| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0886/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/928 |
| Огноо | 2022-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дэлгэрмөнх, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/928
2022 11 29 2022/ШЦТ/928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч А.Дэлгэрмөнх, шүүгдэгч Э.Б /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн “2211 00000 1915” дугаартай, 186/2022/0886/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хххх тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Э.Б/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” зах дээр будаа худалдаж байх явцдаа, иргэн А.Мтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, дух, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгт няцарсан шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэм буруу дээр маргах зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Мын:...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд “Хүчит шонхор” захын гурил, будааны тасгаас бор будаа авах зорилгоор очоод 25-30 орчим насны залуугаас бор будаа байна уу гэж асуутал тэр залуу надад будаа харуулахаар нь би наадах чинь бишээ гэж хэлтэл өөр ямар бор будаа байдаг юм пиздаа минь гэсэн. Тэгэхээр нь үйлчилгээний байгууллага байж зүй бус харьцах юм мөн ямаа омогтой пиздаа минь чи хүн зодчихоор хүн биш л байна гэж хэлтэл надруу дөхөж ирээд тэр залуу уурлаж миний баруун талын хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Түүнээс болж миний баруун талын хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Би эмнэлгийн байгууллагаас тусламж аваад 1 ширхэг оёдол тавиулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй харин өөрийнх нь гаргасан үйлдэл дээр нь гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ган-Очирын:...тэр үед 50 орчим насны үл таних ах шилэн хаалгыг биеийнхээ ар хэсгээр буюу толгой хэсгээр мөргөсөн үргэлжпүүлэн Бямбагэрэл ах үл таних эрэгтэйн нүүр хэсэг рүү буюу баруун хацар, хөмсөг хэсэгт гараараа цохисон. Бямбагэрэл ах гартаа бөгж зүүж байсан учир 50 орчим насны үл таних ахын нүүр буюу дух хэсгээс нь тэр үедээ цус гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,
2.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14204 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.2.Э.Бийн биед баруун хацар, чамархай, зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.6. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.
7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор гэжээ. /хх-ийн 27-28 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтас хэргээс: шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 353 дугаар прокурорын тогтоол /хх-ийн 56 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27-28 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт, тус шүүхээс хохирогч А.Мтай утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлалаа.
3.2.Шүүгдэгч Э.Б нь: хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор” зах дээр будаа худалдаж байх явцдаа, иргэн А.Мтай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, дух, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хөмсөгт няцарсан шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч А.Мын:...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд “Хүчит шонхор” захын гурил, будааны тасгаас бор будаа авах зорилгоор очоод 25-30 орчим насны залуугаас бор будаа байна уу гэж асуутал тэр залуу надад будаа харуулахаар нь би наадах чинь бишээ гэж хэлтэл өөр ямар бор будаа байдаг юм пиздаа минь гэсэн. Тэгэхээр нь үйлчилгээний байгууллага байж зүй бус харьцах юм мөн ямаа омогтой пиздаа минь чи хүн зодчихоор хүн биш л байна гэж хэлтэл надруу дөхөж ирээд тэр залуу уурлаж миний баруун талын хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Түүнээс болж миний баруун талын хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Би эмнэлгийн байгууллагаас тусламж аваад 1 ширхэг оёдол тавиулсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй харин өөрийнх нь гаргасан үйлдэл дээр нь гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 8 дугаар тал/,
- гэрч М.Ган-Очирын:...тэр үед 50 орчим насны үл таних ах шилэн хаалгыг биеийнхээ ар хэсгээр буюу толгой хэсгээр мөргөсөн үргэлжлүүлэн Бямбагэрэл ах үл таних эрэгтэйн нүүр хэсэг рүү буюу баруун хацар, хөмсөг хэсэгт гараараа цохьсон. Бямбагэрэл ах гартаа бөгж зүүж байсан учир 50 орчим насны үл таних ахын нүүр буюу дух хэсгээс нь тэр үедээ цус гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14204 дугаартай дүгнэлт. /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хохирогчтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14204 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Э.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Э.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хохирогч А.Мын нь шүүгдэгч Э.Бээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Бий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ