Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/881

 

 

 

 

2022        11        14                                       2022/ШЦТ/881

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

      Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох эрүүгийн “2211 00794 1662” дугаартай, 186/2022/0829/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ххх оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын вагоны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнж 65-12 тоотод хххх С.Б,

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч С.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 2 задгай тоотод иргэн А.Аийн Самсунг А02 загварын гар утсыг орон дээр цохиж, Нокиа 105 маркийн гар утсыг шидэж гэмтээсэн гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1.  Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.

      Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Аийн:..Будка, Сайханаа хоёр авсан архиа хоёулахнаа хувааж уусан. Би тэр архинаас нь уугаагүй архи дуусахын алдад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би ядаргаатай юм бэ би охиноо аваад найзынх руугаа явлаа гээд Гантулга гэх найзруугаа залгасан чинь Будка миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би өгөөгүй. Тэгээд хэсэг байж байгаад найз Гантулга руу дахиж залгаад одоо очлоо гээд ярьж дуусаад гар утсаа тасалсан чинь Будка миний гар утсыг булааж аваад модон орны толгой дээр цохиод дэлгэцийг нь хагалаад эвдэлчихсэн. Тэгэхээр нь би эвдэрсэн гар утаснаасаа сим картаа аваад Нокиа маркийн гар утсандаа хийгээд Гантулга руу залгаж байхад Будка миний гар утсыг булааж аваад дахиад ,газар шидээд, ханаруу шидээд эвдэлчихсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Б:...би эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63 дугаар тал/,

          2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Даваасүрэнгийн:..2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо тахилтын 1-88 тоотод би эхнэр Эдэнэсамбуу, хүүхдүүтэйгээ амарч байсан. Манай хашаанд эзэнгүй хашаа байдаг, хуурай дүү С.Б хэд хоног амьдарья гээд 1 сарын өмнөөс ганцаараа амьдарч эхэлсэн. 20 цагийн үед хашааны хаалга онгойгоод С.Б нэг хүүхэдтэй хүүхэнтэй хамт нэг эрэгтэй найзтайгаа гурвуулаа байшин луугаа орж харагдсан. Би нэг хэсэг байж байгаад гэрлүү нь орсон чинь С.Б хамт ирсэн хүүхэдтэй хүүхэнтэй, эрэгтэй найзтайгаа 0.75 грамын багтаамжтай архи, 2.5 литрийн  багтаамжтай пиво ууцгаагаад  байж байхаар нь би жоохон нялх  хүүхэдтэй байж  архи ууж болж байгаа юм уу гэж хэлэхэд С.Б энийг уугаад унтана гэж хэлсэн. Би гэрлүүгээ ороод амарч байхад 2 цагийн дараа буюу 22 цагийн үед С.Б 2 цагдаа дагуулчихсан орж ирсэн. С.Бын хоолой нь улаачихсан маажуулчихсан хувцас нь урагдчихсан орж ирсэн. Намайг авч явах гээд байна гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад хамт ирсэн хүүхэнийхээ гар утсыг шидээд эвдэлчихсэн гэж хэлсэн. Би С.Б болон цагдаатай хамт гарсан чинь хашааны үүдэнд С.Б хамт ирсэн хүүхэн нь хүүхэдтэйгээ зогсож байсан. Машинтай нэг залуу ирээд тухайн эмэгтэйг загнаж байгаад машиндаа суулгаад аваад явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар тал/,  

          2.4. “Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК”...хохирогч А.Аийн Самсунг А02 маркийн гар утас нь 295.200 төгрөгөөр, Нокиа 105 маркийн гар утас нь 25.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 320.200 төгрөгөөр үнэлэгдсэн “Дамно ХХК-ниас 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан ЧД2-22-382 дугаартай дүгнэлт. /хх-ийн 28-29 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1.Улсын яллагч: хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/, гэрч Т.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний “дамно” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 28-29 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар тал/, иргэний үнэмлэхий лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, тус шүүхээс хохирогч А.Атэй шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл баримт зэргийг шинжлэн судлалаа.

      3.2. Шүүгдэгч хавтас хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч С.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, тахилт 2-ын задгай тоотод иргэн А.Аийн Самсунг А02 загварын гар утсыг орон дээр цохиж, Нокиа 105 маркийн гар утсыг шидэж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч А.Аийн:..Будка, Сайханаа хоёр авсан архиа хоёулахнаа хувааж уусан. Би тэр архинаас нь уугаагүй архи дуусахын алдад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь би ядаргаатай юм бэ би охиноо аваад найзынх руугаа явлаа гээд Гантулга гэх найзруугаа залгасан чинь Будка миний гар утсыг булааж авах гээд байхаар нь би өгөөгүй. Тэгээд хэсэг байж байгаад найз Гантулга руу дахиж залгаад одоо очлоо гээд ярьж дуусаад гар утсаа тасалсан чинь Будка миний гар утсыг булааж аваад модон орны толгой дээр цохиод дэлгэцийг нь хагалаад эвдэлчихсэн. Тэгэхээр нь би эвдэрсэн гар утаснаасаа сим картаа аваад Нокиа маркийн гар утсандаа хийгээд Гантулга руу залгаж байхад Будка миний гар утсыг булааж аваад дахиад ,газар шидээд, ханаруу шидээд эвдэлчихсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

          - С.Б гэрчээр мэдүүлэхдээ:...би эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна гэжээ . /хх-ийн 62-63 дугаар тал/,

          - гэрч Т.Даваасүрэнгийн:..би гэрлүүгээ ороод амарч байхад 2 цагийн дараа буюу 22 цагийн үед С.Б 2 цагдаа дагуулчихсан орж ирсэн. С.Бын хоолой нь улаачихсан маажуулчихсан хувцас нь урагдчихсан орж ирсэн. Намайг авч явах гээд байна гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад хамт ирсэн хүүхэнийхээ гар утсыг шидээд эвдэлчихсэн гэж хэлсэн. Би С.Б болон цагдаатай хамт гарсан чинь хашааны үүдэнд С.Бтай хамт ирсэн хүүхэн нь хүүхэдтэйгээ зогсож байсан. Машинтай нэг залуу ирээд тухайн эмэгтэйг загнаж байгаад машиндаа суулгаад аваад явсан гэх мэдүүлэг.            /хх-ийн 24-25 дугаар тал/,  

          -  “Дамно” ХХК-ний үнэлгээний дүгнэлт. /хх-ийн 28-29 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад эвдүүлж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг  хууль бусаар  шидэж, гэмтээснийг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ дээрхи гэмт хэргийг хүсч үйлдсэн, түүний гар утсыг шидэж гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй С.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг  хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

Шүүхээс шүүгдэгч С.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч А.А нь шүүгдэгч С.Баас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй,   хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

      2. Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ