Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/0852Э |
Дугаар | 2022/ШЦТ/902 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/902
2022 11 21 2022/ШЦТ/902
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч С.М, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Мид холбогдох эрүүгийн “2211 01856 1891” дугаартай, 186/2022/0852Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, С.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ххх тоотод Д.Нтай бооцооны мөнгөө өгөхгүй байна гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгой хэсэг рүү нь гэрлийн унтраалгаар удаа дараа цохиж Д.Нанжиддагвын биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулаh гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нийн:... Мийгаатай 10.000 төгрөгөөр тоглоод би эхлээд хожигдсон дараагийн тоглолтод би хожсон. Дахин тоглоод би хожигдсон, үргэлжлүүлэн 20.000 төгрөгөөр тоглохоор болж би хожигдоод 30.000 төгрөгийн өртэй болсон. Тоглоомыг үргэлжлүүлэн 30.000 төгрөгт боохоор болж 25 гэх тооруу уралдаж тоглож байгаад би тоглохоо болилоо гэж хэлээд хөзрөө холиод надаас 30.000 төгрөгөө нэхсэн. Түүнээс болж маргалдаад Мийгаа уурлаж гэрлийн унтраалгаар миний толгойны орой хэсэгрүү хэд хэдэн удаа цохиж түүнээс болж миний толгой хагарсан. Би түргэн тусламжийн төвөөс эмнэлгийн тусламж авч толгойн орой хэсгийн шарханд 3 оёдол тавиулж цэвэрлүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Энхмөнхийн:...Хатнаа бид хоёрыг шар айраг ууж байхад Мягмардорж, Д.Н хөзөр тоглоод хэсэг инээлдэж байгаад удалгүй бооцооны мөнгөнөөс болж маргалдаад сууж байсан газраасаа босож ирээд барьцалдаж байгаад Мягмардорж нь Нанжиддавгыг толгой хэсэгрүү гэрэл унтраах, асаах зориулалт бүхий унтраалгаар цохиж биед нь гэмтэл учруулсан. Хатнаагийн гэрт С.М, Д.Н нараас өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй. Нанжиддавгаас өөр бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэх мэдүүлэг. /xx-ийн 14 дүгээр тал/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14536 дугаартай дүгнэлтэд:
1. Д.Н биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022.10.21-ны өдөр үүсэх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч С.Чулуунсүх гэжээ. /хх-ийн 21-22 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч Д.Н мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/, гэрч Н.Энхмөнхийн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14536 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтас хэргээс /хх-ийн 63 дугаар тал/, /хх-ийн 64 дүгээр тал/, /хх-ийн 65 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч С.М нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч С.М нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжны 1038Б тоотод Д.Нтай бооцооны мөнгөө өгөхгүй байна гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгой хэсэг рүү нь гэрлийн унтраалгаар удаа дараа цохиж Д.Н биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Д.Н:...Мийгаатай 10.000 төгрөгөөр тоглоод би эхлээд хожигдсон дараагийн тоглолтод би хожсон. Дахин тоглоод би хожигдсон, үргэлжлүүлэн 20.000 төгрөгөөр тоглохоор болж би хожигдоод 30.000 төгрөгийн өртэй болсон. Тоглоомыг үргэлжлүүлэн 30.000 төгрөгт боохоор болж 25 гэх тооруу уралдаж тоглож байгаад би тоглохоо болилоо гэж хэлээд хөзрөө холиод надаас 30.000 төгрөгөө нэхсэн. Түүнээс болж маргалдаад Мийгаа уурлаж гэрлийн унтраалгаар миний толгойны орой хэсэгрүү хэд хэдэн удаа цохиж түүнээс болж миний толгой хагарсан. Би түргэн тусламжийн төвөөс эмнэлгийн тусламж авч толгойн орой хэсгийн шарханд 3 оёдол тавиулж цэвэрлүүлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар тал/,
- гэрч Н.Энхмөнхийн:...Хатнаа бид хоёрыг шар айраг ууж байхад Мягмардорж, Нанжиддавгатай хөзөр тоглоод хэсэг инээлдэж байгаад удалгүй бооцооны мөнгөнөөс болж маргалдаад сууж байсан газраасаа босож ирээд барьцалдаж байгаад Мягмардорж нь Нанжиддавгыг толгой хэсэгрүү гэрэл унтраах, асаах зориулалт бүхий унтраалгаар цохиж биед нь гэмтэл учруулсан. Хатнаагийн гэрт С.М, Д.Н нараас өөр маргалдаж, муудалцсан хүн байхгүй. Нанжиддавгаас өөр бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэх мэдүүлэг. /xx-ийн 14 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14536 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг бооцооны мөнгө өгөхгүй байна гэх шалтгааны улмаас маргалдаж түүний эрх , эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14536 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч С.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Хохирогч Д.Н нь шүүгдэгч С.Мтой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч С.Мийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ