Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/251

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2215002910270 дугаартай, 163/2022/0248/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Модныхон овогт Батбаярын Батцэнгэл, Булган аймгийн Орхон суманд 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймаг, Орхон сумын 3 дугаар багийн **** гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 37 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ГЖ85110610.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Булган, Ц.Ариунжаргал нартай маргалдаж улмаар тэдний бие эрх чөлөөнд халдан зодож О.Булганы биед баруун сарвууны нэгдүгээр хуруунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215002910270 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт бэлчээрт байсан Б.Батцэнгэлийн хонинд хонь шүүж байсан О.Булган, Ц.Ариунжаргал нар дээр мотоцикльтой ирж “хонь тасдах гэлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар тэдний бие, эрх чөлөөнд халдаж О.Булганы биед баруун сарвууны нэгдүгээр хуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батцэнгэлийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч О.Булганы өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн нутаг Сээр гэх газарт эхнэрийн хамт хонио эргүүлээд бэлчээрт явж байхад зүүн талаас нэг мотоциклтой хүн тоос татуулаад ирж байгаа харагдсан. Тэгээд би согтуу хүн явж байна гээд мотоциклоо зогсоосон. Гэтэл нөгөө мотоциклтой хүн буюу Батцэнгэл ирээд мотоциклоор эхнэр бид хоёрын зогсож байсан мотоциклыг ирж мөргөсөн. Эхнэр бид хоёр мотоциклоос унасны дараа Батцэнгэл өөрийнхөө мотоциклоосоо бууж ирээд манай мотоциклын баруун, зүүн талын хоёр толийг хугалж байгаад намайг нүдсэн. Миний дагз болон гар луу хэд хэдэн удаа цохисон. Батцэнгэл эхнэрийг маань бас цохиж зодож байсан. Миний дагз руу гараараа хоёр удаа цохисон. Нуруу руу газраас чулуу авч байгаад нэг удаа цохисон. Мотоциклын толиор миний гар луу цохиход толины хугарсан суурь нь баруун гарын эрхий хурууны дотор талыг ярсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 26-27, 29 дэх тал/,

3. Гэрч Ц.Ариунжаргалын өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд нөхөр бид хоёр хониндоо явж байсан юм. Тэгтэл Батцэнгэлийн хонь манай хоньтой нийлэх гээд байхаар нь салгах санаатай Батцэнгэлийн хонийг цааш нь тууж байтал Батцэнгэл мотоциклтой нэлээн хурдтай ирсэн. Тэгээд мотоциклтойгоо зогсож байсан нөхөр бид хоёрыг мөргөж унагасан. Газраас босч ирээд маргалдаж нөхөр бид хоёрыг мотоциклын толиор цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

5. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаартай: О.Булганы биед баруун сарвууны нэгдүгээр хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Батцэнгэлийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба Булган ах эхнэрийнхээ хамтаар манай хонин дээр оччихсон байсан. Урд өмнө нь манай хониноос тасдаад авчихсан байсан юм. Тэгэхээр нь би мотоциклоо унаад малын бэлчээр лүү явсан. Булган ахыг явж байхаар нь Булган ах дээр очих гээд явж байхад Булган ах явж байсан газартаа гэнэт зогсчихсон юм. Тэгтэл би зогсох гэтэл мотоциклоо зогсоож чадаагүй очоод мотоциклтой нь мөргөж унагаасан. Тухайн үед Булган ах эхнэртэйгээ намайг санаатай мөргөлөө гээд уурлаж загнасан. Тэгэхээр нь би зөрүүлж та хоёр ч гэсэн өмнө хонь тастаж авч явчихаад хэлээгүй гээд уурлаж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд хэрүүл маргаан хийж байгаад улмаар би Булган ахтай ноцолдож байгаад салтал Булган ах толины сууриар миний толгой руу цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд Булган ахыг барьж аваад 2 билүү 3 удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч О.Булган, гэрч Ц.Ариунжаргал нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад О.Булганы бусдад зодуулж, биедээ баруун сарвууны нэгдүгээр хуруунд шарх бүхий хөнгөн гэмтэл авсан үйл баримт нь шүүгдэгч Б.Батцэнгэлийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Булганы бие, эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Б.Батцэнгэл гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 163 дугаартай дүгнэлтээр хохирогч О.Булганы баруун сарвууны нэгдүгээр хуруунд учирсан шарх бүхий хөнгөн гэмтэл нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Батцэнгэлийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон хохирогч, шүүгдэгч нарын хоорондын хувийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн хохирогч О.Булганы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Батцэнгэлийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч О.Булган мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Батцэнгэл нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Батцэнгэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батцэнгэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 43-47 дахь талд авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батцэнгэл нь 37 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Орхон сумын 3 дугаар багийн *** гэх газарт мал маллан  амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/131 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.Батцэнгэлийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Модныхон овогт Батбаярын Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэнгэлийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД