Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1371

 

 

 

2022        09         21                               2022/ШЦТ/1371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч ******* оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2206 00000 2298 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:           

Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, Хүрд ХК-нд слесарь ажилтай, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт *******-д

Холбогдсон хэргийн талаар:

            ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эх хуучин эцэс гудамжны 770 тоотод хүндэлж харьцсангүй гэснээр шалтаглан маргалдаж хохирогч З.Мы толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчид 3.000.000 төгрөг эмчилгээний зардалд төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-13 дахь тал/

Хохирогч З.Мы “2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Энхболдын гэрт очсоноо л санаж байгаа. Очсоны дараа юу болсон талаар огт санахгүй байна. Хэн хэн байсныг ч санахгүй байна. Нэг сэргэхэд эмнэлэг дээр 4 хоног ухаангүй, тархины хагалгаа хийсэн гээд ээж хажууд байсан. Энхболд найз юу болсон талаар хэлэхдээ Мандахбаяртай муудалцаж Мандахбаяр миний толгой руу архины шилээр цохиж ухаан алдуулсан талаар хэлсэн. Би одоо ч гэсэн зарим зүйлсийг мартаад санахгүй байгаа, дүү нар, хамаатай, ах эгч нарынхаа нэрийг гэх мэтчилэн. Би гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тархины зүүн хэсэгт, гавлын яс нөхөх хагалгаа хийсэн гэж ярьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь дахь тал/,

Гэрч У.Жаргалсүрэнгийн “Гэрт ороход Эрболд ертөнцийн зүгээр урд талд нь байх өрөөнд согтуу буцаад хэвтсэн. Тэгээд би цаад өрөө рүү хартал Мөнхсайхан шалан дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Очоод дөхөөд хартал толгойноосоо цус алдсан байхаар нь эмнэлэг дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Гэрч Э.Эрболдын “Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 770 тоотод ганцаараа амьдардаг. Уг хашаа байшинг худалдаж аваад засвар хийхээр Увс аймагт хамт өссөн  миний сургуулийн найз Мөнхсайхан, хуучин ажлын газрын дүү Мандахбаяр нарыг гэртээ дуудаж хамт гэрээ засаж байсан. 20 цагийн үед Мандахбаярын найз болох Батхишиг 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй нэг шил архи авч бид 4 хамт уусан. Мөнхсайхан, Мандахбаяр бид 3 уг авсан архинуудаа хувааж ууж байгаад би тасраад унтаж, Мандахбаяр, Мөнхсайхан 2 уугаад үлдсэн. Би нэлээн согтуу унтаж байгаад гарч бөөлжөөд орж иртэл Мандахбаяр над дээр хүрч ирээд ахаа би Мөнхсайхан ахыг зодчихлоо гэх утгатай юм хэлхээр нь би нэлээн согтолттой анхаарах сөхөөгүй буцаад унтаад өгсөн. Өглөө ажилдаа явах гээд 7 цагт Жаргалсайхан гэрт ирээд намайг сэрээсэн бид 2 Мөнхсайханыг дуудах гэсэн чинь сэрэхгүй хөнжлөөрөө толгойгоо бүтээсэн байсан. Хөнжлийг нь татаж үзтэл, толгой хэсгээс нь цус гарч байхаар нь түргэн тусламж руу яриад эмнэлэгт хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 8579 дугаартай шинжээчийн “З.Мы биед зүүн зулай яснаас доош үргэлжилсэн чамархай ясны урд хэсэгт бяцарч, гавлын хөндий руу суурь ясны их далавч хүрсэн цөмөрсөн хугарал, зүүн хацрын нумын зөрөө багатай хугарал, зүүн зулайн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал, зүүн тал бөмбөлгийн тархины эд дарагдал, хальсан доорх зайнуудад цус харвалт, зүүн дух зулай, чамархай, хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, алимын салстад цус харвалт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.  Дээрх шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Яллагдагч *******ын “Тухайн өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ санаандгүй байдлаар ах Мөнхсайханыг архины шилээр нэг удаа цохиж биед нь гэмтэл учруулсан. Тухайн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “******* нь Хүрд ХК-нд слесариар ажилладаг, сарын 850.000 төгрөгийн цалин хөлс авдаг” талаарх тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь эх хуучин эцэс гудамжны 770 тоотод хүндэлж харьцсангүй гэснээр шалтаглан маргалдаж хохирогч З.Мы толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч З.М, гэрч У.Жамбалсүрэн, Э.Эрболд, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн гэмтэл, хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч З.М, гэрч Э.Эрболд нар танилын харилцаатай бөгөөд хамтдаа Э.Эрболдын гэрт архи ууцгаасан, З.М, ******* нар тамхи татахаар байшингаас гарсан, З.М нь *******ыг ахыгаа хүндэлсэнгүй гэж хэрүүл маргаан үүсгэсэн, уруул руу нь цохисон, байшин дотор маргаан үргэлжилж ******* нь З.Мы толгой руу архины шилээр цохисон, З.М газарт унасан, ******* нь энэ талаар Э.Эрболдод хэлээд гэртээ харихаар явсан, маргааш нь З.М тархины хагалгаанд орсон, гэмт хэргийн талаарх мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэнгээс өгсөн гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогчийн эсрэг чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч З.Мы эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Гэрч нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлт, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд *******ын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүгээс согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бусдад ахархсан, дээрэлхсэн хандлага гаргаж, үл ойлголцсон харилцаа үүсгэсэн байдал, бусдын биед эхэлж халдсан байдал зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

           Хохирогч З.М нь эрүүл мэндийн хохиролд 3 000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилсэн боловч 1.163.750 /нэг сая нэг зуун жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийн баримт гаргаж өгсөн, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3 000 000 /гурван сая/ төгрөг төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хохирогч З.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******аас нэхэмжлэх эрхтэйг тусгах нь зүйтэй.       

   

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******аас хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

            Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй буй үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс *******ын эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, эхнэр нь жирэмсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа харилцаа хандлага гэх хувийн байдал, согтуугаар ахуйн хүрээнд хүний биед архины шилээр цохиж халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүхээс торгох ял биелүүлэх 3 /гурав/ жилийн хугацаанд *******т согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс оногдуулсан торгох ялыг хорих ялаар солихыг *******т тус тус тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүхээс торгох ял биелүүлэх 3 /гурав/ жилийн хугацаанд *******т согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс оногдуулсан торгох ялыг хорих ялаар солихыг тайлбарласугай.

            7. Хохирогч З.Мы эрүүл мэндийн хохиролд 3 000 000 /гурван сая/ төгрөг төлөгдсөнийг дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид зардал гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******аас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

   8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ