Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/899

 

 

 

 

 

  2022          11         18                                  2022/ШЦТ/899

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “2211 01276 1701” дугаартай, 186/2022/0854/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны  өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ххх оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,          ххххх иүр оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

- урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн, Б.Б,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сургуулийн 23б тоотод П.Бын эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас түүний биед баруун ухархайн дээд, доод ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, баруун чихний омогт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..ээжтэй хамт Эрдэнэт рүү явах гээд байж байсан тэгсэн чинь ээж утсаа авахгүй байсан. Манай эгч Хайлаастын тэнд байна гэхээр нь би очсон чинь хаалгаа нээхгүй байсан, хаалгаа нээсэн чинь миний огт танихгүй хүнтэй байж байсан. Би тэр хүнийг ээжийг уруу татаж архи уугаад байна гэж бодоод цохьсон гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Бын:..2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 15-16 цагийн үед би эхнэр Цолмонгийн хамтаар гэртээ байж байтал эхнэрийн хүү болох Баярцогт гаднаас орж ирсэн. Би гэрээс гараад бие засах газарт ороод буцаж гэрт иртэл Баярцогт ээжтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгаанаар надтай хэрүүл маргаан хийж миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Би гэрийн шалан дээр унасан. Миний баруун нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Баярцогт тухайн үед пүүз өмссөн байсан. Миний баруун нүд түүнээс болж хөхөрч, хавдсан. Миний биед өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй тухайн өдөр би болон Баярцогт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би эхнэр Цолмонтой 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр их наран гэх газарт 2 шилтэй архитай очиж айлынхаа эхнэр, нөхөр хоёртой хувааж уусан. Би Баярцогтын биед ямар нэгэн байдлаар хүрсэн зүйл байхгүй. урьд өмнө нь Баярцогттой маргалдаж, муудалцаж байгаагүй. Эхнэр Цолмон миний биед гэмтэл учрах үед хамт байсан тул хажуугаас хараад байж байсан. Би өнөөдрийн байдлаар ямар нэгэн эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би эрүүл мэндийн даатгалыг 2019 оноос хойш төлөөгүй бас би хэрэг болдог өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үйлчилгээ аваагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар/,

          2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

          1.2. П.Бын биед баруун ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, баруун чихний омогт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          3.4.5.6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна.

          7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          8.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч О.Нансалмаа гэжээ. /хх-ийн 17-18 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хавтаст хэргээс хохирогч П.Бын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10127 дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.2. Шүүгдэгч Б.Б нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сургуулийн 23б тоотод П.Бын эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас түүний биед баруун ухархайн дээд, доод ханын хугарал, баруун дээд зовхинд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар, баруун чихний омогт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

          -хохирогч П.Бын:..2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 15-16 цагийн үед би эхнэр Цолмонгийн хамтаар гэртээ байж байтал эхнэрийн хүү болох Баярцогт гаднаас орж ирсэн. Би гэрээс гараад бие засах газарт ороод буцаж гэрт иртэл Баярцогт ээжтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэлээ гэх шалтгаанаар надтай хэрүүл маргаан хийж миний цээж хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Би гэрийн шалан дээр унасан.Миний баруун нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Баярцогт тухайн үед пүүз өмссөн байсан. Миний баруун нүд түүнээс болж хөхөрч, хавдсан. Миний биед өөр ямар нэгэн гэмтэл үүсээгүй тухайн өдөр би болон Баярцогт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан…гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар/,

       -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10127 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/

 зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчийг манай ээжтэй нийлж архи уулаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар  түүний эрх , эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь зүүн хацар, баруун бугалганд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10127 дугаартай шинжээчийн  дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хохирогч П.Б нь шүүгдэгч Б.Бтой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,  хохирлоо бүрэн төлж барагдуулсан  гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Быг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ