| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2022/0188/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/187 |
| Огноо | 2022-12-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч Я.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.*******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Отгон сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, /регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Я.******* нь Завхан аймгийн Отгон сумын багийн нутаг дэвсгэрт “Шинэ сум” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж байсан “ ” ХХК-ний талбайд байсан каттинг төмрөөс 2021 оны 11 дүгээр сарын дундуур 103 килограмм төмрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 325.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Я.******* нь 2021 оны 11 дүгээр сарын дундуур Завхан аймгийн Отгон сумын багийн нутаг дэвсгэрт “Шинэ сум” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж байсан “ ” ХХК-ний талбайгаас каттинг төмөр хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал:
Төмрөө алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ы “...11 дүгээр сарын эхээр манай компаны ажилчид Отгон суманд хийж байсан ажлаа дуусгаад явахдаа барилгын Армотурын /каттинг/ төмрийг кран өргөж дийлэхгүй байсан учраас уурын зуухны урд талбай дээр багцалж үлдээгээд манаачаар нь Отгон сумын иргэн ******* ахыг томилж цалин өгөхөөр тохиролцоод үлдээсэн. ...намар үлдээсэн каттинг төмрөөс их хэмжээгээр алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.*******ын “...Улаанбаатар хотоос манайд 3 тонн барилгын каттинг төмөр ирээд бид нар уурын зуухны урд талын хавтгай дээр буулгасан юм. Тэгээд тэр каттинг төмөрнөөсөө 500 кг орчмыг нь хэрэглээд үлдсэн 2 тонн 500 кг нь зөөж далд хийх гэсэн боловч кран эвдэрсэн болохоор өргөж чадалгүй тэнд үлдээгээд өвөл хүйтэрсэн болохоор манайхан ажлаас буугаад явсан. Тэгээд дараа хавар нь ирсэн чинь манай үлдээсэн каттинг төмрөөс их 2 тонн орчим нь байхгүй хулгайд алдагдсан байсан. 500 кг орчим төмөр л үлдсэн байсан болохоор бид нар цагдаад хандсан юм...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “... 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Отгон суманд хийж байсан ажлаа дуусгаад буцахдаа *******баатар гэдэг хүнд уурын зуух болон түүний урд байгаа барилгын каттинг төмөр, хашаанд хураасан хөөс зэргийг харж хариуцуулахаар тохироод хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын дундуур бид нар Отгон суманд ажлаа хийх гээд ирсэн чинь уурын зуухны урд талд байсан барилгын каттинг төмрөөс их хэмжээгээр хулгайд алдагдсан...”гэсэн мэдүүлгээр,
Гэрч Ч.*******баатарын “...“ ” ХХК-ний захирал над руу утсаар залгаад манай ажилчдын ажил дуусаад буусан хүмүүс нь бүгдээрээ явсан тул наанаа үлдсэн барилгын каттинг төмөр, хашаан дотор хураалттай байгаа хөөс хавтангуудыг харж байгаарай ойр ойрхон зургийг нь дараад явуулаад байгаарай гэж надад хэлсэн. ...би тэдгээр эд зүйлсийг нь энэ өвөл харсан юм. ...2022 оны 05 дугаар сарын дундуур барилгын ажилчид ирээд барилгын каттинг төмрөөс алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.*******ын “...Улаанбаатар хотоос барилгын каттинг төмөр ачааны машинаас ирсэн. Тэгээд уурын зуухны урд талд буулгасан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сард явахдаа тухайн төмрийг хүнд өргөөд даахгүй учраас тэнд нь үлдээгээд явсан. Тэгээд 2022 оны 05 дугаар сард ажил эхлэхэд ирсэн чинь тухайн үлдээсэн төмөрний бараг гурав хуваасны хоёр нь алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ийн “...2022 оны 01 дүгээр сард хашаан дотроо хог цэвэрлээд явж байсан чинь гэрийн хойд талд дугуйлаад эвхчихсэн бүдүүн төмөр утас шиг төмөр хэвтэж байхаар нь оогоос “энэ ямар учиртай төмөр хаанаас аваад ирсэн юм” гэж асуусан чинь “хадгалж байгаа юм” гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр оо төмрөөр юм хийдэг, машин мотоцикл засдаг хашаагаар дүүрэн төмрийн хог байдаг болохоор би нэг их анзааралгүй тэгэсхийгээд хаячихсан. Тэгээд саяхан гэртээ байж байсан чинь хэсгийн төлөөлөгч орж ирээд уг төмрийг хурааж аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч В.ын “...Намайг явахад манай урд талын талбай дээр барилгын хүмүүсийн ажил хийж байгаад үлдээсэн хуйлаатай бүдүүн төмөр утас байж байсан. Тэгээд би Улаанбаатар хотод өвөлжиж байгаад хавар гэртээ ирээд гэртээ байж байсан чинь барилгын ажил хийж байсан гээд залуу энд үлдээсэн байсан төмөр алга болсон байна. Та харж үзсэн юм байна уу гэж асуухаар нь би хотод өвөлжөөд ирсэн мэдэх юм алга гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Д.гийн “...Манай компани Завхан аймгийн Отгон суманд “Шинэ сум” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед хүйтэрсэн болохоор манай ажил дуусаад ажилчид буусан. Тэгээд явахдаа манайхтай ойрхон байсан уурын зуухны урд талын талбай дээр барилгын армотурын төмрөө үлдээгээд гээд өвгөнд захиж үлдээлээ гээд манай нярав надад хэлсэн. ...2022 оны 05 дугаар сард манай ажил эхлэх гээд ирэхээс хэд хоногийн өмнө *******баатар над руу залгаад уурын зуухны урд талд байсан төмөр утаснаас дутчихсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би инженер *******даа хэлж байгаад Цагдаагийн байгууллагад хандуулсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.ы “...би нөхөртэйгээ юм ярьж сууж байгаад “хашаандаа хувцас өлгөөд хатаачих хэц хийчих юмсан” гэж хэлсэн чинь манай нөхөр ******* надад тийм төмөр олж өгнө гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд хэсэг удаж байгаад бас нэг өдөр би нөхөртөө “чи нөгөө хэц хийнэ гэсэн яасан бэ” гэж асуусан чинь “би жаахан төмөр олж ирсэн тэр чинь хатуудаад болохгүй юм байна лээ” гэж надад хэлсэн. Тэгээд би тэрүүхэн үедээ хаанаас ямар төмөр авч ирээд болохгүй байгаа юм бол доо гэж нэг бодсоноо тэгэсхийгээд хаячихсан тийм л юм болсон...” гэсэн мэдүүлгээр,
Шүүдэгч Я.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тухайн каттинг төмрийг би 2021 оны 11 дүгээр сарын үед Уурын зуухны урд талбай дээрээс хашаандаа хэц хийх гээд авчихсан юм. Тухайн үед бөөрөнхийлээд хуйлчихсан төмөр байхаар нь би гэрээсээ бүх болон усны тэрэг авчираад сүхээр тасдаад усны тэргэндээ ачаад явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Я.*******гийн үйлдлийн улмаас хохирогчид 325.000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын ХХК-ны эд хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 220 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Я.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүдэгч Я.*******г Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, “ ” ХХК-ний талбайд байсан каттинг төмөрөөс хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Мөн түүнчлэн шүүгдэгч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууц далд аргаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдэж хүсэж үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, 2021 оны 11 дүгээр сарын дундуур Завхан аймгийн Отгон сумын багийн нутаг дэвсгэрт “Шинэ сум” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ажил хийж байсан “ ” ХХК-ний талбайгаас каттинг төмөр хулгайлсан үйлдэл “Хулгайлах” гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангажээ.
Иймд шүүгдэгч Я.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Я.******* нь хохирогч Б.*******д “ ” ХХК-ний талбайд байсан каттинг төмрийг хүлээлгэн өгсөн, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Прокуророос шүүгдэгч Я.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.*******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогчид саналаа дэмжиж байна.
Шүүгдэгч Я.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч Я.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******гийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан усны тэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Я.*******д 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс “Хувийн баталгаа гаргах” авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Я.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА