Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0642

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0642

Улаанбаатар хот

 

 

 

                                 “О” ХХК-ийн

                         нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***,

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “О” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага:  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалын “О” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0405 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал,

Хэргийн индекс: 128/2024/0208/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/378 дугаар "Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0405 дугаар шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй,

Нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ, гэрчилгээ хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх газар ашиглах эрхийн хугацаа дуусаагүй гэж шууд дүгнэж шийдвэрлэсэн нь буруу буюу нэхэмжлэгчид хэдэн жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон болох нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

          3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,

3.1. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/378 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/188 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Бумбатын амны хязгаарлалтын бүсээс “О” ХХК /5***/-д ашиглуулахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуй нэгжийн 24980 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалыг эс зөвшөөрч “манай компанид газар ашиглах эрхийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/188 дугаар тушаал 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар ашиглах эрхийн хугацаа 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болохоор байхад “...газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэх үндэслэлээр дуусгавар болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй”, “газар ашиглах эрх олгогдсоноос хойш коронавирусын цар тахлын хөл хорио тогтоосон цаг хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан” гэсэн агуулгаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч дээрх газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яам болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана” гэснийг зөрчсөн байх тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгийг үндэслэн хуульд заасны дагуу дуусгавар болгосон” гэсэн үндэслэлээр тус тус тайлбарлан маргасан.

          4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх, маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/378 дугаар тушаалын үндэслэл болсон гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлын шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар аваагүй.

            Нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/188 дугаар тушаалыг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-г олгон, газар ашиглах тухай гэрээг байгуулсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулаагүй, нэхэмжлэгчээс дээрх тушаалаар “газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон” хэмээн тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2019 оны А/188 дугаар тушаалд газар ашиглах эрхийн хугацааг тусгайлан заагаагүй энэ тохиолдолд газар ашиглах эрхийн хугацааг хариуцагч хэзээнээс эхлэн тооцож, дуусгавар болсон хэмээн тайлбарлан маргаж буй нөхцөл байдлыг шүүх бүрэн тодруулаагүй.

            Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбоотой хариуцагч мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй хэмээн маргаж байхад энэхүү үйл баримтыг шалгаж тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...маргаан бүхий тохиолдолд, дээрх хугацаа болоогүй байхад нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй” хэмээн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

6.  Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

     

 

                  ШҮҮГЧ                                                 Ц.САЙХАНТУЯА

 

                  ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                             ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА