАНД