Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 975

 

Д.Х-эд холбогдох эрүүгийн

                                                                          хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогч Н.Сүлдмөнх,

шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Х-эд холбогдох эрүүгийн 1807006610082 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Жадык овгийн Д.Х-, 1989 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 466 дугаартай захирамжаар нийт эдлэх ялаас 2 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг өршөөн хассан ба мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Д.Х- нь Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 13-96 тоотод 2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Н.Сүлдмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийг зүсэж тайрсан, мөн цээжин тус газар луу нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                   

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие ажил хийж хохирогчийн эрүүл мэнд болон сэтгэл санаанд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэмшиж байгаа. Би 9 сартай жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. Түүнийг асран хамгаалах хүнгүй, хэзээ мөдгүй амаржих гэж байгаа тул надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх гэрч Ганбаярын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Сүлдмөнх, Х- нар хоорондоо бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Тэгсэн Х-, Сүлдмөнхийг “Би та хэдэд дуугүй байдаг шүү давраад байгаарай” гээд байх шиг байсан. Сүлдмөнх болохоор “Боль л доо хөгшөөн, хутгаа боль л доо” гээд орилоод байсан. Тэгээд Сүлдмөнх гараад явчих шиг болсон чинь Х- над дээр ирээд “Одоо чамайг ална” гээд дээр гараад толгой хэсэг рүү гараараа цохиод мөн нэг хатуу юмаар цохих шиг болсон...” гэх, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...би унтаж байхад “Та нарт дургүй шүү” гээд куртикнээс татаад байхаар нь босоод гарч явсан. Би тухайн үедээ согтуу мэдүүлэг өгсөн болохоор юу ярьснаа сайн мэдэхгүй байна. Согтуудаа буруу зөрүү мэдүүлэг өгсөн байна. Сүүлд бодоод байхад тийм асуудал болоогүй...” гэх мэдүүлэг, хохирогч Сүлдмөнхийн “...бид хоёр гал тогооны өрөөнд ороод ноцолдоод би доор нь ороод унасан. Тэгтэл цээж халуу дүүгээд явсан. “Больё оо” гэтэл Х- дээрээс боссон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би хутга бариагүй, одоо бодоход төмс арилгагч байсан байна лээ, мөрдөн байцаагч хутгалсан биздээ гэхээр нь хутгалсан гэж мэдүүлээд яваад байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад өгсөн “...би ширээн дээр байсан хутга санаандгүй авсан байсан. Тухайн үед ноцолдож байгаад Сүлдмөнхийг дарж унагаах явцдаа цээжин хэсэгт нь зүсчихсэн...” гэх зэрэг харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийн аль нэгийг нь ач холбогдолтой гэж үнэлэхдээ нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож нотлолгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож дүгнэсэн. Мөрдөн байцаалтын явцад хэргийн газарт үзлэг хийхэд хутга байгаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх гэж дүгнэсэн хэрнээ ямар хэмжээтэй зүйлээр гэмтээсэн нь тодорхойгүй, хохирогчийн өвчний түүхийг хэрэгт хавсаргаагүй, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх боловч тэр нь хутга эсвэл өөр бусад зүйл байх боломжтой эсэх талаар хөдөлбөргүй нотолсон бичгийн баримт хэрэгт авагдаагүй. Ийм байхад зэвсэг хэрэглэж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн шатанд зүйлчлэл, хүндрүүлэн ялласныг үгүйсгэн няцааж оролцсон. Гэтэл тухайн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт, үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй байхад шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Х-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтас хэргийн 152 дугаар талд авагдсан баримтыг харахад хохирогчид хэргийн материал танилцуулаагүй байдал харагддаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож дүгнэхдээ гэрч Ганбаяр гэх хүний хоёр өөр мэдүүлгийн нэгийг нь үнэлээд, нөгөөг нь яаж үгүйсгэсэн талаараа тусгаагүй. Хохирогчийн хурууны хэсэг тайрагдсан гэж шинжээч дүгнэсэн. Гэтэл хохирогчийн хурууны хэсэг тасарсан гэх зүйл харагдахгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж, дутуу явагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрчийг оролцуулж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Хохирогч Н.Сүлдмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхан шатны шүүх хуралдаанд оролцоно гэдгээ илэрхийлсэн бөгөөд тухайн өдрийн өглөө надад шүүх хуралдааны тов мэдэгдсэн. Ингээд шүүх хуралдаанд очих гээд замдаа явж байтал анхан шатны шүүхээс над руу залгаад “Таныг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан эхэлсэн” гэж хэлсэн. Миний зүүн гарын хуруу тасарсан асуудал байхгүй...” гэв.

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад өгсөн яллагдагч Х-, хохирогч Сүлдмөнх, гэрч Ганбаяр нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь тухайн хэргийн үйл баримттай тохирч байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хангалттай үндэслэл тогтоогдсон. Иймээс шүүгдэгч Х-, түүний өмгөөлөгч Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Х- давж заалдсан гомдолдоо оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүхээс түүнд 7 жилийн хорих ял оногдуулсан нь гэм буруу, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан 10 цагт эхлэх ёстой байсан. Хохирогч Сүлдмөнх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өөрөө ирээгүй байдаг. Мөн тэрээр мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ няцаж байна. Өөрөөр хэлбэл хохирогч, гэрч нар найзыгаа шоронд явуулахгүй байхын тулд ямар нэгэн арга хэрэглэж байна. Гэрч Ганбаяр сүүлд өгсөн мэдүүлэгтээ “...би 6 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлэг өгөхдөө согтуу байсан...” гэдэг. Мөрдөгч ямар ч тохиолдолд согтуу хүнээс мэдүүлэг авахгүй, авах ч боломжгүй гэж харж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Х-ийг “2018 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Замчины 13-96 тоотод Н.Сүлдмөнхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үеийг зүсэж тайрсан, мөн цээжин тус газар луу нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Х-ийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүйн гадна, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдлоо. Тухайлбал;

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Сүлдмөнхийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгүүлж, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №08 шэ/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/-ийг түүний өвчний түүхэд үндэслэн гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр хохирогч Н.Сүлдмөнхийн биед “цээжний зүүн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий шингэн хуралдалт, зүүн сарвууны 2 дугаар хурууны 1 дүгээр үений тайрагдалт гэмтэл” учирсан болохыг тогтоожээ.

Гэвч хохирогч Н.Сүлдмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 2 удаагийн мэдүүлэгтээ зөвхөн цээжинд учирсан гэмтлийнхээ талаар дурьдсан ба тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо “...намайг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй. Миний зүүн гарын хуруу тасарсан асуудал байхгүй...” хэмээн маргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй нотолж чадаагүй, тухайлбал хохирогчийн зүүн сарвууны хурууны үе тайрагдсан эсэх нь эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх яллах дүгнэлтийн дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Н.Сүлдмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ /хх-ийн 21/ шүүх хуралдаанд оролцох тухайгаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэртээ шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулан нээлттэй явуулахаар товлож зөвхөн эдгээр оролцогчдыг оролцуулан шүүх хуралдааныг явуулсан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн “шүүх хуралдаанд оролцох” эрх, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” эрхийг хязгаарласан зөрчил гаргажээ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж хэргийн үйл баримтыг бодитой зөв тогтоох, өөрөөр хэлбэл хохирогч Н.Сүлдмөнхийн өвчний түүхийг хэрэгт нөхөн хавсаргаж, түүний давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн дагуу “зүүн сарвууны хурууны үе тайрагдсан” гэх гэмтэлтэй холбогдуулан дахин шинжилгээ хийлгэх, мөн цээжний хөндийд ир үзүүр бүхий зүйл хэр гүн нэвтэрч, хэдий хэмжээний шингэн хуралдсан талаар тодруулах, хэргийн газрын үзлэгээр тогтоогдож гэрэл зургаар бэхжүүлэгдсэн “тасарсан хурууны хэсэг” хэнийх болохыг олж тогтоох шаардлагатай байна.

Үүнээс гадна, мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Х- “...гартаа байсан хутгаараа Сүлдмөнхийн баруун гар луу далайж байгаад цохисон чинь гарыг нь зүсчихсэн...” /хх-ийн 32/ гэх мэдүүлгийг өгсөн байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Н.Сүлдмөнх өөрийн гарын хуруунууд бүрэн бүтэн байгаа байдлыг прокурор, оролцогч нарт харуулсаар байхад прокурорын зүгээс “Хохирогчийн гарын хуруу тасарсан” гэх байдлаар мэтгэлцэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргасан зэргээс үзвэл энэхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон мөрдөгч, шинжээч, прокурор нар хууль бус нотлох баримт бүрдүүлэн шинжилгээ хийж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хууль зөрчсөн нөхцөл байдал байсныг зайлшгүй шалгах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлэх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х-эд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Х-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын “Ял шийтгэлийг хөнгөрүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхилоо.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Х-эд холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхисныг дурьдсугай.

3. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол шүүгдэгч Д.Х-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

                                         ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                         ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН