| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2022/0247/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/250 |
| Огноо | 2022-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2215000000281 дугаартай, 163/2022/0247/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Мөнгөч овогт Пүрэв-Очирын Адъяасүрэн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:РН90030478.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Адъяасүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Цэдэвсүрэнтэй маргалдаж толгойн тус газарт нь шаазан аягаар цохиж түүний биед зүүн чамархайн хуйхны шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000281 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.Адъяасүрэн нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт оршин суух н.Батжаргалын гэрт Т.Цэдэвсүрэн, Ш.Жавхлант нарын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Т.Цэдэвсүрэнгийн “чи авах юмаа авчихаад хүний шовгорыг бариад өгөхгүй яасан юм” гэж хэлсэнд уурлаж Т.Цэдэвсүрэнгийн толгойн тус газарт нь пиво ууж байсан шилэн аягаараа цохиж, биед нь зүүн чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Адъяасүрэнгийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Цэдэвсүрэнгийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт амьдардаг найз Батжаргалын гэрт 17 цагийн үед очсон. Намайг очиход гаднаас хүмүүс ирчихсэн байсан. Тухайн хүмүүс нь манай ангийн Жавхаа, Ичинхоролоо, Батжаргалын найз хүүхэн гэх хүмүүс ирсэн байсан. Тэгээд Батжаргалынд ороод айраг уугаад сууж байхад гаднаас Адъяа гэж дууддаг манай нутгийн залуу орж ирсэн. Гэрт орж ирэхдээ гартаа тал шил архи, тал савтай пиво барьчихсан орж ирсэн. Адъяа гэх залуу нь Батжаргалаас түрүү жил шовгор барьж өгнө гээд бяруу авчихаад барьж өгөөгүй байсан. Тэгээд Батжаргал нөгөө залууд шовгор барьж өгөөгүй талаар нь хэлэхэд Адъяа зөрүүлээд сайхан загнасан бол би бариад өгчих байсан юм гэж хэлэхээр нь миний уур хүрээд “чи авах юм аа авчихаад шовгорыг нь бариад өгчихгүй яасан юм” гээд хэлчихсэн юм. Тэгсэн Адъяа гэх залуу пиво хийж байсан аягаараа миний хажуугаас цохичихоод Батжаргалын гэрээс гараад явсан. Тэгээд миний толгойн зүүн тал чамархай орчмоос цус гараад тогтохгүй байсан ба манай найзууд эмнэлэгт хүргэж өгсөн. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/,
3. Гэрч Ш.Жавхлантын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Базар болон найз Эрдэнэсүхийн хамтаар Булган аймгийн Бугат суманд байдаг Батжаргалынд очихоор явж байгаад замдаа найз Цэдэвсүрэнтэй таарч хамт Батжаргалынд очсон. ... Батжаргалынд биднийг байхад нутгийн хүмүүс бололтой хоёр залуу ирсэн ба ирэхдээ архи, пивотой ирсэн. Ингээд байж байтал Батжаргал нөгөө хоёр залуугийн нэгэнд нь шовгорын дээвэр ч билүү, ямартай ч зуслан дээрээ шовгор бариулаад шовгороо дуусгаж өгөөгүй талаар нь хэлсэн. Тэгэхэд Адъяа гэх залуу миний сайхан аашийг хөдөлгөсөн бол би хоёр хоногт хийж дуусгачихна шүү дээ гэж хэлэхэд тэдний яриан дундуур Цэдэвсүрэн орж ирээд “чиний муухай аашийг хөдөлгөсөндөө яадаг юм, үнэ хөлсийг нь авсан юм бол чи хийж өг” гэж хэлж Цэдэвсүрэн, Адъяа гэх залуу нарын хооронд маргаан гарсан. Ингээд байж байхад Адъяа гэх залуу Цэдэвсүрэнд хандаж “танд хамаагүй” гэж хэлээд пиво ууж байсан шаазан аягаараа Цэдэвсүрэнгийн зүүн чамархай руу цохисон. Ингээд толгойноос нь цус гараад тогтохгүй, нөгөө залуу хүн болгон руу дайрч агсраад байсан. Удалгүй Цэдэвсүрэнг аймгийн эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаартай: Т.Цэдэвсүрэнгийн биед зүүн чамархайн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Адъяасүрэнгийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийнхөө байшингаа барьж дууссан. Байшингаа барьж дууссан учир хамт байшин барьсан хүнтэйгээ 2 ширхэг пиво хувааж уучихаад хажууд байдаг Батжаргал гэх айлд орсон. Тэднийд ороход хүмүүс ирчихсэн айраг уугаад сууж байсан. Батжаргал гэх хүн надаас “чи манай байшинг хэзээ барьж өгөх юм” гэхээр нь би “зав гарахгүй байна, зав гарахаар нь хийж өгье” гээд ярилцаад сууж байтал Цэдэвсүрэн ах бидний ярианы дундуур орж ирээд “чи яахаараа хүний мөнгийг авчихаад юмыг нь хийж өгдөггүй юм бэ?” гэх мэтээр над руу дайраад байхаар нь би ууж байсан пивоны аягаар толгой руу нь нэг удаа цохисон. Тэгтэл Цэдэвсүрэн ахын толгойноос цус гараад байсан. Тэгээд би түргэн дуудъя гэж хэлтэл намайг яв яв гээд байхаар нь би явчихсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Т.Цэдэвсүрэн, гэрч Ш.Жавхлант нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч П.Адъяасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад Т.Цэдэвсүрэнгийн толгойн тус газраа аягаар цохиулж, биедээ зүүн чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн гэмтэл авсан үйл баримт нь шүүгдэгч П.Адъяасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутагт буюу н.Батжаргалын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Цэдэвсүрэнгийн бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд П.Адъяасүрэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Цэдэвсүрэнгийн биед ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр шинээр үүссэн зүүн чамархайн хуйхны шарх бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Адъяасүрэнгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд архидан согтуурах явдал болон түүнийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч П.Адъяасүрэнгийн хохирогч Т.Цэдэвсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Адъяасүрэнг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Адъяасүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Т.Цэдэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Адъяасүрэн нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Адъяасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Адъяасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 20-24 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласнаар шүүгдэгч П.Адъяасүрэн нь 32 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Адъяасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/132 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч П.Адъяасүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Адъяасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Адъяасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мөнгөч овогт Пүрэв-Очирын Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Адъяасүрэнг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Адъяасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч П.Адъяасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД