Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/866

 

 

 

 

 

 

 

 

  2022          11          09                                    2022/ШЦТ/866

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Г” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дөлгөөнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан эрүүгийн 2211 00000 1412 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт М-ын А /РД:хх000000/, 1977 оны 10 дугаар сарын 18-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо согоотын 000 тоотод оршин суудаг гэх, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-484 тоотод байх нийтийн байранд хохирогч С.А-тай “хаалга эвдэлсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн хөлийн ар хэсэгт нэг удаа хутгалж, зүүн гуянд шарх, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай тогтоол, хохирогч С.А, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа, яллагдагч М.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 10368 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 04/3980 тоот албан бичиг, түүний хавсралт болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.        

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч М.А-:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-484 тоотод байрлах нийтийн байранд хохирогч С.А нь “...чи яагаад хаалга эвдэлсэн юм бэ тэр хаалганы нугас янзлаарай эсхүл хамт янзлалъя” гэж хэлэхэд нь М.А нь бусдыг хэл амаар доромжилж улмаар ахуйн хэрэглээний хутгаар хохирогчийн зүүн гуяны орчимд хутгалж хүний биед зүүн гуянд шарх, гуя, өвдөгт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 10368 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...зүүн хөлийн ар хэсэгт нэг удаа хутгалж, зүүн гуянд шарх, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүдээс зүүн гуяны шарх, цус хуралт нь ир үзүүр бүхий зүйлийн, өвдөгний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой... Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” (хавтаст хэргийн 29-30 дахь тал), гэх дүгнэлт, хохирогч С.А мэдүүлсэн “...2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-484 тоотод байх нийтийн байрныхаа 4 тоот өрөөнд байдаг хөрш Алтантогоогийн өрөөнд нь ороод “чи яагаад хаалга эвдэлсэн юм бэ? Тэр хаалганы нугас янзлаарай эсвэл хамт янзалъя” гэхэд Алтантогоо гэгч нь хоол хийх гээд мах хэрчиж байснаа манай эхнэрийг гичий энэ тэр гээд хараагаад байхаар нь “чи миний эхнэрийг гичий гэдэг хэн бэ?” гэтэл тэр гартаа барьж байсан хутгаараа миний зүүн талын хөлийн ар хэсэг рүү нэг удаа хутгалсан”, “...тухайн хэрэг болсон өдөр 103-н эмч ирж үзээд миний зүүн гуяны ар хэсэгт оёдол тавьж боолт хийсэн ингээд маргааш нь оёдол нь задраад гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж цэвэрлүүлэн дахин боолт хийлгэсэн. Ингээд би гэрээр боолт хийсэн ба бинт эм гээд өөрөөсөө 20.000 гаруй төгрөг гаргасан ...би гомдолтой байна. Би ажилдаа яваагүй эм тариа гээд 50.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 18, 20-21 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 10 дахь тал), шүүгдэгч М.А яллагдагчаар мэдүүлсэн “...С.А халамцуу гаднаас орж ирэхээр нь би гэрээс гар гэсэн чинь гарахгүй намайг янхан, ал гэж хараагаад байхаар нь би айлгая гэж бодоод хутгатай байсан баруун гараараа чичилсэн чинь С.А-ын зүүн хөлийн гуя руу нь хатгачихсан юм. Ингээд би өөрийнхөө 86973456 дугаараас 103, 102-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж өөрийн үйлдлээр хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлджээ. М.А нь хохирогчийн зүүн хөлийн гуя хэсэгт хутгалсны улмаас С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хохирол хор уршигтай М.А-гийн үйлдэл шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.А-гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.А-г гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хавтаст хэрэгт хохирогч С.А нь хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “...Би хүчит шонхор зах дээр мах шулаад өдөрт 60.000 төгрөг авдаг байсан ба түүнийгээ нэхэмжилж байна. Би ажилдаа явж чадахгүй 10 гаруй хоног болж байна... Би ажилдаа яваагүй, эм тариа гээд 50.000 төгрөг нэхэмжилж байна...” (хавтаст хэргийн 18, 20-21 дэх тал) гэх боловч хохирогч С.А нь эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэхтэй холбоотой санхүүгийн баримтуудыг ирүүлээгүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирогч С.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотойгоор буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.  

Мөн иргэний нэхэмжлэгчээр оролцсон Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмаа “...Иргэн С.А нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 42-484 тоот хаягт М.А-д хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч С.А-ын Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлага 48,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөг, Улсын төв нэгдүгээр эмнэлгээс 91.000 төгрөг, нийт 187.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.А-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал), мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №04/3980 албан тоот, уг албан тоотын хавсралт (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч М.А-гоос 187.000 /нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу урьдаас төлөвлөсөн санаа зорилгогүйгээр гэнэт үүссэн санаатай үйлдлээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч М.А-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч М.А нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үед нийт 13 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийн 1 хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүү буюу нийт 104 цагаар тогтоож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 12 см, нийт 25 см урттай, хар өнгийн 1 ширхэг хутга нь гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн, улсын яллагчийн саналыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав. 

Энэ эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт М-ын А /РД:хх000000-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-гийн нийт цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон 104 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 216 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 12 см, нийт 25 см урттай, хар өнгийн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч М.А-оос иргэний нэхэмжлэлийг хангах хүрээнд 187.000 /нэг зуун наян долоон мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд тушаахыг дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч С.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хохирол, төлбөрийг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ГАЛБАДАР