| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0141/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/145 |
| Огноо | 2022-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.О-т холбогдох 2216000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Ц овогтой Ч-н О.
Холбогдсон хэргийн талаар: 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр Дарвайн гол гэх газар хохирогч Ц.Я-н цүнхнээс 390,000 (гурван зуун ерэн мянга) төгрөгийн үнэтэй хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч Ч.О-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ч.О нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр Дарвайн гол гэх газар хохирогч Ц.Я-н цүнхнээс 390,000 (гурван зуун ерэн мянга) төгрөгийн үнэтэй хос монетон ээмгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
1. Хохирогч Ц.Я-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай хүү А-н хурим Алтай сумын Урт багийн нутаг дэвсгэр “Дарвайн гол” гэх газар болсон. Хүүгийн хуримд очихдоо 2 ээмгээ эмээг бөгжний хайрцагт хийсэн байсан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ээмгээ авах гэхэд миний 2 ээмэг ээмэг бөгжний хайрцагт байхгүй байсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймаг руу яваад 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр орой сумын төвд манай төрсөн дүү Мөнхөөгийн гэрт ирэхэд миний алга болсон 2 ээмгийг М-д О гэдэг хүний хүүхэд нь авч ирж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18 дугаар тал/
2. Гэрч Я.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 09 дүгээр сарын 15-ны үед байх /өдрөө сайн санахгүй байна/ гэртээ манай урьд талын хөрш Н гэдэг хүнтэй цай ууж сууж байхад Ч.О манайд орж ирээд “...би ээмэг олчихлоо, энэ сайн юм болов уу муу юм болов уу...” гэж хэлж байсан. Дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ч.О манайд орж ирээд халааснаасаа 2 ээмэг гаргаж ирээд ийм ээмэг олсон гэж харуулж байсан. Тухайн өдөр манай нөхөр бид хоёр ахмадын баярт явах гэж байсан болохоор яараад Цэргийн анги руу яваад өгсөн... Гадна талд “...М, Я...” гэсэн бичиг байхгүй байсан. Цаасанд боосон, халааснаасаа гаргаж ирээд үзүүлсэн... Би Ц.Я 2 ээмгээ алга болгосон талаар огт сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
3. Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Ц.Я-н 2 ээмэг алга болсон талаар сонсож байгаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өглөө 08 цаг 40 минутын үед манай хажуу талын айлын эмээ Д гэдэг хүн намайг манай хашааны зайгаар дуудсан. Тэгээд би хашааны хаалгыг онгойлгож Д гэдэг хүнтэй уулзсан. Д надад “...О гэдэг хүн М эгчид аваачиж өгөөрэй Урт багаас хүн өгч явуулсан...” гээд дөрвөлжин дэвтрийн цаасанд боож битүү скочтой гадна талд “...М, Я...” гэсэн бичигтэй зүйл өгсөн. Тэгээд би Д-н өгсөн юмыг гэртээ оруулж тавьчхаад М эгчид өгөхөө мартаад ажил руу явсан. Орой ажлаас тараад гэртээ ирж байж байхад О гэдэг хүн 19 цаг 10 минутын үед миний 9999999 дугаар луу 8888888 дугаарын утсаар залгаж “нөгөө юмаа аваачиж өгсөн үү, өгөөгүй бол аваад ир” гэж хэлсэн. Тэгээд би Д гэдэг хүний өгсөн юмыг М эгчид гэрт нь өрөө авч очиж, гарт нь өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
4. Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би 2022 оны 09 сарын 15-ны үед /өдрөө сайн санахгүй байна/ А гэдэг хүний гэрт А бид хоёр цай уугаад сууж байхад Ч.О гаднаас орж ирээд А-д “...би ээмэг олсон, та авах уу...” гэж хэлж байсан. Тухайн үед А Ч.О-т би хүний ээмэг авахгүй гэж хэлсэн. Тэгээд би түрүүлээд гараад явсан ... Ээмэг үзүүлээгүй. Ч.О “...ээмэг олчихлоо...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,
5. Гэрч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Ц.Я-н ээмэг алга болсон талаар Ц.Я-н хүүгийн хурим болсны дараа 2-3 хоногийн дараа мэдсэн ... Ц.О надад 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр орой ажил тарсны дараа хүүхдээр гялгар уутанд ороосон гадна талд “М Я” гэсэн бичигтэй зүйл авч ирж өгсөн. Нээж үзэхэд дотор нь манай эгч Ц.Я-н алга болсон 2 ээмэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
6. Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 09 дүгээр сарын үед би гэртээ байхад өдөр Ч.О манай гэрт орж ирээд цаасанд ороосон юмыг Ц.О гэх хүнд, М гэдэг хүнд өгөөрэй гэж хэлж өгсөн. Тэгээд би тэр доор нь Ч.О-н өгсөн юмыг Ц.О-т аваачиж өгсөн. Тухайн үед цаасан дотор юу байсныг мэдээгүй. Дараа нь ээмэг байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар тал/,
7. Ашид-Билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-921/4057 дугаартай хулгайд алдсан гэх хос монетон ээмгийг 390,000 (гурван зуун ерэн мянга) төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,
8. Шүүгдэгч Я.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Ш.Ж-н бүл болдог Я-н хүү А-н хурим болсон. Тухайн хурим дээр нөхрийн хамт очсон. 16 цагийн орчим Я-н гэрт ороход гэрийн зүүн талын авдар дээр Я-н цүнх байхаар нь очиж уудалтал дотор нь монетон ээмэг 1 хос байхаар нь авсан. Тэр үед гэрт нь хүн байхгүй байсан. Би тус ээмгийг аваад гэрээс гараад орой нь гэр лүүгээ ээмгийг аваад явсан...Цүнхэн дотор ямар эд зүйл байна гэдгийг үзэж байгаад монетон ээмэг гараад ирэхээр нь авчихсан юм...Монетон ээмгийг О-т өгөөд М-д өгөөдхөөрэй, М-р Я-ад өгүүлээдхээрэй гээд өгүүлсэн. Одоо тус ээмэг нь Я-д байгаа... Ээмэг монетон, дээрээ цагаан шигтгээтэй, хээтэй байсан...би хүмүүст олсон гэж худлаа хэлсэн... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Ц.Я-н цүнхнээс түүний 390,000 (гурван зуун ерэн мянга) төгрөгийн үнэлгээ бүхий хос ээмгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.О-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дугаар тал/, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч Ц.Я-д эд зүйл /шаргал өнгийн металлаар хийгдсэн хос ээмэг/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.О-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчтэй тохиролцсон прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ч-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Ч.О-т хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.О-т сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалагдах хугацаагаар хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА