Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2024/0186/З |
Дугаар | 221/МА2024/0630 |
Огноо | 2024-09-26 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2024/0630
2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 221/МА2024/0630 | Улаанбаатар хот |
Д.Г***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Д.Г***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Г***,
Хариуцагч нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн Д.Г***ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0609 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Г***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал.
Хэргийн индекс: 128/2024/0186/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Г***оос нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн Д.Г***ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0609 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн Д.Г***ид холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3/гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй,
3.2. Бодит байдал дээр нэхэмжлэгчийн газартай Э.Г***гийн газар давхцалгүй болохыг нотлох баримт шинжлэх судлах явцад тайлбарлан, судалснаар тогтоогдсон байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 59 дүгээр магадлалаар дүгнэгдсэн асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийхгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн,
3.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг орхигдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна,
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хэргийн үйл баримт болон процессын тухайд,
3.1. Анх, иргэн Э.Г***, Э.Б***, Л.Г*** нараас 2019 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н***, Г.Ч***, Д.Г***, З.Ү***, Д.Г*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Г***д “В*** Х***” ХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн зургийн дагуу 700 м.кв газрыг, Э.Б***д “S***” ХХК-ийн үйлдсэн 524.3 м.кв талбай бүхий газрыг, Л.Г***д “S***” ХХК-ийн үйлдсэн 467.4 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр магадлалаар “...нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Н*** Д.Г***, З.Ү***, Д.Г***, Г.Амартүвшин нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн.
3.2. Нэхэмжлэгч Д.Г*** нь гуравдагч этгээдийн хувиар дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.3. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 110 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшигч ... Д***гийн Г*** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсэн.
3.4. Нэхэмжлэгч Д.Г*** болон түүний өмгөөлөгчөөс Улсын дээд шүүхэд хандан “...гуравдагч этгээд Д.Г***ийн эзэмшиж байгаа 600 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн газрын албанаас хийгдсэн, газар эзэмших гэрээ, гэрчилгээнд хавсаргагдсан газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр солбилцолтой, өөр байршилтай газар байсан бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “В*** Х***” ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг нь 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг А/1177 дугаар захирамжтай огт хамааралгүй эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус, хуурамч нотлох баримт байсаар байтал зөвхөн нэхэмжлэгч Э.Г***гийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан түүний өөрийнх нь гаргаж өгсөн “В*** Х***” ХХК-ийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зургийн дагуу үйлдсэн 700 м.кв газартай огт хамааралгүй, ямар ч давхцалгүй газар байсан болох нь тогтоогдож байгаа. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжаар иргэн Д.Г*** миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж гаргасан .... Иймд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянан үзэж, гуравдагч этгээд Д.Г***ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.
3.5. Улсын дээд шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг “...хууль бус...” гэж үзэх боломжгүй. ...хэргийг дахин хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.6. Улмаар, нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн үндэслэлээ “... иргэн Д.Г***ийн эзэмшиж байгаа 600 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг нь 2019.03.18-ны өдөр Нийслэлийн газрын албанаас хийгдсэн газар эзэмших гэрээ, гэрчилгээнд хавсаргагдсан газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн өөр солбицолтой, өөр байршилтай газар байсан бөгөөд шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон “В*** Х***” ХХК-ийн үйлдсэн газрын кадастрын зураг нь 2010.04.16-ны өдөр үйлдэгдсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжтай огт хамааралгүй, эрх зүйн үйлчлэлгүй нотлох баримт болох нь тогтоогдож байгаа болно...” хэмээн тайлбарлан маргасан.
3.7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 128/ШЗ2024/3661 дүгээр захирамжаар “...газрын давхцалын маргааны үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн магадлал, тогтоолыг биелүүлж гарсан маргаан бүхий актыг шүүх дахин хянах үндэслэлгүй” хэмээн дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2024 оны 221/ШТ2024/0403 дугаар тогтоолоор “…нэхэмжлэлд заасан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэснийг энэ тохиолдолд дээр дурдсанчилан Д.Г***ийн эзэмшил газар иргэн Д.Г***гийн эзэмшихийг хүссэн газартай хэсэгчлэн давхцалтай гэж дүгнэсэн хэсэгт хамааруулан хэрэглэж болохоос бус Д.Г***ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон захиргааны үйл ажиллагаа, захирамжид бүхэлдээ хамааралтай гэж үзэх нь хангалтгүй юм. Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны А/179 дүгээр захирамжийн Д.Г***ид холбогдох хэсэг хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хүрээнд гарсан эсэхийг хянан шийдвэрлэх боломжтой” хэмээн дүгнэн хүчингүй болгосон.
4. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 127 дугаар зүйлийн 127.5-д “Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй” гэж тухайлан заасан.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар бичгээр тайлбарлана” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 59 дугаартай магадлал болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 110 дугаар тогтоолын хянавал хэсэгт тодорхой дүгнэгдээгүй боловч тогтоох хэсэгт шийдвэрлэгдсэн асуудлаар дахин дүгнэх эрх хэмжээ анхан шатны шүүхэд олгогдоогүй” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэсэн хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэн “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх үндэслэлээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/179 дүгээр захирамжийн Д.Г***ид холбогдох хэсгийг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
6. Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн зорилго нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтооход оршдог бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 59 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 110 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Г***ид маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг олгосон нийслэлийн Засаг даргын 2018 оны
А/1177 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан хариуцагч нийслэлийн Засаг даргаас хууль тогтоомж болон Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 110 дугаар тогтоолыг биелүүлэн маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2022 оны А/179 дүгээр захирамжийг гарган нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Д.Г***оос нэхэмжлэлд дурдсан үндэслэлтэй адил үндэслэлээр хяналтын шатны шүүхийн дээрх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь хангалттай тодорхой тогтоогдож байхад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлэн, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0609 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Г***оос нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн Д.Г***ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА