Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2019/00151

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нэхэмжлэгч: Х аймгийн Тсумын 2 дугаар багт оршин суух, Бовогт Д-ийн Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Х аймгийн Т сумын 2 дугаар багт оршин суух Х овогт Т-ийн О -т  холбогдох

3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Т.О  нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Д.Эгийнгол нь Т.О- т 2015 онд 3.000.000 төгрөг зээлсэн юм. Гэтэл Т.О нь миний мөнгийг өгнө гэж хэлсээр өдийг хүрлээ. Иймд Т.О-аас 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчаас 3.000.000 төгрөгөө авна. Өөр ярих юм байхгүй. Манай охин хариуцагчтай хамтран амьдарч байсан юм. Тэр үед дэлгүүр барьсан. Би тухайн үед мал хөрөнгөө зарж 3.000.000 төгрөг өгсөн. Манай ач хүү Т.О-ыг дэлгүүр барихад нь бүх зүйл дээр нь тусалж ажилласан. Миний хүү оюутан хүүхэд байгаа юм. Сургуульд нь явахад хоолны мөнгө авч өгөх байх гэж бодож байсан нэг ч төгрөг өгөөгүй. Би үүн дээр их гомдолтой явдаг. Одоо надад 5 ширхэг үхэрнээс өөр хөрөнгө байхгүй. Хариуцагчаас заавал энэ мөнгөө ямар нэгэн аргаар гаргуулж авах болно.

Би охиндоо энэ 3 сая төгрөгийг өгсөн. Охин маань энэ О-ын шинээр барьж байсан дэлгүүрт халаалт авчирч өгсөн. Би энэ мөнгөө авна. Энэ халаалтыг миний 3 сая төгрөгөөр авсан тийм болохоор би мөнгөө авна. Хөдөөний хүн би халаалтаар яахав дээ. Тухайн үед миний охиноос салаагүй байхдаа хэлж байсан. Тэтгэвэрийн зээл болон малчны зээл хоёрыг чинь дарж өгнө, хүүхдийн сургалтын төлбөрийг даана гэж байсан учраас хөгшин бид хоёр баярлаж байсан. Одоо бол 3.000.000 төгрөгөө нэхэж олон жил болж байна. Би энэ мөнгийг заавал хариуцагчаас авах болно гэв.

 

           Хариуцагч Т.О  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т овогтой О нь иргэн Д.Э- оос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

          Миний бие Т.О- нь Д.Э-ын төрсөн охин Э.И-тай 2007 оноос 2015 он хүртэл хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүйн харьцаанаас улбаалж тус тусдаа амьдрах болсон. Би И-тай хамтран амьдарч байх хугацаандаа өөрөөсөө бараг 100 гаран сая төгрөг гаргаж, Хөвсгөл аймгийн Тариалан суманд мах, цагаан идээ, зоогийн газар, дэлгүүрийн зориулалттай үйлчилгээний төв барьсан. Ингээд барих явцад халаалт хийх шаардлагатай болсон ба хамтран амьдарч байсан И аав Э-оос халаалт тавиулах гэж 3/гурван/ сая төгрөг авлаа, энэ мөнгөө аваад би Улаанбаатар хот руу явлаа гээд, яваад ирэхдээ халаалтын материал авчирсан. Э-оос авсан гээд байгаа 3 сая төгрөгийг би өөрөө аваа ч үгүй юм. Э нь нэхэмжлэл гаргахдаа 2015 он гэж дурьдсан байна. Энэ нь 2012 онд байгаа юм. Би тухайн үед бодохдоо энэ том үйлчилгээний төв барихад тусламж болгон өгч байгаа байх гэж бодсон. Энэ мөнгийг И л сайн мэдэж байгаа. Миний хувьд Эгийнголоос мөнгө зээлж аваагүй, тухайн үед охин нь надтай хамт амьдарч байсан болохоор Э гуайг бид нарын амьдралд тус болж мөнгө өгч байгаа юм байна гэж би ойлгосон. Би Э гуайгаас мөнгө зээлж аваагүй тул энэ асуудлыг шүүх шийдэж, шийдвэрээ гаргах байх гэж хариу тайлбар гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сумандаа дэлгүүр, цайны газар барьсан юм. Тэгтэл манай эхнэр аав бид хоёрт 3.000.000 төгрөг өглөө гээд халаалтын тоног төхөөрөмж авчирсан юм. Ийм л зүйл болсон. Дараа нь эхнэр бид хоёр салсан юм. Тэгтэл нэхэмжлэгч нь надаас энэ 3.000.000 төгрөгийг нэхэх болсон юм. Би нэхэмжлэгчээс мөнгө аваагүй. Харин эхнэр маань аав мөнгө өгсөн гээд халаалтын тоног төхөөрөмж авчирсан. Одоо тэр халаалтын тоног төхөөрөмжөө авна гэвэл өгнө.

 Би энэ мөнгийг бэлнээр авсан зүйл байхгүй. Энэ халаалтыг 2015 онд ч биш бүр 2012 онд авчирсан санагдаж байна. Би  Д.Э-ын охиноос нь 2016 онд салсан юм. Бид хоёр 2007 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн. Би гал тогооны тавилга зээлээр авсан байсан. Түүнийг дарсны дараа өгье гэж хэлж байсан удаа байгаа. Би Э-гуайгаас мөнгө аваагүй. Би төлөхгүй гэв.

           

 

       Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- нь  хариуцагч Т.О-т  холбогдуулан  3.000.000 /гурван сая /төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

   Нэхэмжлэгч Д.Э- нэхэмжлэлийнхээ үндэслэлийг зээлийн гэрээнээс үүдэлтэй 3.000.000 төгрөгийг гаргуулах тухай гэж нэхэмжлэлдээ дурьдсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би өөрийн охин Ирэхбуянг энэ Т.О-тай хамтран амьдарч байх үед  малаа зараад 3 сая төгрөгийг И-д өгч И- тэр халаалтыг авч ирж байсан юм. Тэр халаалт нь миний мөнгөөр авсан ба би одоо уг халаалтыг авахад зарцуулсан 3 сая төгрөгөө Т.О-аас нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж өөрчилсөн.

Хариуцагч Т.О нь ...би нэхэмжлэгчээс мөнгө аваагүй. Харин эхнэр маань аав мөнгө өгсөн гээд халаалтын тоног төхөөрөмж авчирсан. Одоо тэр халаалтын тоног төхөөрөмжөө авна гэвэл өгнө.  Би энэ мөнгийг бэлнээр авсан зүйл байхгүй. Энэ халаалтыг 2015 онд ч биш бүр 2012 онд авчирсан санагдаж байна. ...Би гал тогооны тавилга зээлээр авсан байсан. Түүнийг дарсны дараа өгье гэж хэлж байсан удаа байгаа. Би Э гуайгаас мөнгө аваагүй. Би төлөхгүй гэж маргажээ.

            Зохигчдын хэн аль нь хэрэгт  нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй ба тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Д.Э-ын охин И-н нь хариуцагч Т.Отгонбаяртай 2007 оноос 2015 оны хооронд хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байх хугацаандаа Э.Ин нь аав Э-оос 3 сая төгрөгийг авч, уг мөнгөөр Т.О-ын барьсан үйлчилгээний төвд халаалтын материал /тоног төхөөрөмж/-ыг худалдаж авч ирж тавьсан үйл баримт тогтоогдлоо.

        Иргэний хуулийн 8 дугаар зүйлд  Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг

8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;

8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;

8.1.3.хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;

8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх;

8.1.5.гэм хор учруулах;

8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;

8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;

8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл гэж хуульчилжээ.

        Дээрхи үйл баримтаас нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Т.О нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь  3 сая төгрөгийг Т.О-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, тэрээр шаардах эрхгүй гэж дүгнэлээ.  

      Иймд нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч Т.О-т холбогдуулан гаргасан 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 / жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлтэй Т.О-аас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-ын улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 / жаран хоёр мянга есөн зуун тавь / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

                                                                                                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА