Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/897

 

 

 

 

 

2022         11        18                                      2022/ШЦТ/897       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,

   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Баярчимэг, шүүгдэгч М.И /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Итд холбогдох эрүүгийн “2211 00000 1566” дугаартай, 186/2022/0817/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, ххх оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хххх тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, М.И,

        Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч М.И нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хорооны байрны орчимд хохирогч Ө.Ттэй маргалдаж, түүний нүүр тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж биед нь зүүн ухархайд дотор ханын хугарал, баруун чамархайд шарх, зүүн дээд, доод зовхи, хүзүүний урд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, баруун дал, тохойд зулгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

       1.1. Шүүгдэгч М.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах  ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн,  мэдүүлэг өгөхгүй гэв.

  Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

      2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Тийн:...би тухайн өдөр орой найзынхаа гэрт очих зорилгоор гэрээсээ гараад найзынхаа гэрт очоод буцаж явахдаа замдаа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга нэртэй диско бааранд очоод Т.Тэмүүжин гэх найзтайгаа уулзаад ойр зуурын юм яриад гэрлүүгээ харих зорилгоор би ганцаараа гарсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Дуулга баарны үүдэнд шорлог идэхээр ганцаараа зогсож байтал манай сургуулийг миний дараа төгссөн Д.Тэмүүжин санамсаргүй тааралдсан ба Д.Тэмүүжин 2 эрэгтэй найзынхаа хамтаар явж байсан. Д.Тэмүүжинтэй хамт явж байсан нэг залуу нь надруу хараад байхаар нь би тухайн залуугаас асуудал байна уу хөгшөөн гэж асуутал тухайн залуу байна гэж хэлээд маргалдах шалтгаан болсон. Тэгээд бид уулзсан газраасаа холдоод Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны орчимд очоод надтай маргалдаж эхэлсэн хүүхэд өөрийнхөө хувцсыг тайлсан, би мөн цамцаа тайлаад үргэлжлүүлэн маргалдсан. Тухайн залуу миний нүүр, толгой, цээж хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохьсон. Түүнээс болж миний толгой хэсгээс цус гарсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжпэгч У.Дэндэвдоржийн:...2022 оны 8 дугаар сарын 22-ний өдрөөс  2022 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрны орчимд Ө.Т нь үл таних хүнд зодуулсан гэх хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Өлзийжаргал овогтой Төгөлдөр нь 2022 оны 8 дугаар сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 3 удаагийн үзлэгээр нийт 191.000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 1 удаагийн үзлэгээр 15.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 04/4657 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Иээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг.  /хх-ийн 13 дугаар тал/,

           2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11698 дугаартай:

           1. Ө.Тийн биед зүүн ухархайд дотор ханын хугарал, баруун чамархайд шарх, зүүн дээд, доод зовхи, хүзүүний урд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, баруун дал, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

           3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 20-21 дүгээр тал/,  

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс хохирогч Ө.Тийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11698 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/, гэрч Д.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч У.Дэндэвдоржийн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/, яллагдагч М.Иийн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.2.Шүүгдэгч: Хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

 Гэм буруугийн талаар:

Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч М.И нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хорооны байрны орчимд хохирогч Ө.Ттэй маргалдаж, түүний нүүр тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж биед нь зүүн ухархайд дотор ханын хугарал, баруун чамархайд шарх, зүүн дээд, доод зовхи, хүзүүний урд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, баруун дал, тохойд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          - хохирогч Ө.Тийн:...тэгээд бид уулзсан газраасаа холдоод Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны орчимд очоод надтай маргалдаж эхэлсэн хүүхэд өөрийнхөө хувцсыг тайлсан, би мөн цамцаа тайлаад үргэлжлүүлэн маргалдсан. Тухайн залуу миний нүүр, толгой, цээж хэсэг рүү гараараа хэд, хэдэн удаа цохьсон. Түүнээс болж миний толгой хэсгээс цус гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр тал/,

- иргэний нэхэмжпэгч У.Дэндэвдоржийн:...2022 оны 8 дугаар сарын         22-ний өдрөөс  2022 оны 8 дугаар сарын 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны байрны орчимд Ө.Т нь үл таних хүнд зодуулсан гэх хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Өлзийжаргал овогтой Төгөлдөр нь 2022 оны 8 дугаар сард гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 3 удаагийн үзлэгээр нийт 191.000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 1 удаагийн үзлэгээр 15.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 04/4657 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч М.Иээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг.  /хх-ийн 13 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11698 дугаартай дүгнэлт. /хх-ийн 20-21 дүгээр тал/, болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.,

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчтой маргалдаж түүний нүүр нь тус газарт  цохиж биед нь зүүн ухархайд дотор ханын хугарал, баруун чамархайд шарх, зүүн дээд доод зовхи, хүзүүний урд хэсэгт цус хуралт, духны баруун дээд хэсэг, баруун дал, тохойд зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул М.Иийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Иийг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.   

Шүүхээс шүүгдэгч М.Иийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.И нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Ө.Т нь шүүгдэгч М.И нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй,   хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Иээс 206.000 /хоёр зуун зургаан мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч М.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

      2. Шүүгдэгч М.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Иэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Шүүгдэгч М.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шүүгдэгч М.Иээс 206.000 /хоёр зуун зургаан мянган/  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Иэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ