Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2021/0031

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ВГ” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ВГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“ВГ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компанид 2020 оны сүүлээр Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналтын шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нар нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1401204069 тоот нөхөн ногдуулалтын актаар Нэмэгдсэн өртгийн албан татвар 21,012,624.00 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 838117 төгрөг, алданги 2,274,517.00 төгрөг, торгууль 4,367,161.00 буюу нийт 28,492,420.00 төгрөгийн акт тавигдсан болно. Хяналт шалгалтын үеэр Коронавирус дотоодод халдвар тархсан байсан бөгөөд худалдаа үйлчилгээний салбар хэд хэдэн удаагийн хөл хорио тогтоогдож эхнээсээ үүд хаалгаа барьж эхэлсэн үнэхээр хүнд хэцүү үе таарч үүнтэй холбоотойгоор ч Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс ч нэлээдгүй арга хэмжээнүүдийг авсаар байна. Жишээ нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэх мэт худалдаа үйлчилгээний салбараа эрсдэлээс хамгаалах, эдийн засаг санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, нийгмийн зарим хэсэгт нь тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай авч байна. Гэтэл аймгийн Татварын хэлтэс хэдэн арван саяар нь татварын акт торгууль тавьж худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдээ хүнд үед нь бүр нухчин дарах бодлоготой үйл ажиллагаа явуулж байгаад үнэхээр харамсаж байна. Бидний зүгээс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд улмаар хуулиар олгогдсон эрхийн дагуу аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Маргаан таслах зөвлөл манай хүсэлтийг хүлээж аваагүй болно. Иймд бид Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19 дэх заалтыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1, 2 дахь заалтуудыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот Нөхөн ногдуулалтын актын торгууль, алдангийг чөлөөлөх мөн актын үндсэн өр болох Нэмэгдсэн өртгийн албан татвар  21,012,624.00 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар  838,117.00 төгрөгийг буруу тооцоолсон гэж үзэж байгаа тул нийтэд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн гол агуулга бол манай компанийн 3 дансыг татварын байцаагч нар шалгасан байна. Манай байгууллагаас өөр нэг байгууллага руу үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор төлбөр шилжүүлэх байдал үүсэхэд манай нэг дансанд байгаа мөнгө хүрдэггүй, мөн нөгөө байгууллагаас бидний мөнгө байгаа данснаас өөр данс өгөх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд бид нэг данснаас нөгөө данс руугаа тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлэх тохиолдол гардаг. Нэг эх үүсвэртэй буюу нэг мөнгийг давхар орлогын тооцоололд оруулсан ийм  зүйл харагдаад байна. Би хамгийн сүүлд гаргаж өгсөн баримт дээрээ он сар, үнийн дүнг тавьсан байгаа. Жишээ нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Төрийн банк”-ийн дансанд 5,476,000 төгрөг “ДДЭШ” гэсэн утгатай, мөн өдөр 8,815,000 төгрөг “Юнивишн” гэсэн утгатай өгсөн байгаа. Энэ мөнгө нь мөн  Хаан банкнийн дансанд энэ дүн, утгаараа орсон байгаа. Би яагаад ингэж хийдэг вэ гэхээр дараа нь тайлан тооцоо дээр тоо алдахгүйн тулд нэг ижил дүнгээр хийдэг юм. Касснаас данс руу мөнгө орох эсхүл манай нэг данснаас нөгөө данс руу мөнгө орж байна гэсэн үг. Үндсэн мөнгөний эх үүсвэр маань нэг мөнгө гэсэн үг юм. Нийт тайлагнах ёстой дүн 623 000 000 төгрөгийг тайлагнах ёстой ч тайлагнаагүй байна гэж байна. Гэтэл манай и-баримт дээр 623 000 000 төгрөг дотор Нэмэгдсэн өртгийн албан татвараа тушаагаад тайлагнаад явуулсан баримтууд нилээн их байна. Жишээ нь Хаан банкны дансанд 3 дугаар сарын 21-ний өдөр 1 600 000 төгрөг гээд Мэргэжлийн хяналтын газраас принтерийн хор гэж орсон. Энэ баримт нь и-баримтад төлөгдсөн, би Нэмэгдсэн өртгийн албан татвараараа төлсөн, тайлагнасан, баталгаажсан баримт гаргаад ирсэн. Тэгэхээр тайлагнаагүй гэж буруу баримт гаргаад ирсэн байна. Энэ дотор тайлагнаад, шивэлтийг нь хийгээд, Нэмэгдсэн өртгийн албан татварыг нь төлсөн баримтыг оруулсан байна. Яг энэ жишээний дагуу зарим үнийн дүнгүүд и-баримтаар баталгаажаад, тайлагнасан байгаа. Тэгэхээр 623 000 000 төгрөг гэсэн дүн тодорхой хэмжээний алдаатай байна гэж харагдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс Татварын хяналт шалгалтын актыг түр түдгэлзүүлээд тэр тооцооллын дахин зөв байдлаар хийлгэх саналтай байна. Тодорхой хэмжээний татвараа дутуу тайлагнасан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ акт оногдуулахдаа дутуу тооцоолсон гэж харж байна. Би тооцоо алдахгүйн тулд ижил дүнгээр нь хийж нэг дүнг хоёр болж харагдаж байгаа тохиолдол байна. Давхар бичилт хийсэн зүйл байгаа тул үүнийг анхаарч үзэх хэрэгтэй гэж үзэж байна. ..гэжээ.

Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тагнуулын ерөнхий газрын дарга болон Хяналт арга зүйн газрын дарга нараас ирүүлсэн чиглэлийн дагуу 2020 оны төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнөөс бүрэн дуусга гэсэн үүрэг чиглэлийн дагуу 2020 оны өөртөө хуваарилагдсан томилолт олгосон татвар төлөгчдийг 100% бүрэн шалгалтад хамруулж дуусгасан. Үүнд “ВГ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Авлигатай тэмцэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/5432 тоот албан бичгийн дагуу 14200000069 тоот томилолтоор иж бүрэн хяналт шалгалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хүртэлх хугацаанд татварын улсын байцаагч Г.Х, Д.Ч нар хийж гүйцэтгэсэн. Тус ХХК-ийг Авлигатай тэмцэх газраас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хяналт шалгалтад дуудахад захирал Ц.М Цээл суманд ажиллаж байсан учир ирээгүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э ирж уулзсан. Тус ХХК-тай холбоотой санхүүгийн баримт бичиг шаардахад ямар ч санхүүгийн бичиг баримт байхгүй, тайлан гаргасан нягтлан бодогч Улаанбаатар хотод байгаа ковид цар тахлаас болоод ирэх боломжгүй гэж ярьж байсан. Тус ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хугацааны Хаан банканд төгрөгийн 5756050004, Төрийн банканд төгрөгийн 310000000021, Хас банканд төгрөгийн 5000000009 тоот харилцах дансны мэдээллийг холбогдох банкнуудаас гаргуулан авч шалгалт хийхэд 210,126,243.53 төгрөгийн борлуулалтын орлогыг санхүү, татварын тайланд тусгаагүй зөрчил илэрсэн нь харилцах дансны хуулгаар нотлогдож байна. Нэхэмжлэгч талаас гаргаж буй гомдолд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй гэж заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн нөхөн төлбөрийн алданги торгуулийг чөлөөлсүгэй гэж заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн нөхөн төлбөрийн алданги торгуулийг чөлөөлөх байсан талаар дурдсан байдаг. Энэ нь зөвхөн татвар төлөгчийн хуулийн дагуу өөрөө тайлагнасан тухайн төрлийн татварын тайлангаар үүссэн төлбөл зохих татварыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татварыг төлөгчийг нэг удаа чөлөөлөх талаар дурдсан байдаг. Энэ нь зөвхөн татварын төлөгчийн хуулийн дагуу өрөө тайлагнасан тухайн төлөлтийн татварын тайлангаар үүссэн төлбөл зохих татварыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги торгуулиас нэг удаа чөлөөлнө гэж тодорхой заасан байгаа гуйвуулан ойлгож байна. Татварын хяналт шалгалтаар ногдуулсан нөхөн төлбөрт оногдуулсан алданги, торгуулийг чөлөөлөх тухай хууль тогтоомжид заагаагүй байна. Тус зөрчил нь Ковид цар тахлаас өмнө 2019 онд үйлдсэн зөрчил бөгөөд цар тахлаас үүдэн хяналтын ажлыг хойшлуулах, нөхөн ногдуулалтын акт үйлдэхийг хориглосон хууль, журам, шийдвэрийг шууд удирдах байгууллага болох Татварын ерөнхий газраас ирүүлээгүй тул татварын улсын байцаагчийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын акт болон Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолыг хэвээр үлдээхийг хүсье. ... Компанийн орлого, зарлагын гүйлгээ  и-баримтаар шивэгдэж байгаа учраас тухай программ дээр байгаа байдлаар хяналт шалгалтаа хийж дууссан. Тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй гурван данс байсан ба шалгалт хийхэд данс хооронд гүйлгээ хийсэн орлогууд байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдож харагддаг. Тэр орлогуудыг 623,000,000.00 төгрөгийн орлогын дүнд оруулаагүй, хасаж тооцсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар данснуудад ижил дүнгээр касснаас орлого хийсэн байна. Энэ орлогуудыг нэг орлого гэж үзэхгүй. Яагаад гэвэл Хаан банк, Төрийн банканд нэг ижил дүнгээр орлого орсон ч буцаж гарахдаа эдгээр мөнгө дандаа нэхэмжлэгчийн хувийн данс руу гарсан. Тэгэхээр Төрийн банканд орлогоо тушаачхаад буцаж өөртөө орлогоо татаж аваад түүнийгээ Хаан банканд тушаах боломжгүй гэж үзэж байна. Мөн уг компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гээд жилийн дүнгээр баталгаажуулалт хийсэн байгаа. Баталгаажуулалт хийх явцад бүтэн жилийн хугацаанд 412,000,000.00 төгрөгийн орлого олоод түүнээсээ нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт гээд 412,000,000.00 төгрөгийн орлого компанид борлуулалт шивсэн орлого байгаа. Аж ахуй нэгж жилийн эцсийн байдлаар орлогоо нотолж шивж гаргасан байгаа. Үүнтэй холбоотой 473,000,000.00 төгрөгийн худалдан авалт байна. Нийтдээ гаалиар оруулсан, гааль дээр төлсөн болон дотоодын зах зээлээс худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвартай баримтууд байна. Компанийн тайлангаар 7,293,000 төгрөгийг төрөөс буцааж авна гэж байна. Энэ нь үйлчилгээний байгууллагад орлогоосоо давсан зарлага байх боломжгүй. Нэхэмжлэгч борлуулалтын падаан харуулж байна. Падаан дээрээс нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар, худалдан авалт салж харагдана. Үүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж харж болохгүй. Тэгэхээр борлуулалт болон худалдан авалтын зөрүүг нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар болж төлж байгаа. Шалгалтын үед нэг данснаас нөгөө данс руу шилжиж байгаа орлогыг харж байгаад дансны хуулгаснаас компанийн үйл ажиллагаатай хамааралгүй, ороод гарсан, давхардаж орсон үнийн дүнг хасаад уг компанийн борлуулалтын орлого 623,000,000.00 төгрөг байх ёстой гэх шалгалтыг хийсэн байгаа. Үүнээс ямар үр дүн гарсан бэ гэхээр 7,293, 000 төгрөгийг төрөөс буцааж авахгүй, харин эсрэгээрээ энэ компани борлуулалтын орлогоо нуусны улмаас 13,000,000 төгрөгийг төлөх ёстой юм байна гэсэн зөрчил гарч ирсэн. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар нэг орлогыг касснаасаа хувь данс руу шилжүүлээд нэг дансанд ижил мөнгө тушаасан гэдгээ тооцоо алдахгүйн тулд гэж тайлбарлаж байгаа ч үүнийг шууд амаараа нотлох боломжгүй. Кассад байгаа мөнгийг хувь данс руу зэрэг тушааж болохгүй гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр энэ бол зайлшгүй орлого байх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ВГ” ХХК нь Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гаргажээ.

Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06/5343 дугаар албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 06/5432[1] дугаар албан бичгээр “ВГ” ХХК-ийн 2016 оноос хойшхи албан татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж тайланг ирүүлэхийг шаардсаны дагуу Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн дарга Ө.С 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14200000069 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтыг[2] улсын байцаагч Г.Х, Д.Ч нарт олгосон байна.

Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нар нь “ВГ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж тус компанитай холбоотой Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээлэл 2,740 ширхэг, төрийн сангийн зарлагын мэдээ 5 ширхэг, тендерийн мэдээ 1 ширхэг мэдээллийг тулган  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 208,108,023.72 төгрөгийн борлуулалтыг дутуу тайлагнаж татвар ногдуулах орлогыг 8,381,173.14 төгрөгөөр бууруулан нөхөн ногдуулсан татвар 838,117.31 төгрөг, алданги 119,934.59 төгрөг, торгууль 251,435.19 төгрөг, шийдвэрлэсэн төлбөрийн дүн 1,209,487.10 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу тайлагнасан 210,126,243.53 төгрөг, нөхөн ногдуулсан татвар 21,012,624.35 төгрөг, алданги 2,154,582.57 төгрөг, торгууль 4,115,276.01 төгрөг, шийдвэрлэсэн төлбөрийн дүн 27,282,932.39 төгрөгийг тооцоог гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 28,492,420.02 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож шийдвэрлэжээ[3].

Тус актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч дээд шатны байгууллагад гомдол гаргасан бөгөөд Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаар тогтоолоор “ВГ” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хүчингүй болгож Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 дугаар актыг хэвээр үлдээсэн байна.[4]

Нэхэмжлэгч “ВГ” ХХК нь 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа борлуулалтын орлогоо 99,641.00 төгрөгөөр тодорхойлж 9,964.10 төгрөгийн татвар төлжээ.[5]

Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын орлогоо 412,961,780.11 төгрөг гэж тодорхойлж, 7,293,537.66 төгрөгийг төсвөөс буцаан авахаар тайлагнасан байна.[6]

Хяналт шалгалтаар улсын байцаагч нар нэхэмжлэгч “ВГ” ХХК нь 623,088,023.64 төгрөгийн орлого олсон байна үзжээ.[7]  

Гэтэл нэхэмжлэгчээс улсын байцаагч нар 2019 оны борлуулалтын  орлогын тооцоог гаргахдаа 15 удаагийн гүйлгээ, нэмэгдсэн өртгийн албан татвараа шивж тайлагнасан байсан нийт 163,808,027.00 төгрөгийн орлогыг давхардуулан тооцсон гэж маргаж байна.

Хариуцагчаас ирүүлсэн “ВГ” ХХК-ийн 2019 оны Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[8], Төрийн банкны депозит дансны харилцагчийн[9]  хуулганаас үзвэл Төрийн банк болон Хаан банкинд нэг өдөр орсон орлогын үнийн дүнгүүд ижил, мөн тухайн өдөр зарлагаар гарсан байна.

 Харин хариуцагчаас нэг үнийн дүн бүхий гүйлгээг касснаас нэг дор тушаасан гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “ВГ” ХХК-ийн орлогыг Төрийн банкны харилцах дансаар хүлээн авч, иргэн Ц.Эгийн Хаан банкны харилцах данс руу шилжүүлэн, Ц.Эгийн Хаан банкны данснаас болон бэлнээр буцаан “ВГ” ХХК-ийн Хаан банкны харилцах данс руу шилжүүлдэг гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ”, 3 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад ажиллагааг явуулах шийдвэрийг бие даан гаргана” гэж заасны дагуу татварын улсын байцаагч акт ногдуулахдаа  шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл дээрх ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, хариуцагч Татварын улсын байцаагч нарын хуулиар хүлээсэн үүрэг байх тул улсын байцаагч “ВГ” ХХК-ийн харилцах данс, кассын тайлан, иргэн Ц.Эгийн хувийн харилцах данс, болон холбогдох санхүүгийн баримтыг шалгасны үндсэн дээр  эдгээр 15 удаагийн гүйлгээ бүхий их хэмжээний орлого, зарлага ямар учраас иргэний хувийн дансаар дамжиж тус компанийн дансанд орж байгааг нарийвчлан шалган  дахин акт тогтоох нь зүйтэй байна.

Иймд Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.2 дахь заалт “тодорхой байх”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт “79.1.Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ...нөхөн ногдуулалтын акт ... болон татварын албаны үйлдэх бусад баримт бичиг үйлдэн баталгаажуулна” гэж зааснаар Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын акт нь “ВГ” ХХК-ийн санхүүгийн баримт материалыг бүрэн гүйцэт шалгалгүй нотлох баримтгүйгээр акт тогтоосон нэхэмжлэгчээс дахин хяналт шалгалт хийлгэхийг хүссэн хүсэлт зэргийг харгалзан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан тус нөхөн ногдуулалтын актыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар татварын улсын байцаагч нар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн /2019 он/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “ВГ” ХХК-ийн Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг хангаж, Төв аймгийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Улсын байцаагч Г.Х, Д.Ч нарын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын актыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нар тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14200000069 тоот нөхөн ногдуулалтын акт хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ВГ” ХХК”-д олгосугай.

 

 4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                            Л.ӨЛЗИЙЖАРГАЛ