Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2021/0030

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Э,

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12000000039 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн Ц.Э шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналтын шалгалтын тасгаас 2020 оны сүүлээр надад татварын хяналт шалгалт хийгдэж улмаар аймгийн Татврын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нар нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12000000039 тоот нөхөн ногдуулалтын актаар Хувь хүний орлогын албан татвар 2 100 000 төгрөг, алданги 376.640 төгрөг, торгууль 630.000 буюу нийтдээ 3.106.640 төгрөгийн акт тавигдсан болно. Хяналт шалгалтын үеэр Коронавирус дотоодод халдвар тархсан байсан бөгөөд худалдаа үйлчилгээний салбар хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоогдож эхнээсээ үүд хаалгаа барьж эхэлсэн үнэхээр хүнд хэцүү үе таарч байгааг нь хэлж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор ч Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс ч нэлээдгүй арга хэмжээнүүдийг авсаар байна. Жишээ нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай тухай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэх мэт худалдаа үйлчилгээний салбараа эрсдэлээс хамгаалах, эдийн засаг санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, нийгмийн зарим хэсэгт нь тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай авч байна. Гэтэл аймгийн Татварын хэлтэс хэдэн арван саяар нь татварын акт торгууль тавьж худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдээ хүнд үед нь бүр нухчин дарах бодлоготой мэт үйл ажиллагаа явуулж байгаад үнэхээр харамсаж байна. Бидний зүгээс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12000000039 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар хуулиар олгогдсон эрхийн дагуу аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Маргаан таслах миний хүсэлтийг хүлээж аваагүй болно. Иймд Татварын ерөнхий хуулийн 47.19 дэх заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1, 2 дахь заалтуудыг үндэслэн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн 12000000039 тоот Нөхөн ногдуулалтын актын торгууль, алдангийг чөлөөлөх мөн актын үндсэн өр болон Хувь хүний орлогын албан татвар 2.100.000 төгрөгийг буруу тооцоолсон гэж үзэж байгаа тул нийтэд нь хүчингүй болгож өгнө үү.. Би үнийн дүнтэй маргахгүй хууль буруу хэрэглэж байна гэж маргаж байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн эрчимжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль баталсан. Энэ хууль дээр энгийн үгээр тайлбарлах юм бол хугацаандаа төлөөгүй татварын алданги торгуулийг нэг удаа чөлөөлнө гэсэн утга агуулгатай байгаа. Үүнтэй холбогдуулан би зөвхөн үндсэн төлбөртэй биш үндсэн төлбөрийг дагалдан гарсан алданги торгуулийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа гэжээ.           Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тагнуулын ерөнхий газрын дарга болон Хяналт арга зүйн газрын дарга нараас ирүүлсэн чиглэлийн дагуу 2020 оны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөөс бүрэн дуусга гэсэн үүрэг чиглэлийн дагуу 2020 оны өөртөө хуваарилагдсан томилолт олгосон татвар төлөгчдийг 100% бүрэн шалгалтад хамруулж дуусгасан. Үүнд иргэн Ц.Эгийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/5432 тоот албан бичгийн дагуу 12000000039 тоот томилолтоор иж бүрэн хяналт шалгалтыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл хугацаанд татварын улсын байцаагч Г.Х, Д.Ч нар хийж гүйцэтгэсэн. Авлигатай тэмцэх газраас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хяналт шалгалтын үр дүнг мэдээлэх талаар хүсэлт ирсэн. Тус иргэний 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны Хаан банканд төгрөгийн 5000000400, Төрийн банканд төгрөгийн 3100000000011 тоот харилцах дансны мэдээллийг холбогдох банкнуудаас гаргуулан авч шалгалт хийхэд “Вистагрупп” ХХК-аас 2017-2019 оны хугацаанд 21,000,000 төгрөгийг цалин хөлсийг өөрийн харилцах дансандаа аваад хувь хүний орлогын татварын суутгуулан төлөөгүй, хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаагүй зөрчил илэрсэн нь харилцах дансны хуулгаар нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас гаргаж буй гомдолд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд албан татвар төлөгчийг хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн нөхөн төлбөрийн алданги торгуулийг чөлөөлөх байсан талаар дурдсан байдаг. Энэ нь зөвхөн татварыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги торгуулиас нэг удаа чөлөөлнө тухай хууль тогтоомжид заагаагүй байна. Тус зөрчил нь Ковид цар тахлаас өмнө 2019 онд үйлдсэн зөрчил бөгөөд цар тахлаас үүдэн хяналтын ажлыг хойшлуулах, нөхөн ногдуулалтын акт үйлдэхийг хориглосон хууль, журам, шийдвэрийг шууд удирдах байгууллага болох Татварын ерөнхий газраас ирээгүй тул татварын улсын байцаагчийн 12000000039 тоот нөхөн ногдуулалтын акт болон Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолыг хэвээр үлдээхийг хүсье. ... Алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль дээр тодорхой заасан.  Алданги торгууль чөлөөлнө гэдэг нь зөвхөн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих алданги, торгуулийг хугацаандаа төлөөгүй бол гэж хуульдаа зааж оруулсан байдаг. Хуулийн дагуу, тайлагнасан гэдэг нь татвар төлөгч өөрөө тайлангаараа ногдуулаад тайлагнасан бол алданги, торгуулиас чөлөөлөхөөр заасан гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12000000039 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/5432 дугаар албан бичгээр[1] Ц.Эгийн 2016 оноос хойш албан татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тайланг ирүүлэхийг шаардсаны дагуу болон Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ө.Сарантуяа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12000000039 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолт[2] олгосны дагуу улсын байцаагч Г.Х, Д.Ч нар иргэн Ц.Эгийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд татварын хяналт шалгалт хийсэн байна.

Уг татварын хяналт шалгалтаар нийт 21,000,000.00 төгрөгийн зөрчил илрүүлж 2,100,000.00 төгрөгийн нөхөн татвар, 630,000.00 төгрөгийн торгууль, 376,640.00 төгрөгийн алданги, нийт 3,106,640.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 12000000039 дугаар акт тогтоож шийдвэрлэжээ[3].

Тус актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч дээд шатны байгууллагад гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12000000039 тоот актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ[4].

Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэж заасны дагуу хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч нар иргэн Ц.Эгийн хувь хүний орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн хяналт шалгалт хийж 2017 онд тайлагнаагүй 6,000,000.00 төгрөгийн орлогыг тогтоож ногдуулсан татвар нь 600,000.00 төгрөг, торгууль 180,000.00 төгрөг, алданги 120,000.00 төгрөг нийт 900,000.00 төгрөг,[5] 2018 онд тайлагнаагүй 7,000,000.00 төгрөгийг илрүүлж тус орлогын ногдуулсан татвар 700,000.00 төгрөг, торгууль 210,000.00 төгрөг, алданги 140,000.00 төгрөг нийт 1,050,000.00 төгрөг[6], 2019 онд тайлагнаагүй 8,000,000.00 төгрөгийг илрүүлж, ногдуулсан татвар 800,000.00 төгрөг, торгууль 240,000.00 төгрөг, алданги 116,640.00 төгрөг нийт 1,156,640.00 төгрөгийг[7] тус тус төлбөр ногдуулж, нийт нөхөн төлөх татвар 2,100,000.00 төгрөг, алданги 376,640.00 төгрөг, торгууль 630,000.00 төгрөг, нийт шийдвэрлэсэн 3,106,640.00 төгрөгийн тооцоо гаргасан байна.[8]

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 11 дүгээр зүйлийн  11.1.1 дэх заалт “ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 17 дугаар зүйлийн  17.1.1.энэ хуулийн 11.1.1, 11.1.6-д заасан орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 17 дугаар зүйл, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна”,  28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Суутгагч нь энэ хуулийн 8.1.7, 8.1.8, 11 дүгээр зүйл, 13.1.2-13.1.4, 14.1.1, 15 дугаар зүйлд заасны дагуу суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Э нь олсон орлого болох “Вистагрупп” ХХК-иас олгосон цалинг хуульд заасан хугацаанд тайлагнах үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №5721/21/424 дугаар албан бичгээр Ц.Эгийн /5000000400/ дугаар харилцах дансны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрүүдийн дансны хуулгаар 21,000,000.00 төгрөгийг орлого олсон болох нь нотлогдож байна[9]

Нэхэмжлэгч татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын үнийн дүнтэй маргаагүй. Харин Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж чөлөөлөгдөх ёстой байсан гэж тайлбарлаж байна.

 Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэж заажээ. Энэхүү заалт нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгч татвараа өөрөө тайлагнасан байх ёстой. Өөрөөр хэлбэл хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг хэлнэ.

Иймд нэхэмжлэгчийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн дагуу чөлөөлөгдөх ёстой гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэн үзвэл Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан ..нөхөн ногдуулалтын акт, ...үйлдэн баталгаажуулна”, 79.4.3 дахь заалтад “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Эд Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12000000039 тоот нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул тус актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 28 дугаар зүйлийн 28.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3 дахь заалт, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/ 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Эгийн Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12000000039 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 39-р хуудас,

[2] Хавтаст хэргийн 27-р хуудас

[3] Хавтаст хэргийн 6-7-р хуудас

[4] Хавтаст хэргийн 10-12-р хуудас

[5] Хавтаст хэргийн 31-р хуудас

[6] Хавтаст хэргийн 31-р хуудасны ар тал,

[7] Хавтаст хэргийн 32-р хуудас

[8] Хавтаст хэргийн 30-р хуудас,

[9] Хавтаст хэргийн 50-р хуудас