Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1400

 

2022        09         30                                  2022/ШЦТ/1400

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Соёлмаа /томилолт/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2202 00000 0265 дугаартай 1 хавтас бүхий хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ....................нд туслах тогооч ажилтай, ам бүл 1, гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, *******-д

Холбогдсон хэргийн талаар:

            ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шилтгээн цогцолборт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж, шинжлэн судлав. Үүнд:

Хүний биед үзлэг хийж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Үзлэг явуулахын өмнө *******аас таны биед ямар нэгэн хууль бус эд зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байна уу, хэрэв байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд надад байгаа хар өнгийн цүнхэнд өвс буюу сэтгэцэд нөлөөт бодис байгаа гэж өөрөө сайн дураараа гялгар ууттай ногоон өнгийн өвсийг гаргаж өгөв. Уг өвсийг хэмжиж үзэхэд гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй байв. Үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-9 дэх тал/, 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “ Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 2.8 грамм жинтэй өвс мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 11 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн 3507 дугаартай шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-29 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн  703 дугаартай “******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвдсөн гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь хэрэг үйлдэгдэх үед 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. ******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай  байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Яллагдагч *******ын “Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол шилтгээнд болж байгаа Плей тайм нэртэй фестивальд Репаблик нэртэй пабд тогоочоор ажиллахаар очсон. Тухайн үед би сүүлийн үед гаргаж үүрээгүй цүнхээ үүрээд очсон байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 06 цагийн үед цагдаа нарт баригдахад миний цүнхэнд урьд нь хэрэглэж байсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай өвч нэртэй ургамал байсан. Би тухайн өвсийг 2018 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараагаас бэлтгэж байсан. Би болсон асуудалд гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 07 цаг 00 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал “2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06 цаг 00 минутад холбоо мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэний дагуу дараах ажиллагааг хийв” гэсэн хэсэг /хавтаст хэргийн 3 дахь тал/,

*******ын гэрчээр өгсөн “Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол шилтгээн цогцолборт зохион байгуулагдаж байгаа Play time нэртэй амьд хөгжмийн фестивальд Rebuplic нэртэй бааранд тогоочоор ажиллахаар ирсэн. Тэгээд хоёр хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 04 цагийн үед цагдаа нар ирж авч явсан. Тэгээд цүнхэнд үзлэг хийсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэлээс “Уг өвсийг граммлаж үзэхэд гялгар уутны хамт 4.1 грамм жинтэй байв” гэсэн хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтээс  “гялгар уутны хамт 4.9 грамм” гэж харуулсан зураг /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээс “Шинжээчийн дүгнэлтээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон хар өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлийг жигнэж үзэхэд 2.8 грамм болж байв” гэсэн хэсэгт /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоос “Уутны хамт 5.8 грамм жинтэй өвс гэх нэршил нэртэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт хүний биед үзлэг хийн хураан авсан гялгар уутны хамт 2.8 грамм жинтэй өвс мэт зүйл” гэсэн хэсэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3507 дугаартай шинжээчийн дүгнэлтээс “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 5.8 грамм, цэвэр жин нь 3.0 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2.8 грамм болов” гэсэн хэсэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,

*******ын шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй талаарх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3511 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

******* нь сэтгэцийн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай талаарх Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

*******ын хувийн байдалтай холбоотой

Гэрч А.Батгэрэлийн “Миний үеэл дүү ******* нь бага насаа Улаанбаатар хотын Баянхошуунд, эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, 2002 онд Нийслэлийн 51 дүгээр сургуульд элсэн орж 9 дүгээр анги хүртэл сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь 2009 оноос 2014 оны хооронд Хүнсний технологийн коллежид суралцаж бакалавр мэргэжлээр төгссөн. Коллежоо төгссөний дараа Япон улс руу явж ажил хийж байгаад 2016 онд буцаад Монголдоо ирсэн. Тэгээд 2016-2018 оны хооронд Зэвсэгт хүчний 032 дугаар Хүндэт харуулын ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдсаны дараа тогооч мэргэжлээрээ ажиллаж байна. ******* нь зан байдлын хувьд тайван, хүлээцтэй, нямбай, юманд няхуур ханддаг, уур уцаар байхгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар тал/,

Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Монголын мастер тогоочдын холбооны “Шилдэг залуу ажилтан”-ны үнэмлэх,

Хүндэт харуулд алба хаасан талаарх Хүндэт харуул төрийн бус байгууллагын үнэмлэх,

51 дүгээр бүрэн дунд сургуулийн Суурь боловсролын гэрчилгээ,

Технологийн дээд сургуулийн Мэргэжлийн боловсролын үнэмлэх,

Чингис хаан корпораци ХХК-ий “******* нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс ээлжийн туслах тогоочоор ажиллаж байгаа” талаарх тодорхойлолт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Өмгөөлөгчөөс хойшлуулшгүй ажиллагаа нэгэнт хийгдсэний дараа гэмт хэргийн талаарх мэдээллийг өгсөн зөрчил, эд мөрийн баримтаар хураан авсан өвс мэт зүйлийн хэмжээ грамм нь мөрдөгчийн тэмдэглэл, тогтоолуудад өөр өөрөөр туссан талаар зарим мөрдөн шалгах ажиллагаанд шүүмжлэлтэй ханджээ.

Хүний бие, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нийлээд нэг мөрдөн шалгах ажиллагаа байтал гэрэл зураг дээрх хэмжээг тэмдэглэлд тусгахдаа зөрүүтэй бичсэн, мөн эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт анх хураан авсан хэмжээг зөрүүтэй тусгасан зэрэг зөрчил тогтоогдсон байгааг цаашид анхаарвал зохино.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хураан авсан өвс мэт зүйл болон  шинжилгээнд хүргүүлсэн өвс мэт зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтийг харьцуулан шинжлэн судалж, хэн аль нь маргаагүй тул дээрх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн “2018 онд хэрэглэсэн өвс цүнхэнд байгааг мэдээгүй, цүнхээ хэрэглээний дагуу авч явсан” гэх тайлбар нь эрх бүхий байгууллагын шалгалтаар цүнхэнд өвс байгаа гэж өөрөөр гаргаж өгсөн гэсэн тэмдэглэлээр үгүйсгэгдэнэ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол шилтгээн цогцолборт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь play time амьд хөгжмийн наадамд тогоочоор ажиллахаар явахдаа цүнхэндээ мансууруулах үйлчилгээтэй өвсийг авч явсан, үзлэг шалгалтын явцад үүнийгээ өөрөө гаргаж өгсөн, шинжээчийн дүгнэлтээр *******ын цүнхнээс хураан авсан “өвс” мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэх үйл баримт тогтоогджээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд ******* нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй өвсийг цүнхэндээ авч явсан үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан” гэх шинж хангагджээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Хадгалах гэдэг үг нь аливаа эд зүйлийг “агуулах, байлгах, авч байх” гэсэн утга санааг илэрхийлдэг бөгөөд *******ын дээрх үйлдлийг хэрэглээ байхгүй бол хадгалах шаардлагагүй гэсэн шалтгаант холбоогоор тайлбарлах боломжтой.

Нийслэлийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.  

Иймд шүүгдэгч *******ыг Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд болон учирсан бодит хохирол байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол

шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд 2018 онд мансууруулах үйлчилгээтэй өвсийг анх хэрэглэсэн, 2022 онд эрсдэл бүхий газарт мэдсээр байж мансууруулах үйлчилгээтэй өвсийг авч явсан нь илэрсэн.

Хэдийгээр ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учрах хор уршиг ихтэй гэмт хэргийг үйлдсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохимжгүй,

Оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй, байр түрээслэн амьдардаг гэх боловч тус хаягтаа түр оршин суугчаар бүртгүүлээгүй, хаяг байршил тодорхойгүй, 2 ажил зэрэг хийдэг зэрэг хувийн байдал нь зорчих эрх хязгаарлах ялын нөхцөл шаардлагад тохирохгүй гэж шүүх үзлээ.

Гэм буруугаа буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг ухамсарлан ойлгосон, дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар *******ын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцсон 2.8 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг устгаж, энэ талаар баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж байна.

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцсон 2.8 грамм цэвэр жинтэй өвч ургамал мэт зүйлийг устгаж, энэ талаарх баримтыг шүүхэд даруй ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.                       

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                   

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ