Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2019/00442

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр                Дугаар 184/ШШ2019/00442                                Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Б.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... тоот хаягт оршин суух, ..... овогт Д.Г /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..... тоот хаягт оршин суух, ..... овогт С.О /РД:...../-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 1,728,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, иргэдийн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх ......тоотод амьдардаг.  2018 оны 10 сарын 24-ны өдөр манай дээд айл болох 120 тоотоос ус алдсан. Тухайн үед би ажил дээрээ байсан. Манай охин орой 17 цагийн үед гэртээ ирэхэд гал тогооны таазнаас их хэмжээний ус гоожсон гал тогоо болон коридорын хэсэгт их хэмжээний ус алдсан байсан. Ингээд охин маань орон сууцны конторт дуудлага өгсөн. Манайх 2 давхарт, 3 дугаар давхарт гараад дээд айлынхаа хаалгыг тогшход хаалгаа тайлаагүй гэсэн. Манай охин нийтдээ 3 удаа утсаар дуудлага өгсөн байдаг. Тэр хооронд охин маань СӨХ-ын дарга дээр гүйж очоод манай дээд талын 120 тоот айлтай холбогдох арга байна уу гэж асуусан боловч 120 тоот айл утсаа тэмдэглүүлээгүй байсан. Ингээд хамгийн сүүлд жижүүрээс утсыг нь олж аваад холбогдоход эхнэр нь байсан. Эхнэр нь би хөдөө ажлаар явж байна манайд хүн байх ёстой хаалгаа сайн тогш гэж хэлсэн боловч хаалгаа тайлаагүй. Конторын слесарь 40 гаран минутын дараа ирсэн гэсэн. Ингээд слесарь ирээд доошоо орж усыг хаах арга хэмжээ авсан боловч гоожиж байгаа ус нь зогсохгүй байсан. Ингээд дээд айлтай янз бүрийн аргаар холбогдох гээд чадахгүй байсаар орой 19 цагийн үед 120 тоот айлын хүн нь ирсэн. Ус алдсанаас болж манай гал тогооны тааз тэр чигээрээ эмульс нь ховхорч, шал  нь хөндийрөөд зай гарсан, баруун зүүн ханын будаг ховхорч унасан. Мөн коридорын үүдэн талын шал, тааз, ханын цаас руу урссан. Том өрөөний гал тогтоотой хиллэж байгаа ханын тааз нь шарлаж ханын цаас нь ховхорч унасан. Манай охин ус алдсан та орж хар гэж хариуцагчид хэлсэн боловч манайд хүн байгаагүй, бид анхнаасаа ус гоожуулж орхиогүй гэж ууртай хэлсэн байсан. Би хариуцагчтай таараад учирсан хохирлыг орж хар гэсэн боловч надад харах шаардлага байхгүй чаддаг юм бол олж аваарай гэж хэлээд яваад өгсөн. Тийм учраас би маш их гомдолтой байгаа. Тиймээс “Т.Э” ХХК гэдэг үнэлгээний байгууллагаар хохирлоо үнэлүүлэхэд 1,654,930 төгрөгийн үнэлгээ гарсан. Үүн дээр үнэлгээний төлбөр 72,000 төгрөг, нэхэмжлэл гаргахдаа цахим машинаас 2 лавлагаа авсан 2000 төгрөг, нийт 1,728,930 төгрөгийг хариуцагч С.О-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал тухайн нөхцөл байдлыг ярьж байгаа нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. Нэхэмжлэгч конторт өгсөн анхны дуудлага нь 20:30 минутад очсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь манай охин эрт мэдсэн. Би өөрөө орой 20 цагийн үед С.О-тай уулзах гэж очсон гэдэг зүйлийг ярьж байна. Тухайн үед манай ээж Дорнод аймагт ажлаар явсан байсан. Тэр үед манай аав ганцаараа амьдарч байсан ба аав эмнэлэгт 7 хоногийн хугацаатай хэвтсэн байсан. Үүнийг нь нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. СӨХ-с манай ээжтэй холбогдож ус алдаад байна гэж хэлсэн. Ээж аавыг эмнэлэгт хэвтэж байгаа талаар хэлээд, аавд яаралтай оч гэж хэлье гэж хэлээд аавруу холбогдсон байсан. Аав эмнэлгээс боломжит хугацаанд гэртээ ирсэн. Гэртээ орж ирэхэд гал тогооны өрөөний угаалтуурын тосгуурнаас бохирын ус дээшээ оргилж хальсан байсан. Энийг нэхэмжлэгч Д.Г, слесарь нар аавыг ирсэн даруйд нь гэрт цуг орж харсан байдаг. Түүнээс манай гэрийн угаалтуурын ус дамжуулах хоолой, цорго зэрэг эвдэрч цоорсон зүйл байхгүй. Карантнаас ус гоожсон байсан зүйл ч байхгүй. Би орой 22 цагийн үед өөрийн биеэр очиж үзэхэд слесарь надад хэлэхдээ бохирын босоо шугам бөглөрснөөс манай тосгуураар дээшээ бохир оргилж гарсан байна. Энэ нь танайхаас шалтгаалсан зүйл биш. Танайхаас ус алдаагүй гэж хэлсэн. Энэ шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн конторын 3 ажилтны мэдүүлгээр давхар нотлогдож байгаа. Мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд өгсөн фото зургаар ч манай угаалтуурын тосгуурын нүхээр бохирын ус дээшээ оргилж гарч ирсэн нь харагдаж байгаа. Нэхэмжлэгч тал том өрөө болон коридорт их хэмжээний ус алдсан гэж байгаа боловч гэрчийн мэдүүлгээр том өрөө, коридорт бага хэмжээний ус алдсан байсан гэж хэлсэн. Манай талаас гэм буруугийн ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ойлголцох гэж би өөрийн биеэр орон сууцны контор дээр очиж уулзахад нэхэмжлэгч талыг даатгалын байгууллагад хандах гэж байгаа гэдгийг мэдсэн. Нэхэмжлэгч тал даатгалын байгууллагаас төлбөр авах гэж байж манайхаас давхар нэхэх ёсгүй гэж бодож түр хугацаанд орхисон байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон сууцны конторын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 190/18 дугаар актаар хариуцагч буюу 120 тоот айлыг буруутай гэж гарсан. Энэ актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн гурван этгээд нь тухайн байгууллагыг төлөөлөх эсэх нь тодорхойгүй. Энэ нь хувь хүний үүднээс гэрчийн мэдүүлэг өгсөн зүйл. Хэрэв гэрчүүдийн хэлсэн шиг хууль зүйн үндэслэлгүй байсан бол үүнийг хариуцагч тал өөрсдөө нотлох үүрэгтэй байсан. 120 тоот айлыг буруутай гэж ХҮТ-15 гэдэг байгууллага тогтоочихсон. Түүнээс биш хувь хүмүүс гаргаагүй. Тэгэхээр Иргэний хуульд зааснаар санаатай болон болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар ахлах инженер гэдэг хүн угаалтуур гэдэг үгийг арилгаад F-50 гэж зассан нь эргэлзээтэй байна. 120 тоот айл нь өмнө удаа дараа ус алдахад нэхэмжлэгч тал чимээгүй өнгөрсөн. Гэтэл хариуцагч нь манай хүүхэд прокурор чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж бусдыг доромжилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь Д.Г нь С.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 1,728,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргав.

 

Нэхэмжлэгч Д.Г нь ......тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2018 оны 10 сарын 24-ний өдөр дээд айл болох 120 тоотоос ус алдаж, улмаар нэхэмжлэгч Д.Г-гийн өмчлөлийн орон сууцны гал тогооны өрөө, том өрөө, үүдний өрөөний таазны шохой хуурсан, обой болон ханыг норгож гэмтээсэн, шал хөндийрсөн болох нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан, фото зураг, хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Б.А-ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх-9-13, 72-77,85-89/

 

Хариуцагч С.О нь ус алдсан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болоогүй, шалтгаант холбоо байхгүй хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч нь “ХҮТ-15”-ын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 190/18 дугаартай ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох тухай дүгнэлтийг үндэслэн шаардлагаа тодорхойлсон болно. Уг актаар “...120 тоотын гал тогооны угаалтуур бөглөрсөн, эзэмшигчийн буруутай үйлдлээс 116 тоотын эд хөрөнгөнд гэмтэл учирсан, гарсан гэмтлийг 120 тоотын эзэмшигчид хариуцуулах...” талаар тусгажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас “ХҮТ-15”-иас ирүүлсэн 2018 оны 10 сарын 24-ний өдрийн шуурхай мэдээллийн тэмдэглэлд “...1950 -19 байр 116 тоот дээд айлаас ус алдаад гэсэн дуудлагаар очсон. 120 тоот хүнгүй байсан ба айл руу нь утсаар холбогдоход би хөдөө байна, нөхөр маань эмнэлэгт хэвтэж байгаа би хурдан оч гээд хэлий гэсэн. Дээд айл нь хүнтэй болоод орж шалгахад ф.50 босоо шугам бөглөрөөд хальж ус алдсан байсан... тосгуур хальж ус алдсан” гэх, к-3214 дугаартай дуудлагаар төлбөртэй үйлчлэх хуудас, ус алдсан дуудлагын дагуу үйлчилгээ хийсэн “ХҮТ-15”-ын слесарь болох гэрч Б.А-ын мэдүүлэгт “...120 тоот айлын угаалтуурын цорго онгорхой биш байсан, бохирын ф.50 босоо шугам бөглөрсөн, 120 тоотын айлдаа бөглөрөөгүй, 116, 120 тоотын голд бөглөрсөн, 120 тоотын угаалтуурын шугам хоолой нь сайн холбогдсон байсан. Муу хоолой байсан бол шугамаараа задраад доогуураа ус гоожих байсан” гэх, гэрч Г.Нын мэдүүлэгт “...Д.Г даатгалаас мөнгө гаргуулна гэхээр нь рапортын дэвтрийг харалгүйгээр Д.Г-гийн амаар дүгнэлтийг бичсэн” гэх нотлох баримтуудаас үзэхэд “ХҮТ-15”-ын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 190/18 дугаартай дүгнэлт нь эргэлзээтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзлээ. /хх-14, 85-89/

 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн зориулалттай орон сууцны байшин”-д хамаарна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хууль сануулан авсан гэрч нарын мэдүүлэг, “ХҮТ-15”-иас ирүүлсэн шуурхай мэдээллийн тэмдэглэл, төлбөртэй үйлчлэх хуудас зэргээс үзэхэд хариуцагч С.О-ын орон сууцны гал тогооны өрөөны угаалтуур, усны цорго, халуун хүйтэн ус дамжуулах уян хоолой, цэвэр болох бохир ус дамжуулах хэвтээ шугам зэрэг дангаар өмчлөх өмчлөлийн зүйлийн ашиглалттай холбоотойгоор ус алдсан, угаалтуур бөглөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, босоо шугам бөглөрснөөр дээд айлуудаас доошоо урсах бохирын ус хариуцагчийн орон сууцны гал тогооны угаалтуурын шугамаар дээшээ хальж гарч ирсэн болох нь нотлогдож байна.

 

Хариуцагч С.О нь тухайн үед гэртээ байсан эсэхээс үл хамаарч, уг бохирын ус алдсан бөгөөд босоо шугамаас үүссэн гэмтэл нь хариуцагчийн дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй тул нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Тиймээс нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан хариуцагч С.О-т холбогдох гэм хорын хохиролд 1,728,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.УРАНЗУЛ

 

 

                 ШҮҮГЧИД                               Т.БАТСҮХ

 

                                                                       

Б.БАЯРМАА