Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү

Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                    

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Ц-ын М-д холбогдох 2228002210128 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Биеийн байцаалт: Н овгийн Ц-ын М нь .......................     

Холбогдсон гэмт хэрэг:   

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг “Хавцгайтын ам” гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота приус” загварын 95-67 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.3 дугаар зүйл: Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж, иргэн Т.Ба-ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.М-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цагийн үед явж байхад зам дээр 2 хүн гараа өргөж байхаар нь зогсож таксинд явсан. Шартсан байдалтай байхаар нь хар өдөр шүү дээ гэж хэлэхэд таньдаг айл байгаа очоод болно гэж хэлээд явж 2 шил архи, 2 пиво авсан. Тэгээд замдаа 2 хүн аваад Хавцгайтын ам руу гарсан. 10 цагийн үед Хавцгайтын ам руу орж 1 шил архи бүтэн ууж, дахиж тал шил архи уусан. Хэрэг болох үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж өөрийн гэсэн ухаангүй байсан. Нэг сэрэхэд хамаг зүйл дууссан эмч, цагдаагийн байгууллага ирсэн байсан. Хохирогчийн ар гэрээс дахин дахин уучлалт гуймаар байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Анх ярихдаа 10,5000,000 төгрөг бэлэн байна, үлдсэн мөнгийг нь шүүх хуралдаанаас өмнө өгье гэж ярьсан. Сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүгийнхээ амь насны хохирлыг дараа нь нэхэмжилнэ гэж бодож байгаа. Нохойн гөлөг алсан биш хүн алчхаад 20,000,000 төгрөгөөр үнэлэх боломжгүй. Миний хүүгийн төрсөн хүү, охин нь 6 настай, ах, дүү төрөл садан нь сэтгэл санааны хохирол амссан. Бид нар маш их гомдолтой. Ханилсан хань нь ямар ч амьжиргаа байхгүй. Талийгаач таван ам бүл тэжээдэг хүн байсан. Би энэ хүнд энэрэнгүй сэтгэлээр хандсан, миний хүү босоод ирэх биш гэж бодож байсан. Нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг төл гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Сэтгэл санааны хохирол 9,500,000 төгрөг, оршуулгын зардал 10,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүгийнхээ амь насны хохирлыг жичид нь нэхэмжлэх хүсэлтэй байгаа. Хохирлыг хурдан төлнө гэж намайг хууран мэхэлсэн. Санаатай миний хүүг алсан мөрдөн байцаах ажиллагаа дутуу шалгасан, шүүгдэгчийг яагаад цагдан хорьдоггүй юм бэ гэж асуухад би өөрөө мэдэж байна гэж мөрдөн байцаагч хариулсан. Хэрэг гарснаас хойш шүүгдэгч айл хэсэж архи ууж чөлөөтэй гадуур явж байгаа. Сэтгэл санааны хохирол 9,500,000 төгрөг,  оршуулгын зардалд 10,500,000 төгрөг, амь насны хохирлыг жичид нь нэхэмжилнэ. Одоо байсан бол 50 настай байх байсан. Миний хүүд архаг хууч өвчин байгаагүй, эмнэлгээр явж үзээгүй байшин барилгын ажил хийж ар гэрээ тэжээдэг хүн байсан. Энэ хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгөх байх гэж найдаж байна. Хөнгөн ял оногдуулж болохгүй гэж бодож байна гэв.    

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач нь эцэг, эхээсээ хоёулаа бөгөөд төрсөн дүү Т.Т нь Дархан хотод амьдардаг учраас ирэх боломжгүй байдаг юм. Талийгаачийн эхнэр буюу хамтран амьдрагч Д нь архины хамааралтай, талийгаачийн төрсөн аав Д.Т нь өндөр настай буюу 83 настай учраас хэрэгт оролцох боломжгүй. Би талийгаачийн төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Манай ээж буюу талийгаачийн төрсөн эгч бурхан болсон. Ингээд надаас өөр энэ хэрэгт оролцох боломжтой хүн байхгүй учраас манай ах, дүү нар ярилцаж байгаад намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар шийдвэрлэсэн. Талийгаач нь 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд аав, ээжийн гар дээр өнгөрөөсөн. Талийгаач эцэг, эхээс тавуулаа байсан бөгөөд манай ээж хамгийн том нь байж байгаад бурхан болсон. Дараагийн эгч нь Өмнөговь аймгийн Сэврэй суманд байдаг гэж хэлсэн. Тэр эгч талийгаачийн ажил явдлаар ч ирж чадаагүй бие муутай хүн байдаг юм. Дараагийн ах нь 20 гаруй жилийн өмнө сураггүй алга болчихсон. Тэгээд талийгаач хамгийн бага дүү нь Дархан хотод амьдардаг. Талийгаач бүрэн бус дунд боловсролтой, залуудаа сангийн аж ахуйд ажилладаг байсан. Сүүлийн жилүүдэд тогтсон ажил хийж байгаагүй. Талийгаач нь 1992 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Батчимэг гэдэг эмэгтэйтэй гэр бүлж 2 хүүхэд төрүүлсэн бөгөөд 2009 онд салцгаасан. Талийгаачийн том хүү Э Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг. Охин Э Улаанбаатар хотод амьдардаг. Талийгаач 2015 онд Даланзадгад сумын иргэн Д гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдарсан. Дундаасаа 1 охинтой, охин нь 6 настай... Би буруутай этгээдээс дараах зүйлүүдийг нэхэмжилнэ. Үүнд оршуулгын үед гарсан 10,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн талийгаач нь нэг охинтой одоо охин нь 6 настай тэгэхээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 жилийн хугацаатайгаар тогтоож гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирол 3,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлтэй холбоотой хохирлыг төлөөд барагдуулчихвал гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 56-57, 60 дахь тал/

Гэрч Б.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 11 цагийн үед намайг гэртээ байхад М, Б, машины эзэн танихгүй, талийгаач нэрийг нь мэдэхгүй байна тэд нар ирээд салхинд гаръя гэхээр нь би за гэж хэлээд бид 5 хамт уул руу явсан. Замаараа нэрийг нь мэдэхгүй супер маркет ороод ус ундаа аваад шууд Хавцгайтын ам явсан. М, машины эзэн танихгүй, талийгаач нар бүгд согтуу харин Б эрүүл манайд ирсэн. Машиныг Б барьж явсан машины эзэн би согтуу машинаа барьж чадахгүй байна гээд Б-д жолоогоо шилжүүлсэн. Замдаа явж байхдаа 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво задлаад нэг нэг аягийг уусан. Б машин барьж байгаа гээд пиво уугаагүй. Тэгээд ууланд өдөр очсон цагийг нь мэдэхгүй байна ууланд очоод бид 5 машины ар хэсэг буюу бөгсөн талд нь суусан. Тэгээд архи болон ус ундаа хиамаа гаргаж идээд 2 шил 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи тэнцүү хувааж уусан. Архи дуусахаар нь Б, М бид 3 тоглож байхад Мг машины эзэн ойрхон 2 км газар яваад ирье гэсэн чинь М үгүй бүгдээрээ явъя талийгаач эндээ унтаад байж байг гээд бид 4 машинд суусан. Талийгаач унтаад үлдсэн. Тэгсэн чинь машины эзэн та муу 3 буу би ганцаараа аймаг явлаа гээд бид гурвыг машинаасаа буулгахаар нь бид 3 талийгаачийн ойролцоо буугаад суусан чинь машины эзэн машинтайгаа хурдтай яваад бид гурвын урдуур гараад талийгаачийн дээгүүр нь гараад хад мөргөөд зогссон. Талийгаач машины дор байсан. Тэгээд бид нар жолооч дээр очоод та хүн мөргөчихлөө гэсэн чинь үрүүлээ 2 гараараа дэрлээд унтаад өгсөн. Бид нар талийгаачийг машины доороос гаргах гэсэн боловч гаргах боломж байгаагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 67 дахь тал/  

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Он, сараа мэдэхгүй байна өчигдөр өглөө 10 цагийн үед намайг гэртээ байхад над руу Б залгаад салхинд гаръя гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгсэн чинь манай гэрийг мэдэхгүй гээд намайг парк дээр хүрээд ир тэнд хүлээж байя гэхээр нь би гэрээсээ гараад парк дээр очсон чинь паркийн хажууд цагаан өнгийн загварыг нь мэдэхгүй байна жижиг тэрэг дотроо миний таньдаг Б, машины эзэн нэрийг нь мэдэхгүй байна, талийгаач бас нэрийг нь мэдэхгүй энэ 3 халамцуу байж байсан. Тэгээд намайг аваад уул явъя гэхээр нь би найзыгаа хамт аваад явъя гэж хэлээд найз Ба рүү залгаад ууланд хамт явъя гэсэн чинь за гээд гэр рүү нь явсан. Бид дөрвийг Ба-ийн гэрт очиход Ба гэртээ эрүүл байсан би бас тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Машиныг Б барьж явсан. Машины эзэн би согтуу машинаа барьж чадахгүй байна гээд Б-д жолоогоо шилжүүлсэн. Тэгээд бид 5 замаараа дэлгүүр орж ус ундаа аваад Хавцгайтын ам руу явсан. Машины ард надтай уулзахаас өмнө архинууд аваад хийчихсэн байсан. Ууланд бараг 11 цагийн үед очсон байх тэнд очоод бид 5 машины ар хэсэг буюу бөгсөн талд нь суусан. Би зүг сайн мэдэхгүй байна. Тэгээд архи болон ус, ундаа хиамаа гаргаж идээд 2 шил 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи тэнцүү хувааж уусан. 2 шил архи дуусахад талийгаач тасраад газар дэвссэн хөнжил дээр унтсан. Бид 4 хажууд нь юм ярьж сууж байсан чинь машины эзэн гэнэт явлаа гээд машинаа асаагаад шууд хөдөлж яваад гол гатлах гэж байснаа чадахгүй буцаж ирээд бид дөрвийг өнгөрөөд зогсохоор нь бид 3 гүйж очоод машин дотор нь суусан талийгаач хадны хажууд унтаад үлдсэн. Би дуудаж сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгээд машинд бид 3 очоод суусан чинь машины эзэн машинаас буу гээд урлахаар нь бид 3 машинаас буугаад талийгаачийн ойролцоо очоод юм яриад сууж байсан чинь гэнэт машины эзэн бид нарын хажуугаар хүчтэй гараад хадны хажууд унтаж байсан талийгаачийн дээгүүр гараад хад мөргөөд зогссон. Бид нар ойртож хараагүй талийгаачийг дайрчихлаа гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” /хавтаст хэргийн 69 дэх тал/

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 06 дугаар сарын 29-ний өглөө босоод гэртээ аяга угаагаад сууж байхад гаднаас талийгаач Ба ганцаараа орж ирээд уул руу гараад ирэх үү би найзтайгаа хамт явж байна гэж хэлсэн. Би зөвшөөрөөд цуг явахаар болоод хамт манай гэрээс гараад ирэхэд цагаан өнгийн “Приус-20” загварын автомашинтай хүн байсан. Жолооч нь хуучны танил Заяа гэдэг ах байсан. Машинд ороод ирэхэд хойд суудал дээр 2.4 литрийн тал пиво тавиатай байсан. Намайг машинд орж ирэхэд талийгаач надад хийж өгсөн түүнийг уучихаад хөдөлсөн. Тэгээд бид гурав "Бөцөө” дэлгүүрийн гадаа очоод ууланд гарч байгаа юм чинь идэх, уух юм авъя гээд жолооч ганцаараа дэлгүүр ороод цаасан хайрцагтай юм аваад гараад ирсэн. Тэгээд хөдлөх үедээ жолооч ууланд гарч байгаа юм чинь эмэгтэй хүн байвал авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүс таних М гэдэг эмэгтэй рүү залгаад ууланд явах уу гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хаана очиж авах уу гэсэн чинь гэртээ байна, хүүхдийн паркийн зүүн талд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд М-г авсан чинь М найзыгаа очиж авна гээд аймгийн хойд захад очиж нэг эмэгтэйг авсан. Шууд Гурван сайхан уул руу гарсан. Пост өнгөрөөд явж байхад жолооч засмал замын хажуу тал руу орчих гээд дайвалзаад яваад байхаар нь би машин барья та зогсчих гэсэн чинь зогссон. Тэгээд надад машинаа өгсөн би машиныг нь бариад явсан. Талийгаач машин дотор пиво аягалаад явсан. Уул руу явахад талийгаач машин дотор пиво аягалаад бид нар уугаад явсан. Би машин бариад явж байхад засмал зам дээр жолооч би өөрөө машинаа барина гээд байхаар нь би зогсоод машиныг нь өгсөн. Тэгээд жолооч машинаа бариад яваад Хавцгайт орсон. Хавцгайт ороод эхэн дээр нэг хадны сүүдэрт зогссон. Тэнд очоод машинаас талх, хиам гаргаж ирж идсэн. Дараагаар нь 1 шил 0.75 граммын архи гаргаж бид нар хувааж уусан. Бид нар 1 шил 0.75 граммын архи уугаад дараа нь дахин 1 шил архи задлаад талыг нь ууж байхад талийгаач согтсон мөн жолооч бас согтсон байсан. Тэгээд би хоёр эмэгтэйн хамтаар хойд талын орой дээр гарч явахад М жолооч хүн дайрчихлаа шүү дээ гэж орилсон. Тэгээд буугаад машин дээр ирэхэд талийгаачийн хөл нь машин доогуур харагдаж байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн.” /хавтаст хэргийн 76-77 дахь тал/

Гэрч Ө.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би нөхөр 2 хүүхдийн хамтаар өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Говь гурвансайхан ууланд байх Хавцгайтын ам орохоор уг амаар уруудаад ороод ирэхэд 2 эмэгтэй 1 эрэгтэй гар өргөсөн. Цаана нь цагаан өнгийн “Приус-20” загварын автомашин хад мөргөсөн байдалтай байж байсан. Тэгэхээр нь дугуй нь хагарсан юм байхдаа гээд зогсоод нөхөр бид хоёр машинаас буугаад ирэхэд согтуу хоёр эмэгтэй байсан. Хажууд нь нэг таяг тулсан согтуу залуу байсан. Тэгэхээр нь та нар чинь яагаад ийм аймаар согтуу явдаг юм бэ гэж хэлчихээд нөхөр би хад мөргөсөн машин дээр очоод жолоочид хандаад та чинь яаж яваад хад мөргөдөг юм бэ гэсэн чинь чимээгүй байж байснаа чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ард байсан согтуу эмэгтэй наадах чинь хүн дайраад алчихлаа гээд орилсон чинь жолооч чамд ямар хамаатай юм бэ гээд суудлаа хойш хэвтүүлчихсэн унтаараад байж байсан. Тэгэхээр нь би тонгойгоод харсан чинь машин доогуур нь эрэгтэй хүний хөлтэй сандаал харагдсан. Ахиулаад харсан чинь машин доогуур хөнжил нөмөрсөн хүн байгаа харагдсан. Тэгээд би нөхөртөө гялс сүлжээнд цагдаад мэдэгдье гэж хэлсэн. Бид хоёр сүлжээнд гараад би цагдаад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлсэн.” /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

Шүүгдэгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би урьд нь энэ асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой бүгдийг ярьсан учраас одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Миний бие хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна.” /хавтаст хэргийн 117 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Талийгаач Т.Ба-ын цогцост духанд шарх, нуруу, баруун өгзөг, баруун бугалга, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаач Т.Бат үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Т.Ба нь механик амьсгал бүтэлт буюу дарагдлын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.” /хавтаст хэргийн 83-85 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3535 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Т овогтой Ба 50/эр 2022.06.30 Даланзадгад” гэж хаягласан цусанд 4,8 промилли спирт илэрсэн. Цусан дахь 4,5 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /хавтаст хэргийн 88-90 дэх тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Ц.М-гийн согтолтын хэмжээ 1.35 хувьтай гэжээ /хавтаст хэргийн 22 дахь тал/

Ц.М-гийн согтолтын хэмжээг баталгаажуулсан гэрэл зураг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулалт, цагдаагийн дэслэгч С.Б-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэд: “1. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль 3.1.6-д зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг: 2. Тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад “Тоёота приус” загварын 95-67 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно; 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав.” /хавтаст хэргийн 100 дахь тал/  

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1957 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Эвдэрсэн эд анги, зардлын нэр, урд буфер, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 440,000 төгрөг /солих, элэгдэл тооцов/, буферийн сетка, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 60,000 төгрөг /солих/, баруун урд буферийн нэмэлт гэрэлт, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 30,000 төгрөг /солих/, будах зардал, эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 100,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: 630,000 төгрөг, 100 грамм будаг, туслах материал, лак, эвдрэлийн зэрэг өнгө гаргах, үнэлгээ 20,000 төгрөг /материалын үнэ/, эд анги солих, үнэлгээ 30,000 төгрөг /ажлын хөлс/, тэнхлэг тохируулах /ажлын хөлс/, шууд бус зардлын дүн: үнэлгээ 50,000 төгрөг, нийт дүн: 680,000 төгрөг.” /хавтаст хэргийн 94-97 дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-21 дэх тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-38 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-44 дэх тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 185-193 дахь тал/

Өмнөговь аймаг Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 120 дахь тал/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 721 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 121 дэх тал/

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 122 дахь тал/

Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 123 дахь тал/

Тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 125 дахь тал/

Шүүгдэгч Ц.М-гийн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 184 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, оршуулгын төлбөр 10,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, сэтгэл санааны хохирол 9,500,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санааны хохирол 9,500,000 төгрөг, мөн амь насны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, оршуулгын зардалд нэхэмжилж байгаа 10,500,000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа талаарх дүгнэлтийг тус тус гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж, хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүссэн тайлбар, шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус тус гаргав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутаг “Хавцгайтын ам” гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота приус” загварын 95-67 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 1.3 дугаар зүйл: Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин осол гаргаж, иргэн Т.Ба-ын амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г-ын “...Талийгаач 2015 онд Даланзадгад сумын иргэн Д гэдэг хүнтэй гэр бүл болж хамтран амьдарсан. Дундаасаа 1 охинтой, охин нь 6 настай... Би буруутай этгээдээс дараах зүйлүүдийг нэхэмжилнэ. Үүнд оршуулгын үед гарсан 10,500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн талийгаач нь нэг охинтой одоо охин нь 6 настай тэгэхээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 жилийн хугацаатайгаар тогтоож гаргуулж авмаар байна. Сэтгэл санааны хохирол 3,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлтэй холбоотой хохирлыг төлөөд барагдуулчихвал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57, 60 дахь тал/,

гэрч Б.Ба-ийн “... Архи дуусахаар нь Б, М бид 3 тоглож байхад Мг машины эзэн ойрхон 2 км газар яваад ирье гэсэн чинь М үгүй бүгдээрээ явъя талийгаач эндээ унтаад байж байг гээд бид 4 машинд суусан. Талийгаач унтаад үлдсэн. Тэгсэн чинь машины эзэн та муу 3 буу би ганцаараа аймаг явлаа гээд бид гурвыг машинаасаа буулгахаар нь бид 3 талийгаачийн ойролцоо буугаад суусан чинь машины эзэн машинтайгаа хурдтай яваад бид гурвын урдуур гараад талийгаачийн дээгүүр нь гараад хад мөргөөд зогссон. Талийгаач машины дор байсан. Тэгээд бид нар жолооч дээр очоод та хүн мөргөчихлөө гэсэн чинь үрүүлээ 2 гараараа дэрлээд унтаад өгсөн. Бид нар талийгаачийг машины доороос гаргах гэсэн боловч гаргах боломж байгаагүй. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,

гэрч Ц.М-гийн “...Ууланд бараг 11 цагийн үед очсон байх тэнд очоод бид 5 машины ар хэсэг буюу бөгсөн талд нь суусан. Би зүг сайн мэдэхгүй байна. Тэгээд архи болон ус, ундаа хиамаа гаргаж идээд 2 шил 0.75 литрийн нэрийг нь мэдэхгүй архи тэнцүү хувааж уусан. 2 шил архи дуусахад талийгаач тасраад газар дэвссэн хөнжил дээр унтсан. Бид 4 хажууд нь юм ярьж сууж байсан чинь машины эзэн гэнэт явлаа гээд машинаа асаагаад шууд хөдөлж яваад гол гатлах гэж байснаа чадахгүй буцаж ирээд бид дөрвийг өнгөрөөд зогсохоор нь бид 3 гүйж очоод машин дотор нь суусан талийгаач хадны хажууд унтаад үлдсэн. Би дуудаж сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгээд машинд бид 3 очоод суусан чинь машины эзэн машинаас буу гээд урлахаар нь бид 3 машинаас буугаад талийгаачийн ойролцоо очоод юм яриад сууж байсан чинь гэнэт машины эзэн бид нарын хажуугаар хүчтэй гараад хадны хажууд унтаж байсан талийгаачийн дээгүүр гараад хад мөргөөд зогссон. Бид нар ойртож хараагүй талийгаачийг дайрчихлаа гэдгийг мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/,    

гэрч Г.Б-ы “...Бид нар 1 шил 0.75 граммын архи уугаад дараа нь дахин 1 шил архи задлаад талыг нь ууж байхад талийгаач согтсон мөн жолооч бас согтсон байсан. Тэгээд би хоёр эмэгтэйн хамтаар хойд талын орой дээр гарч явахад М жолооч хүн дайрчихлаа шүү дээ гэж орилсон. Тэгээд буугаад машин дээр ирэхэд талийгаачийн хөл нь машин доогуур харагдаж байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,     

гэрч Ө.С-ын “Би нөхөр 2 хүүхдийн хамтаар өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Говь гурвансайхан ууланд байх Хавцгайтын ам орохоор уг амаар уруудаад ороод ирэхэд 2 эмэгтэй 1 эрэгтэй гар өргөсөн. Цаана нь цагаан өнгийн “Приус-20” загварын автомашин хад мөргөсөн байдалтай байж байсан. ... би хад мөргөсөн машин дээр очоод жолоочид хандаад та чинь яаж яваад хад мөргөдөг юм бэ гэсэн чинь чимээгүй байж байснаа чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь ард байсан согтуу эмэгтэй наадах чинь хүн дайраад алчихлаа гээд орилсон чинь жолооч чамд ямар хамаатай юм бэ гээд суудлаа хойш хэвтүүлчихсэн унтаараад байж байсан. Тэгэхээр нь би тонгойгоод харсан чинь машин доогуур нь эрэгтэй хүний хөлтэй сандаал харагдсан. Ахиулаад харсан чинь машин доогуур хөнжил нөмөрсөн хүн байгаа харагдсан. Тэгээд би нөхөртөө гялс сүлжээнд цагдаад мэдэгдье гэж хэлсэн. Бид хоёр сүлжээнд гараад би цагдаад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-21 дэх тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-38 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 39-44 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1957 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 94-97 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулалт, цагдаагийн дэслэгч С.Б-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулалт, цагдаагийн дэслэгч С.Б-ийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр Ц.М нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно; 1.3. замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг тус тус зөрчсөний улмаас тухайн осол гарсан болохыг тогтоосон тул шүүгдэгч Ц.М нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэрэг гарсан газар нь хоёр талаараа уулархаг хавцал бүхий голоороо урсгал устай, уг усны урд талаар тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан замаар шүүгдэгч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр урдаас хойшоо явж байгаад осол гаргасан нь тогтоогдсон тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 3.1.6-д заасан замд зам тээврийн осол гарсан гэж үзэв.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Ц.М нь 1,35 хувийн согтолттой байсан. / хавтаст хэргийн 22-23 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.    

Шүүгдэгч Ц.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Т.Ба нь механик амьсгал бүтэлт буюу дарагдлын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.  

Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Ц.М нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь насыг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Мг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон М.Г нь оршуулгын зардал 10,500,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 жилийн хугацаатайгаар тогтоож гаргуулах, сэтгэл санааны хохирол 3,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн шатанд оролцогчдын хүсэлтийн дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон амь хохирогчийн эцэг Д.Т нь иргэний нэхэмжлэлд өөрчлөлт оруулж, оршуулгын зардалд 10,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 9,500,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгөөс гадна тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон хохирогчийн амь нас хохирсонтой холбогдуулж хохирол төлбөр нэхэмжилснээс шүүх хүний амь нас хохирсонтой холбоотойгоор зайлшгүй гарсан хор уршиг буюу оршуулгын зардал 10,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.М-гаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д олгохоор шийдвэрлэв.

Харин сэтгэл санааны хохирол 9,500,000 төгрөг, хүний амь нас, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотолсон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч Ц.М-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс тогтоосон 10,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 199, 200, 202, 203 дахь талд авагдсан хохирол төлсөн баримт болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, шүүгдэгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувьд шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн гэж дүгнэлээ.       

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.  

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийг дүгнэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хуульд заасан хорих ял оногдуулах тухай, шүүгдэгч хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн тайлбарыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Ц.М-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын улмаас үүссэн хор уршигт 10,500,000 төгрөгийг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.      

Шүүх шүүгдэгч Ц.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,500,000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялын доод хэмжээ болох 2 /хоёр/ жил хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.    

Шүүгдэгч Ц.М-гийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт 10,500,000 төгрөг төлсөн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.   

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байх явдал юм. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх учиртай.

Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор арилаагүй гэх тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ...... регистрийн дугаартай, №655159 дугаартай B, C, CE ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.  

Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцос зөөвөрлөх, цогцсонд үзлэг хийх үеийн бичлэг агуулсан DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, ARKHI гэсэн бичиг бүхий 0,75 граммын лац бүрэн архи 1 ширхэг, heleywell гэсэн бичигтэй хар өнгийн нүдний шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овгийн Ц-ын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь хүний амь нас, сэтгэл санааны болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.      

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хэргийн газрын үзлэг, цогцос зөөвөрлөх, цогцсонд үзлэг хийх үеийн бичлэг агуулсан DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, ARKHI гэсэн бичиг бүхий 0,75 граммын лац бүрэн архи 1 ширхэг, heleywell гэсэн бичигтэй хар өнгийн нүдний шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.  

7. Шүүгдэгч Ц.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ........... регистрийн дугаартай, №655159 дугаартай B, C, CE ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.    

8. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ВОЛОДЯ