| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00449/И |
| Дугаар | 155/ШШ2019/00812 |
| Огноо | 2019-10-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2019/00812
| 2019 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2019/00812 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************* багт оршин суух, Боржгон овогт Э-ийн Г /************ /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын *************** багт оршин суух, Д овогт М.Б /************ /-д холбогдох
хүүхдийн асран хамгаалагч өөрчлүүлэх тухай 155/2019/00449/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Э.Г , хариуцагч М.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Г миний бие 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тус шүүхийн 1354 дугаартай шүүхийн шийдвэрээр М.Б тай гэр бүл болсон гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүү Г.И /2007-10-17-нд төрсөн, одоо 12 настай, ЕБС-ийн 6-р ангид сурдаг/, охин Г.Е /2009-03-19-нд төрсөн, одоо 10 настай, ЕБС-ийн 4-р ангид сурдаг/ нарыг ээжийнх нь асрамжинд үлдээсэн. Одоо Б нь Б /Сугар гэж дууддаг/ гэж хүнтэй суусан, дундаасаа 1 хүүхэдтэй, 3 настай гэсэн. Ингээд өнгөрсөн 8 жилийн хугацаанд би хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах боломжгүй байсаар өдийг хүрсэн. Гэрлэлт цуцалсанаас хойш хүүхдүүдийг маань Б надтай уулзуулахгүй, уулзах гээд очихоор талийгаач аав Мөнхжаргал /цагдаад ажилладаг байсан/ нь цагдаа дуудаж өгч дарамт үүсгэх, эсвэл Б нь хэрүүл маргаан үүсгэж, хэл ам хийж, хүүхдүүдийнхээ овгийг нь өөрчлөнө, чамтай уулзуулахгүй гэдэг байсан. Ингээд би сүүлийн жил гаран бол том хүү Итай огт уулзаагүй, утсаар хааяа ярихаараа эмээ, ээжээсээ нууцаар ярьдаг гэж хэлдэг. Харин охин Е тэй сургууль дээр нь очиж нууцаар л уулзах боломж гардаг байсан. Мөн өнгөрсөн 8 жилийн хугацаанд хүү Г.Иыг маань Б өөрөө асран хамгаалахгүйгээр Рашаант суманд өөрийн ээжийнд ээждээ хань болгох зорилгоор байлгаж, харин охин Г.Е г өөрөө авч байсан. Гэтэл сая хичээлийн амралт эхэлсэн өдөр охин Г.Е нь ээжийгээ Цагаан-Үүр сум руу шилжиж ажиллах болоод сургуулийг нь шилжүүлж байгааг мэдээд аавтайгаа уулзаж чадахгүй болох юм байна гэж айгаад ээждээ захиа бичиж үлдээгээд манай ахынд ганцаараа гүйгээд очсон байсан. Ингээд ах маань над руу залгаад охин чинь ингээд хүрээд ирлээ гэхээр нь охинтойгоо ярьсан би таньтай баймаар байна, ахиж гэртээ очихгүй гээд уйлаад байхаар нь би хотоос ирсэн. Гэтэл охин маань Билгүүнээ гээд Б ын төрсөн дүүгийнд байхдаа захиа бичиж үлдээгээд ганцаараа манай ахынд ирсэн байсан. Тэр үеэр том хүүг Рашаантаас аваад ирсэн болохоор хүүхдүүдийн амралт таарсан учир ээжтэй ньь зөвлөлдөөд хоёр хүүхдээ Улаанбаатар хотруу хэсэг хугацаагаар авч явсан. Би хүүхдүүдтэйгээ өмнө нь ч одоо ч уулзах үед дандаа л аавтайгаа хамт амьдармаар байна гэж хэлдэг. Ингээд сургууль орох болоод хотоос ирээд ээжид нь өгөх гэтэл энэ удаа хоёр хүүхэд маань яасан ч явахгүй, аавтайгаа байна гээд надаас салахгүй байгаа болно. Ирэх 7 хоногт хүүхдүүдийн сургууль орох гэж байгаа тул хүүхдүүдийнхээ сургуулийг таслахгүй гэсэндээ Мөрөнд ирсэн боловч хүүхдүүд маань ээж рүүгээ явахгүй гээд уйлаад байх юм. Одоо Б Цагаан-Үүр сумын Төрийн банкны эрхлэгчээр томилогдсон бөгөөд хүүхдүүдээ өөр дээрээ авна гээд сургуулийг нь шилжүүлсэн гэхээр нь Цагаан-Үүр рүү явуулах гэсэн боловч хүүхдүүд маань үнэхээр явахгүй гэж байгаа тул би хүүхдүүдийнхээ эрх ашгийн үүднээс хүүхдийн асрамжийн асуудлыг дахин шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна.
Мөн өнгөрсөн хэд хоногт хүүхдүүдтэйгээ байхад 2 хүүхэд маань ээжийн нь анхаарал халамж сул, том хүүг маань огт өөрөө хараагүй, эмээ нь үргэлж загнаж байдаг, охиныг маань үл хайхарч, шинээр төрсөн хүүхдээ л гэдэг, ээж, Сугар ах 2 намайг тоодгүй, Сугар ах намайг сургуулиасаа шагнал аваад ирэхээр гутлын тавиур луу түлхэж унагасан, ээж намайг Сугар ахыгаа аав гэж дууд, чиний аав мөнгө өгдөггүй учир аавтай чинь уулзуулахгүй гэж хүүхдийг загнаж, айлгасан мөн овгийг чинь солино аавтайгаа баймаар байна гэхээр тэгвэл ээжгэйгээ та нар хэзээ ч уулзахгүй шүү гэх зэргээр өөрийнхөө үзэл бодолыг 2 хүүхдэд хүчээр тулгасан, мөн хүүхдийн дэргэд Б ын нөхөр Б нь архи ууж ирээд хэрүүл маргаан хийдэг, бүдүүлэг үг хэллэг хэлдэг талаар хэлж байна. Би том хүүгийнхээ сургууль, багшаас нь тодорхойлолт авахад хүүг маань аав, ээжийн хайр халамж дутуугаас бүрэг дуугүй, ганцаардсан, уйламхай байдаг, хичээл сурлагадаа муу байсан зэргийг хэлж байна.
Хүүхдүүдийн амьдрах орчины хувьд одоо Цагаан-Үүр сум руу Б нь өөрийн гэсэн орон байргүй, ажлын шаардлагаар томилогдон очиж байгаа тул албаны байранд хүүхдүүдээ байлгах болж байгаа, мөн дүү Билгүүний хэлж байгаагаар 2 хүүхдээ авч очиж өөртөө хань болгох, дүүгээ харах шаардлагатай байгаа учир авч явахаас өөр арга байхгүй гэж хэлсэн.
Энэ нь хүүхдүүдийн эрх ашиг бус харин ч хүүхдүүдийг хэн нэгэнд хэрэгтэй учир сурч буй сургууль, амьдарч буй орчинг нь өөрчлөх, аавтай нь уулзуулахгүй байх гэсэн зүйлийг тулгаж байгааг харуулж байна. Том хүүг маань ч гэсэн эмээдээ хань бол, эмээгээ асар гэх байдлаар өнгөрсөн хугацаанд эмээтэй нь байлгасан нь хүүгийн маань эхийнхээ хайр халамжаас хол, тийм зүйлийг мэдрэхгүй өсөхөд хүргэсэн байна. Би өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ гэр бүлдээ болсон таагүй зүйлийг ярих гэхээр нь битгий тэгж бай, ярьж болдоггүй юм гээд хүүхдүүдээ надад элдэв зүйл яриулахгүй байхыг хичээж байсан ч энэ удаа арай удаан хугацаагаар хамт байгаад ээж рүүгээ явахгүй гээд уйлаад байхаар нь яг юуны учир явахгүй гээд байдаг юм бол гээд арга буюу бүхий л сэтгэлийн шаналал, зовиур, эмзэглэлийг нь сонсохоос өөр аргагүйд хүрлээ. Цаашид би хүүхдүүдээ ёс суртахуун, хүмүүжил, сурлагад нь сөргөөр нөлөөлөх, хүүхдийг үл ойшоосон, сэтгэл зүй биеийн хүчирхийлэлтэй, хүүхдийг өөрсдийг нь хамгаалах, хань болох хэрэгсэл гэж үзэж ханддаг, хүүхэдтэй зүй бус харьцдаг, хүүхдээ биечилж асардаггүй ээж М.Б болон түүний ээж, дүүгийнх нь асрамжинд үлдээмээргүй байна.
Иймд би хүү Г.И, охин Г.Е нарыг ээж М.Б ын асрамжинд байсныг өөрчлилж миний асрамжинд тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь хэрүүл хийж байж хүүхдүүдийг минь надтай уулзуулдаг. Хариуцагчийн эрэгтэй дүүгийн нь эхнэр их ухаантай юм билээ. Миний охиныг надтай ээжид нь хэлэхгүйгээр уулзуулж байсан. Охин маань эгч надад цаг өгсөн, цагтаа очихгүй бол эгч уурлаж би дахин аавтайгаа уулзаж чадахгүй болно гэж хэлж байсан. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант суманд хүүхдүүдээ эмээ дээр нь байж байхад уулзах гэж очихоор хадам ээж маань уулзуулдаггүй юм. Би хоёр хүүхдээ ийм амьдралыг туулж байгаад өрөвдөөд байна. Би хэлэх гэсэн зүйлүүдээ мартчихлаа. / уйлав / Мөн хойд аав нь миний хүүхдийг гутлын тавиурлуу түлхэж унагаасан байсан. Яагаад гэхээр шагнал аваад ирэхэд нь баяр хүргэсэнгүй гэж тэгж байгаа юм. Би энэ асуудлуудыг сонсоод энэ хүүхдүүдийн төлөө хаана хандахаа мэдэхгүй өмгөөлөгчөөс зөвлөгөө авч шүүхэд хандаж хүүхдийн асрамж өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Би хүүтэйгээ утсаар ярьж байхад хүү маань би аавтайгаа хамт байж болох уу гэж ээжээсээ асууж байгаа юм. Тэгтэл М.Б нь юу яриад байгаа юм гээд хүүг маань загнаж байсныг би утасны цаанаас сонсож байсан. Би энэ бүгдийг хүүхдийнхээ төлөө хийж байгаа юм. ... Би мууч сайнч энэ хүүхдүүдийн төрсөн эцэг нь болохоор сургаж хүмүүжүүлэх нь миний үүрэг юм... Миний хоёр хүүхэд одоо ухаан суусан байгаа. Бид хоёрын хэн нь ямар хүн бэ гэдгийг хэлэх байх. Миний хоёр хүүхэд аавтайгаа баймаар байна гэж хэлэхээр нь би шүүхийн байгууллагад хандсан юм. Энэ бол хүүхдүүдийн маань хүсэл юм. Энэ хоёр хүүхэд аавыгаа таньдаг. Тэгтэл хариуцагч нь аавтай нь уулзуулдаггүй. Энэ хүүхдүүд аавыгаа их санаж байгаа. Мэдээж хүүхдүүд маань аавтайгаа байхад үргэлж сайхан байхгүй. Тэгэхдээ би энэ хүүхдүүдийн төрсөн аав нь учраас хатуурхаж хандахгүй хичээл сурлагад нь анхаарч явах болно. Миний том хүүхэд өнгөрсөн хугацаанд эмээтэйгээ амьдарсаар ирсэн. Хариуцагчтай хамт амьдраад удаагүй байгаа.
Хүүгээ би одоо авч, охиноо харин ээжтэй нь үлдээе гэж бодож байна. Эмэгтэй хүүхэд юм чинь ээжтэйгээ одоохондоо байх нь охинд минь хэрэгтэй юм уу гэж бодож байна ...гэв.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Б миний бие 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдөр тус шүүхийн 1354 дугаартай шүүхийн шийдвэрээр Э.Г той гэрлэлтээ цуцлуулсан. Э.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхдийн асрамжлагч тогтоолгох нэхэмжлэх гаргажээ. Үүнд тайлбар өгөхөд:
1. Найман жилийн хугацаанд уулзуулахгүй байсан гэдэг бол огт худлаа. Өмнөх жилүүдэд хүүхдийнхээ тэтгэмжийг өгөх талаар утсаар ярихад Гуйлгачин авгай, дандаа мөнгө нэхэж байдаг. Янхан гичий минь чамд би мөнгө өгөхгүй гэх мэтчилэн элдвээр хараалгуулж байж 8 дугаар сарын 31-ний өдөр арай гэж авдаг байлаа. Тэгээд дутуу авна. Үлдсэнийг нь 11 сард өвлийн хувцас авах шаардлагатай байна гэж байж бас л хэл үгтэй авдаг. Шүүхийн шийдвэр дээр сар бүр өгөх ёстой гэж заасан байдаг боловч хэзээ ч сар бүр авч байгаагүй. Өнгөрсөн 2018 онд Э.Г нь хүүхдийнхээ тэтгэмжийг өгөлгүй жилийн эцэс буюу 12 сар хүргэсэн. Хүүхдийн тэтгэмжийг авахаар утсаар ярихаар сүүлдээ хэрүүл болоод элдвээр хараалгаад авч чадахгүй байсаар 11 сард Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж нилээд хөөцөлдөж байж ШШГАлбаар дамжуулан 2018 оны 12 сараас эхлэн дансаар дамжуулан авч байна. Э.Г нь өөрийн хүүхдүүдийнхээ болон шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж эрхээ эдлэж, хүүхдүүдтэйгээ уулзахыг шаардаж байнга хэрүүл хийдэг. 2018 онд миний зүгээс Э.Г т үүргээ биелүүлж хүүхдүүдийнхээ тэтгэмжийн мөнгийг өгсөний дараа уулзах шаардлага тавьсан. Гэвч энэ нь амжилтгүй болж огт тоохгүй байсаар ШШГГазарт хандсан билээ. Өмнө онуудад хэдийгээр хэл үгтэй мөнгөө өгдөг ч гэлээ хүүхдүүдээ хүссэн үед уулзуулдаг байсан. Сургууль амарсан үеэр нь өгч явуулдаг байсан. Г ийг хүүхдүүдтэйгээ уулзах гээд очиход нь миний аав Мөнхжаргал цагдаад дуудаж өгч байсан удаа огт байхгүй юм. /Ийм зүйлд талийгаач болсон хайртай аавын минь нэрийг дурьдан худал бичсэн нь тун харамсалтай/
2.Мөн том хүү Иын хувьд эмээтэйгээ байх болсон шалтгаан нь Би 2015 оны 7 дугаар сард хүүхдүүдийн хамт Мөрөн суманд шилжин суурьшсан бөгөөд хүүхдүүдээ нилээд хөөцөлдөж байж Улсын тэргүүний 3 дугаар сургуульд охин Е г Ганцэцэг багштай 1д ангид, хүү Иыг Оюун багштай 3б ангид оруулсан. Ингээд хичээлдээ хэвийн явж байгаад 2 дугаар улирлын амралтын өмнө багштай нь уулзахад багш нь Иыг сүүлийн 2 улирал дараалан улсын шалгалтан дээрээ хоосон цаас өглөө гэж хэлсэн. Хүүтэйгээ ярилцаж учир байдлыг тодруулахад шинэ ангийнхаа хүүхдүүдтэй дасахгүй байна. Өмнө нь сурч байсан Рашаант сумынхаа ангид сурмаар байна гэж хэлсний дагуу хүүгээ эмээтэй нь хамт амьдруулж хуучин ангид нь сургахаар болсон. Миний аав Г.Мөнхжаргал 2015 онд өнгөрсөн ч гэлээ миний ээж Солонгос ажилч, хичээнгүй, их хөдөлмөрч, хөдөлгөөнтэй хүн бөгөөд одоо 63 настай ануухан хүн байдаг. Мөн ээжтэй хамт миний ах Б , эхнэр 4 хүүхдийн хамт нэг хашаанд амьдардаг. Хүү И 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл 3 жил л эмээтэйгээ хамт амьдарч, хуучин ангидаа суралцсан бөгөөд ээжийгээ асруулахаар найман жил байлгасан гэдэг огт худал зүйл юм.
3. Охин Е гийн 2 дугаар улирлын хичээл тарж, амралт эхлэхэд нь Цагаан-Үүр суманд 2 сар шилжиж сурахаар боллоо гэж хэлэхэд ихэд дурамжхан би энэ ангидаа Мөрөнд сурмаар байна. гэхээр нь шалтгааныг нь асуухад найзалдаг 6 охин байдаг тэд нараасаа хол найзгүй болох юм байна гэж айсан гэж тайлбарласан. Тэрнээс биш аавтайгаа хамт байхаар явахгүй гэсэн шалтгаан биш байсан. Хичээлийн 3 дугаар улирлын амралтаар аав Г нь хот руу аваад явмаар байна гэхээр нь хүүдүүдээ өгөөд явуулсан. Гэтэл хотод байх хугацаанд хүүдүүдийг чихэр жимс элдвээр хууран ятгаж аавтайгаа хамт хотод сургуульд сурья гэж надтай утсаар яриулан хүүхдүүдэд утасны цаанаас одоо тэгж хэл, одоо ингэж хэл гэх мэтчилэн үг зааж өгч байгаа нь сонсогдож байсан. Мөн хүүхдүүд аав дээрээ оччихоод ирэхдээ их сонин сэтгэлийн хямралтай, дарамтанд орсон байдалтай, үг дуу цөөтэй болж ирсэн байсан. Хүүхдүүдтэйгээ нилээн тайвширсных дараа ярилцахад миний хүү Иыг "чи бол наад гэр бүлдээ хэрэггүй, илүүц хүүхэд гэж хэлэн ятгасан байсан. Охин Е д хойд аавтай холбоотой элдэв муу мэдээлэл ярьж ятган миний нөхөр Б ыг дахин аав гэж битгий дуудаарай гэж хэлсэн байсан. Миний сүүлд суусан нөхөр Б бол зөөлөн сэтгэлтэй миний 2 хүүхдийг өөрийн хүүхэд мэт хайрлана гэж амлан надтай амьдарч байгаа залуу юм. Хаан банкинд ажиллаж байгаад одоогоор амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр Солонгос улсыг зорин ажиллахаар явсан байгаа. Одоогийн нөхөр Б хүүхдүүдэд минь сайн ханддаг. Төрсөн өдөр, шинэ жил зэрэг баяр ёслолыг хүүхдүүдэд минь байнга тэмдэглэж өгдөг. Тэгэхэд төрсөн аав Г нь хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг огт тэмдэглэж өгч байгаагүй. Баярын нь өдөр утсаар ч ярьдаггүй. Цэцэрлэг, сургуулиас зохиосон арга хэмжээнд нэг ч удаа оролцож байгаагүй юм. Хэлэхээр завгүй, би төрсөн өдөр тэмдэглэж мэддэггүй гэсэн тайлбар хэлдэг.
4. Миний Цагаан-Үүр суманд томилолтоор ажиллах болсон шалтгаан нь: Би өмнө нь Төрийн банкны Рашаант тооцооны төвд 9 жил тооцооны төвийн захирлаар ажиллаад 2015 онд Мөрөн шилжиж 2016 онд бага хүүгээ төрүүлэн гэртээ сууж 3 жил болсон. Төрийн банкинд ажиллаж байх хугацаандаа 5-н жил шилдэг ажилтанаар шалгарч банкнаасаа шагнал, өргөмжлөл авч байсан мөн Аймгийн ЗДТГ-ын "Баярын бичиг", Сангийн яамны "Жуух бичгээр шагнагдаж байсан. Ажилдаа эргэж орох болоход тухайн үед Салбарын захирлыг орлон ажиллаж байсан М.Бат-Эрдэнэ болон Харилцааны ахлах мэргэжилтэн Л.Баасансүрэн нар Цагаан-Үүр тооцооны төвд ашиглангийн шинжтэй үйлдэл гарч ажилчид нь халагдсан. Үйл ажиллагаа нь их доголдсон байгаа тул туршлагатай сайн тооцооны төвийн захирал хэрэгтэй байна, 6 сар томилогдож ажиллаж өгөөч гэж хүсэлт тавьсан. Цагаан-Үүр суманд амьдардаг ах, дүү нартайгаа ярихад амьдрах байшин, түлээ модыг нь бэлдээд өгье хүрээд ирээ гэсэн. Ингээд саналыг хүлээн авч 2019 оны 3 дугаар 18-ны өдөр Цагаан-Үүр сумын ажлаа хүлээж авсан. Энд 6 сар ажиллаад буцаад Мөрөн сумандаа очиж ажиллах тул энэ бол түр зуурын шилжилт юм. Байшингийн хувьд Цагаан-Үүр суманд хамаатны эгчийнхээ тавилгатай байшинд хүүдүүдийнхээ хувцас, хөнжил, ойр зуурынхаа хэрэгсэлийнхээ хамт нүүн ирж суурьшсан. Хамаатнууд маань түлээ мод бэлтгэж өгсөн байгаа болно.
5. Нөхөр Б /Сугар-гэрт дууддаг нэр/ бид хоёрыг хүүхдүүдээ огт хайхардаггүй, шагнал аваад ирэхээр гутлын тавиур луу түлхэж унагасан гэж огт худал бичсэн байгаа нь гүтгэлгийн шинжтэй бичсэн байна. Би 3 хүүхдээ яг ижил тэгш эхийн хайраар хайрладаг. Аль нэгийг нь дутуу хайрласан удаа надад байгаагүй. Хүү Иыг 3 настай, Охин Е г 1 ой гарантай байхад нь л салж нөхөргүй ганц биеэр зүтгэж 2 хүүхдээ эрүүл саруул өсгөж өдийг хүргэсэн. Энэ хугацаанд салсан нөхөр Э.Г нь дэм тус болох нь битгий хэл согтуу ирж агсам тавьж, гэрийн ширээ, сандал, сав суулга эвдэн агсам тавьж байхад одоогийн нөхөр Б ирж хамгаалан энэ эмэгтэйг чи өмгөөлж хамгаалах хүнгүй гэж дээрэлхэж байна уу. Хамгаалан хүн бий шүү гэж хэлж байж болиулсан удаатай. Хүүхдүүдийн хувьд амьдрахад хүнд хэцүү зүйл огт байхгүй, хичээл сургуульдаа хэвийн явж, аз жаргалтай цовоо сэргэлэн хэвийн амьдарч байгаа болно. Харин аав Г тойгоо уулзаад ирэхээрээ л зан араншин нь хэвийн бус болж дарамтанд өртсөн айсан байдалтай болж ирдэг байсан. Хүүхдүүдээ аав Г ийн асрамжинд өгч болохгүй дараахь шалтгаануудыг дурьдвал:
1.Бид 2007 оны намар хүү Иыг төрсөний 1 сарын дараа гэрлэсэн. Эхний хоёр жилийн хугацаанд амьдрал хэвийн байсан боловч 2009 оны намраас эхлэн ааш араншин нь илт хувирч ам муруйвал гар далайдаг болж 2010 оны намраас хардан хэрүүл хийж эхэлсэн. Ингээд 2011 оны хавар тооцооны төвийн эрхлэгч нарын сургалт болж би "Шилдэг тооцооны төвийн эрхлэгч"-ээр шалгаран шагналаа аваад аймгаас ирэхэд гэрээ онгорхой хаяад гараад явсан байсан. Тухайн үед хүүхдүүд эмээ, өвөөгийндөө байсан. Тэгээд гэртээ ороод галаа түлээд сууж байтал гаднаас шал согтуу орж ирээд шууд хаалгаа түгжээд гал тогооны шүүгээнээс хутга аван "өнөө шөнө чамайг алаад би шоронд орно" гэж хэлээд миний өмссөн байсан бүх хувцасыг хутгаар хэрчиж тайлсан. Надад тухайн үед ингээд нөхрийнхөө гарт алуулдаг юм байж дээ гэж бодогдож байсан. 2 хүүхдээ бодоод битгий ингээч дээ гээд гуйхад хүүхдүүд яадгийн өнчин л үлдэнэ биз гэж байсан. Ах руугаа тусламж дуудах гээд утсаа авсан боловч хүчээр утсыг минь булааж авсан. Ингээд чармай нүцгэн намайг авдарт байсан 0,75 граммтай архи ам руу цутгаад илүү гарсныг нь миний үтрээ рүү цутгасан. Тэгээд дараа нь толгой руу минь маш хүчтэй 2 цохисон. Би нэг хэсэгтээ ухаангүй байж байгаад сэрж ах руугаа залгаж тусламж дуудсан. Ах хүрч ирээд тэр 2 зодолдож ахын нүдийг тэс цохисон байсан. Үүнээс болж миний 2 нүд,нүүр тэр чигтээ хавдаж би 3 хоног хэвтэрт байсан. Энэ бол цэвэр яргалал, харгислал байсан. Одоо ч энэ тухай бодохгүй байхыг би их хичээдэг. Би 2 хүүхдээ бодоод тухайн үед ээж, аавдаа ч хэлэлгүй нуугаад өнгөрсөн.
2.Энэ явдлаас 2 сарын дараа Улаанбаатар хот руу би эмчилгээ хийлгэхээр нөхөр Г 2 хүүхдийн хамт явсан. Хотод ирээд эмчилгээгээ хийлгэчээд ээжийнхээ эгчийнд нөхөр 2 хүүхдийн хамт очсон. Орой Г ийн нэг найз нь утасдаад уулзахаар гарсан. Гараад удаагүй намайг хүрээд ир гэж дуудаад очиход бааранд нэг найзтайгаа архи уугаад сууж байсан. Намайг хажуудаа суулгаад нилээд удаан суусан. Явах гэхээр байж бай гээд суулгаад байсан. Шөнийн 3 цагийн үед баарнаас гараад эгчийндээ орох гээд хонх дараад зогсож байтал гэнэт уурлаад намайг хөндлөнгөөр маань чирээд 4 давхрын шат хүртэл явсан. Чирэгдэж явах үед миний өмсөж байсан цамцны ханцуй суга хэсгээрээ урагдаж бие маань зулгарсан байсан. Тэгээд арай гэж гараас нь мултраад шатаар буух гэтэл түлхэж унагаад шатны пильтан дээр толгойгоор минь хүчтэй 2 мөргүүлсэн. Энэ гэмтлээс болж 2 нүд минь 5 хоног юм харахаа байсан. Нүдний эмчилгээ хийлгэсэн. Ингээд энэ явдлаас хойш салж тусдаа амьдарч байгаад 9 сарын дараа гэрлэлтээ цуцлуулсан. Ямарч шалтгаангүйгээр яагаад зодсон тухай асуухаар тасарсан байсан болохоор юу ч санахгүй байна. Чи өөрөө шат руу унаа биз. Би зодсон бол бүр алах байсын гэж хэлж байсан.
3. 2008 оны хавар орой ажлаа тараад ирэхэд өөрийн төрсөн дүү болох Э.Алтанцэцэгийг/тухайн үед намайг ажилтай үед хүүг минь хардаг байсан/ толгойг нь хөх няц болтол зодчихоод өөрөө хот руу явчихсан байсан.
4.Шүүхэд гэрлэлт цуцлуулах хүсэлтээ өгсөн байх хугацаанд байнга ирж дарамтлан ээжийн минь гарыг мушгиж савх ясыг нь хугалсан, тал харвасан байсан аавыг минь түлхэж унагасан, охиноо тэврээд, хүүгээ хөтлөөд цэцэрлэгт хүргэж өгөх гээд явж байхад машинтай ирж охиныг минь булаан аваад, хүү бид хоёрыг дайрч ална хэмээн Ланд 80 маркийн автомашинаар хөөж байсан гэх мэт үйлдлүүд эрүүл болон согтуугаар гаргаж байсан.
Иймд Г бол уурласан юмуу согтуу үедээ садист авир гаргадаг, өөрийн хийж буй үйлдлээ бүрэн хянах чадваргүй, хийсэн үйлдэлдээ бүрэн хариуцлага хүлээх чадваргүй хүн юм. Өөрийн эхнэр болон төрсөн дүүдээ ийм авир гаргаж байгаа хүн цаашид хүүхдүүддээ архи уусан болон уурласан үедээ ямар ч аймшигтай авир гаргаж харгис үйлдэл хийх магадлал тун өндөр юм. Ийм хүнд хүүхдээ даатгаж удаан хугацаагаар өгч явуулах боломжгүй юм. Тиймээс хүүхдүүдээ би Г т удаан хугацаагаар өгч явуулдаггүй, өгч явуулсан үедээ би байнга санаа зовж утасаар ярьж аюулгүй байдалд нь үргэлж санаа зовдог. Хэдийгээр би өгч явуулах тун дургүй байдаг ч 2 хүүхдээ бодож л уулзуулдаг. Мөн Г нь 4-р ангийн боловсролтой бөгөөд машин барихаас өөрөөр ажил хийж амьдрах чадваргүй. Одоо хот хоорондын автобусны жолоочоор ажилладаг бөгөөд 7 хоногийн ихэнх хугацаанд замд явж өнгөрөөдөг. Хот руу хүүхдүүдээ аваад явахаараа ихэнхдээ дүү Э.Наранхүүгийнд хүүхдүүдээ орхисон байдаг. Цаашид хүүхдүүдээ өөр дээрээ авлаа гэхэд ажлын шалтгаанаас үргэлж хамт байж асран халамжилах боломжгүй юм.
Өөрийн талаар товч танилцуулахад: Миний бие айлын 2 дахь хүүхэд болон төрсөн бөгөөд 10 жилийн сургуулиа "А" үнэлгээтэй төгсөж, 2004 онд Монгол улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийг "Электроникийн инженер мэргэжлээр бакалавр, 2012 онд Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийг "Банкны эдийн засагч" мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Төрийн банкны тооцооны төвийн захирлаар 2006 оноос өдийг хүртэл ажиллаж байгаа болно. Салсан нөхөр Г той 2007-2011 оны хооронд амьдарсан. 4 жил ганцаараа амьдарч байгаад 2015 оноос одоогийн нөхөр Д.Б тай хамт амьдарч байна. 3 хүүхэдтэй 1 охин 2 хүү төрүүлэн өсгөж байгаа гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худал гүтгэлэгийн шинжтэй зүйлийг их ярьж байна. Би энэ хүнд хоёр хүүхдийг нь гаргаж өгсөн. Мөн хоёр удаа хэвтэрт ортлоо зодуулж байсан. Энэ байдлаас болоод салахаас өөр арга байгаагүй юм. Энэ хүн манай ээжийн гэрт очиж гарыг нь хугалсан учраас цагдаа дуудаж өгсөн юм. Энэ хүн байхгүй болохоор үнэхээр амгалан тайван болдог юм. Намайг нэхэмжлэгч нь зодож байснаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм. Намайг зодохдоо согтуу байсан. Би ингэж бодож байна. Энэ хүн согтуу тасарсан үедээ миний хүүхдийг зодвол яана гэж бодох юм. Мөн энэ хүн миний аавыг амьд сэрүүн байхад түлхэж унагааж байсан. Төрсөн дүүгээ хүртэл аймар зодчихоод ямар ч санаа зовсон шинжгүй яваад өгсөн байсан. Энэ хүн тэр үйлдэл болгондоо уучлалт гуйж үзээгүй. Одоо хүртэл надаас уучлалт гуйгүй байна. Би жирэмсэн байхдаа хүртэл энэ хүн үхнэ гэж машинтай хурдан давхиж байхад нь би явж байсан машинаас үсэрч байсан. Энэ хүн надтай 27 настайдаа сууж, 30 настайдаа салсан.
...Хүүхдийн сэтгэл санаа нь хямарсан зүйл байхгүй байгаа юм. Харин энэ хүүхэд нэхэмжлэгчийг дуурайсан дотогшоо нээлттэй бус хүүхэд байгаа юм. Охин бол надтай адилхан нээлттэй хүүхэд байдаг. Би энэ удаа хүүгээ аавд нь өгөхөд арай эрт байна гэж хэлмээр байна... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч М.Б д холбогдуулан өөрийн хүүхдүүд болох Г.И, Г.Е нарын асрамжийг өөрчлүүлэх тухай гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад охин Г.Е г ээжийн нь асрамжинд хэвээр үлдээж, хүү Г.Иыг өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
Хариуцагч М.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буюу хүү Г ийн Иыг асрамжилж байгаа хэвээр байна гэж маргажээ.
Нэхэмжлэгч Э.Г , М.Б нар нь 2007 онд гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болон амьдарч, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан, тэдний гэр бүлийн амьдарлын явцад хүү Г.И, охин Г.Е нар төрсөн болох нь:
Хэрэгт авагдсан;
Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Боржгон овогт Э-ийн Г , РД-РЗ81062638, Д овогт Мөнхжаргалын Б , РД-************ нарын гэр бүлд 2007 оны 7 дугаар сарын 22-нд төрүүлсэн хүү Г ийн И /РЗ07272212/-ыг 2007 оны 8 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 47-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001966 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Боржгон овогт Э-ийн Г , РД-РЗ81062638, Д овогт Мөнхжаргалын Б , РД-************ нарын гэр бүлд 2009 оны 3 дугаар сарын 19-нд төрүүлсэн охин Г ийн Е /РЗ09231900/-г 2009 оны 3 дугаар сарын 25-нд Хөвсгөл аймгийн Рашаант сумын 32-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001966 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1354 дугаартай ... ТОГТООХ нь: 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Боржигон Эрдэнийн Г , Д М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Г.И, 2009 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Г.Е нарыг эх М.Б ын асрамжид тус тус үлдээсүгэй. ... гэх шүүхийн шийдвэрийн хуулбар баримт 6 хуудас / Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар Шүүхийн архив Хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтаар,
Гэрлэлт цуцалснаас хойш хүү Г.И, охин Г.Е нар нь эх М.Б ын асрамжинд байж сургуульд сурч байгаа болох нь:
Нэхэмжлэгч Э.Г ийн шүүхэд гаргасан Э.Г миний бие 2011 оны 12-р сарын 07-ний өрийн тус шүүхийн 1354 дугаартай шүүхийн шийдвэрээр М.Б тай гэр бүл болсон гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хүү Г.И /2007-10-17-нд төрсөн, одоо 12 настай, ЕБС-ийн 6-р ангид сурдаг/, охин Г.Е /2009-03-19-нд төрсөн, одоо 10 настай, ЕБС-ийн 4-р ангид сурдаг/ нарыг ээжийнх нь асрамжинд үлдээсэн. ... гэх нэхэмжлэл,
Хариуцагч М.Б ын шүүхэд ирүүлсэн ... би хүү Иыг 3 настай, охин Е г 1 ой гарантай байхад нь л салж нөхөргүй ганц биеэр зүтгэж 2 хүүхдээ эрүүл саруул өсгөж өдийг хүргэсэн. ... том хүү Иын хувьд эмээтэйгээ байх болсон шалтгаан нь гэвэл би 2015 оны 7 дугаар сард хүүхдүүдийн хамт Мөрөн суманд шилжин суурьшсан бөгөөд хүүхдүүдээ нилээд хөөцөлдөж байж Улсын тэргүүний 3 дугаар сургуульд охин Е г Ганцэцэг багштай 1д ангид, хүү Иыг Оюун багштай 3б ангид оруулсан. Ингээд хичээлдээ хэвийн явж байгаад 2 дугаар улирлын амралтын өмнө багштай нь уулзахад багш нь Иыг сүүлийн 2 улирал дараалан улсын шалгалтан дээрээ хоосон цаас өглөө гэж хэлсэн. Хүүтэйгээ ярилцаж учир байдлыг тодруулахад шинэ ангийнхаа хүүхдүүдтэй дасахгүй байна. Өмнө нь сурч байсан Рашаант сумынхаа ангид сурмаар байна гэж хэлсний дагуу хүүгээ эмээтэй нь хамт амьдруулж, хуучин ангид нь сургахаар болсон. Миний аав Г.Мөнхжаргал 2015 онд өнгөрсөн ч гэлээ миний ээж Солонгос ажилч, хичээнгүй, их хөдөлмөрч, хөдөлгөөнтэй хүн бөгөөд одоо 63 настай ануухан хүн байдаг. Мөн ээжтэй хамт миний ах Б , эхнэр 4 хүүхдийн хамт нэг хашаанд амьдардаг. Хүү И 2016 оны 01 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл 3 жил л эмээтэйгээ хамт амьдарч, хуучин ангидаа суралцсан. ... гэх хариу тайлбар,
Хүү Г.И, охин Г.Е нарын хувийн хэргийн хуулбар баримт,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Энх тал багийн засаг дарга Б.Баянбаатарын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 34 дугаартай Г овогтой И /РЗ07272212/ нь эмээ Суурь овогтой Солонгосын хамт ам бүл 2, Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр баг Улаан байр хороонд оршин суудаг нь үнэн болно. гэх албан бичиг,
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Баттогтох, анги удирдсан багш Ш.Ганцэцэг, бага ангийн багш О.Уранцэцэг нарын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Г овогтой И нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Мэргэн гүн М.Гомбожавын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангийн А бүлэгт суралцдаг нь үнэн болно. Сурагч Г.И нь ам бүл 2, аав, ээжээсээ тусдаа эмээгийнхээ хамт амьдардаг. ... Эмээ нь хараа хяналт сайн тавьж, эцэг, эхийн хуралд тогтмол сууж, дэмжиж тусладаг. гэх тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Хэрэгт Хөвсгөл аймгийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт авагдсан байна.
Хэдийгээр хүү Г ийн И нь ...би аавынхаа асрамжинд очих хүсэлтэй... байна гэсэн санал гаргасан, эцэг Э.Г ийн хувьд нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлтээр ...Э.Г ийн амьдрах орчин нөхцөл сайн өөрийн гэсэн орон гэртэй, хот хооронд хүн тээвэрт явж сардаа дунджаар 1500.000 төгрөгийн орлого олдог. Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах боломжтой ...гэсэн боловч шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн тогтоох ноцтой шалтгаан гараагүй, хүү Г.И, охин Г.Е нар нь эх М.Б ын асрамжинд одоог хүртэл байгаа, бөгөөд тэдний ээнэгшин дассан орчин, мөн эхийн халамж, Хүүхдүүдийн одоогийн амьдарч байгаа орчин нөхцөл эрсдэлгүй гэх Нөхцөл байдлын үнэлгээ зэргийг харгалзан Г.И, охин Г.Е нарыг эх М.Б ын асрамжинд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Г ийн хүү Г.Иын асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Г нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Э.Г ийн нэхэмжлэлтэй, М.Б д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА