| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2022/0142/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/147 |
| Огноо | 2022-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.А-д холбогдох 2216000000176 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Ж овогтой М-н А.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.А-н 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нутаг дэвсгэр Давхар дэнж гэх газарт төв замын хажууд хохирогч Б.У-г “...манай хаваржаа руу хонио орууллаа...” гэх шалтгаанаар түүнийг зодож биед нь дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч М.А нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн нутаг дэвсгэр Давхар дэнж гэх газарт төв замын хажууд хохирогч Б.У-г “...манай хаваржаа руу хонио орууллаа...” гэх шалтгаанаар зодож биед нь дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед хөдөө гэртээ байж байгаад хонио эргүүлэх гээд өөрийн машинаар явсан. Хонин дээрээ очоод хонио буцаагаад туугаад явж байтал нэг танихгүй залуу ирээд “...яагаад хаваржаа руу малаа явуулаад байгаа юм бэ...” гэж хэлэхээр нь малаа буцаагаад тууж яваа талаараа хэлсэн. Тэгтэл танайх байнга явуулдаг биз дээ гээд манай хонийг мотоциклоороо хөөгөөд байхаар нь миний дургүй хүрээд салаавч гаргатал намайг цохиж аваад миний өмсөж явсан цамцны захаар боосон. Тэгээд би эсэргүүцээд тухайн залуугийн толгой болон цээж хэсэг рүү нь хэдэн удаа цохиж байгаад би өөрөө ухаан алдаад унасан. Хэсэг хугацааны дараа сэргэх үед миний дээд уруул баруун талдаа том язарсан их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад салаад би гэр лүүгээ явсан. Гэрт ирээд аав руу залгаад болсон үйл явдлын талаар хэлтэл аав сумын эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн байсан ... Эхлээд миний нүүрний баруун хэсэг уруул орчимд гараараа нэг удаа цохисон, дараагаар нь зүүн шанаа орчим гараараа цохисон. Тэгээд өмсөж явсан цамцны захаар намайг боосон. Би эсэргүүцээд толгой болон цээж хэсэг рүү нь хэдэн удаа цохиж аваад тухайн залууг цамцных нь захаар боож байгаад би түрүүлээд ухаан алдаж унасан ... Намайг босох үед миний дээд уруул баруун талдаа том язарсан, их хэмжээний цус гарсан байсан. А миний уруул болон толгой хэсэгт гараараа хэдэн удаа цохисон. ... Танихгүй залуу бид 2 байсан. Өөр хүн байгаагүй. Сүүлд тухайн залууг А гэж дууддаг талаар хүнээс сонссон...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 7-19 дүгээр тал/
2. Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед манай зээ дүү Б.У машинаараа малдаа явсан. Тэгээд эргэж ирэхдээ хүнд зодуулсан байсан. Уруул нь язарсан, их хэмжээний цус гарсан байсан. Хэнд зодуулсан талаар нь асуухад хүрэн дээлтэй хүн ирээд малаа хаваржаа руу бэлчээлээ гээд зодсон гэж хэлсэн. Тэгээд хүргэн ах Х гэж дууддаг Б гэх хүнд утсаар мэдэгдсэн. Удалгүй цагдаа ирсэн... Тухайн залуу нь хаваржаа руу малаа бэлчээсэн гээд маргалдаад зодсон гэж хэлсэн. Б.У-н дээд уруул нь сэтэрсэн байсан. Тэгээд толгой эргээд, өвдөөд байна гэж хэлсэн. Гэрт байхдаа хий огиулаад байсан ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/
3. Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумаас өөрийн төрсөн хүү Б.У-г Халиун суманд дуудаж ирүүлээд хэд хоног мал хариулж бай гэж хэлж үлдээгээд Халиун сумаас Есөнбулаг сумын төвд ирсэн. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13-н цагийн үед манай эхнэрийн дүү Б утсаар залгаад У малдаа яваад хүнд зодуулаад ирсэн байна. Уруул нь сэтэрсэн цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Халиун сумын эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд дараа нь цагдаа руу залгаж манай хүү Б.У хүнд зодуулсан байна гэж дуудлага өгсөн юм... Ямар шалтгаанаас болж маргалдсан талаараа хэлээгүй. М гэх хүний хүү А гэх залууд зодуулсан гэж хэлж байсан... Энэ жилээс хаваржаа руу малаа бэлчээгээд байна гэх асуудлыг ярьдаг болсон.Өөр маргалдах шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/
4. Гэрч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.У-н ар гэрээс залгаж манай хүү Б.У нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн Давхар дэнж гэх газарт гэртээ хүнд зодуулаад ирсэн байна гэж дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Халиун сумын Чацран багийн Давхар дэнж гэх газарт очих үед Б.У-н дээд уруул нь баруун талдаа сэтэрсэн, оёдол тавих шаардлагатай байсан. Тэгээд ойрхон сумын төв рүү дагуулж ирээд Б.У-н дээд урууланд 3 ширхэг оёдол тавьсан... Б.У нь дээд уруул баруун талдаа сэтэрсэн, хүзүү хэсэг нь өнгөц улайлттай өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Бусад амин үзүүлэлт хэвийн байсан... Сумын эмнэлэг ойрхон байсан учир эмнэлэг дээр авч ирэн өмчин намдаах тариа хийж даралт бууруулах эм уулгаж, дээд урууланд 3-н ширхэг оёдол тавьсан...Тухайн үед манай их эмч ээлжийн амралттай, эмчлэгч эмч байхгүй учир би дуудлаганд явж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Тэр талаараа эмчийн анхны үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн. Надад эмчийн тамга тэмдэг байдаггүй юм...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 37-38 дугаар тал/
5. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 282 дугаартай “...1. Б.У-н биед дээд уруулд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөхний дээд хэсэг, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Б.У-н биед учирсан дээд уруулд байх шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.
4.6. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/
6. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.У-н гаргаж өгсөн гэмтлийн зураг 2 ширхэг зураг, эмчийн зөвлөмж. /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/
7. Говь-Алтай аймгийн Халиун сумын Эрүүл мэндийн төвийн эх барих, их эмч Ж.Цогбадрахын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.У-н биед анхны үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 47 дугаар тал/
8. Шүүгдэгч М.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед би малдаа явж байтал Хүрлээ гэх айлын мал нь манай хаваржааны ойролцоо явж байхаар нь би хариулж явсан малаа орхиод тухайн мал руу явсан. Тэгээд мал дээр ирэхэд нэг машинтай залуу малаа эрүүлээд явж байсан. Би тэгээд түрүүлж авсан малыг нь эргүүлэхэд нөгөө залуу машин дотроос хөөе яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гэхээр нь би нөгөө залуу дээр очсон...бид хоёр хоорондоо маргалдаж байгаад барьцалдаж авсан. Би тэгээд тэр залуугийн баруун талын уруул руу нь нэг удаа цохисон. Мөн бид 2 барьцалдаж аваад нэг нэгийгээ боосон. Тэгсэн тэр залуу газарт унасан. Жаахан байж байснаа нөгөө залуу босож ирээд над руу дайраад байхаар нь би тонгорч унагаасан... Би Б.У-н толгой руу хоёр удаа цохисон. Өөр цохиж барьсан зүйл байхгүй...Бид хоёрын хажууд хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгч М.А-н үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 105 дугаар тал/, хохирогч Б.У-т хохиролд 70,000 төгрөг шилжүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт /хавтаст хэргийн 109 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч М.А-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 70,000 (далан мянга) төгрөг төлөгдсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.А-д сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол 70,000 (далан мянга) төгрөг төлөгдсөн, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА